Энэтхэг, Шинэ Дели – Энэ өглөө танхим дүүрэн цугларсан Тайландын лам, сүсэгтэн олон Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг морилон ирэхийг тэсэн ядан хүлээж байлаа. Дээрхийн Гэгээнтэн ирээд бүх хүнтэй залбиран мэндэлснийхээ дараа танхимд цугларсан олныг суухыг хүсэв. Пали хэл дээр Мангала судрыг уншсаны дараа Далай Лам мөн богино ерөөл уншаад, түүнээс хүссэний дагуу “Зүрх сэтгэлээ эхэлж нэгтгээд, дараа нь гар нийлэн ажиллая ” сэдвээр яриагаа эхэллээ.
Дээрхийн Гэгээнтэн хоёр дахь өдрийн уулзалтад ирсэн
Тайландын буддистуудтай мэндчилж байгаа нь.
Энэтхэг, Шинэ Дели. 2012.12.16. Зургийг Тэнзин Чойнжор (ДЛО)
“Иракийн зөрчилдөөний үед дэлхий дахинд олон хүн эсэргүүцлээ илэрхийлсэн байлаа. XX зууны сүүлээс хойш болж байгаа хүчирхийллийн олон үйл явдал нь өнгөрсөн алдаануудын маань ул мөр бөгөөд үр дагавар мөн. Тиймээс өнөөдөр XXI зуунд бид сүсэг бишрэл бус, харин учир шалтгаан дээр үндэслэн, энх тайвны төлөө гар нийлэн ажиллах ёстой.”
Хэрвээ бид хүчирхийлэлд дулдуйдах аваас үр дагаварт нь айдас хүйдэс, үзэн ядалт болон уур хилэн бий болж, алс хэтдээ энэ нь хүчирхийллийг улам дэвэргэх болно гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярилаа. Тэрээр хуцдаг нохойны жишээг эш татан өгүүлэхдээ, түүн рүү мод саваа барин заналхийлбэл нохой улам ихээр хуцах бөгөөд хэрвээ түүнд өдөр бүр хоол өгөөд, эелдгээр харьцаад байвал удалгүй номхорч, гарын дор болно. Энэ нь амьд амьтны үндсэн төрх юм.
Урьд өмнө бид тусгаарлагдмал орчинд тухлан амьдарч болоод байсан бол одоо ийм боломж үгүй болсон хэмээн тэрээр тэмдэглэн хэлэв. Эрүүл эдийн засагтай байхын тулд бусад орнуудаас хамаардаг нь ганц Тайланд биш учраас Тайланд бусадтай сайн харилцаатай байх шаардлагатай. Энэ бол хүчирхийлэл хийгээд хүч хэрэглэх нь хичнээн хоцрогдсон арга гэдгийн нэг шалтгаан мөн. Харин оронд нь бид хамтын хариуцлагыг ухамсарлаж, хүн төрөлхтний нэгдмэл чанарыг ойлгон гар хүчээ нэгтгэх хэрэгтэй байна.
“Энэ удаад үүгээр хэлэх зүйлээ өндөрлөж байгаа ч, та бүхэн үүнтэй санал нэгдэхгүй бол өөрсдийн саналыг хэлнэ гэдэгт найдаж байна. Учир нь та бүхнээс суралцах боломжийг хэзээд үнэлэх болно” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа өндөрлөлөө.
Төвд-Тайландын буддистуудын уулзалт ярилцлагыг цаашид шат ахиулахын тулд ямар бодит зүйл хийх ёстой вэ гэсэн асуултын хариуд Дээрхийн Гэгээнтэн лам хуврагууд, эрдэмтэд, их сургуулийн багш нарыг Сарнат дахь Төвд Судлалын Төв Их Сургууль гэдгээрээ алдартай Төвд Судлалын институтад судалгаа хийх, мөн Шинэ Дели дэх Төвд ордонд зочлон ирвэл хэзээд талархан угтахаа хэллээ. Тэд аль аль газар нь суралцаж, цаашдын уулзалт ярилцлагад оролцох боломжтой болно.1960-аад онд Төвдийн 3 лам Тайландад суралцах, шашны амьдралыг нь үзэж харахаар яваад, нэг нь бүр Тайланд ёс жаягаар сахил хүртэж байсан тухай тэрээр дурсан ярив. Үүний дараа харилцаа холбоо нэг их байсангүй. Шинээр бий болсон энэхүү сонирхлыг дэмжин Төвдүүдийн багахан групп Тайландад айлчилж, харин Тайланд групп Энэтхэг дэх Төвдийн эрдмийн хүрээлэнгүүдэд ирэхийг санал болгоод, энэ нь ашиг тустай үйл болохыг Далай лам хэллээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайландын буддист эрдэмтэдтэй
"Арга зам өөр ч, хүрэх зорилго нэг" сэдвээр уулзалт хийсэн нь.
Энэтхэг, Шинэ Дели. 2012.12.16. Зургийг Тэнзин Чойнжор(ДЛО)
“Алсдаа бид хэлний асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Сарнат дахь Төвд Судлалын их сургууль судалгааны олон улсын төв болох ёстой бөгөөд тэнд пали болон бусад холбогдох хэлийг судлах талаар би аль хэдийнэ зөвлөөд байгаа. Тайланд эрдэмтэд, тэдний дотор эмэгтэй судлаачид ч энд ирж пали хэл заахын хамт төвд хэл үзвэл бид баяртай байх болно. Өмнөд Энэтхэг дэх манай сүм хийдүүдэд эрэгтэй эмэгтэй 10,000 гаруй лам сурч байгаагийн дээр Монгол болон Азийн бусад орноос оюутнууд аль хэдийнэ ирээд суралцаж байгаа. Мөн барууны орноос ирдэг бөгөөд нэгэн Америк хүн саяхан сүмийн хамба болсон” гэлээ.
“Эмэгтэй хувраг нарын тухайд гэвэл, 60-70 аад оны сүүлээр эмэгтэйчүүдэд зориулсан диалектик сургалт явуулахыг би сүм хийдүүддээ санал болгосон бөгөөд одоохондоо хэдийгээр эмэгтэйчүүдэд сахил хүртээдэггүй ч, гэвшмаа докторын зэрэг хамгаалсан эмэгтэй хуврагийг сайшаан шагнах шийдвэр гаргаад байна. Үүний зэрэгцээ Бурханы номыг сахин хадгална гэдэг нь зөвхөн сайн эрэгтэй, эмэгтэй лам байхаар хязгаарлагдахгүй, мөн энгийн хүмүүсийг сургахад ч ач холбогдол нь оршино. Тэд ч бас илүү сайн ойлголттой байх шаардлагатай.”
Буддизмыг сурталчилж, бусдыг урвуулах гэж байгаа мэтээр харагдахаасаа болгоомжилдог хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв. Шашин шүтлэгээ солих нь зөрчилдөөн үүсэхийн бодит эх сурвалж мөн бөгөөд энэ талаар Монголд тааралдсан Христийн шашныг түгээгч нарт тодорхой хэлсэн гэлээ. Хүмүүс өмнөх ба хойд төрлийн тухай буддизмын ухагдахуунд энгийндээ эргэлзээтэй хандаж болох өнөөгийн бодит байдлыг бид санаж байх ёстой хэмээн тэрээр айлдав. Мөн тэрээр Буддын сургааль өнөөгийн амьдралд зохицох ёстой гэлээ.
"Арга зам өөр ч, хүрэх зорилго нэг" сэдэвт уулзалт
ярилцлагыг танхимд цугларсан олон сонсож байгаа нь.
Энэтхэг, Шинэ Дели. 2012.12.16. Зургийг Tэнзин Чойнжор (ДЛО)
Залуучуудыг лам болгохын тулд яаж дэмжих вэ гэсэн асуултад Дээрхийн Гэгээнтэн “Боловсрол, олон нийтийн боловсролыг, Буддизмын талаархи тэдний мэдлэгийг дээшлүүлэх явдал” хэмээн хариулав.
Дээрхийн Гэгээнтэнд бараа болон ирсэн Төвдийн шашны эрдэмтдээс энэ үед уг ярилцлагад өөрсдийн санал бодлоо илэрхийлэхийг хүссэн ба энэхүү уулзалтыг дэмжиж байгаагаа санал нэгтэй илэрхийлсэн юм. Проф. Самдон ринбочи пали хэл дээрх судруудыг төвд хэлнээ буулгах төслийн тухай танилцуулаад, энэ ажил аль хэдийнэ эхэлсэн бөгөөд цаашид ч үргэлжилнэ гэдэгт найдаж буйгаа хэллээ.
Төвдийн буддистуудтай гар нийлэн ажиллаж, хамтран ажиллах хүсэлтэй байна гэсэн Тайландын хөтлөгчийн үгээр өглөөний уулзалт ярилцлага өндөрлөв. Бурхан багшийн 2600 жилийн ойд зориулсан энэхүү уулзалт нь сайны бэлэг тэмдэг хэмээн тэрээр тэмдэглээд, боловсрол болон сургалтын талаар Дээрхийн Гэгээнтний өгсөн зөвөлгөөг талархан хүлээж авч буйгаа илэрхийлсний дараа танхимд сууж байсан олон “Sa-dhu” (Гэгээнтэн) хэмээн гурвантаа залбирцгаалаа.
Хэрвээ Төвдийн болон Тайландын буддизм “нэг арга зам, нэг зорилготой” байсан бол, Их хөлгөнийхөн Архад бус, харин Бодьсадыг илүү шүтдэгдэгсэн бол илүү зохимжтой байх байсан гэсэн Тайландын ламын хэлсэн үгээр үдээс хойших төгсгөлийн хуралдаан эхлэв. Тэрээр цааш нь энэхүү зааг ялгааг бид хэрхэн арилгах ёстой вэ хэмээн асуулаа. Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан өгүүлэхдээ, Санскрит уламжлалын Билгүүний сударт Брадига, Ширвага, Бодьсадва нарын тухай дурьддаг боловч тэдгээрийг огт өөр хэмээн үзвэл энэ нь буруу ойлголтыг төрүүлнэ хэмээв.
Нирваанд тэмүүлэх тэмүүлэл нь эрх чөлөөтэй байх зориг эрмэлзэл мөн бөгөөд энэ нь бусдыг эрх чөлөө рүү залах энэрэнгүй тэмүүллийн үндэс болдог хэмээн тэр айлдлаа. Оюун ухаанаа цэгцлэх нь маш чухал зүйл. Мунхгийн нөлөөн дор байсан цагт бид хорвоогийн хүрднээс баяр баяслыг олж харахгүй. Хутагтын найман мөр нь ёс зүй, төвлөрөл, саруул ухаан гэсэн Three Higher Trainings -ийг илэрхийлэх өөр нэг арга зам юм. Дхарма номын хүрдний нэг дэх эргэлт нь хутагтын дөрвөн үнэнийг хамаардаг бол, хоёр дахь нь гурав дахь үнэн буюу зовлонгоос ангижрахыг нарийвчлах ба гурав дахь эргэлт нь дөрөв дэх үнэн буюу зам мөрийг заадаг нь ойлгомжтой.
Дээрхийн Гэгээнтэн Тайландын шашны төлөөлөгчдийн хамт.
Энэтхэг, Шинэ Дели. 2012.12.16. Зургийг Тэнзин Чойнжор (ДЛО)
“Би буддист боловч, Бурханы шашинд хэт автагдахыг өөртөө зөвшөөрч болохгүй гэдгээ ухаарсан, учир нь энэ нь бусад шашны зам мөрийн үнэ цэнийг үнэлэх миний чадавхийг хаах болно.”
Эцэст нь зөвөлгөө өгөөч гэсэн хүсэлтэд Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, энэхүү уулзалт ярилцлагыг зохион байгуулсанд талархаж буйгаа илэрхийлэв. Нээлттэй ярилцлагад хүн бүр оролцохыг хичээлээ. Бурхан багшийн сургаалийг бодитой бөгөөд уян хатан хэмээн үздэгээ тэрээр тайлбарлав. Тархинд нэгдсэн захиргаа гэж үгүй гэдгийг тайлбарласан германы невролог Волф Сингэрийг Далай лам дурсан ярьсан бөгөөд энэ нь буддизмын анатма онол буюу би үгүй, сэтгэл үгүй хэмээх үзэлтэй нийцэж байгааг тэмдэглэн хэллээ. Өнөөдөр XXI зуунд бид неврологийн шинжлэх ухааны ололтоос эхлээд өөр өөр бодит үнэнтэй тулгарахын зэрэгцээ винайн ёсны тухайд бид хатуу байх ёстой, бусад тохиолдолд Буддизм ийм шинэ бодит үнэнд хувь нэмрээ оруулах, түүнд зохицох чадвартай хэмээв.