Төвөдийн хүүхэд залуучуудад зориулсан номын айлдвар – 2 дахь өдөр.

12-06-2018, 04:30  |  Хэвлэх

2018 оны 6 дугаар сар 7

Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг сэнтийдээ залармагц Гопалпур дахь Төвөдийн дунд сургуулын сурагчид нэлээдгүй ширүүн мэтгэлцээн өрнүүллээ. Тэд Чухаг дээд гуравт хэрхэн аврал одуулах тухай ярилцав. Эхний бүлэг дууссаны дараа тус сургуулийн өөр бүлэг хүүхдүүд шинжлэх ухааны сэдвээр мэтгэлцэв.

Төвөдийн хүүхэд залуучуудад зориулсан номын айлдвар – 2 дахь өдөр.
Гопалпурын сурагч хүүхдүүд хоёр дахь айлдварын өдөр номын мэтгэлцээн өрнүүлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.06.07. Гэрэл зургийг Тэнзин Пунцог
“Хутагт Нагаржуна Наланда уламжлалын манлай эрдэмтэн байлаа. Түүний зохиол бүтээлүүд асар нарийн бөгөөд гүн гүнзгий ойлголтыг агуулдаг тул ямар агуу эрдэмтэн байсан нь тодорхой харагддаг юм. Түүний шавь нар болох хутагт Арьяадева, Бхававивека, мөн Шантидева гэгээн ч хутагт Нагаржунайн зохиолд тайлбар хийсэн байна.”

“Хутагт Нагаржуна Бурхан Багшийг магтахдаа дан ганц гэгээрэлд хүрсэн гэдгээр нь бус шүтэн барилдахуйг номлосноор нь магтсан байдаг. Тэрээр “Билгүүний үндэс” номынхоо төгсгөлийн шүлэгт Бурхан Багш дээдийн номыг айлдсан нь бидний бүх буруу үзлийг арилгахын төлөө юм гэж айлдсан буй.”

“Бурхан Багш Хутагтын дөрвөн үнэний сургаал айлдаж бидний оюун ухаан хэрхэн буруу үзэлд автаж буйг ойлгуулсан билээ. Хутагтын дөрвөн үнэн тус бүрийн дөрөв дөрвөн онцлогоор нь нарийн судладаг.”

“Бид бүгдээрээ аз жаргалыг хүсдэг, зовлонг хүсдэггүй. Гэсэн ч мунхагийн улмаас бид өөрөө өөртөө асуудал тарьсаар л байна."

Төвөдийн хүүхэд залуучуудад зориулсан номын айлдвар – 2 дахь өдөр.
Төвөдийн сурагч хүүхдүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.06.07. Гэрэл зургийг Тэнзин Пунцог
“Мунхаг нь бодит үнэнийг буруугаар харахад нөлөөлж, улмаар сөрөг сэтгэл хөдлөлийг бий болгодог тухай хутагт Арьяадева “Дөрвөн зуут” номондоо дэлгэрэнгүй тайлбарласан юм. Мунхагийг арилгахын тулд шүтэн барилдлагыг ойлгохын төлөө хүчин чармайлт гаргах хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үргэлжлүүлэн хоосон чанарын тухай тайлбарлалаа. Юмс үзэгдэл харагдах түвшиндээ бие даасан, оршиж буй байдалтай харагддаг. Жишээлбэл энд сууж буй олон хүмүүсийг харахад зарим нь дунд сургуулийн сурагч хүүхдүүд, зарим нь Тайландын лам хуврагууд гэх мэтээр өөрийн талаасаа байгаа мэт харагдаж байна. Ийнхүү үзэгддэг боловч буддын гүн ухааны онолоор бүгд үзэгдэж буй шигээ орших боломжгүй гэж номлодог тухай тайлбарлав.

Дээрхийн Гэгээнтэн өчигдрийн айлдвартаа орчин үеийн квантын физикчид юмс үзэгдэл обьектив талаасаа орших боломжгүй гэж үзсэнийг дурдсан бол өнөөдөр Америкийн сэтгэл мэдрэлийн эмч Аарон Бекийн талаар дурсав. Аарон Бек эмч олон жилийн турш уур хилэнгийн улмаас нэлээдгүй зовлонд нэрвэгдсэн олон өвчтөнтэй ажилсан байна. Тэрхүү эмч Дээрхийн Гэгээнтэнд ярихдаа хүмүүс хэн нэгэнд уурлах үед түүнийг 100 хувь муугаар хардаг бөгөөд үүний 90 хувь нь ердөө өөрийнх нь төсөөлөл байдаг гэжээ.

Төвөдийн хүүхэд залуучуудад зориулсан номын айлдвар – 2 дахь өдөр.
Төвөдийн дунд сургуулийн хүүхдүүдэд зориулсан номын айлдвар явагдаж буй байдал. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.06.07. Гэрэл зургийг Тэнзин Пунцог
“Бүх шашны уламжлал оюун санааны амгалан тайван байдлыг чухалчилдаг. Үүнийг хөгжүүлэхийн тулд дотоод ертөнцтэйгээ ажиллах хэрэгтэй болно. Зарим шашны уламжлал үүнийг сүсэг бишрэлтэй холбодог. Жишээлбэл бүхнийг бүтээгч Эзэн тэнгэрийг мөнхийн энэрэл хайраар төсөөлж, дотоод сэтгэлийн амар амгаланг хөгжүүлдэг байна. Харин бурханы шашин тэргүүтэй эртний Энэтхэгийн уламжлалд амгалан тайван сэтгэл, саруул билиг оюуныг хөгжүүлэх нарийн арга техникийг зайлшгүй эзэмших хэрэгтэй гэж үзсэн юм.”

“Бурхад мунхагийг үндсээр нь арилгахын тулд, бусдыг гэгээрэлд хүргэхийн тулд бодит үнэнийг номлосон юм. Тэд бусдын нүгэл хилэнцийг усаар угаах боломжгүй, мөн бусдын зовлонг гараараа авах боломжгүй билээ. Бурхан Багшийн түүхийг авч үзвэл бид өөрөө өөрийнхөө аврал болдгийг нотлон харуулжээ. Бид өөрсдийн оюун санаагаа ажилуулж байж л буруу үзэл, бодлоо даван туулна, бусад хэн ч миний өмнөөс үүнийг хийх боломжгүй.”

Төвөдийн хүүхэд залуучуудад зориулсан номын айлдвар – 2 дахь өдөр.
Энэ удаагийн номын айлдварт нийтдээ 9000 гаруй хүн хамрагдлаа. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.06.07. Гэрэл зургийг Тэнзин Пунцог
“Бурхан Багш авралын багш нь бөгөөд жинхэнэ аврал нь гэгээрэл, түүнд хүрэх арга замууд болдог. Гэгээрлийн арга зам, туршлага эзэмшсэн хуврагууд Хуврага эрдэнэ болно. Бурхан Багшийн туйлын зорилго нь өөрийн хүрсэн тэрхүү гэгээрэлд бусдыг хүргэх явдал байлаа.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Бодьсадвын явдалд орохуй”-г өчигдөр зогссон хэсгээсээ үргэлжлүүлэн уншлаа. Тэрээр багш хүн ямар байх ёстой талаар ярихдаа Богд Зонховыг айлдвар дахь “Хэн нэгэн бусдыг хүмүүжүүлэхийн тулд эхлээд өөрөө хүмүүжсэн байх ёстой” гэдгийг эш татсан юм.

Тэрээр 6-р бүлэг болох тэвчээрийн бүлгийг эхлэх үедээ уур хилэнгийн хор уршгийг мэдэх, тэвчээрийн дадлагыг өөртөө суулгах хэрэгтэй гэж зөвлөв. “Бусадтай хэрэлдэж муудсан учир өнөөдөр би их жаргалтай байна.” гэж хэлэх нэг ч хүн байхгүй биз дээ хэмээн хошигнон хэллээ.

Төвөдийн хүүхэд залуучуудад зориулсан номын айлдвар – 2 дахь өдөр.
Сурагч хүүхдүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.06.07. Гэрэл зургийг Тэнзин Пунцог
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 6,7,8-р бүлгийг уншиж дууссаны дараа сурагч хүүхдүүдийн сонирхсон асуултанд хариуллаа. Ингээд энэ өдрийн номын айлдварын төгсгөлд маргааш Цагаан Манзушри бурханы авшиг хүртээх бодолтой байгаагаа дурдсан юм.
Үзсэн: 1 674
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц