Төвөдийн Эм, зурхайн институтын салбар эмнэлэг ба дунд сургуульд зочлов

28-08-2018, 16:11  |  Хэвлэх

2018 оны 7 дугаар сар 24

Энэтхэг, ЖК, Занскар, Падум – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Төвөдийн дунд сургуулийг төгссөн хэсэг хүүхдүүдийг хүлээн авч уулзав. Тэрээр хүүхдүүдэд хандан хэдийгээр Хятадтай маш сайн харилцаатай байсан ч Төвөдийн эртний хаад Энэтхэгээс шашин соёлын уламжлалыг сонгон авсан нь Төвөд хэл, соёлыг өндөр түвшинд хөгжүүлсэн гэдгийг онцоллоо. Мөн тэдгээр хаадууд Энэтхэгээс номын багш нарыг урин залж Төвөдөд бурханы шашныг дэлгэрүүлсэн гэв. Энэ бүгдийн үр дүнд Цаст Төвөдийн орон эртний Наландагийн учир шалтгааны арга ухаан дээр суурилдаг Бурхан Багшийн сургаалыг өнөө цаг үе хүртэл хадгалж чадсан юм гэв. Тиймээс буддын гүн ухааны нарийн онолыг, логик хийгээд учир шалтгааны ухааны нарийн оньсыг илэрхийлж чадах төвөд хэлээ сайтар сурч эзэмшихийг хүүхэд залуучуудаас хүсэв.

Төвөдийн Эм, зурхайн институтын салбар эмнэлэг ба дунд сургуульд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн дунд сургуул төгссөн хүүхдүүдийг хүлээн авч уулзав. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.24. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Анжумане Үл Исламын урилгаар Падумын Нийтийн Загвар сургуульд зочиллоо. Сургуулийн захирал хэлэхдээ энэрэл хайр, эв нэгдлийн цогц болсон Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүрэлцэн ирсэнд машид талархалтай байгаагаа мэдэгдэв.

"Би энд эргэн ирсэндээ, мөн муслимын ахан дүүс нартайгаа хэсэг хугацааг хамтдаа өнгөрүүлэх болсондоо баяртай байна. Би хаана ч очсон, хэнтэй ч уулзсан хүн төрөлхтний нэгдмэл байдлыг байнга сануулдаг. Учир нь хүн төрөлхтөн бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөлөөрөө адилхан юм. Хүн бүхэн аз жаргалтай амьдрахыг хүсч, нэг ч хүн зовлон зүдгүүр хүсдэггүй. Гэсэн ч хамгийн чухал асуулт бол хэрхэн аз жаргалд хүрч, зовлонг хэрхэн арилгах вэ?”

"Энэ нь гадна талаас, нэр алдар хийгээд эд хөрөнгөөс бий болдоггүй. Хүмүүс ихэвчилэн жинхэнэ аз жаргалыг бие махбодийн таатай мэдрэмж, гоё сайхан зүйлийг харах, сонсох, тансаг амт амтлах, мөн гоё сайхан зүйлд хүрэлцэхэд бий болдог гэж ойлгодог. Гэтэл биеийн бүх мэдрэхүй таатай сайхан байсан ч сэтгэл санаа гутарсан тохиолдолд тэдгээр мэдрэмж нь таныг аз жаргалтай болгож чадахгүй. Та нарын таньдаг хүмүүст тийм зүйл тохиолдож байгаа биз дээ? Хэрэгтэй бүхий л зүйлсийг бүрдүүлсэн хэрнээ одоо ч гэсэн стресс бухимдалтай, уйтгар гунигтай амьдарч буй хүмүүс байдаг шүү дээ. Нөгөөтэйгүүр хэдий хөрөнгө чинээ муутай ч сайхан сэтгэлтэй, нэг нэгнийгээ энэрч, хайрладаг хүмүүс аз жаргалтай амьдарч байдгийг бид мэднэ.”

Төвөдийн Эм, зурхайн институтын салбар эмнэлэг ба дунд сургуульд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Анжумане Үл Исламын урилгаар ерөнхий боловсролын дунд сургуульд зочлов. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.24. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
"Би таван жилийн турш аглагт бясалгал үйлдсэн католикийн нэгэн ламтай уулзаж билээ. Тэрээр олон жил агуйд амьдрахдаа амь зогоох төдий талх, усаар амь амьдарч байсан байна. Би түүнээс та юу бясалгасан бэ? гэж асуухад түүний нүд сэргэн гэрэлтэж “Би энэрэл хайрыг бясалгасан” гэж хэлсэн нь түүнийг жинхэнэ амар амгаланг олсон гэдгийг илтгэж байсан юм.”

"Өдгөө би өндөр настай боллоо. Би аль 16 настайгаасаа эхлээд л хүнд бэрхшээлтэй тулгарч эхэлсэн юм. Гэвч энэ хугацаанд сэтгэлийн амар амгаланг хөгжүүлж чадвал ямар ч үед амар тайван байж чадах үнэхээр ач тустай гэдгийг би ойлгосон.”

"Ахан дүүс минь, өнөө цаг үед сөрөг муу сэтгэлийг арилгахаас илүүтэй гадаад материаллаг хөгжилд хэт их анхаарч байна. Орчин үеийн боловсролын системд зөвхөн бие махбодийн эрүүл мэндийн талаар хичээл орж байна. Үүнтэй зэрэгцүүлэн сэтгэл санааны эрүүл мэндийн тухай хичээлийг ч оруулах шаардлагатай. Сэтгэл төвлөрөл болон нягталж шинжлэх арга техникийг хөгжүүлсэн эртний Энэтхэгийн мэдлэг боловсрол нь оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаарх асар нарийн мэдлэгийг агуулдаг. Үүнийг бид орчин цагт ямар нэгэн шашинтай холболгүй, академик арга замаар эзэмших боломжтой.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанарыг эерэг гэж тодорхойлсныг дурдав. Хүн бүхэн төрсөн даруйдаа эхийн хайр энэрлээр тэтгэгдэг гэдгийг тэмдэглэн хэллээ. Мөн шинжлэх ухааны эрдэмтэд байнгын уур хилэн нь бидний дархлааг дарангуйлдаг ба энэрэнгүй сайхан сэтгэл бидний бие махбодь хийгээд сэтгэл санааг дэмждэг болохыг нотлосон гэв.

Төвөдийн Эм, зурхайн институтын салбар эмнэлэг ба дунд сургуульд зочлов
Падумын муслимын шашинтнууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.24. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Өөрийн уугуул шашин хийгээд гаднаас дэлгэрсэн олон шашин нэгэн дор амьдарч, цэцэглэн хөгжсөн нь Энэтхэг орны агуу том амжилт бөгөөд эдүгээ цагт бусад улс оронд үлгэр жишээ болж байгааг дурдлаа.

"Ладакт буддист болон муслимчуудын дунд үл ойлголцол гарсан ба Занскарт ч мөн адил ийм явдал гарсан гэж сонсов. Бүх шашин энэрэл нигүүлсэл, сэтгэл хангалуун байх талаар номлодог тул бид эв найртай, зэрэгцэн амьдрах боломжтой. Энэ нь улс орон, нийгмийн хөгжилд ч чухал үүрэгтэй байх болно. Өөрсдийгөө ердийн л занскарчууд гэж бодоорой. Саяхан зохион байгуулсан буддист болон муслимчуудын уулзалтын талаар би сонсоод үнэхээр их баярлав.”

"За ингээд миний хэлэх үг өндөрлөж байна. Та бүхэнд баярлалаа.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын дараагийн уулзалт нь Төвөдийн Эм, зурхайн институтын салбар эмнэлэг байлаа. Чоспел Зотба уулзалтын эхэнд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын дэмжлэгээр энэхүү салбар эмнэлэг нь Төвөдийн уламжлалт анагаах ухаан болон орчин үеийн анагахаан ухааны эмчилгээг хослуулах боломжтой болсон гэв. Тэрээр үгийнхээ төгсгөлд Дээрхийн Гэгээнтнийг Занскар нутагт ахин дахин морилон ирэх, мөн Дүйнхорын их авшиг айлдахыг хүслээ.

Төвөдийн Эм, зурхайн институтын салбар эмнэлэг ба дунд сургуульд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн эм, зурхайн институтын салбар эмнэлэгт зочлов. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.24. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
"Ийм онцлог бүхий газар нутагт иж бүрэн эмнэлэгийн үйлчилгээ үзүүлнэ гэдэг хэцүү ч бид ярилцаж байгаад уламжлалт анагаах ухаан болон орчин үеийн эмчилгээг нэвтрүүлсэн юм. Энэ ажил маань хүмүүст их тустай байгааг сонсоод би их баяртай байна. Эмнэлэгийн ажилчид та нарын уйгагүй хөдөлмөрт талархал илэрхийлье!”

"Би Наланда уламжлалыг дагадаг, логик хийгээд учир шалтгааны ухаанд суралцсан хүн. Тиймээс нөхцөл байдлыг аль болох олон талаас нь, тодорхой харахыг хичээдэг. Би олон зүйл ярихыг хүссэнгүй, ямартаа ч та бүхэн миний зөвлөгөөг ойлгож, дагасан байна. Мөн би эрэгтэй, эмэгтэй хуврагууд шавилан сууж буй дацан хийдүүдийг буддын гүн ухаанд сайн суралцах хэрэгтэй гэж зөвлөдөг, эдүгээ энгийн ард иргэд ч буддын гүн ухаанд суралцах сонирхол нэмэгдсээр байна.”

"Буддизм дахь гүн ухааны болон сэтгэл зүйн олон онолд шашин гэх талаас нь бус, академик түвшинд суралцах боломжтой. Бандида Неругийн үед Төвөдийн сургуулиуд шашны багшийг урьж хичээл заалгадаг байсан бол өдгөө үүнийг өөрчилж гүн ухааны багш урих хэрэгтэй байна. Үүн дээр нэмж хэлэхэд энэрэл, нигүүлсэнгүй сэтгэлийн тухай бүх шашин номлодог, харин буддизмд “би үгүй”-н сургаалыг номлодог юм. Энэхүү онолд хүн бүхэн суралцах боломжтой.”

"Би дөнгөж сая муслимын сургуульд зочилж, хүрээлэн буй байгаль орчноо хайрлан хамгаалах талаар ярьлаа. Миний амьдардаг Дарамсала хотод урьд өмнөхөөс бага цас ордог болсон. Энд ч нөхцөл байдал адилхан биз ээ. Тиймээс ус нөөцлөх тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна. Ойрын арван жилийн дотор Ладак болон Занскарт асуудал хүндэрч магадгүй. Ялангуяа усны асуудал нэлээд хурцаар тавигдах шинжтэй боллоо. Усны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд мод тарих хэрэгтэй.”

Төвөдийн Эм, зурхайн институтын салбар эмнэлэг ба дунд сургуульд зочлов
Төвөдийн эм, зурхайн институтын салбарын эмнэлэг дээр хэдэн мянган хүн түүний айлдварыг сонслоо. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.24. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
"Намайг Изралид очиход усны дусал дуслаар газар нутгаа ногоон хөндий болгосон байлаа. Гэтэл Палестинд нөхцөл байдал эсрэгээрээ байв. Тиймээс Изралийн мэргэжилтнүүдийг энд урьж, тэдний туршлагаас суралцах хэрэгтэй.”

"Цаг агаарын өөрчлөлт нь биднийг сүүлийн 1000-аад жил амьдарч ирсэн амьдралын хэв маягаа өөрчлөхийг шаардах боллоо. Цаг агаар улам халуун болж байгаа ч үүнтэй зэрэгцэн хэт их борооны улмаас үер усны аюул нүүрлэж байна. Дэлхийн дулаарал болон цаг уурын өөрчлөлтөөс улбаатай байгалын гамшиг тохиолдох нь улам ихэсч байна.”

"За ингээд яриагаа өндөрлөе. Чоспел Зотба гуай Занскар нутагт ахин дахин ирж, Дүйнхорын авшиг хүртээхийг хүслээ. Энэ нь хүндрэлтэй байж магадгүй. Гэвч би энд ирсэн ч, ирээгүй ч та бүхнийг хэзээд мартахгүй.”

Эмнэлэгийн ойролцоо Ламдон сургуульд зочилоход сургуулийн захирал гэвш Дамчой товч танилцуулга хийлээ. Тэрээр уг сургууль 1988 онд байгуулагдсан цагаас хойш 870 гаруй хүүхдүүд хамрагдаж эрдэм мэдлэг эзэмшсэн гэдгийг тэмдэглэн хэлэв. Тэдгээрээс Энэтхэгийн анагаах ухааны их сургууль, гүн ухааны болон технологийн сургуулиудад олон хүүхэд элсэн суралцсан байна. Тэрээр сургуулийн сурагч хүүхдүүд болон ажилчдад айлдвар айлдахыг Дээрхийн Гэгээнтнээс хүслээ.

Төвөдийн Эм, зурхайн институтын салбар эмнэлэг ба дунд сургуульд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ламдон сургуульд зочлов. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.24. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
"Хималайн ард түмэн Наландагийн уламжлалыг дагадгаараа бидэнтэй адилхан юм. Та нарын хувьд өөрсдийн шашин, соёлоо хадгалах эрх чөлөө бүрэн байна. Төвөдүүд бид эрх чөлөөгөө алдаж, олон олон бэрхшээлтэй нүүр тулгарч билээ. Гэвч цаг хугацаа өөрчлөгдсөөр байна. Хэдэн сарын өмнө Энэтхэгийн Шринагар дахь Төвөдийн муслимын шашинтнууд надтай уулзахдаа маш цэвэр төвөд хэлээр “Ринбочэ, та хэзээ Лхас руу буцах вэ? гэж асууж билээ. Бид бүгдээрээ эх орноо санагалзаж байна.”

"Түрүүнд хэлсэнчлэн Хималайн бүс нутгийн ард иргэд Наланда уламжлалыг дагадаг. Саяхан би Ганжуур, Данжуурыг ладак, сикким хэл дээр буулгах ажлын тухай сонслоо. Энэ ажил амжилттай явагдвал хүмүүст төвөд хэл дээрх эх сурвалж, ном судрыг илүү сайн ойлгох боломжтой болно гэсэн үг.”

"Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Ладак болон Занскарт материаллаг хөгжил их явагдаж, олон бүтээн байгуулалт бий болсон. Үүний нэг жишээ нь энэ сургууль юм. Хүүхдүүдэд сурч боловсрох боломж олгож буй багш, ажилчид та бүхэнд талархал илэрхийлье! Мөн энэ сургуульд шашин шүтлэгийн ялгаа байхгүй, муслим хүүхдүүд ч суралцдаг тухай сонсоод би ихэд баяртай байна.”

Төвөдийн Эм, зурхайн институтын салбар эмнэлэг ба дунд сургуульд зочлов
Сургуулийн сурагч хүүхдүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хамт тарни уншиж байгаа нь. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.24. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүүхдүүдээс Манзушри бурханы зүрхэн тарни мэдэх эсэхийг асуугаад хамтдаа энэхүү тарни уншихыг хүсэв. Тэрээр хүүхдүүдэд хандан тэргүүндээ титэмтэй Манзушри бурханыг бясалгаж, түүнээс гэрэл цацран гарч өөрсдөд нь шингэснээр оюун ухаан нь сэргэж, саруул билиг оюунтай болж байна гэж бясалгахыг хүсэв. Ингээд бүгд хамтдаа Манзушри бурханы зүрхэн тарнийг уншлаа.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламын зохиосон “Үнэний хүч” хэмээх ерөөлийг номыг бүх хүүхэд багачуул уншив. Үүнтэй уялдуулж Дээрхийн Гэгээнтэн Төвөдийн тухай хэсэг зуур ярьсан юм.

"Төвөдийн шашин, соёл Хятадын ард түмэнд ашиг тусаа өгөх нь дамжиггүй. Харин материаллаг хөгжлийн тал дээр Хятад улс Төвөдөд тусалж чадна. Тиймээс л бид салан тусгаарлахыг үл хүсч, харилцан ашигтай хувилбарыг сонгож буй билээ.”

"Энэ тал дээр дэлхийн II дайны дараа бий болсон Европын холбоог би сайшаадаг. Тус холбоо байгуулагдсанаар 70 гаруй жилийн турш дайсан явсан улс орнууд нэгдэж чадсан юм. Ерөнхийлөгч Де Голь болон канцлер Аденауер нар нэг улсын эрх ашгаас нийтлэг эрх ашиг илүү хүчтэй болохын үнэ цэнийг илүүд үзэж нэгдмэл байр сууринд хүрсэн байна. Би Европын холбоо байгуулагдсанаар үнэхээр гайхалтай үр дүнд хүрч чадсан гэж боддог.”

Төвөдийн Эм, зурхайн институтын салбар эмнэлэг ба дунд сургуульд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сургуулын сурагч хүүхдүүд болон багш, ажилчидтай зургаа татуулав. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.24. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
"Хятадын түүхийн эх сурвалжуудад VII-IX зууны хооронд Хятад, Монгол, Төвөд гэх гурван улс байсныг тэмдэглэсэн байна. Тан улсаас Манжийн эрин үе хүртэлх түүхийн сурвалжуудад Төвөдийг Хятадын нэг хэсэг гэж огт дурдаагүй. 1974 оноос эхлэн бид тусгаар тогтнолоос татгалзаж эхэлсэн юм. Эдүгээ Хятад улс хурдтай өөрчлөгдөж, бидний үүд хаалга нээгдэж буй.”

"Хятадын хатуу чиг шугам баримтлагчид өнөөг хүртэл “Далай Лам бол салан тусаарлагч” гэж үзсээр байгаа. Гэвч дэлхий нийтээрээ энэ нь худал болохыг мэднэ. Магадгүй тэд хэрхэн өөрчлөлт хийхээ мэдэхгүй, эсвээс ингэж үзэх нь тэдэнд ашигтай ч байж болох юм. Ямартаа ч ирэх жил, эсвэл түүний дараа жил өөрчлөлт гарна гэдэгт би итгэлтэй байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уулзалтаа өндөрлөөд Шинэ ордны зүг буцав. Маргааш тэрээр Занскараас Каргилын зүг хөдөлнө.
Үзсэн: 1 803
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц