АНУ, Энэтхэг, Төвөдийн багш, оюутнуудтай уулзлаа

3-06-2018, 05:37  |  Хэвлэх

2018 оны 6 дугаар сар 1

Энэтхэг, ХП, Дарамсала – Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 80 гаруй хүмүүсийг өөрийн өргөөндөө хүлээн авч уулзав. Тэдгээр хүмүүс нь АНУ-ын Емори их сургуулийн бүлэг, мөн Емори-Төвөдийн хамтын ажиллагааны гишүүд болох Дарамсала хот дахь Төвөдийн номын сангийн бүлэг, мөн Курукул хөтөлбөрт хамрагдаж буй Энэтхэгийн “Бүх нийтийн хариуцлага” сангийн оюутнуудаас бүрдсэн гурван бүлэг байв.

АНУ, Энэтхэг, Төвөдийн багш, оюутнуудтай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам оюутан, багш нартай уулзахын өмнө. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.06.01. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тэднийг сүүлийн 59 жилийн турш амьдран буй өөрийн хоёр дахь нутаг болсон Дарамсала хотод тавтай саатахыг хүсэв.

Тэрээр өөрийн гол дөрвөн үүргийн талаар танилцууллаа. Нэгдүгээрт дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүн нэгдмэл байх ойлголтыг дэлгэрүүлэх талаар тайлбарласан юм. Тэрээр дан ганц дэлхийн эдийн засгийн хувьд бус, цаг уурын өөрчлөлт гэх зэрэг томоохон асуудалд бид бүгд нэгдмэл байр сууринаас хандах шаардлагатай байгааг онцоллоо.

“Бид сэтгэл хөдлөл, оюун санаа, бие махбодийн хувьд адилхан. Бид нэг нэгэндээ сэтгэл санаагаа хэрхэн амар тайван байлгах талаар ойлгуулж, туслах ёстой.”

АНУ, Энэтхэг, Төвөдийн багш, оюутнуудтай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам оюутан, багш нарын уулзалтанд үг хэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.06.01. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Тэрээр мөн дэлхийн бүх томоохон шашнууд нөхөрлөл, энэрэл хайр, тэвчээр, хувийн сахилга батын тухай адилхан номлодог хэмээгээд шашин хоорондын эв нэгдлийг хөгжүүлэхийн төлөө үүрэг хүлээсэн тухайгаа ярьлаа. Өнөө цаг үед шашин хоорондын зөрчил явагдаж байгаад ихэд харамсалтай байдгаа дурдав.

“Та бүхэн Энэтхэг орныг харахтун. Энд шашны эв найрамдал олон мянган жилийн турш үргэлжилж, уламжлал болон тогтсон байна. Энэтхэгийн уугуул шашин хийгээд гаднаас дэлгэрсэн шашин эв найртай оршиж байна. Жишээлбэл Персээс дэлгэрсэн Зороастринизм нь Энэтхэгийн Мумбай хотод ихэвчлэн амьдарч буй 100,000 хол давсан сүсэгтнүүдтэй билээ. Тэд ямар ч айх аюулгүй амьдарч байна. Энэ бол Энэтхэгийн уламжлал юм.”

АНУ, Энэтхэг, Төвөдийн багш, оюутнуудтай уулзлаа
Уулзалтанд хүрэлцэн ирсэн багш, оюутнууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.06.01. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Мөн Төвөдийн 6 сая хүн надад итгэж, найдаж буй тул би тэдний төлөө аль чадах бүхнээ хийх үүрэгтэй. Би 2001 онд улс төрийн хагас эрх мэдэл, 2011 онд бүрэн эрх мэдлээ сонгуулиар сонгогдсон шинэ удирдагчдад хүлээлгэн өгсөн. Өдгөө би Төвөдийн эмзэг байгалыг хамгаалахын төлөө ажиллаж байна. Энэ нь зөвхөн 6 сая Төвөд иргэдийн төлөө биш ээ. Хятадын нэгэн екологич Төвөдийн цаг уурын нөлөөлөл нь дэлхийн цаг уурт урд, хойд туйлтай адил байх болно гэж мэдэгдсэн юм. Иймийн тул тэрхүү екологич Төвөдийн өндөрлөгийг “гурав дахь туйл” хэмээн нэрлэсэн билээ. Төвөдийн өндөрлөгөөс эхтэй Индүс, Ганга, Брахмапутра, Салвин, Мекон мөрөнүүдээс ойролцоогоор Азийн нэг тэрбум гаруй хүмүүс ундаалж байна. Хэрэв Төвөдийн өндөрлөгийн цас үгүй болвол Энэтхэгийн сая сая иргэд хүндхэн байдалд орно.”

АНУ, Энэтхэг, Төвөдийн багш, оюутнуудтай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам асуултанд хариуллаа. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.06.01. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн Төвөдийн шашин, соёлын баялаг уламжлалыг хадгалахын төлөө шамдан ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр Төвөдийн шашин, соёл Энэтхэгийн Наландагаас хэрхэн дэлгэрсэн тухай тайлбарласан юм. Энэхүү уламжлалд учир шалтгааны арга ухааны асар нарийн зарчмыг хадгалдаг нь шинжлэх ухаанч хандлагатай адил төстэй байна гэлээ.

“Өнөө цагт дэлхий нийтээрээ сэтгэл хямралын бэрхшээлтэй нүүр тулгарч байна. Харин өнө эртнээс өвлөгдсөн Энэтхэгийн Наландагийн уламжлал нь сөрөг сэтгэл хөдлөлөө хэрхэн арилгаж, урт удаан хугацаанд сэтгэлийн амгалан тайван байдлаа хэрхэн хадгалах арга замыг нарийн заадаг юм. Ийм учраас энэхүү уламжлал өнөөгийн хүн төрөлхтөнд чухал хэрэгцээтэй болоод буй тул би үүнийг хадгалан авч үлдэхийн төлөө үүрэг хүлээн ажиллаж байна. Би Энэтхэг орон өөрсдийн эртний мэдлэгийг орчин үеийн боловсролтой холбож чадна гэдэгт бүрэн итгэлтэй байдаг.”

АНУ, Энэтхэг, Төвөдийн багш, оюутнуудтай уулзлаа
Уулзалтанд оролцогсод Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай зургаа татуулав. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.06.01. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн хэд хэдэн асуултанд хариуллаа. Тэрээр энэрэнгүй нийгэм, золгүй явдлыг хэрхэн давах, техник технологийг хэрхэн эерэгээр ашиглах зэрэг нэлээдгүй өргөн сэдвийг хөндөж ярьлаа. Мөн орчин үеийн буддистуудад хандан дан ганц сүсэг бишрэл бус Бурхан Багш ямар хүн байсан, ямар ямар сургаал айлдсан талаар дэлгэрэнгүй сайн ойлгож авсны үр дүнд сүсэг бишрэлээ улам бататгах хэрэгтэй гэж зөвлөдөг талаар дурдлаа.

Уулзалт 3 бүлгийн хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай хамт зургаа татуулснаар өндөрлөлөө. Дараа нь бүх оролцогчид хамтдаа үдийн зоог барив.
Үзсэн: 185
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц