Dalailama / Дээрхийн Гэгээнтэн Висконсин муж, Мэдисонд олон нийтэд айлдвар айлдаж, Төвд оршин суугчдидтай уулзан, Мужийн Хууль тогтоох байгууллагад зочиллоо

Дээрхийн Гэгээнтэн Висконсин муж, Мэдисонд олон нийтэд айлдвар айлдаж, Төвд оршин суугчдидтай уулзан, Мужийн Хууль тогтоох байгууллагад зочиллоо

2013 оны 5 дугаар сарын 15

АНУ, Висконсин, Мэдисон, 2013 оны 5 дугаар сарын 14 – Рочестерт эмч нар түүний биеийн байдлыг эрүүл хэмээн баталсны дараа Дээрхийн Гэгээнтэн өчигдөр Висконсин мужийн Мэдисон хотын ойролцоо орших, гэвш Лхүндүв Сопагийн үндэслэсэн “Deer Park” (Буга гөрөөсний цэцэрлэг) Буддын шашны төвд морилон ирэхэд түүнийг Төвдийн уламжлал ёсоор угтан авлаа.

Мэдисонд ес дэх удаагаа заларч буй Далай ламаас гэвш Сопа болон тус төвийнхөн олон нийтэд хандан ном айлдахыг хүссэн байна. Иймээс түүнийг Мэдисоны Аллиант Энержи төвд өнөө өглөө морилон ирэхэд бүх суудал эзэнтэй болж, нийт 3500 хүн түүний айлдварыг сонсохоор хүрэлцэн ирсэн байв. Зорба Пастер Дээрхийн Гэгээнтнийг танхимд цугларсан олонд танилцуулсны дээр энэхүү уулзалтыг санаачлан дэмжсэн гэвш Сопа болон энэхүү уулзалтыг зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст талархлаа илэрхийлэв.

Дээрхийн Гэгээнтэн Висконсин муж, Мэдисонд олон нийтэд айлдвар айлдаж, Төвд оршин суугчдидтай уулзан, Мужийн  Хууль тогтоох байгууллагад зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Висконсин муж, Мэдисон хотын
Аллиант Энержи төвд цугларсан олонтой мэндчилж байгаа нь.
2013 .5.14. Фото/Жереми Рассел/ДЛО
“Та бүхэнд өглөөний мэнд хүргэе” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлээд “Би энд дахин ирсэндээ баяртай байна. 1979 онд анх Америкт хөл тавьснаас хойш энэ газар миний ирэх дуртай газрын нэг болсон бөгөөд агуу эрдэмтэн, гэвш Сопаг би өөрийн анд нөхрөө гэж боддог. Түүнчлэн би түүний багш гэвш Тавхай болон түүний багш Лхүндүв Цондра нарыг ч мэдэх бөгөөд 13 дугаар Далай лам гэвшийн ёсны жаягийг хянаж байхдаа түүнийг анхны гэвшээр батламжилсан ба хожим нь тэрээр Гандангийн анхны тэргүүн болсон. Би маш залуу байсан ч гэвш Тавхайг мэддэг байсан” хэмээв.

“Гэвш Сопагийн тухайд гэвэл тэрээр 1959 онд намайг гэвшийн дамжаа барих үед надтай мэтгэлцэхээр сонгогдсон хүмүүсийн нэг байсан юм. Тэр Бурханы мөн чанарыг Майдарын Уттаратантрад хэрхэн тайлбарласан тухай сэдвийг сонгосон байсан. Би тэр үед маш их сандарч байсан учраас энэ бүхнийг тод санаж байна. Тэр одоо 90 настай, тамир тэнхээ доройтсон хэдий ч бүх л амьдралаа дээдийн ном хийгээд Төвдийн үйл хэрэгт зориулсан учраас түүнд харамсах зүйл үгүй буй заа.”

Бурханы номын тухай түүний тайлбарыг сонсохоор ийм олон хүн ирснийг харахад таатай буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлээд, эн тэргүүнд удиртгал болгон хэдэн үг хэлэхийг хүссэн юм. Хүн төрөлхтөн 4000-5000 жилийн өмнөөс шашны сэтгэлгээг хөгжүүлсээр ирснийг тэрээр тэмдэглэн хэллээ. Газар нутаг, амьдралын хэв маягийн ялгаа болон гүн ухааны үзлийн зөрүүнээс шалтгаалан төрөл бүрийн (шашны) уламжлал бий болсон.

Энэтхэгийн Амритсар хотноо болсон шашин хоорондын уулзалт дээр суфи уламжлалын нэгэн эрдэмтэн бүх шашнууд гурван үндсэн асуудлыг л авч үздэг тухай илтгэж байсныг Далай Лам дурслаа. Нэг дэх асуудал нь Би хэн бэ? буюу Би гэж гэж юу вэ? Үүнд Буддизмаас бусад бүх шашин зүрх сэтгэлд итгэдэг итгэлээр хариулдаг боловч тэдний зарим нь ингэж үзэхийн зэрэгцээ мөн учир шалтгаанд итгэдэг, бидний энэ амьдралд юу тохиолдох нь бидний юу үйлдсэнээс хамаатай хэмээн үздэг байна.

Буддизмд бүтээгчийн тухай номлол үгүй бөгөөд “би “-г бие, сэтгэл дээр тохоон зүүсэн тодорхойлолт гэж үздэг. “Би” гэсэн үзлээс бидэнд янз бүрийн асуудал үүсдэг бөгөөд хэдийгээр “би” өөрөө бие даасан ямар ч шинжийг агуулдаггүй ч, сэтгэл-бие махбодийн таван нэгдэл дээр тогтдог хэмээн Бурхан багш хэлсэн байдаг. Тэгэхээр хувь хүн гэж байдаггүй гэсэн үг үү гэж зарим нь асуудаг ч Бурхан багш айлдахдаа, жишээ нь тэрэг эд ангиас бүтдэг лугаа хүн бол нэгдэл цогцоос хамаардаг, гэхдээ энэ нь бие, хэл, сэтгэлийн нэгдлээр тодорхойлогдоно гэсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн Висконсин муж, Мэдисонд олон нийтэд айлдвар айлдаж, Төвд оршин суугчдидтай уулзан, Мужийн  Хууль тогтоох байгууллагад зочиллоо
Висконсин, Мэдисоны Аллиант Энержи төвд Дээрхийн Гэгээнтэн
ном айлдаж байгаа нь. 2013.5.14. Фотo/Шэйрав Лхацанг
Хувь хүний нэгэн чухал бүрэлдэхүүн болсон ухамсрыг бие махбодьтой холбоотой үүсэх мэдрэхүйн ухамсар ба оюун ухааны ухамсар гэж хоёр ангилдаг. Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан хэлэхдээ:

“Таныг би эхэлж нүдээрээ хараад, дараа нь ‘Энэ бол миний анд’ хэмээн таних болно. Дараа нь би нүдээ анихад таны дүр төрх оюун ухааны ухамсрын түвшинд хадгалагдан үлддэг. Ухамсрын энэ түвшинд саруул ухаан хийгээд нигүүлсэхүйн сэтгэл бий болдог. Биднийг зүүдэлж байх үед мэдрэхүйн ухамсар идэвхгүй болж, илүү гүн нойрны үед ухамсрын өөр түвшин оршиж байдаг. Тиймээс ухамсрын янз бүрийн түвшин байдаг” хэмээв.

“Орчин үед эрдэмтэд клиник үхэл болсон ч 1,2,3 долоо хоногийн турш нас барсан хүний цогцос мууддагггүй тохиолдлыг сонирхох болсон. Үүнийг Буддизмд биед маш нарийн ухамсар оршсоор байгаагаар тайлбарладаг бөгөөд тэр ухамсар гарч одсон тохиолдолд л ялзрал үхжилт эхэлдэг байна. Сүүлийн 50 жилд ийм 30 тохиолдол гарсныг бид мэдэх бөгөөд энэ бол бидний цаашид судлах шаардлагатай зүйл яах аргагүй мөн.”

Дараагийн хоёр асуудлын тухайд, “би”-д эхлэл, төгсгөл бий юу гэдэгт шашнууд анхаарлаа хандуулдаг ба Буддист онолоор үүнд эхлэл ч, төгсгөл ч үгүй. Дээрхийн Гэгээнтэн инээмсэглээд:

“Би Буддист учраас энэ бол надад логик учир зүйтэй мэт санагдаж байна. Гэхдээ би Баруунд яриа хийхдээ хэзээ ч буддизмын үзлийг тулгадаггүй . Янз бүрийн шашны хүмүүс төрсөн цагаасаа итгэж ирсэн сүсэг бишрэлээ өөрчлөлгүй, харин бие биенээсээ суралцах боломжтой гэдэгт би итгэдэг. Жишээ нь, 70-80-аад оны үед бид солилцооны хөтөлбөрийг Христийн лам нартай амжилттай хэрэгжүүлж байсан.”

“Гэхдээ Буддизмыг ач тустай, сонирхолтой гэж үзээд, Буддизмыг шүтэн бишрэх нь зүйтэй хэмээн шийдэх хувь хүмүүс байхыг үгүйсгэхгүй бөгөөд энэ нь ердийн зүйл боловч, өөрийн гэр бүлийн шашинд хүндэтгэлтэй хандах нь маш чухал юм.”

Дээрхийн Гэгээнтэн Висконсин муж, Мэдисонд олон нийтэд айлдвар айлдаж, Төвд оршин суугчдидтай уулзан, Мужийн  Хууль тогтоох байгууллагад зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай ламын ном айлдаж буй Аллиант
Энержи төв. Висконсин муж, Мэдисон.2013.5.14.
Фото/Шераб Лхацанг
“Миний тайлбарлахаар зэхээд байгаа номыг 14 дүгээр зууны сүүл, 15 дугаар зууны эхээр амьдарч байсан богд Зонхов зохиосон юм. Бүр эхнээсээ тэрээр үнэмлэхүй бодит оршихуйг машид сонирхож байсан ба Төвдөд тухайн үед байсан буддын бүх уламжлалаас суралцсан байна. Дараа нь тэрээр бясалгалыг уйгагүй оролдсон. Энэ зохиол бол удаан хугацаанд даяанч байдлаар аглагт суусны эцэст, шүтэн барилдлагын тухай номлолыг гаргасан Бурхан багшид гүн талархал болон баяр бахдлаа илэрхийлэхийн тулд түүний зохиосон бүтээл юм.”

Дээрхийн Гэгээнтэн шүлгүүдийг шаардлагатай тайлбарын хамт уншин, дүгнэж хэлэхдээ:

“Зохиол нилээд богино боловч сайтар тунгаан бодох аваас туйлын ач тустай билээ. Би эдгээрийг 1953 онд цээжилсэн бөгөөд чөлөөт цаг гарангуут цээжээр уншиж, тунгаан боддог. Ялангуяа оюун ухааны дасгалын “Найман Мөрт” нь маш ач тустай эд билээ. Эдгээр мөртийг тунгаан бодох нь “Ум маани бадмэ хум”-ыг уншихаас ил үр өгөөжтэй гэж би үздэг ч, мэдээж би мааниа бас уншдаг.”

Дээрхийн Гэгээнтэн цугларсан олныг удирдан, лам гурван эрдэнэд аврал одуулах богино уншлагыг уншуулаад, бодийн сэтгэл үүсгэсэн байна. Өдрийн зоог барихаар завсарлах үед Висконсин мужийн захирагч Скотт Уолкер Дээрхийн Гэгээнтэнд бараалхав. Дараа нь Миннесота болон Висконсинд голдуу амьдардаг төвд иргэдийн цуглаан дээр Далай лам үг айлдлаа.

Дээрхийн Гэгээнтэн Висконсин муж, Мэдисонд олон нийтэд айлдвар айлдаж, Төвд оршин суугчдидтай уулзан, Мужийн  Хууль тогтоох байгууллагад зочиллоо
Төвдийн нийгэмлэгтэй хийсэн уулзалтын үеэр үндэсний
хувцастай залуу төвдүүд Дээрхийн Гэгээнтний үгийг
соснсож байгаа нь. Висконсин, Мэдисон. 2013.5.14. 2013.
Фото/Жереми Рассел/ДЛО
“Мэдисонд зочлох энэ хугацаанд энд суурьшсан та бүхний төлөөлөлтэй уулзах боломж олдсонд би баяртай байна. Та бүхэнтэй мэндчилж байгаадаа баяртай байна. Бид дүрвэгсдийн амьдралаар амьдраад 54 жил болох энэ хугацаанд гурав дахь үе бий болсон ч, хөгшин залуу бид бүгд өөрсдийн онцлог, төвд хүн гэсэн бахархлаа хадгалж ирлээ. Дэлхий дээр Төвдийн ард түмний тэмцлийг мэддэг хүмүүсийн тоо ерөнхийдөө нэмэгдэж, бидний тухай мэддэг, бидэнтэй сэтгэл санаагаараа нэг байдаг Хятад хүмүүс ч мөн өсөн нэмэгдэж байна. Хэрвээ Хятадын шинэ удирдагч Си Жиньпин асуудалд бодитойгоор хандаж, бодит нөхцөл байдал дээр тулгуурлан өөрийн бодлогыг тодорхойлбол байдал наашлах найдлага байна. Төвдөд байгаа болон гадаадад дүрвэн гарсан Төвд хүмүүс хүсэл зоригоосоо, хүчирхийллийн бус арга замаасаа ухраагүй байна.”

Дээрхийн Гэгээнтэн саад тотгорыг үүсгэж байгаа Дольгял буюу Шүгдэнгийн асуудлыг хөндөж мөн ярилаа. Хэрвээ хэн нэгэн Шүгдэнд аврал одуулах аваас тэр нь Гурван Эрдэнэд аврал одуулахад саад тотгор болохоос гадна Төвдийн Буддизмын төрөл бүрийн урсгалын эв зохицолд ч аюул учруулах болно. Шашны бусад уламжлалыг бахархах бахархал бол тал бүр цацарсан эрдэнийн чулууны гялбаа лугаа байх ёстой хэмээн Банчин ринбүчигийн айлдсанаас тэрээр эш татав.

Висконсин мужийн Хууль тогтоох байгууллагад үг хэлэхээр уригдан залагдсан Дээрхийн Гэгээнтнийг 1979 онд анх АНУ-д айлчлах хөтөлбөртөө Мэдисоныг оруулсан, Барууны ертөнцөд тавьсан анхны Дүйнхэрийн ванг 1981 онд энд тавьсан, 1989 онд Нобелийн шагнал хүртэх болсон мэдээг энд анх хүлээн авсан нэгэн хэмээн танилцууллаа. Тэрээр ассамблейн гишүүдэд хандан:

Дээрхийн Гэгээнтэн Висконсин муж, Мэдисонд олон нийтэд айлдвар айлдаж, Төвд оршин суугчдидтай уулзан, Мужийн  Хууль тогтоох байгууллагад зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Висконсин мужийн Хууль
тогтоох байгууллагад зочлох үед. Висконсин, Мэдисон.
2013.5.14. Фото/Жереми Рассел/ДЛО
“Ахан дүүс нар аа, мужийн ард түмний төлөөлөл болсон та бүхний өмнө үг хэлэх завшаан тохиосныг нэр төрийн хэрэг хэмээн бодож байна. Төвд дэх харгис хэрцгий явдлын гэрч болсноосоо хойш би ардчиллыг шүтэгч, дэлгэрүүлэгч болсон. Ардчиллын давуу тал болон бие даасан шүүхийн хүч чадлын талаар би хүүхэд байхаасаа суралцаж ирсэн. Эдгээр нь шүтэх ёстой зүйл яах аргагүй мөн. 1951 онд би засгийн эрхийг авч, 1952 онд өөрчлөлт шинэчлэлийн хороог байгуулсан боловч Хятадууд өөрсдийн аргаар шинэчлэлийг хийхийг хүссэн тул миний сэдсэн ажил амжилттай болж чадаагүй юм. 1959 онд дүрвэн гарсныхаа дараа бид өөрсдийн тогтолцоог шинэчлэх ажлыг эхлүүлсэн. 2001 онд удирдагчийг сонгох анхны сонгуулийн үеэр би ажлынхаа зарим хэсгийг өөр удирдлагад шилжүүлсэн бөгөөд шинэ удирдлага сонгох 2011 оны сонгуулиар албан тушаалаа бүрэн өгөх нь зөвхөн миний хувьд зөв төдийгүй, Далай ламын институтын хувьд ч улс төрийн ажлаас хөндийрөх цаг нь болсон хэмээн шийдсэн юм.”

“Миний өөртөө хүлээсэн үүрэг хариуцлагын нэг нь хүний аз жаргалын тусын тулд хүний үнэт зүйлийг хөгжүүлэх явдал бөгөөд хоёр дахь үүргээ шашин хоорондын эв зохицлыг хөгжүүлэх явдал гэж үздэг. Би төвд хүн учраас гуравдахь үүрэг маань Төвдтэй холбоотой. Урьд нь би төр, шашны эрхийг барьж байсан бол одоо Төвдийн буддист соёл, энх тайван ба хүч үл хэрэглэх соёлыг хамгаалах талаар санаа тавих болсон. Энэ бүхэн бол миний хийхийг оролдож байгаа зүйл маань билээ. Та бүхэнд баярлалаа” гэснээр Дээрхийн Гэгээнтэн яриагаа өндөрлөлөө.

Маргааш Далай лам “Оюун ухаанаа өөрчил, Дэлхийг өөрчил” сэдэвт ярилцлагад оролцоно.

18-05-2013, 19:37
Вернуться назад