Dalailama / Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монголд айлдсан ном, зарлигийн товчоон

Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монголд айлдсан ном, зарлигийн товчоон

Анхдугаар айлчлал
1979 оны YI сарын 15 буюу билгийн тооллын XYI жарны шороон хонин жилийн зуны эхэн сарын 20-ны билигт сайн өдөр Монгол оронд Азийн буддистуудын энх тайвны V бага хурлын хүндэт зочноор уригдан анх заларчээ. Тэрбээр сүсэгтэн олонд "Гандан лхавжаа", "Есөн мөрт мэгзэм", "Дөрвөн мөрт мэгзэм" айлдан сүсэгтэн олны хамтаар маани уншиж "Язгуурын гурван бурханы тарни"-ийн лүн хайрласан юм.

Удаах айлчлал
1982 оны VIII сарын дундуур, билгийн тооллын XYI жарны усан нохой жилийн намрын эхэн сард тохиов. Энэ айлчлалаар III Далай ламын зохиосон "Бодь Мөрийн Зэрэг-ийн тунгаамал алт"-ыг дэлгэрэнгүй айлдав. Мөн "Жигжид бурхны авшиг","Жамсран бурхны жэнан" зэрэг ном айлдаж Азийн буддистуудын энх тайвны бага хурлын ерөнхий чуулганд хүндэт зочноор уригдан оролцов.

Гуравдугаар айлчлал
1991 оны IX сар буюу билгийн тооллын XYII жарны төмөр хонь жил бол Монгол орон ардчилал шинэчлэлийн замаар замнаж эхэлсэн түүхэн цаг үе байлаа. Дээрхийн Гэгээнтэн Төв цэнгэлдэх хүрээлэнд "Бодь Мөрийн Гурван Эрхэм" номын дэлгэрэнгүй тайлбар, "Цагаан Дарь Эхийн насны авшиг", "Язгуурын гурван бурхны тарни"-ийг сүсэгтэн олонд айлдав.

Дөрөвдүгээр айлчлал
1994 оны IX сар буюу билгийн тооллын XYII жарны модон нохой жил. Энэ айлчлалаар "Бодь Мөрийн Зэрэг-ийн Тунгаамал Алт" номыг тайлбарлан нийт сүсэгтэн олонд "Бурхан багшийн зүрхэн тарни", "Язгуурын гурван бурхны зүрхэн тарни", "Ловон Бадамсамбааваа бурханы зүрхэн тарни"-ийн лүн хайрлав.

Тавдугаар айлчлал
1995 оны VIII сар буюу билгийн тооллын XYII жарны модон гахай жилийн намрын эхэн сар. Далай лам Монголд анх удаа Гандантэгчэнлин хийдэд Дүйнхорын ван их авшигийг Монголын сүсэгтэн олонд хүртээв. Мөн төв цэнгэлдэх хүрээлэнд Богд Зонховын туурвисан "Бодь Мөрийн Зэрэг-ийн Хураангуй Утга" болоод "Шүтэн Барилдахуйн Магтаал" зэрэг бурхны шашны гүн ухааны номыг дэлгэрэнгүй айлдаж "увш" болон "бодийн санваар" хайрлав.

Зургаадугаар айлчлал
2002 оны XI сарын 06-09-ний өдрүүдэд айлчлав. "Бодь Мөрийн Зэрэг-ийн Гурван Эрхэм", "Шүтэн Барилдахуйн Магтаал", "Бурхан багшийн зүрхэн тарни", "Дарь Эхийн жэнан" зэргийг нийт сүсэгтэн олонд айлдаж, оюутан залууст сургаал номоо хайрлав.

Долдугаар айлчлал
2006 оны VIII сарын 21-27. Энэ удаагийн айлчлалаар Дээрхийн гэгээнтэн лам хуврагийн жаяг бичгийг зохион Монголын бурханы шашны сүм хийдүүдийн тэргүүн болон хамба лам нарт гардуулж Монголчуудад анх удаа гэлэн сахилыг 52 ламд хүртээсэн юм. Далай ламын энэ удаагийн айлчлалын үеэр өөрийн мутраар суулгасан мөнхийн ногоон гацуур мод Гүнчав Жамбаалин төвийн үүдэнд буй.

Найм дугаар айлчлал
2011 оны XI сарын 7-11. Энэ удаагийн айлчлалаар Дээрхийн гэгээнтэн оюутан залуучуудад "Шинэ мянганы ёс зүй" сэдэвт лекц айлдсан ба нийт сүсэгтэн олонд ""Бодь Мөрийн Зэрэг-ийн Тунгаамал Алт", "Шүтэн Барилдлагын Магтаал", Жанрайсиг бурханы авшиг, Цагаан Дарь Эх-ийн насны авшигийг тус тус айлдсан юм.
11-10-2012, 09:47
Вернуться назад