Рига дахь номын айлдвар - Сүүлийн өдөр

3-07-2018, 09:36  |  Хэвлэх

2018 оны 6 дугаар сар 18

Латви, Рига – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө авшиг хүртээхийн өмнөх бэлтгэл зан үйл хийхээр буудлаасаа эртлэн хөдөллөө.

Түүнийг Сконто танхимд хүрэлцэн ирэхэд энэ удаагийн айлчлалыг зохион байгуулж оролцсон 60 гаруй сайн дурын ажилчид хүлээж байв. Дээрхийн Гэгээнтэн тэдэнд хандаж Дээдийн номыг дэлгэрүүлэхийн төлөө ажилсанд нь талархал илэрхийллээ.

Рига дахь номын айлдвар - Сүүлийн өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гурван хоногийн турш ажилсан сайн дурын ажилчидтай уулзав. Латви, Рига. 2018.06.18. Фото зургийг Тэнзин Чойжор
Тэрээр бэлтгэл зан үйл үйлдэж дууссаны дараа эхлээд Жанрайсиг бурханы авшиг хүртээнэ гэдгээ мэдэгдэж Цаст Төвөдийн орны хүмүүс Жанрайсиг бурхантай онцгой холбоотой болох талаар ярьсан юм.

“Бурханы шашин Төвөдөд дэлгэрсэн цагаас эхлэн Төвөдүүд бид Жанрайсиг бурхантай онцгой холбоотой болсон билээ."

“Судар болон дандарын ёс бүхий Бурхан Багшийн сургаалыг Төвөдийн бурханы шашинтнууд бүрэн бүтнээр нь хадгалан авч үлдээд Монгол зэрэг ойр орчмын улсуудад түгээн дэлгэрүүлсэн учир тэдгээр орны хүн ард ч мөн Жанрайсиг бурхантай онцгой барилдлагатай. Төвөд болон Монголчуудын шашин номын онцгой барилдлага 13-р зуунд Сажийн ёсны Пагва лам Хубилай ламтай тогтоосон харилцаагаар эхэлж хожим Алтан Ханаар үргэлжилсэн юм. Энэхүү сайн харилцааны нөлөөгөөр III Далай лам Содномжамц болон Монголд мэндэлсэн IV Далай лам Ёндонжамцын үед харилцаа холбоо улам онцгой болсон билээ.”

Рига дахь номын айлдвар - Сүүлийн өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам авшиг хүртээх бэлтгэл зан үйл үйлдэж байгаа нь. Латви, Рига. 2018.06.18. Фото зургийг Тэнзин Чойжор
“Жанрайсиг бурханы авшгийг би хүүхэд байхдаа Дагтаг ринбочэгээс хүртсэн юм. Дараа нь Төвөдийн өмнөдөд өвгөн багш Лин ринбочэгээс ахин хүртсэн. Тэр цагаас хойш энэхүү бурханы зургаан үсэгт тарнийг хэдэн сая удаа уншсаар байна. Зүүдэндээ хүртэл би Жанрайсиг бурхантай онцгой барилдлагатай болох шинж тэмдгийг хардаг.”

Авшиг хүртэхэд амьтан бүхний тусын тулд гэгээрэх чин хүсэлтэй байх зөв сэдлийг дадуулах нь хичнээн чухал болохыг Дээрхийн Гэгээнтэн товчхон тайлбарлалаа.

Рига дахь номын айлдвар - Сүүлийн өдөр
Сүсэгтнүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас Жанрайсиг бурханы авшиг хүртэж байгаа нь. Латви, Рига. 2018.06.18. Фото зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн Жанрайсиг бурханы авшиг хүртээж дууссаны дараа Цагаан Манзуршри бурханы даган соёрхол хайрласан юм.

Төгсгөлд нь тэрээр бурханы шашны бясалгал бүтээлийг дадуулах эсэх нь тухайн хувь хүний шийдвэр байх ёстой гэдгийг онцоллоо.

“Хэрэв нэгэнт шийдсэн бол чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Буддын шашны хувьд хамгийн чухал нь судлах. Бурхан Багш өөрийн шавь нартаа дан ганц итгэл үнэмшил дээр бус түүний сургаалын учир шалтгаан нь юу болохыг сайтар нягтлан шалгаж байхыг зөвлөсөн юм. Үүнийг ой ухаандаа сайтар тогтоож аваарай.”

Рига дахь номын айлдвар - Сүүлийн өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Рига хотод явагдаж буй 3 хоногийн номын айлдварын сүүлийн өдөр. Латви, Рига. 2018.06.18. Фото зургийг Тэнзин Чойжор
Номын айлдвар өндөрлөх үед уулзалтыг зохион байгуулагчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг морилон ирж сургаал айлдвараа хайрласанд талархал илэрхийллээ. Рига хотод түүний сургаалыг сонсож, уулзах завшаан тохиосон олон хүнд итгэл найдвар, хүсэл тэмүүлэл бий болсон нь дамжиггүй гэдгийг түүнд уламжиллаа.

Дараа нь санхүүгийн товч тайлан тавьж уулзалтыг зохион байгуулахад гарсан санхүүгийн хүндрэлүүд хувийн ивээн тэтгэгчдийн тусламжтайгаар шийдэгдсэн болохыг олон нийтэд мэдэгдлээ.
Үзсэн: 90
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц