Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 83 насны ойн баярыг тэмдэглэв

9-07-2018, 06:07  |  Хэвлэх

2018 оны 7 дугаар сар 6

Энэтхэг, ЖК, Ладак, Лех – Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 83 насны төрсөн өдөр тохиож байна. Тэрээр энэ өглөө 7 цагт өргөөнөөсөө морилон гарч, өөрийн ойрын шадар туслахууд болон зарим хүндэт лам хуврагуудын хамт урт наслахуйн ерөөлийн хуралд оролцлоо. Дорж Ямажон, Нинчэн Танлха чойжон бууж Дээрхийн Гэгээнтэнд мөргөв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 83 насны ойн баярыг тэмдэглэв
Төрсөн өдрийн баярын өглөө эрт Дорж Ямажон чойжон бууж Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд мөргөв. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Ерөөлийн хурал дууссаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 500 м гаруй газар явган алхаж номын айлдварын талбайд хүрэлцэн ирэв. Тэрээр замын хоёр талаар жагсаж зогссон олон зуун хүмүүсийн заримтай нь гар бариж, заримтай үг солин явж байлаа. Номын айлдварын талбайд ирснийхээ дараа индэрт гарч Бурхан Багшийн сэрэг дүрийн өмнө зул өргөлөө. Дараа нь уг талбайд цугласан 25,000 гаруй хүмүүстэй мэндэлсэн юм.

Энэтхэгийн болон Төвөдийн төрийн дуулал эгшиглэхэд хүн бүхэн босч зогслоо. Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын төрсөн өдөрт зориулсан дууг дуулав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 83 насны ойн баярыг тэмдэглэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төрсөн өдрийн баярт оролцохоор цугласан 25,000 гаруй хүмүүстэй мэндчилж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Ладакын Бурханы шашинтны холбооны ерөнхийлөгч Цэван Тинлей төрсөн өдрийн баярын нээлтийн ажиллагааг эхлүүлж үг хэлэхдээ Бурхан Багшид мөргөл үйлдэн залбирч, дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, Гандан Ширээт асан Ризон ринбочэ, Бригүн Чэзан ринбочэ, Тиксей ринбочэ болон бусад хутагт хувилгаад, олон лам хуврагууд, мөн албаны хүндэт зочид болох Төвөдийн Төв захиргааны ерөнхийлөгч Лувсан Сэнгэ, парламентийн гишүүн Түвдэн Цэван, Лехийн дарга Ригзин Жора, Ладакын Уулын Хөгжлийн хорооны дарга Гяал П Вангяал, бусад ладак болон төвөд иргэдэд мэндчиллээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үнэхээр сайхан харагдаж байгааг онцлон мэдэгдээд түүний төрсөн өдрийн баярт хүрэлцэн ирсэн бүх хүмүүст талархал илэрхийлсэн юм.

Мөн тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын заавар дагуу Ладакын Бурханы шашинтнуудын холбоо нь Бурхан Багшийн сургаалыг хадгалан үлдэх, сэргээн дэлгэрүүлэх зорилгоор хэл, соёлын хичээл явуулдаг институт болж буйгаа тэмдэглэн хэлэв. Төгсгөлд нь тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Ладакт ахин дахин морилуулахын тулд, мөн түүний төрсөн өдрийн хамгийн том бэлэг нь түүний хэлж захьсан зүйлийг даган мөрдөх явдал юм гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 83 насны ойн баярыг тэмдэглэв
Ладакын Бурханы шашинтны холбооны ерөнхийлөгч үг хэлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Эхний дуу бүжгийн тоглолтыг Шам тосгоны уран сайханчид үзүүллээ.

Орон нутаг дахь Төвөдийн Төв захиргааны төлөөлөгч Дондүв Цэрин Цагаачлал дахь Төвөдийн Төв захиргааны мэдэгдлийг уншиж танилцууллаа. Цагаачлалд өрнөсөн Дээрхийн Гэгээнтний амжилт, Төвөд дэх өнөөгийн нөхцөл байдлын тухай, төгсгөлд нь Энэтхэгийн засгийн газарт талархал илэрхийлсэн утга бүхий мэдэгдэл байв.

Цагаан чуба, ээтэн хоншоортой гутал өмссөн Ладакын соёлын жүжигчид болох Дорже Стагмо ахласан хамтлаг Ладак ардын дуу дуулав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 83 насны ойн баярыг тэмдэглэв
Ладакын ардын дуу, бүжгийн чуулга дуу дуулж, бүжиг бүжив. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Ладакын муслимын Шиа холбооны Анжуман Имам Ашраф Али Барша нутгийн бүх муслимчуудыг төлөөлөн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд төрсөн өдрийн баяр хүргэж үг хэлэхдээ түүнд эрүүл энх, урт наслахын ерөөлөө. Тэрээр дэлхий дахинд энх тайвныг түгээгч Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладак нутагт ахин дахин заларч байгаа нь Ладакын ард түмний их зол юм гэв. Мөн бүх ладакчууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх үйл хэрэгт үүрэг хариуцлагатай хандах ёстой гэлээ.

Ладакын дунд сургуулийн сурагч охидууд, мөн Ламдон сургууль, Махабодь сургууль, Бутаны Пема Гарбу сургуулийн сурагч хүүхдүүд хамтдаа дуу дуулж, бүжиг бүжив.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 83 насны ойн баярыг тэмдэглэв
Дунд сургуулийн сурагч хүүхдүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд зориулж дуу, бүжгийн тахил өргөлөө. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Мон Даван” сангийн захирал Малин Гонбо үг хэлэхдээ Наландагийн уламжлал эхлээд Төвөдөд дэлгэрч дараа нь Хималайн бүс нутагт дэлгэрсэн тухай дурдлаа. Мөн тэрээр саяхан Гургаон хотод зохион байгуулагдсан Ладак, Уттараханд, Сикким, Аруначал Прадеш, мөн Өмнөд Энэтхэг дэх Төвөдийн томоохон хийдүүдийн төлөөллөөс бүрдсэн томоохон хурал дээр соёл уламжлалын талаар ярилцсан тухай дурдав.

Хурлын төгсгөлд хуралд оролцсон бүх хүмүүс санал нэгтэйгээр Хималайн бүс нутаг дахь бүхий л хийдэд өвлөгдөн үлдсэн эртний Энэтхэгийн Наландагийн уламжлалд суралцах сургалтын хөтөлбөрийн эхний хувилбарыг гаргасан байна. Энэхүү сургалтын хөтөлбөрт лам хуврагууд, энгийн хүмүүс бүгд хамрагдах боломжтой ажээ. Лочен ринбочэ уг сургалтын хөтөлбөрийн хувийг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд танилцуулсан тухай мэдэгдлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 83 насны ойн баярыг тэмдэглэв
"Мон Даван" сангийн захирал Малин Гонбо баярын мэнд дэвшүүлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Цэрин Чоеден, бусад эмэгтэй жүжигчдийн хамт Ладакын үндэсний дуу, бүжиг бүжлээ.

Ладакын Уулын Хөгжлийн хорооны дарга Гяал П Вангяал үг хэлж Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд баяр хүргээд түүнийг хүн бүхэн даган дуурайж болохуйц үлгэр дуурайлал гэлээ.

Төвөдийн гурван мужийн үндэсний жүжигчид Төвөдийн алдарт Лхамо опера дуулав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 83 насны ойн баярыг тэмдэглэв
Төвөдийн уламжлалт Лхамо опера дуулав. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Монголын бурханы шашныг төлөөлж Осэр ринбочэ үг хэлэн баяр хүргэв. Тэрээр III Далай Лам Содномжамцаас эхлэн Төвөд, Монгол хоёр улс соёлын холбоо тогтоосон тухай дурдлаа. 20 зууны их хувьсгалын нөлөөгөөр Монголын бурханы шашин нэлээдгүй хүндхэн байдалд орсон тухай дурдлаа.

1979 онд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам анх удаа Монгол оронд морилсон, үүний үр дүнд Монголын оюутнууд Төвөдийн хийд, анагаах ухааны институт, бусад сургуульд суралцаж эхэлсэн тухай мөн дурдлаа. Өдгөө буддын гүн ухааны бэлтгэгдсэн сайн багш нар төрөн гарсан байна. Монголчууд энэ бүгдэд талархал илэрхийлэн хамтдаа Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг урт наслахын ерөөл өргөж буй гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 83 насны ойн баярыг тэмдэглэв
Монголын бурханы шашинтныг төлөөлж Осэр ринбочэ баярын мэндчилгээ дэвшүүлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Цагаачлал дахь Төвөдийн Төв захиргааны ерөнхийлөгч, доктор Лувсан Сэнгэ үг хэлэв.

“Би Ладакын сайхан ард түмэнтэй, энэ сайхан нутагт Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламын төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэж байгаадаа туйлын баяртай байна. Олон хүн хэдэн хором ч болов Дээрхийн Гэгээнтнийг харахыг хүсдэг. Гэтэл тэрээр танай нутагт гуравхан хоног бус, гурван долоо хоногийн турш саатах болно.”

Тэрээр өдгөөгөөс 83 жилийн өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн Дагцэр хэмээх нутагт лагшин мэндэлсэн тухай дурдлаа. Зургаан настайдаа сэнтийд залагдаж, арван зургаа настайдаа Төвөдийн оюун санаа, улс төрийн удирдагч болж, хорин дөрвөн настайд нь Төвөд орон Хятадад эзлэгдэхэд Энэтхэгт дүрвэн гарсан бөгөөд тэр цагаас хойш дэлхий дахинд агуу их үйл хэргийг бүтээсэн тухай тэмдэглэн хэлсэн юм. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг аз жаргал, энэрэн нигүүлсэхүйн мөн чанар болсон хүн гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 83 насны ойн баярыг тэмдэглэв
Цагаачлал дахь Төвөдийн төв захиргааны ерөнхийлөгч Лувсан Сэнгэ үг хэлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Сижон Лувсан Сэнгэ цааш нь хэлэхдээ Энэтхэг орон үнэхээр нэгт байхыг хүсвэл нэгэн цагт Азийн хамгийн том сургууль болж байсан эртний Энэтхэгийн Наланда сургууль, өөрсдийн хамгийн том экспорт болох буддизмыг сэргээх хэрэгтэй гэлээ. Сүүлийн үед Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эртний Энэтхэгийн оюун ухаан хийгээд сэтгэл хөдлөлийн талаарх гүн гүнзгий мэдлэгийг энэ оронд эргүүлэн сэргээхийн төлөө цуцалтгүй ажиллаж байгаа талаар мэдэгдэв.

Лех хийгээд Чантанд суурин амьдардаг Төвөд иргэд хамтдаа Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд алтан, мөнгөн номын хүрд өргөлөө. Дараа нь олон дуучид хамтдаа дуу дуулав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 83 насны ойн баярыг тэмдэглэв
Лех болон Чантан нутгийн иргэдийн төлөөлөл Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд алтан, мөнгөн номын хүрд өргөлөө. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Цөөн хэдэн үг хэлэх хүсэлт тавьсны дагуу Дээрхийн Гэгээнтэн Далай Лам индэрийн өмнө зогсон яриагаа эхэлсэн юм.

“Энэ удаагийн төрсөн өдрийн баярт надад ховор нандин номын айлдвар хайрласан Ризон ринбочэ оролцож байна. Мөн Бригүн Чэзан ринбочэ болон бусад хутагт хувилгаад, мөн олон лам хуврагууд, асар олон сүсэгтнүүд нэгэн дор цуглажээ. Би Лехт ирэхдээ энэ өдөр бороо орох болов уу гэж бодож байсан ч эсрэгээрээ хурц нар шарж байна. Маш олон хүнээс баярын мэндчилгээ хүлээн авлаа. Бүгдэд нь баярлалаа.”

“Ладакын Буддын шашинтны холбооны ерөнхийлөгч миний зөвлөгөөг дагаж сургалтын төв байгуулж байгааг дуулаад би маш их баяртай байна. Бид хамаг амьтдын төлөө гэж залбирдаг. Жишээлбэл одод түгсэн шөнө огторгуйд асар олон од гаригс байгааг бид хардаг. Тэр олон гаригт бүрт амьд бодьгалс бий гэж үздэг. Манай гариг эдгээр тоолшгүй олон гариг ертөнцийн нэг нь юм. Мөн манай гариг дээр олон шувуу, араатан амьтан, хорхой шавь гээд янз бүрийн амьд амьтад бий. Гэвч бид тэдгээр амьтдад төдийлөн нөлөө үзүүлж чадахгүй. Харин бие махбодь, сэтгэл хөдлөл, оюун санаагаараа адилхан хүн төрөлхтөнд бид нөлөөлж, тэднийг ойлгож, тэдэнд тусалж чадна. Би хүн төрөлхтөнд аз жаргал, амар амгаланг авчрахыг зорьж буй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 83 насны ойн баярыг тэмдэглэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үг хэлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Хэрэв та байнга уур хилэнтэй байх аваас та аз жаргалгүй, эрүүл мэнд тань ч муудна. Харин та бусдын төлөө гэсэн сайхан сэтгэлтэй байж чадвал та аз жаргалтай, эрүүл сайхан амьдрах болно.”

“Мөн би шашин хоорондын эв нэгдлийг чухалчилдаг. Маш олон шашин тэсвэр тэвчээр, энэрэл хайрыг номлодогоороо адил байна. Тэдэнд онолын адил бус сургаал олон байдаг боловч бүгд энэрэл хайр, тэсвэр тэвчээр гэх мэт сайхан сэтгэлийг хөгжүүлэх зорилготой юм. Ладакт шашны эв нэгдэл сайн байдаг. Та бүхэн үүнийгээ улам сайн хадгалж, хаана ч явсан бусдыг үүнд уриалах хэрэгтэй. Ингэж бид өөрсдийн чадах зүйлээ хийх хэрэгтэй.”

“Миний гурав дахь үүрэг бол Төвөдүүд. Төвөдөд буй хүмүүс насан эцэслэх сүүлийн мөчдөө миний нэрийг дуудаж байна. Тэд надад асар их итгэл, сүжигтэй байдаг. Цаст Төвөдийн орны төлөө ажиллах гол зорилго маань Төвөдийн хэл, соёлыг хадгалах явдал юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 83 насны ойн баярыг тэмдэглэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын төрсөн өдрийн баярт оролцож буй хүмүүс түүний айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Төвөдийн шашин, соёлыг хадгалан үлдэх үүрэг Төвөдүүд болон Хималайн бүс нутгийн ард иргэдийн мөрөн дээр буй. Энэтхэгийн их мастер Басуванду Бурхан Багшийн сургаалыг сургаал номлолын хэсэг ба тэрхүү сургаал номлолыг бодитоор хэрэгжүүлсний үр дүнд өөрт бий болдог онолын эрдэм гэж хуваасан юм. Энэ хоёрыг хадгалж, хөгжүүлэхийн тулд хоёуланд нь сайтар суралцах хэрэгтэй. Ингэхийн тулд ном судрыг үзэж судлан, ёс суртахуун, сэтгэл төвлөрөл, билиг оюуны эрдмүүдийг олж авах хэрэгтэй.”

“Лочен ринбочэ надад хэлэхдээ Хималайн бүс нутаг дахь сүм, хийдүүдийг сургалтын төв болгох зорилго тавьж буй гэсэн. Цаг хугацаа зогсолтгүй явж байна. Бид өнгөрснийг өөрчлөх боломжгүй ч ирээдүйгээ төлөвлөх боломжтой. Тийм учраас энд хуран цугласан сургуулийн сурагч хүүхдүүд бидний итгэл найдварын үндэс болж байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 83 насны ойн баярыг тэмдэглэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүндэт зочдод хандан үг хэлэв. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Ладакчууд та нар бурханы шашны ном зохиолоос дан ганц адис аваад ханалгүй тэдгээр ном сургаалд суралцах хэрэгтэй.”

Тэрээр муслимын найз нартаа хандан Аллахын сургаалд суралцахдаа Наландагийн учир шалтгаан, логик зарчмыг дагавал илүү үр дүнтэй байх болно гэж зөвлөв.

“Ингээд гүйцлээ. Та нар өлсөж байна уу?”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 83 насны ойн баярыг тэмдэглэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг олж харахыг хүссэн хүмүүс түүнийг хүлээж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Ладак дахь Төвөдийн тосгоны дарга Цэдан Ванчүк талархалын үг хэлснээр энэ өдрийн баярын үйл ажиллагаа өндөрлөв. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шивацал ордны зүг машинаар буцлаа. Шивацал ордны өмнөх талбайд зассан хүлээн авалтанд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон бусад албаны хүмүүс, хүндэт зочид оролцож хамтдаа үдийн зоог барив. Баярын үйл ажиллагаа үдээс хойш үргэлжиллээ.
Үзсэн: 3 540
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц