Гурав дахь өдрийн номын айлдвар Шриланкийн гэлэнгүүд Мангала судрыг пали хэл дээр уншсанаар эхэлсэн бөгөөд үүний дараа "Билгүүний Зүрхэн" судрыг Япон, Вьетнам, Англи хэл дээр уншив.
“Зовлон бүхний үндэс болсон мунхгийн харанхуйг ялан дийлэхийн тулд бид бодит амьдралыг ойлгох шаардлагатай. Ийм боломжийг бий болгож, алдаа мадаггүй сургааль айлдсаных нь төлөө Бурхан багшийг Нагаржуна магтсан байдаг” хэмээн Дээрхийн Гэгээнтэн номлолоо эхэлсэн юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай лам гурав дахь өдрийн айлдвараа
эхлэхийн өмнө. Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат. 2013.01.09.
ФотоТэнзин Чойжир/ДЛО
Амьтнаас ялгаатай нь, хүн мэргэн ухаанаа хөгжүүлж, нигүүлсэхүй сэтгэлийг төлөвшүүлэх чадвартай. Гэхдээ үүний тулд, зорилгодоо хүрэх үүднээс асуудлыг олон талаас нь харж, цогц хандах шаардлагатай байна. Жишээ нь шоо дөрвөлжин, зургаан талтай, тал болгондоо өөр өөр тооны цэгтэй байдаг. Түүн дээр хоёр цэг байдаг гэж хэлбэл худлаа болох болох ба тэгээд ч бүрэн төгс бус байх болно. Бүхэл бүтэн дүр зургийг үүгээр гаргаж чадахгүй.
Бид бусдаас хамаарал бүхий дэлхий ертөнцөд амьдарч байгаа учраас бусдын хэрэгцээ шаардлагыг үл тоомсорлоод, өөрсдийн зорилгыг хэрэгжүүлнэ гэж найдахын ч хэрэггүй. Ахиад л бид олон талаас нь юмсыг харах шаардлага гарч байна.
Янз бүрийн шалтаг шалтгаан, нөхцөл байдлын улмаас аз жаргалтай болно. Хэрвээ та уурын гайгаар хэн нэгэнд хор хөнөөл учруулбал, та өнгөн талдаа сэтгэл ханамжийг мэдэрч болох ч, сэтгэлийнхээ гүнд буруу зүйл хийснээ ойлгоно. Өөртөө итгэлтэй байдал чинь сарнина. Харин та бусдад энэрэнгүй хандвал, бусдын дэргэд тав тухтай, өөртөө итгэлтэй байх болно. Жирийн хүмүүсийн нийгэмд ч тэвчээргүй, цухалдуу хүнийг тэр болгон хүлээж авдаггүй. Догшин нохойд нөхөд байдаггүй, харин номхон дөлгөөн нь эргэн тойрондоо бусдыг цуглуулсан байдагтай адил юм. Бурхан багш сургаалиа айлдахдаа хүмүүсийн янз бүрийн ааш авирыг номхотгохыг эрмэлзсэн юм.
Ямар ч байлаа гэсэн Дээрхийн Гэгээнтэн Буддизмыг дэлхий дахинд өргөн дэлгэр сурталчлан түгээх оролдлогыг дэмжихгүй гэдгээ тодорхой хэллээ. Тэрээр сэтгэлийн сөрөг, сүйтгэгч хандлагатайгаа тэмцэхийн хамт, буддын гүн ухаан, нигүүлсэл, тэвчээр болон зөв сэтгэлийн талаар судлахыг санал болгосон байна. Христийн шашинт түүний олон нөхөд Буддизмаас хэрэгтэй зүйлийг нь авч байгаа тухай тэр хэлээд, харин Бурханы шашинтан нар тэднээс нийгмийн ажилд хэрхэн оролцдогийг нь дууриахыг зөвлөлөө. Шүтэн барилдлагын тухай ойлголтыг буддистууд шашны зорилгоор хэрэгжүүлдэг ч, энэ нь бодит амьдралыг ойлгоход тустай учраас өөр салбарт ч хэрэглэх боломжтой. Энэ бол буддистуудын дэлхий дахинд оруулж болох хувь нэмрийн нэг жишээ юм.
Дээрхийн Гэгээнтний айлдварыг 2000 гаруй лам сонслоо.
Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат. 2013.01. 09.
Фото/Tэнзин Чойжир/ДЛО
Буддын ном зохиолыг сэтгэл судлал, сэтгэлийн хөдлөлтэй ажиллах тухай шинжлэх ухаан, гүн ухааны ба шашны гэж ерөнхийд нь авч үзэж болно. Бурхан багшийн хутагтын дөрвөн үнэний тухай сургааль буюу зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн, зовлонгоос гэтлэх нь үнэн, зовлонгоос гэтлэх арга зам үнэн гэсэн нь шинжлэх ухааны хандлагыг илэрхийлж байна. Дээр нь Бурхан багш ном сонсохоор ирсэн хүмүүсийн зан авирт тааруулан номоо номлодог байжээ. Буддын шинжлэх ухаан болон гүн ухаан хүн төрөлхтөнд чухал хувь нэмрийг оруулж чадна гэдэгт итгэлтэй байдгаа Дээрхийн Гэгээнтэн дахин илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ, “50 жилийн турш би эрдэмтэд, төрөл бүрийн мэргэжилтэнүүдээс эхлээд олон хүмүүстэй уулзаж байсан. Хэдийгээр би нууцаар англи хэлийг 1940 онд сурч эхэлсэн боловч миний англи хэл тийм ч сайн бишийн дээр, би орчин үеийн боловсролыг эзэмшээгүй нэгэн билээ. Гэсэн хэдий ч, буддын боловсролынхоо хүрээнд олж авсан буддын логик ухаан болон учир шалтгааны мэдлэгээрээ эрдэмтдээс тийм ч хол хоцроогүй гэдгээ олж мэдсэн. Эрдэмтдийн илтгэлээс зөрчилтэй зүйлийг би байнга олж хардаг бөгөөд миний тавьсан асуулт тэднийг асуудлынхаа талаар дахин бодоход хүргэдэг. Энэ бол Төвдийн ном зохиолд үндэслэсэн боловсролын үнэ цэнийг харуулсан нотолгоо бөгөөд дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулах өв уламжлалтай гэдгийн үзүүлэлт мөн” хэмээв.
Дараа нь тэрээр өчигдөр хүрээд орхисон “Бодьсадын Явдалд Орохуй” зохиолын зургаадугаар бүлэг буюу хүлээц, тэвчээрийн тухай хэсгийн тайлбарт орлоо. Долоодугаар бүлэг дэх урам зориг, их тэмүүллийн тухай тайлбарлахдаа, Шантидева өөртөө итгэлтэй байхыг биеэ тоох бус, харин бусдын сайн сайхны төлөө хариуцлага хүлээх гэсэн утгаар хэлсэн хэмээв.
Үдээс хойш тэр бясалгал болон нэг зүйлд чиглэсэн бясалгалын тухай өгүүлдэг наймдугаар бүлгийн тайлбараа эхэлллээ. Төвд хэл дээрх зохиолд сэтгэл санааны тавин нэгэн төлөв байдлын тухай өгүүлдэг бол пали хэл дээрх зохиолд хоёр зуу байдаг гэж тэрээр сонссон боловч үүнийг батлах боломж одоохондоо олдоогүй байна хэмээн тэмдэглэн хэлэв. Харин орчин үеийн шинжлэх ухаан сэтгэл хөдлөлийн арван таван төрлийг нүүр царайны тодорхой хувиралтай холбон тайлбарладаг. Сэтгэлийн тавин нэгэн төлөв байдлыг таван багц болгон тайлбарласан байдгийн нэг нь онцлог ялгааны талаар, нөгөө нь төвлөрлийн талаар, өөр нэг нь билэг ухаан хийгээд мэргэн ухааны талаар байдаг. Төвлөрөл хийгээд билиг ухааныг хөгжүүлэн хүчирхэгжүүлж болно. Төвлөрөх чадвараа хөгжүүлэхийн хирээр та удаан хугацаанд нэг зүйл дээр анхаарлаа хандуулж чадах боловч үүний тулд дасгал сургуулилт хэрэгтэй. Ихэнх хүмүүсийн ухаан санаа тогтворгүй, анхаарал төвлөрдөггүйгээс гадна бодол нь энд тэнд сарниж байдаг. Төвлөрлийн сургуулилт хийх нь усны урсгалыг боож, цахилгаан үйлдвэрлэхтэй агуулга нэг юм.
Дээрхийн гэгээнтэн Далай лам гурав дахь өдрийн айлдварын үед.
Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат. 2013.1.9. Фото/Tэнзин Чойжир/ДЛО
Саруул ухааны дээд төлөв нь илүү дадуулсан төвлөрөлд суурилах ба энэ нь эргээд ёс суртахууны дээд чанарт үндэслэнэ хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв.
“Хэдийгээр та бие махбодиороо ганцаар байсан ч, хэрвээ таны оюун санаа энд тэнд сэлгүүцэж байгаа тохиолдолд үнэн хэрэгтээ та ганцаараа биш юм.”
Наймдугаар бүлгийн бясалгалын хэсгийн тайлбар нь бодийн сэтгэлийг хэрхэн төрүүлэх тухай байсан бөгөөд үүнийг Шантидева гэгээн өгөх, авахуйн хэлбэрээр айлдсан ажээ. Энэ нь амьсгалаа ажиглах замаар өөрийн аз жаргалыг бусдад өгч, бусдын зовлон шаналлыг өөртөө авчирч буйгаар сэтгэлдээ төсөөлөх арга юм. Үүний тулд та хамаг амьтныг өөрт ойр дотноор төсөөлж, тэднийг зовлонгоос ангижруулахыг хүсэх хүслийг хүчтэй хөгжүүлэх шаардлагатай.
Наймдугаар бүлгийн төгсгөлд ирээд Дээрхийн Гэгээнтэн маргааш Жанрайсигийн авшиг хүртээхийн хамт бодийн сэтгэл төрүүлж, энгийн хүмүүсийн дэг жаяг болон Бодьсадын тангараг өргүүлэх талаар зарлан хэллээ. Мөн ес, аравдугаар бүлгийг унших бодолтой байгаа гэв.
Авшиг, тангараг авснаар лам багштай цэвэр номын гинжин холбоо үүсгэдэг гэсэн утга бүхий болохын учир V Далай ламын тодорхойлсноор тангарага доройтсон Шүгдэн буюу Должалыг шүтдэг бөгөөд цаашид ч шүтэх бодолтой нэгэн байвал маргаашийн номонд ирэхгүй байхыг анхааруулав. Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, түүний нэгэн адил олон найз нар нь Шүгдэнг шүтэхээ больсон ч, ямар ч муу үр дагавар гараагүй хэмээв. Тэрээр Далай лам хүссэн болохоор бус, харин түүний энд болон бусад газарт онцлон хэлж байсан олон төрлийн шалтгааны улмаас тэрхүү шүтээнээс татгалзахыг хүмүүст уриалав.