Дискит дэх номын айлдвар

17-07-2018, 02:46  |  Хэвлэх

2018 оны 7 дугаар сар 13

Энэтхэг, ЖК, Ладак, Дискит – Дискит дэх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын байрлах ордон нь хотын өндөрлөг хэсэгт орших ажээ. Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн байрлах өргөөнөөс Дискит хийд хүртэл явган морилж ирлээ. Замд олон хүн баяртайгаар түүнтэй мэндчилж байсан бөгөөд номын айлдварын талбайд хүрэлцэн ирэхэд 5600 хүн цуглан хүлээж байв. Дээрхийн Гэгээнтнийг тайзан дээр гарахад лам хуврагууд номын мэтгэлцээн өрнүүлж байлаа. Тэрээр Тиксей ринбочэ болон Гандан Ширээт асан Ризон ринбочэ нартай мэндчилж, олон нийтийн зүг гар даллаад суудалдаа суув.

Дискит дэх номын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нүбрагийн номын айлдварын талбайд хүрэлцэн ирж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Нүбра. 2018.07.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Номын айлдварын өмнөх хурлын уншлага үйлдсэний дараа олон нийтэд цай, хүндэтгэлийн идээ түгээж, үүний дараа Дээрхийн Гэгээнтэн номын айлдвараа эхэлсэн юм.

“Би Нүбрад ахин ирлээ. Өнөөдөр би өөрийн өдөр тутам үйлддэг бодь сэтгэлийн бясалгал, мөн хоосон чанарын бясалгалыг номлох болно.”

Дээрхийн Гэгээнтэн ярианаасаа түр хазайж түүний өмнө суух лам хуврагуудад халуун нартай тул орхимжоо толгой дээрээ тавихыг хүслээ. Энгийн хүмүүст хандан малгайгаа өмсөх, эсвэл шүхрээ дэлгэн суухыг зөвлөв.

“Энд цугласан хүмүүсийн зарим нь шашин шүтлэгтэй, зарим нь огт шүтлэггүй, зарим нь буддист, муслим, христ, хиндү шашин шүтдэг хэдий ч бид бүгдээрээ хүн гэдэг талаасаа адилхан билээ. Бидний шашин шүтлэгийн ялгаа бол хоёр дахь түвшний асуудал мөн. Бид эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан гэж залбирдаг боловч тэдгээрээс хүн төрөлхтөнтэй нь л бүрэн ойлголцох боломжтой. Эргэн тойронд буй араатан амьтан, шувуу, хорхой шавьж гэх мэт амьтдад бид өчүүхэн тус болж чадна. Харин хүмүүстэй ярилцаж, ойлголцож, энэрэн нигүүлсэхүйн сэтгэлийн талаарх ойлголтыг хуваалцаж чадна.”

Дискит дэх номын айлдвар
Номын айлдварт сууж буй хүмүүс шүхэр дэлгэн суув. Энэтхэг, ЖК, Ладак, Нүбра. 2018.07.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүмүүс бүгд аз жаргалыг хүсч, зовлон зүдгүүр огтхон ч хүсэхгүй. Бидэнд таван мэдрэхүй байдаг боловч зовлон зүдгүүр хийгээд аз жаргалыг голлон тодорхойлдог нь зургаа дахь оюун ухааны түвшин юм. Гоё сайхан зүйлийг харах, яруу уянгат дуу сонсох, анхилуун үнэр үнэртэх, амттай сайхан зүйлийг амсах, мөн таатай сайхан зүйлд хүрэх зэрэг нь тааламжтай боловч эдгээр ердийн мэдрэмжээс оюун санааны амар амгалан нь илүү хүчтэй, илүү удаан үргэлжилдэг.”

“Уулын агуйд таван жилийн турш энэрэл хайрыг бясалгасан христийн нэгэн ламтай би уулзаж билээ. Тэрээр талх, цай төдийхнөөр амь зогоож байсан боловч түүний нүдэнд баяр баясгалангийн оч гялалзаж байсан юм. Хэрэв сэтгэлийн амар амгалан үгүй бол таны аз жаргал үгүй болно. Уур хилэн, омог бардам, атаа хорсол зэрэг нь бидний дотоод сэтгэлийн амар амгаланг үгүй хийдэг, харин энэрэн нигүүлсэхүйн сайхан сэтгэл бидний сэтгэлийн амгаланг улам хүчтэй болгодог. Тиймээс бүх шашны уламжлал энэрэл хайр, сэтгэл ханамж, тэсвэр тэвчээрийг номлосон нь хүн төрөлхтөнд аз жаргалыг авчрахын төлөө юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь тайлбарлан айлдахдаа тейст шашны номлолоор Эзэн тэнгэр мөнхийн хайраар дүүрэн байдаг, харин Эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөггүй буддизм, самкаяа, жейнизмийн онолоор аз жаргалын уг үндэс өөрсдийн гарт буй гэж үздэг. Иймийн тул Бурхан Багш айлдахдаа “Бурхад бусдын нүгэл хилэнцийг усаар угааж арилгахгүй, тэдний зовлонг гараараа авах боломжгүй, мөн өөрсдийн мэдлэг оюуныг бусдад өгөх боломжгүй” хэмээснийг тайлбарлалаа.

Дискит дэх номын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Нүбра. 2018.07.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Наланда уламжлалыг дагаж буй бурханы шашинтнууд буддын гүн ухаанд сайтар суралцах ёстой. Үүн дээр нэмээд адил бус гүн ухааны үзэл онолтой хэдий ч хүн төрөлхтөнд ашиг тусаа өгч буй бүхий л шашинтай эв найртай байхыг чухалчилах хэрэгтэй. Наландагийн уламжлал дахь буддын гүн ухааны сэтгэл төдийтөн болон төв үзлийн онол хоорондоо ялгаатай боловч энэ нь хэрүүл тэмцлийн үндэс болдоггүй. Эцэст нь хэлэхэд бүх шашин энэрэл хайрыг чухалчилан номлодог билээ.”

“Сүүлийн дөч орчим жилийн турш би шинжлэх ухааны эрдэмтэдтэй уулзаж хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тэдний зарим нь хүний үндсэн чанар энэрэнгүй болохыг судалгаагаар нотлосон гэж байна. Үүгээр зогсохгүй энэрэнгүй сайхан сэтгэл бидний дархлааны системийг дэмжиж, уур хилэн хийгээд үзэн ядалт нь үүнийг доройтуулдаг болох нь нотлогдсон гэж байна.”

Дээрхийн Гэгээнтэн номын айлдварт сууж буй дунд сургуулийн сурагч хүүхдүүдээс инээж буй хүмүүсийг харах дуртай юу, эсвэл хоорондоо муудалцаж, хэрэлдэж зодолдож буй хүмүүсийг харах дуртай юу хэмээн асуулаа. Цөөн хэсэг хүмүүс л хэрэлдэж зодолдож буй хүмүүстэй нийлдэг, ихэнх хүмүүс бусдын баяр баясгаланг хараад аз жаргалтай болдог гэлээ. Мөн бид нийгмийн амьтад тул бидний нөхөрлөл аз жаргалын нэгэн нөхцөл болдог гэлээ. Нөхөрлөл нь итгэлцэл дээр бий болдог.

Мөн тэрээр гадаад материаллаг хөгжил дангаараа бидний аз жаргалыг бүрдүүлж чадахгүй гэв. Дотоод үнэ цэнэ болох энэрэл хайр чухал болохыг онцоллоо. Үүнийг хөгжүүлэхийн тулд сэтгэл төвлөрөл болон билиг оюуныг хөгжүүлдэг эртний Энэтхэгийн арга барилд суралцах шаардлагатай гэлээ.

Дискит дэх номын айлдвар
Номын айлдварт хамрагдаж буй хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Нүбра. 2018.07.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Бид биеийн эрүүл мэндийг сахиж, цэвэр цэмцгэр байхыг хүсдэгтэй адил дотоод сэтгэлийн эрүүл мэндийг сахихын тулд сэтгэл санаагаа хөгжүүлж, сөрөг муу сэтгэлийг арилгах хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн номын айлдварт сууж буй хүмүүсээс өнөөдөр тайлбарлах номын орчуулга бүхий хувь буй эсэхийг асуулаа. Энэ удаагийн номыг төвөд, англи, хятад хэлээр орчуулан нийт хүмүүст тараажээ. Тэрээр эхлээд “Шүтэн барилдахуйн магтаал”-ыг тайлбарлана гэв. Уг ном нь Бурхан Багшийг бие лагшин талаас нь магтсан бус, шүтэн барилдахуйн онолыг айлдсанаар нь магтсан гэдгийг тэмдэглэн хэлэв.

Бурхан Багшийн анхны номын хүрд болох Хутагтын дөрвөн үнэн хийгээд Винайн сургаал нь бурханы шашны бүх уламжлалд адилхан дэлгэрсэн гэлээ. Дараа нь Тас цогцолсон ууланд айлдсан сургаал нь юмс үзэгдэл хийгээд зовлонгийн мөн чанар, би үгүй, хоосон чанарын тухай, эдгээрийг ухаарах нь гэгээрэлд хүрэх арга зам болдог тухай номлосон байна.

Дискит дэх номын айлдвар
Энэ удаагийн номын айлдварт 5,600 гаруй хүмүүс хамрагдав. Энэтхэг, ЖК, Ладак, Нүбра. 2018.07.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Хутагт Нагаржунайн төв үзлийн онолоор юмс үзэгдэл үнэхээр оршиж буй бус, энэ нь тэр бүгд үзэгдэж буй шигээ орших боломжгүй гэсэн утгатай. “Шүтэн барилдахуйн магтаал” номд Бурхан Багшийг "Ханьцашгүй багш" хэмээн магтжээ. Үүний учир нь юмс үзэгдэл өөрийн мөн чанараар бус, шүтэн барилдахуйн хоосон чанартай гэдгийг айлдсанаар нь ийнхүү магтсан байна.

Тэрээр хэсэг зуур номын шүлгийг уншсаны дараа хүмүүст хандан хэрэв энэ талаар илүү сонирхолтой болж эхэлбэл Хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс” хийгээд “Эрдэнийн эрхи” номуудыг үзэж судлахыг зөвлөлөө. Түүнээс улам гүнзгий судлахыг хүсвэл ловон Бхававивекагийн “Билгүүний зул” хийгээд “Учир шалтгааны дөл”, үүнтэй зэрэгцүүлэн ловон Чандаркиртигийн “Тодорхой үг” номуудыг судлах хэрэгтэй гэж зөвлөв.

Номын тайлбар дууссаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цугласан олонд хоосон чанар хийгээд энэрэнгүй сэтгэлтэй уялдуулсан бодь сэтгэл үүсгэх увидас хайрлалаа.

Дискит дэх номын айлдвар
Үндэсний уламжлалт хувцсаа өмссөн ладак эмэгтэйчүүд. Энэтхэг, ЖК, Ладак, Нүбра. 2018.07.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Таны шашин шүтэх эсэх, мөн буддист байх эсэхээс үл хамааран сайхан сэтгэлтэй байх нь хамгаас чухал болохыг Шантидева гэгээн “Бодьсадвын явдалд орохуй”-д дэлгэрэнгүй айлдсан билээ.”

Тэрээр хоосон чанарын талаар хэдий хэмжээнд ойлголт авна тэр хэмжээнд билиг оюун хөгжиж, энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэхийн хэрээр буян арвидах болно гэлээ. Энэ хоёрыг хөгжүүлснээр эцэстээ бурханы хоёр лагшинг олох тул үүнийг одооноос эхлэн өдөр бүрийн дадлага болгох хэрэгтэй гэж зөвлөв. Номын айлдварт муслимын шашинт олон хүн сууж буй тул тэрээр энэхүү ном нь буддын эрдэмтдийн айлдсан ном сургаал мөн боловч үүнд гарч буй сургаалууд нь хүн бүхэнд хэрэгтэй гэдгийг тэмдэглэн хэлсэн юм.

Номын айлдварын төгсгөлд нутгийн Бурханы шашинтны төвийн ерөнхийлөгч талархалын үг хэллээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд урт наслахыг хүсэн ерөөгөөд манай Нүбра нутагт ахин дахин саатан морилохыг хүсэв.

Дискит дэх номын айлдвар
Номын айлдварын дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Түртүк, Богдан, Нүбрад амьдардаг муслимын төлөөлөлтэй уулзаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Нүбра. 2018.07.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дискит ордны дэргэд зассан асарт Ладакын Түртүк, Богдан, Нүбра дахь муслимын төлөөлөгч нар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хамт үдийн зоог барьлаа. Тэрээр V Далай Ламын үед Лхас хотод муслимчууд болон бурханы шашинтнууд эв найртай зэрэгцэн амьдарч байсан тухай дурдав. Тэрээр муслимын холбоог магтан сайшааж, саяхан Шринагарт нээгдсэн муслимын холбоог дурдлаа. Мөн Төвөдийн төв нутгийн яруу сайхан хэлээр ярьдаг энэхүү уламжлалаа улам сайн хадгалж, өөрсдийн үр хүүхдүүдийг ч үүнд сайн сургах хэрэгтэй гэж зөвлөв.

Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа Лехийн сунни хийгээд шиа урсгалын төлөөлөгч нар түүнтэй уулзсан тухай дурдав. Тэрээр тэдэнд хандан Энэтхэг орон шашин хоорондын эв нэгдлийг хадгалдаг эртний уламжлалтай тул энэ нутагт сүнни, шиа урсгалын зөрчилдөөн гарсан тухай нэг ч мэдээ байхгүй байна, тиймээс Энэтхэгийн муслимчууд нэгдэн олон улсын хуралд оролцож дэлхийн бусад улс оронд гарч буй урсгал хоорондын зөрчилдөөнийг хэрхэн арилгаж болох тухай өөрсдийн бодит туршлагаас хуваалцах хэрэгтэй гэж зөвлөсөн гэлээ.

Тэрээр Дискит хийдийн зүг буцах замдаа саяхан шинээр нээгдсэн Дискит Жама Масжидээр зочилж мөргөл үйлдэв. Сүмийн үүдэнд муслимын шашинт олон хүмүүс цугласан байх бөгөөд дэлхий дахинд нөлөөлж буй Дээрхийн Гэгээнтний их үйлсийг магтаж байлаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Нобелийн шагналаар шагнасан нь түүнийг бурханы шашныг дэлгэрүүлж буйд нь бус, бүхий л шашин хоорондын эв найрамдал, дэлхийн энх тайвныг хөгжүүлэх үйлсийг нь үнэлж шагнасан гэдгийг онцлон дурдав. Хүмүүс алдаа гаргадаг ч Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гэх мэт удирдагчид тэдний алдааг засаж залруулдаг гэв.

Дискит дэх номын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нүбра дахь Дискит Жама Масжидэд мөргөл үйлдэж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Нүбра. 2018.07.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Намайг урисанд баярлалаа. Өнөөгийн дэлхий нэг нэгэнтэйгээ асар их уялдаа холбоотой болсон гэдгийг бүгдээрээ ойлгох хэрэгтэй. Урьд өмнө улс орон тусгаарлан амьдардаг байсан боловч өдгөө эдийн засаг талаас нь авч үзсэн ч бүгд харилцан хамааралтай болсон байна.”

“Цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал нь бид бүгдэд адилхан нөлөөлнө. Олон газарт байгалын гамшиг нүүрлэж байгааг бид харж байна. Тиймээс бид нэгдэж, хүн төрөлхтний нэгдмэл байдал гэдгийг сайтар ухаарах цаг болжээ. Зөвхөн өөрсдийгөө бодсон өчүүхэн бодол нь эерэг үр дүн авчирна гэж байхгүй. Өнгөрсөн хугацаанд “бид” ба “тэд” хэмээн хуваагдсаны улмаас эцэстээ дайн тулаан дэгдэж, хүмүүс нэг нэгнээ егүүтгэсэн юм. Хэрэв бид нэгдмэл байж чадвал цаг уурын өөрчлөлт зэрэг томоохон аюулыг хамтдаа даван туулах боломжтой болно.”

“Олон зуун жилийн турш өөр хоорондоо байлдаж ирсэн Франц, Герман гэх мэт улс орнууд дайн тулааны хор уршигийг таньж, эцэстээ нэгдмэл байх нь чухалыг ойлгож Европын Холбоог үүсгэн байгуулсан юм. Энэ нь харилцан хамааралтай өнөөгийн дэлхийг аз жаргалтай болгох бодит жишээ мөн.”

Тэрээр 2001 оны 9 сарын 11-ний өдрийг дурсаад энэ үед муслимын шашныг эсэргүүцэх, нэр хүндийг унагаах хөдөлгөөний эсрэг байсан гэдгээ мэдэгдлээ. Учир нь муслимын шашин бусад шашны л адил энэрэн нигүүлсэх, энэрэл хайрыг номлодог гэлээ. Дээрхийн Гэгээнтэн Түртүкийн нэгэн багшийг дурдлаа. Тэрээр цус урсгах арга замыг сонгож байгаа бол тэр хүн жинхэнэ муслимын шашинтан биш, учир нь жинхэнэ муслим хүн Аллахын бүтээл бүгдийг хайрлаж, хүндэтгэлтэй хандах ёстой гэсэн байна.

Дискит дэх номын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дискит Жама Масжидэд муслимын шашинтнуудтай уулзаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Нүбра. 2018.07.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Сиккимын Месса мөргөлийг үүсгэн байгуулсан Гүрү Нанакыг магтлаа. Тэрээр энэхүү мөргөлд цагаан малгай өмсөн оролцсондоо баяртай байснаа дурдаад Дискитийн москт энэхүү мөргөлийг зохион байгуулах хэрэгтэй гэж зөвлөв.

Тэрээр Дискит хийдэд эргэн ирж амарсан ба маргааш Сумур дахь Самстанлин хийдэд морилно.
Үзсэн: 1 460
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц