Насны авшиг хийгээд Бат оршил өргөх ёслол

23-08-2018, 05:39  |  Хэвлэх

2018 оны 7 дугаар сар 17

Энэтхэг, ЖК, Ладак, Сумур – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гурав дахь өдрөө Самстанлин хийдийн номын талбайд явган морилж ирлээ. Энэ үед олон хүн түүнийг олж харахыг хүсч цуглан зогссон байв. Тэрээр аль болох олон хүнтэй уулзаж, ярилцан явж байлаа. Индэрт гарсан хойноо тэрээр олон нийтийн зүг инээмсэглэн мэндэлж, гар даллаад суудалдаа залрав. Даруй насны авшиг хүртээх бэлтгэл зан үйлээ эхэлсэн бөгөөд энэ үеэр унзад бээр олон хуврагуудыг урирдан Дарь Эхийн зүрхэн тарни уншиж байлаа.

Насны авшиг хийгээд Бат оршил өргөх ёслол
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Самстанлин хийдийн номын айлдварын талбайд хүрэлцэн ирээд олон нийтийн зүг мэндэлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Нүбра, Сумур. 2018.07.17. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Сүүлийн хэдэн өдрийн турш би олон хүнтэй энд уулзлаа. Мөн Зуны их чойрын нээлтэнд оролцож, өчигдөр номын айлдвар явуулсан. Өнөөдөр бэлгэ дэмбэрэлтэй төгсгөлийн өдөр тул би Цагаан Дарь Эхийн насны авшиг хүртээх болно.”

“Та бүхэн сайхан сэтгэлтэй байхын зэрэгцээ юмс бүхэн өөрийн мөн чанараар орших боломжгүй гэдгийг байнга бодож тунгаах хэрэгтэй. Сөрөг нөхцөл байдлыг өөрт ашигтай хувилбарт урвуулах чадвартай болохыг хичээгээрэй. Хэрэв та бусдыг энэрч хайрласан бодь сэтгэлтэй, юмс бүхэн өөрийн мөн чанараас бүтээгүй гэх хоосон чанарын үзлийг бодож чадвал юу хийсэн бүхэн нь ач тустай байх болно.”

Насны авшиг хийгээд Бат оршил өргөх ёслол
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төгсгөлийн өдөр айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Нүбра, Сумур. 2018.07.17. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Өчигдөр дурдсанчлан Бурхан Багшийн айлдварын гол үндсэн зүйл нь энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх билээ. Хэдийгээр энэ нь бүх шашны номлолд байдаг ч бурханы шашинтнуудын хувьд чухал зүйл нь энэрэнгүй сэтгэлд хөтлөгдөн аливаа үйл хийхдээ юмсын үнэн мөн чанарыг таних хэрэгтэй гэж үздэг. Урт насны авшиг хүртэхийн өмнө сайхан сэтгэлтэйгээр урт удаан наслая гэж бодоорой. Авшиг хүртээх зан үйл нь нууц тарнийн ёсонд багтдаг ч судрын ёсоор буянд шамдаж, эцэстээ бурханы лагшинг олж авах хэрэгтэй. Мөн саруул билиг оюунд суралцаж гэгээрэлд хүрэх ёстой.”

Насны авшиг хийгээд Бат оршил өргөх ёслол
Нутгийн сүсэгтнүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд дуун тахил өргөв. Энэтхэг, ЖК, Ладак, Нүбра, Сумур. 2018.07.17. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Авшиг хүртээх үедээ Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цугласан олон түмэнд бодийн санваар хүртээв. Авшиг хүртээж дууссаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Бат оршил өргөх ёслол эхэллээ. Энэхүү ёслолыг лам хуврагууд удирдан явуулсан бөгөөд энгийн сүсэгтнүүд мөн оролцож, хурлын уншлага өндөрлөсний дараа тэд дуу дуулж, дуун тахил өргөв. Төгсгөлд нь 16 Архадын мөргөл, мөн Аюуш бурханы магтаал зэрэг хэд хэдэн хурлын уншлага уншсанаар энэ удаагийн номын үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өргөөндөө буцаж ирсний дараа Гандан Ширээт асан Ризон ринбочэ, мөн Тиксей ринбочэ нартай үдийн зоог барьлаа. Маргааш тэрээр Лехийн зүг хөдөлнө.
Үзсэн: 1 907
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц