Dalailama / Дээрхийн Гэгээнтэн Далай лам Луйсвиллд Брайбун Гоман институтыг аравнайлах ёслолд оролцож, Нигүүлслийн тухай айлдав.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Луйсвиллд Брайбун Гоман институтыг аравнайлах ёслолд оролцож, Нигүүлслийн тухай айлдав.

2013 оны 5 дугаар сарын 20
АНУ, Кентаки муж, Луйсвилл, 2013.5.19 - Өглөө эртийн гэгээ туяарах аниргүйн дунд Дээрхийн Гэгээнтэн Далай лам Нью Орлеаныг ардаа орхин, Кентаки мужийн Луйсвилл хотыг зорин нислээ. Түүнийг онгоцны буудал дээр хотын дарга Грег Фишер эхнэрийн хамт, мөн Брайбун хийдийн ширээт, хансүр Лувсан Дамба нар угтан авав. Тэрээр онгоцны буудлаас шууд Брайбун Гоман институтыг зорин хөдөлсөн бөгөөд тэнд түүнийг хүүхдүүд Төвдийн уламжлал ёсоор угтан авсан байна. Түүнд хүсэлт тавьсны дагуу дацанг аравнайлах ёслолд оролцоод, дараа нь цугларсан олонд хандан үг хэлсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Луйсвиллд Брайбун Гоман институтыг аравнайлах ёслолд оролцож, Нигүүлслийн тухай айлдав.
Кентаки мужийн Луйсвилл хот дахь Брайбун Гоман институтад
Дээрхийн Гэгээнтэн Далай ламыг морилон ирэхэд Төвдийн уламжлал
ёсоор угтан авч байгаа нь.2013.5.19. Фото/Жереми Рассел/ДЛО
“Та бүхэн Брайбун Гоман институтыг энэ газар байгуулж чадсан нь гайхамшигтай хэрэг билээ. Би өнгөрсөн жил урилга хүлээн авсан боловч, сая л энд хүрэлцэн ирэх боломж бүрдсэн юм. Түүнээс гадна Гомангийн хамба асан, Брайбунгийн ширээт хол замыг туулан энд мөн хүрэлцэн ирсэнд таатай байна” хэмээн Далай лам хэлэв.

“Дэлхий дахинд газар бүрийн онцлогт тохирсон олон янзын шашны уламжлал байдаг бөгөөд Европтой холбогдох түүхэн холбоосоос үүдэн энд АНУ-д Иудео-Христийн шашин давамгайлдаг. Харин дэлхийн эдийн засаг өсч, аялал жуулчлал өргөн дэлгэр хөгжиж байгаагийн хирээр урьдын хил хязгаар бүдгэрч байна. Христийн шашныг сонирхох сонирхол Азид нэмэгдэж байгаа бол Иудео-Христийн бүс нутагт Хиндуизм ба Буддизмыг улам илүү сонирхох боллоо. Илүү боловсролтой хүмүүсийн дунд Буддизмыг сонирхох нь нэмэгдэж буйгийн нэг шалтгаан нь уг шашин сүсэг бишрэлд бага, харин учир шалтгаанд илүү тулгуурладагт оршино. Түүний хэлсэн ярьсныг сохроор дагах бус, харин тунгаан шинжилж хүлээж авахыг өөрийн шавь нартаа Бурхан багш өөрөө зөвлөсөн байдаг.”

“Хэдийгээр энд Буддизмыг сонирхож эхэлж байгаа ч, зарим үед буруу ойлгох явдал байдаг учраас зөв мэдлэгийг тээгч Гоман төвийг байгуулсан нь ач тустай хэрэг биз ээ. Брайбун Гоман хийдтэй нягт холбоотой учраас мэргэжлийн багш нар байнга энд багшлах боломж хангагдсан гэсэн үг. “

Гималайн бүс нутгаар явахдаа ч байнга онцлон тэмдэглэсээр ирсэнтэй адил, одоо сүм хийдүүд энэ цаг мөчөөс хойш зөвхөн зан үйл хийгээд зогсохгүй, сургалтын төв байх ёстой хэмээн тэрээр айлдав. Үүнд мөн эмэгтэйчүүдийн сүм хийд орох бөгөөд анхны гавж эмэгтэйчүүд буюу мэргэжлийн эмэгтэй багш нарыг төрүүлэхэд ойрхон байгаа талаар тэрээр дурьдлаа. Наландагийн тухай бид бодохдоо, зан үйл болон мөргөлийн газраа бус, харин сургалтын төв байхаар төсөөлдөг хэмээн Далай лам тэмдэглэн хэллээ. Энэ зорилгын төлөө өнөөдөр сүм хийдүүд тэмүүлэх ёстой. Уламжлал ёсоор бол ном судрыг заах болон ойлгох, оюун ухаандаа ухаарахын хооронд зааглаж ирсэн боловч зөвхөн судалсны үндсэн дээр л ухаарал бий болно.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Луйсвиллд Брайбун Гоман институтыг аравнайлах ёслолд оролцож, Нигүүлслийн тухай айлдав.
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Кентаки мужийн Луйсвилл хот
дахь Брайбун Гоман институтад зочилж байгаа нь. 2013.5.19.
Фото/Жереми Рассел/ДЛО
Институтад их хөлгөн судрын Төвд хувилбар буюу Ганжуур, Данжуур байгаа юу хэмээн Дээрхийн Гэгээнтэн асуугаад, байхгүй гэсэн хариуг сонсч, тэдэнд өгчихөөр илүү хувь байгаа эсэхийг нягтална хэмээн айлдлаа. Тэдгээр их хөлгөн судар нь нэг талаас Буддын гүн ухаан болон шинжлэх ухааны ном, нөгөө талаас Буддын практик үйл ажиллагааны тухай болохыг тэрээр тайлбарлав. Шинжлэх ухаан ба гүн ухаан нь зөвхөн Буддист хүн төдийгүй хэнд ч сонирхолтой зүйл тул энэ талаар академик сургалт явуулахыг Институтад зөвлөсний дээр мөн ийм зөвлөмжийг Портланд дахь Майтрипа коллеж болон Мэдисоны “Буга гөрөөсний цэцэрлэг” төвд өгсөн байна.

“Хэрвээ та бүхэн үүнийг хийж чадвал Наландагийн уламжлалыг жинхнээсээ төлөөлж чадах болно” хэмээн Далай лам айлдав.

Өдрийн зоогийн дараа Дээрхийн Гэгээнтэн KFC Yum төв рүү хөлгийн жолоог залсан бөгөөд жил бүр Шашны наадмын үеэр Нигүүлсэхүйг хөгжүүлэх нь нэрийн дор зохион байгуулагддаг цуврал арга хэмжээний хүрээнд тэнд айлдвар айлдахыг түүнээс хүссэн байна. Луйсвилл хотын захирагч Грег Фишер 2011 онд энэхүү албан тушаалд томилогдонгуутаа хотын хэмжээнд эрүүл мэнд, боловсрол, нигүүлсэл гэсэн гурван зорилтыг дэвшүүлсэн ажээ.

Амьдралынхаа ихэнхийг ойролцоох сүмд өнгөрөөсөн нэрт траппист лам, эрдэмтэн Томас Мертоныг захирагч өөрийн номын багшаа хэмээн дээдэлдэг байсан бөгөөд Мэртонтой Дээрхийн Гэгээнтэн ч анд нөхрийн холбоотой байжээ. Тэр үед захирагч Фишер олон улсын ‘Нигүүлслийн тунхаг бичигт’ нэгдэх тогтоолыг баталсан бөгөөд үүгээрээ Луйсвилл хот ийм арга хэмжээг хэрэгжүүлсэн АНУ-ын хамгийн том хот болсон байна. Захирагч Фишер индэр дээр аль хэдийнэ байраа эзэлсэн шашны төлөөлөгчид болон Yum төвд цугларсан 14,000 хүнд Дээрхийн Гэгээнтнийг амар амгалан ба баяр баяслыг цацруулагч эрхэм хэмээн танилцуулаад, хэдэн үг хэлэхийг хүслээ.

“Шашны эрхэм хүндэт ахан дүүс ээ, эрхэм хүндэт хотын захирагч аа, хуран цугласан ахан дүүс нар аа,” хэмээн Дээрхийн Гэгээнтэн эхлээд, “Би Луйсвилл хотноо дахин ирсэндээ туйлын баяртай байна. Үүний өмнө би өөрийн анд нөхөр, шашин номын ахан дүү Томас Мертоны сүмийг зорин энд ирж байсан бөгөөд түүний бунхан дээр цагаан хадаг өргөөд буцсан юм. Тэрээр Христийн болон Буддын шашны сүм хийдийн харилцан ойлголцох явдалд үнэтэй хувь нэмрийг оруулсан билээ. Хэдийгээр тэр өнөөдөр бидний дунд байхгүй ч, түүний үзэл санаа, түүний итгэл найдвар, хүсэл зориг оршсоор байх болно “ хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Луйсвиллд Брайбун Гоман институтыг аравнайлах ёслолд оролцож, Нигүүлслийн тухай айлдав.
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Кентаки мужийн Yum төвд
"Нигүүлслийг төлөвшүүлэх нь " сэдвээр үг хэлж байгаа нь.
2013.5.19. Фото/Соном Зогсан
“Луйсвилл хот Нигүүлслийн тунхаг бичигт нэгдсэнийг дуулаад миний сэтгэл туйлын их хөдөллөө. Энэ лугаа үйл хэргийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх шаардлага бидэнд байна. Хорьдугаар зуун нь бидний тав тухыг олон талаар хангах технологийн агуу их ололтуудын эрин байсан боловч, асар их хүчирхийлэл ба айдсын эрин мөн байсан. Тиймээс хорин нэгдүгээр зууныг илүү амар амгалан, аль болох хүчирхийллээс ангид зуун болгохын төлөө бид хүчин зүтгэх ёстой. Энэ нь агуу их нигүүлслийн сэтгэлийг төлөвшүүлж, бусдын төлөө анхаарал тавих үйлстэй шууд холбогдоно. Мэдээж зөрчилдөөн урьдын адил үүсэх боловч, саналын зөрүү гарах үед эсрэг тал маань бидэнтэй л нэгэн адил хүн гэдгийг ой тойндоо бодож явах ёстой бөгөөд энэ үүднээс харилцан ярилцах замаар асуудлын шийдлийг хайх ёстой.

“Илүү зөөлөн сэтгэл, нигүүлсэхүйг бид дэмжиж тэтгэх ёстой. Зөвхөн мөргөлөөр энэрэнгүй нийгмийг цогцлоох боломжгүй бөгөөд би өөрөө мөргөл үйлддэг ч, мөргөл залбирлын хүч хязгаарлагдмал гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Нигүүлсэхүй сэтгэлийг хөгжүүлэх, өөрсдийн сэтгэлдээ дотоод амар амгаланг бий болгох, тэрхүү дотоод амар амгалангаа гэр бүл, анд нөхөдтэйгээ хуваалцах талаар бид чармайх хэрэгтэй байна. Тэр үед цөөрөмд шидсэн чулуунаас усны долгион цацрах лугаа энх тайван, сайхан сэтгэл нийгэмд дэлгэрэн түгэх болно.”

Хэрвээ бид нээлттэй, зөөлөн сэтгэлтэй байх аваас сэтгэлийн амар амгалан дотроосоо ундран гарна гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Дэлхийн бүх том шашин нигүүлслийг уриалдаг бөгөөд замд тулгарсан аливаа саад тотгорын өмнө тэвчээртэй, өршөөнгүй хандахыг тэд мөн зөвлөдөг.

“Шашны янз бүрийн уламжлалыг дагагсад энд хамтдаа хуран цугларсныг харахдаа би маш их баяртай байна. Аргентинд болсон нэгэн бага хурлын үеэр Чилийн квантын физикчээс мэдсэн зүйлийнхээ талаар энд хүрэлцэн ирсэн шашны ахан дүүс та нартайгаа хуваалцахыг хүсч байна. Тэрээр өөрийн судалгаагаа хичнээн үнэлж дээдэлдэг ч, түүндээ хэт автагдвал эрүүл саруул эргэцүүллийг булингартуулах учраас хэт автагдахыг өөртөө зөвшөөрөх ёсгүйг тэрээр суралцсан юм хэмээн ярьсан билээ. Үүнийг би гайхалтай зөвөлгөө гэж бодож байна. Би Буддист боловч, Буддизмаар хэт туйлшрахыг өөртөө зөвшөөрч болохгүй, ингэх аваас энэ нь шашны өөр уламжлалыг харах миний үзэл бодолд саад болох болно гэдгийг би ухаарсан. Тиймээс хэдийгээр би Буддист, миний итгэл үнэмшлээр жинхэнэ Буддист боловч, сүсэг бишрэлийн олон төрлийн уламжлалыг талархан хүлээн авч, тэдгээрт бүгдэд нь хүндэтгэлтэй ханддаг.”

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Луйсвиллд Брайбун Гоман институтыг аравнайлах ёслолд оролцож, Нигүүлслийн тухай айлдав.
Yum төвд Дээрхийн Гэгээнтэн Далай ламын "Нигүүлслийг
төлөвшүүлэх нь" сэдвээр айлдсан айлдварыг 14,000 гаруй хүн
сонслоо. Кентаки муж, Луйсвилл хот. 2013.5.19.
Фото/Жереми Рассел/ДЛО
Танхимаас тавьсан асуултуудын дотор өөршөөлийн тухай асуулт байсан ба саяхан Бостонд болсон бөмбөгдөлтийн гэм буруутныг өршөөх нь хэрхэн хэцүү болох талаар байлаа. Амьдрал дээр тэдгээр хүмүүст шүүхийн өмнө хариуцлага тооцох ёстой боловч, тэдгээр хүмүүсийг цаазаар авах ялыг хэлтрүүлэх талаар өрнүүлж буй Амнести Интернэйшнл байгууллагын кампанит ажлыг дэмжиж байгаагаа Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Болсон хэрэг болон түүнийг үйлдсэн этгээдийн зааг ялгааг бид олж харах ёстой бөгөөд хэргийг үйлдэгч нь хүн гэдгийг бид санах ёстой хэмээн тэрээр хэллээ.

Танхимаас өөр нэгэн Дээрхийн Гэгээнтнээс Томас Мертонтой хамт байсан сайхан дурсамжаасаа хуваалцахыг хүссэн байна. Тэрээр 1968 онд 3 хоногийн хугацаатай түүнтэй уулзахаар ирээд, цай уунгаа өдөрт 2-3 цаг Христийн шашны тухай, Христийн лам нарын баримталдаг дүрэм, амьдралын хэв маягийн талаар нухацтай яриа өрнүүлж байснаа дурсан ярив. Томас Мертон том, хүнд гутал өмсч, хатуу ширэн бүс бүсэлдэг, толгойных нь орой халзарч эхэлж байсан ч, нүүрнээс нь гэрэл цацардаг байсан тухай Далай лам дурсан ярилаа.

“Би түүнийг Христийн болон Буддын шашны хоорондох бат найдвартай гүүр гэж боддог. Тэр гайхалтай хүн байсан бөгөөд түүний үхэл бидний хувьд том гарз болсон, гэхдээ түүний үзэл санаа амьдарсаар буй” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай ламын Энэтхэг дэх Бүх нийтийн хариуцлагын сангийн нарийн бичгийн дарга, үндэслэгч, ивээн тэтгэгч, өнөөдрийн шашны төлөөлөгч нарын уулзалтыг даргалагч Ражив Мехротра шашин хоорондын эв зохицлын талаар зөвөлгөө өгөхийг Дээрхийн Гэгээнтнээс хүсэхэд :

“Миний бодлоор шашны энэ олон уламжлалын аль нь ч үндсэн нэг л санааг өөр өөрөөр илэрхийлдэг бөгөөд энэ нь цэцэгсийн төрөл зүйлийн тусламжтайгаар цэцэрлэгийг улам гоёмсог болгодог лугаа адил юм. Манай бүх шашин илүү төгс хүмүүн төрөлтнийг бий болгохыг зорьдог. Нэг шашин-нэг үнэн ба хэд хэдэн шашин-хэд хэдэн үнэн гэсэн ойлголтууд нь хоорондоо зөрчилтэй мэт санагдаж болох юм. Гэхдээ тухайн хүний хувьд нэг шашин-нэг үнэн хэмээн сэтгэхийн хамт бидний хүмүүний нийгэмд хэд хэдэн шашин, хэд хэдэн үнэн байдаг бодит байдлыг хүлээн зөвшөөрөх нь зохистой.”хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдлаа.

Ражив Мехротра дараа нь шинжлэх ухааны болон Хинду, Иуд, Христ, Лалын шашны төлөөллийг танилцуулсан ба тэд бүгд өөрсдийн уламжлал дахь нигүүлслийн сургаалийн талаар ярьсныг танхимд цугларсан олон халуун дотноор хүлээн авсан билээ. Хөгжмийн зохиолч, жааз төгөлдөр хуурч Харри Пикенс энэхүү үйл явдалд зориулж зохиосон аялгуугаа тоглосны дараа ариун Стефаны сүмийн хор дуучид гал дөлтэй ‘Аз жаргалтай өдөр’ дуугаараа энэхүү арга хэмжээг төгсгөсөн байна.
23-05-2013, 06:16
Вернуться назад