Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гоа-д морилон ирлээ

10-09-2018, 05:43  |  Хэвлэх

2018 оны 8 дугаар сар 7

Энэтхэг, Гоа, Бамболин - Өнгөрсөн бямба гаригт Дээрхийн Гэгээнтэн Ладакаас буцах замдаа Делид хоёр хоног саатсан бөгөөд энэ үед Тайланд – Төвөдийн солилцооны хөтөлбөрийн гишүүд бараалхав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гоа-д морилон ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайланд - Төвөдийн солилцооны хөтөлбөрийн гишүүдийг хүлээн авч уулзаж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2018.08.05. Гэрэл зургийг Жереми Рассел
“Тайланд – Төвөдийн шашны хооронд илүү дотно харилцаа тогтоох эхлэлийг тавьж байгаад би их баяртай байна. 1960-аад онд бид 4 төвөд ламыг Бангкок руу илгээж байсан бгөөд тэд тай хэл болон бусад зүйлд суралцсан ч, хожим нь бидний харилцаа тасарсан.” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв.

“Үйл хөдлөл бүрийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстойг буддизм бидэнд сургадаг. Бурхан Багш эхэндээ бидний л адил энгийн нэгэн байсан ч, удаан хугацааны нөр их зүтгэлийн үр дүнд Бодгаяад гэгээрлийг олсон билээ. Хүн бүрт гэгэээрлийн хутаг оршдог гэдгийг Бурхан Багш айлдаж, зөвхөн мөргөл залбирал бус, сэтгэлээ номхотгохын чухлыг онцгойлон захьсан юм.”

Бурханы сургаалийг Шантаракшита гэгээн анх 8 дугаар зуунд Төвөдөд дэлгэрүүлэхдээ Дарма-Дээдийн номын үндэс болсон винайн ёсыг нэвтрүүлж, эхний 7 хуврагт сахил хүртээж байжээ. Өнөөдөр ч бид буддын бусад уламжлалын хамт винайн ёсыг баримталж байна.”

Тайландаас ирсэн төлөөлөгчид 2019 оны 2-р сард Бодгаяад буддизмыг амьдралд ойртуулах чиглэлээр хоёр өдрийн бага хурал хийх саналтай буйгаа Дээрхийн Гэгээнтэнд илтгэлээ. Уг арга хэмжээний зорилго нь буддын үнэт мэдлэг, зөвөлгөөг 21 дүгээр зууны ард иргэдэд хэрхэн хүртээлтэй болгохыг судлахад агуулагдах ажээ. Дээрхийн Гэгээнтэн тэдний энэ санаачилгыг дэмжив.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гоа-д морилон ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Тайланд - Төвөдийн солилцооны хөтөлбөрийн гишүүд. Энэтхэг, Шинэ Дели, 2018.08.05. Гэрэл зургийг Жереми Рассел
Дараа нь Нобелийн энх тайвны шагналт Кайлаш Сатьяртхитай уулзахдаа Дээрхийн Гэгээнтэн орчин үеийн Энэтхэгт эртний Энэтхэгийн мэдлэгийг сэргээх талаар үүрэг хүлээн зорьж байгаа талаар ярилцлаа.

“Орчин үеийн боловсрол хийгээд материаллаг хөгжил рүү тэмүүлэх тэмүүллийг сэтгэл хөдлөлийн тухай ойлголт, сөрөг сэтгэл хөдлөлийг хаах арга замтай хослуулж чадах нь ганц Энэтхэг орон юм. Өнөөдөр эртний Энэтхэгийн их мэдлэгийг сэргээх шаардлага байгааг би харж байна. Тэрхүү мэдлэг нь сэтгэлийн амар амгаланг дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй”.

Шударга бус явдлаас үүдэн гарсан уур нь энергийн зөв эх сурвалж болох талтай хэмээн Сатьяртхи хэлэв. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, уур эрч хүч өгч болох ч, тэр нь сохор бөгөөд байгаа онох нь ховор байдаг гэлээ. Гэвч нигүүлсэхүйн үүднээс хүч хэрэглэх явдал байдгийг тэрээр хүлээн зөвшөөрлөө.

Махатма Ганди мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх санаачилгын тухайд Энэтхэг орон ахимса буюу хүч үл хэрэглэх зарчмыг дэлхий нийтэд түгээхэд түүчээ болох ёстой хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Эрх чөлөөний төлөөх тэмцлийн эхэн үед хүч үл хэрэглэхийг сул доройн шинж хэмээн хүмүүс үздэг байсан бол өнөөдөр энэ нь хүчирхэгийн илэрхийлэл гэж илүү олон хүн ойлгох болсон хэмээн тэрээр цохон тэмдэглэв. Сэдэл болох хүчин зүйл нь каруна буюу нигүүлсэхүй, харин түүнээс улбаалан гарах үйл хөдлөл нь ахимса буюу хүч үл хэрэглэх зарчим байх ёстойг Далай Лам дэлгэрүүлэн тайлбарласан байна.

Карунаг нийгмийн амьдралд хэрхэн оруулах талаар сонирхож буйгаа Сатьяртхи илэрхийллээ.

“Хэрвээ хүн нөхцөл байдлыг бодитоор үнэлж, өргөн хүрээгээр харж чадвал эерэг үр дүн гарна. Нөхцөл байдлыг бодитоор бус, явцуу хүрээнд үнэлснээс болж асуудал үүсдэг.” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гоа-д морилон ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Даболим нисэх буудалд буухад уламжлалт заншлын дагуу угтан авч байгаа нь. Энэтхэг, Гоа, 2018.8.7. Гэрэл зургийг Жереми Рассел
Энэ өдөр Далай Лам Делигээс Гоа-г зорин ниссэн бөгөөд маргааш Гоа-гийн Менежментийн их сургуулийн 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд яриа хийнэ. Түүнийг Даболим нисэх буудалд буухад их сургуулийн захирал Ажит Парулекар, удирдах зөвлөлийн тэргүүн Ашок Чандра болон орон нутгийн засаг захиргааны төлөөлөл тосон угтлаа.
Үзсэн: 5551
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц