Dalailama / Дээрхийн гэгээнтэн Далай лам Аделаидад Орон нутаг болон сайн сайхан, Аз жаргалын эрэлд сэдвээр ном айлдав

Дээрхийн гэгээнтэн Далай лам Аделаидад Орон нутаг болон сайн сайхан, Аз жаргалын эрэлд сэдвээр ном айлдав

2013 оны 6 сарын 21

Аделаид, Австрали улс, 2013 оны 6 сарын 21 – Өнөөдөр Аделаидад өвлийн туйл хаяарах үед, шиврээ борооны улмаас тэнгэр бүрхэг байв. Сенатор Сараа Хансон-Ян болон Боб Браун Аделаид хотын байранд Дээрхийн гэгээнтэн Далай ламыг хүлээн авч “Нигүүлслийн тухай ярилцлага”-д чиглэх ганцаарчилсан уулзалтанд орохоор дагалдан явав. Мэндчилгээний хариуд, Дээрхийн гэгээнтэн:

Дээрхийн гэгээнтэн Далай лам Аделаидад Орон нутаг болон сайн сайхан, Аз жаргалын эрэлд сэдвээр ном айлдав
Дээрхийн гэгээнтэн Далай лам Аделаидын Хотын захиргааны
байранд морилох үеэрээ Лорд-мэр Стефен Ярвуудад зориулж
хот мандал дээр гарын үсэг зурж байгаа нь, Аделаид, Австрали,
2013.06.21. Зургийг/Жереми Рассел (ДЛО)
“Энэ сайхан хотод дахин ирж хуучин анд нөхдүүдтэйгээ дахин уулзахдаа би их баяртай байна. Би Боб Браунтай анх 1992 онд, 1997 онд Төвөд орон руу явахаас нь өмнө уулзаж байсан. Та бүгдийн зарим нь мэдэж байгаа байх, би үүрэг амлалт авсан байгаа, долоон тэрбум хүний нэг нь болохын хувьд би төгс амар амгалан бидний дотор байдаг гэсэн санааг бусад хүмүүстэй хуваалцахыг оролддог. Түүнчлэн би шашин хоорондын эв нэгдлийг сайжруулахад өөрийгөө зориулсан Буддист хүн юм. Гурав дугаарт, би хэдийгээр улс төрийн албан тушаалаасаа бүрэн огцорч Төвөдийн улс төрийн асуудал дахь Далай ламын түүхэн уламжлалт оролцоог сайн дураар төгсгөл болгосон ч гэлээ, би Төвөдийн Буддизм болон Төвөдийн соёлыг хадгалах үүргээ хүлээсээр байгаа.”

Уулзалтын үеэр нигүүлсэл, энэ нь ямар нөлөө үзүүлдэг, уугуул иргэд, цагаач хүмүүс, дүрвэгсэд, боловсролын тухай асуудлаар ярилцав. Дээрхийн гэгээнтнээс мэргэн ухаан эсвэл нигүүлсэх сэтгэл байхгүй улс төрчдөд зөвлөлгөө өгөхийг хүсэхэд тэрээр, энэ талаар төдийлөн туршлага байхгүй бөгөөд Боб Браун зэрэг тэтгэвэртээ гарсан улс төрчид өөрсдийн залуу залгамж халаа болж буй хүмүүст зөвлөлгөө өгөх нь зохистой юм гэж хариулав.

Лорд-мэр Стефен Ярвууд, Сенатор Ник Сенофон болон Сараа Хансон-Ян нар Хотын захиргааны хурлын танхим руу Дээрхийн гэгээнтнийг дагалдан явав. Аделаидын симфони найрал хөгжим тайзан дээр тоглолт хийв. Аделаидын эргэн тойрон дахь газар нь үндсэн газар нутгийг нь Каурна омгийн хүмүүст хүндэтгэл үзүүлэв.

Сенатор Хансон Дээрхийн гэгээнтэнтэй мэндчилж дараахь үгийг хэлэв:

“Манай сайхан хотод морилж энэхүү бороотой өдрийг гэрэлтүүлсэн танд баярлалаа.”

Дараа нь Лорд-мэр “Орон нутаг болон сайн сайхан байдал”-ын талаар ном айлдахыг урив.

“Мэдээж хэрэг, бид нийгмийн амьтан болох хүний хувьд нийгэмд ач холбогдол өгдөг. Зарим эрдэмтэд бүх нийгмийн амьтад сүсэг бишрэлээр бус, амьд үлдэхийн тулд бие биеээ нигүүлсэх сэтгэлтэй байдаг гэдэгт итгэдэг. Зарим үед, бидэнд мөнгө, эрх мэдэл байгаа цагт бусдын дэмжлэг туслалцаа хэрэггүй гэсэн буруу үзлийг өөртөө шингээсэн байдаг. Хэрэв бид ингэж бодоод байвал эцэст нь өөрсдийгөө тусгаарласан, ганцаардмал нэгэн болно.

“Бид хамт ажиллах шаардлагатай учраас нийгмийн ач холбогдол их чухал юм. Бид бусдын талаар илүү их санаа тавьсан, илүү нэгдмэл үзлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ийм их модтой Аделаид нь их сайхан хот юм. Үүний ирээдүй Австралиас, Австрали нь Ази тивээс, Ази тив дэлхийн бусад улс орнуудаас хамааралтай байна. Хүмүүсийг гол нэгтгэдэг зүйл нь итгэл бөгөөд итгэлийн үндсэн дээр нөхөрлөл, хамтын ажиллагаа үүсдэг. Ийм учраас шашины уламжлал нь бусдыг хайрлах, энэ хайраа хүлцэл болон уучлалаар баяжуулах хэрэгтэйг онцолдог. Бид өөрсдийн эрх ашгийг гүйцэлдүүлэхийн тулд бусад хүмүүст анхаарал тавих хэрэгтэй. Учир нь бид олон соёлт, олон шашинт ертөнцөд амьдарч байгаа учраас Энэтхэгт дэлгэрч буй шашины эв нэгдлийг сайжруулах хэрэгтэй байна.”

Дээрхийн гэгээнтэн Далай лам Аделаидад Орон нутаг болон сайн сайхан, Аз жаргалын эрэлд сэдвээр ном айлдав
Дээрхийн гэгээнтэн Далай лам, Сенатор Ник Сенофон, Аделаидын
Лорд-мэр Ярвууд болон Сенатор Сараа Хансон-Ян нар Аделаид
хотын захиргааны байранд зохион байгуулагдсан “Орон нутаг ба
сайн сайхан байдал” арга хэмжээнд оролцож байгаа нь, Аделаид,
Австрали, 2013.06.21. Зургийг/Расти Стюарт
Сенатор Хансон –Ян Төвөдөд үргэлжилж буй дарамт шахалтын талаар тэмдэглэн хэлээд Хятадад амьдарч байгаа бүх хүн эрхээ эдэлж, эрх чөлөөтэй амьдрахыг харах вэ гэж асуув. Дээрхийн гэгээнтэн Төвөдөд үүсээд буй гол асуудал нь урилгагүй зочид зэвсэглэн орж ирсэн явдал юм гэж хариулав. Өнөөдөр Төвөдөд хараа хяналт шалгалт их байгааг хэлсэн. Саяхан манай хятад найз өнөө цагт Лхаст CCTV-ийн камер нь цонхных нь тооноос олон байгааг онцолж байсан.

Бүгд Найрамдах Хятад Ард Улс хэмээх албан ёсны нэрийг хятад хэлнээс орчуулбал эв нэгдэл, нэгдмэл байдалтай байх гэсэн утгатай. Хятад улсын төрийн далбаа дээр байдаг таван ширхэг таван хошуу нь Хятадыг бүрдүүлж буй хүмүүсийг илэрхийлдэг. Гэвч нэгдмэл улс байгуулах гол хүчин зүйл нь оролцогч хүмүүсийн эрх тэгш байдал юм. Энэтхэгт өөр өөрийн хэлтэй олон янзын ястан үндэстэн байдаг бөгөөд эдгээр нь сайн дурын үндсэн дээр эвсэж нэгдсэн байдаг. Хятад дахь асуудал нь үндсэн хуульд заасан хүний эрхийг хэрэгжүүлдэггүйд оршино.

Намын нарийн бичгийн дарга Төвөдийн салан тусгаарлах үзлийн эх сурвалж нь тус улсын Буддизмын уламжлал юм гэж мэдэгдсэнээрээ Төвөд хүмүүсийг доромжилж байгаа юм. Дээрхийн гэгээнтэн хэрэв Төвөд хүмүүст хүндэтгэлтэй хандаж материаллаг туслалцаа үзүүлбэл тэд баяртай байх болно гэсэн саналыг дэвшүүлэвв. Тэд өөрсдийн байгаль орчноо хамгаалж, гол усаа цэвэр байлгах чадвартай бөгөөд энэ нь эргээд Хятад хүмүүсийг оруулаад Ази даяар амьдарч буй хэдэн сая хүний эрх ашигт нийцнэ.

Одоогийн байдлаар, Хятадад цензур тогтоох болон буруу ташаа мэдээлэл өгөх явдал их нийтлэг байна. Эдийн засгийн хувьд Хятад олон улстай хөл нийлүүлэн алхах болсон учраас мөн чөлөөт улс орнууд нь Хятадыг ардчилсан чиг хандлагатай болгохыг нь хөхиүлэн дэмжих үүрэгтэй юм. Ерөнхий сайд асан Вэн Зябао болон хүний эрхийн төлөө тэмцэгч Лиу Сиаобо улс төрийн шинэчлэл хэрэгтэй байгаа талаар ярьж байсан. Чөлөөт улс орнууд эдгээр үзэл бодлыг нь дэмжих шаардлагатай.

Сенатор Ник Сенофон Дээрхийн гэгээнтнээс дахиж Төвөд орныг харах болов уу гэж асуухад цагаачлалд амьдарч буй ихэнх Төвөд хүмүүс нэг л өдөр Төвөд орондоо буцаж очно гэдэгтээ итгэдэг гэж хариулав. Тэрээр Ху Жинтаогийн үеийн уриа лоозон нь эв нэгдэл байсан боловч энэ биширмээр эсвэл гайхалтай зорилго биш байсандаа бус, энэ зорилгыг хангахын тулд хүч хэрэглэх нь буруу арга байсан учраас 10 жилийн хугацаанд биелэлээ олоогүй юм. Эв нэгдлийг бий болгохын тулд хүндлэл, итгэл үзүүлэх шаардлагатай. Хүч хэрэглэснээр зөвхөн айдсыг төрүүлдэг. Дээрхийн гэгээнтэн оролцогч олонд Хятадын сэхээтнүүд болон бусад хүмүүс Төвийг сахих чиг хандлагыг дэмжих нь нэмэгдэж байгааг батлав. Хятад улс гадаад ертөнцтэй танилцахын хирээр гадаад хүмүүс Хятадтай харилцана, мэдээлэл сайжирна, өөрчлөлт зайлшгүй гарна.

Дээрхийн гэгээнтэн үзэгчдээс ирсэн хэд хэдэн асуултад хариу өгсөн бөгөөд өнөөдөр эсэн мэнд байгаа 7 тэрбум хүн бүгд ирээдүйд энэрэнгүй сэтгэлд анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг дахин дахин давтан айлдаж байв. Орчин үеийн боловсрол нь дотоод үнэт зүйлд анхаарал тавьдаггүйн улмаас бидний амьдарч буй өнөөгийн нийгэм бүрэлдэж тогтсон. Үүнийг шийдвэрлэх арга зам нь орчин үеийн боловсролд ёс зүйг тусгаж өгөх явдал юм.

Дээрхийн гэгээнтэн Далай лам Аделаидад Орон нутаг болон сайн сайхан, Аз жаргалын эрэлд сэдвээр ном айлдав
Дээрхийн гэгээнтэй Далай лам Аделаид хотын захиргааны
байранд зохион байгуулагдсан “Орон нутаг ба сайн сайхан
байдал” арга хэмжээний үеэр өргөсөн Австралийн Акубра
малгайг өмсөж байгаа нь, Аделаид, Австрали, 2013.06.21.
Зургийг/Жереми Рассел (ДЛО)
Тэрээр өөрийгөө хүндлэх, өөртөө итгэх итгэл, зоригдолтой байх талаар бэрхшээлтэй тулгараад байгаа хүмүүст зөвлөлгөө өгөхдөө, хэрэв эдгээр хүмүүс өөрсдөө ёс суртахуунгүй авирлавал асуудал нэмэгдэнэ гэж айлдав.

“Дотоод эрч хүчээ хадгал. Хүчирхийлэл болон өөрийгөө сүйтгэхийн үндэс болсон уураар бүү автуул. Энэ утгаараа бусдыг энэрэн нигүүлсэх нь маш хүчирхэг зүйл юм. Төвөд хүмүүст өөдрөг үзэлтэй бай, зоригдол болон хүсэл тэмүүлэл нь хүч юм гэж зөвлөдөг юм.”

Цагаан хоолны тухай ярилцах үеэр, Дээрхийн гэгээнтэн уг дадлыг хүндэлж явдгаа илэрхийлсэн. Гэвч өөрөө дан цагаан хоол идээд эхэлсэн чинь эрүүл мэнд нь доройтож байсан талаар тайлбарлав. Хүн бүрийг махнаас гаргах нь бодитой биелэх зүйл биш болохыг хүлээн зөвшөөрсөн боловч махаа аль болох багасгах талаар дэмжлэг үзүүлэх зүйтэй гэж зөвлөв. Тэрээр Төвөдийн томоохон сүм хийд болон сургуулиудын нийтийн гал тогоонд арван таван жилийн турш зөвхөн цагаан хоол өгдөг байсан гэж ярив.

Дээрхийн гэгээнтэн болон хүрэлцэн ирэгсдийг хөгжөөж Ник Сенофон түүнд нар, бороо, хурц нарны туянаас хамгаалах Австралийн уламжлалт Акубра малгайг өргөл болгон барьсан даруйд малгайг тэргүүндээ асаав.

Мэр, нийгмийн тухай хүмүүсийн үзэл бодлын талаар ярихдаа, өнөөдөр сонсож дуулсан зүйлийнхээ тухай хүн бүрийг цаашаа гурван хүнд, улмаар дахин гурав, гурван хүнд дуулгахыг уриалав. Энэ янзаараа хагас бүтэн сайны өдрүүдэд үргэлжлүүлэн уламжлахыг захив.

Өдрийн хоолны завсарлагаар, Дээрхийн гэгээнтэн Төвөд, Бутан, Монголын төлөөлөгчидтэй уулзсан юм. Тэрээр эдгээр улсуудад нийтлэг шүтдэг шашины өв соёл, Төвөдийн Буддизмын соёл, нийтлэг бичгэн хэлний талаар ярилцав. Ном судрыг шинжлэх ухаан, гүн ухаан, шашин талаас нь харж зохих ёсоор судлахыг хөхиүлэн дэмжив.

Аделаидын Конвенцийн төв дээр ирэх үед нь хэсэг Абориген хүүхэд бүжиглэж байсан бөгөөд тэднийг ойроос харахын тулд тайзан дээр гарав. Боб Браун Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламыг гоёмсог хот болох Аделаидад тавтай морилохыг урьж нээлтийн үг хэлэв.

“Би энд хүрэлцэн ирж та бүгдтэй ярилцаж байгаадаа их баяртай байна” гэж Дээрхийн гэгээнтэй айлдав. “Би хаана ч явсан эртний Энэтхэгийн хүчирхийллээс ангид энх тайвны тухай сургааль, үүн дээр үндэслэн шашин хоорондын эв нэгдлийн тухай байнга санаж явдаг. Энэхүү үзэл санаа нь дэлхийд хамгийн их хүн амтай, ардчилсан улс болох Энэтхэгт үүсэж бий болсон. Хэдийгээр, энэ нь ихээхэн шинэчлэгдэж байгаа боловч Энэтхэг улс эдгээр үзэл санааг одоо хүртэл хадгалсаар явдаг билээ.

Дээрхийн гэгээнтэн Далай лам Аделаидад Орон нутаг болон сайн сайхан, Аз жаргалын эрэлд сэдвээр ном айлдав
Дээрхийн гэгээнтэн Далай лам “Аз жаргалын эрэлд” сэдвээр
айлдвар хийж байгаа нь, Аделаид, Австрали, 2013 оны 6 сарын 21.
Зургийг/Расти Стюарт
“20-р зуунд, хүчирхийллийн улмаас 200 сая хүн амь насаа алдсан. Хэрэв хүчирхийллийн дүнд ямар нэг үр өгөөж гардаг бол үүнийг тайлбарлаж бас болох юм. Гэвч зөвхөн зовлон шаналалын шалтгаан болж байна. Хэрэв бид хүчирхийллээс залхаж байгаа бол бид үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй л бол дан ганц мөргөл залбирал хийгээд үр дүнд хүрэхгүй. Жишээ нь, бид боловсролоор дамжуулан хүчирхийллээс ангид үзлийг сурталчилж болно. Хүчирхийллээс ангид байна гэдэг нь зөвхөн хүчирхийлэл байхгүй гэсэн идэвхигүй үзэл төдийгөөр хязгаарлагдахгүй, өрсөлдөгчөө хүндэтгэн үзэж хариу цохилт өгөх боломж байсан ч өөрийгөө хязгаарлах, тэвчихийг хэлж байгаа юм.”

Орчин цагийн ертөнцийн боловсрол нь ёс зүйд ямар нэг ач холбогдол өгдөггүй гэж айлдав. Шашины болон гэр бүлийн үнэт зүйлс доройтолд ороод байгаа учраас бид энэхүү орон зайг нөхөхийн тулд ёс зүйд ач холбогдол өгөх хэрэгтэй. Үүнийг орчин цагийн боловсролын тогтолцоотой зөв зохистойгоор хэрхэн уялдуулах талаар найз нөхөдтэйгээ хамтарч судалгаа хийж байгаа гэв.

Ярианых нь сүүл хэсэгт, 5000 гаруй оролцогчтой арга хэмжээг удирдаж байсан Доринда Хафнер аз жаргал, уучлал өршөөл болон хойд насны тухай хэд хэдэн асуулт асуув. Асуултынхаа төгсгөлд тэрээр бид өөрсдийнхөө аз жаргалыг өөрсдөө бүтээдэг гэдэгт итгэдэг тухайгаа яриад Дээрхийн гэгээнтэн энэ талаар ямар бодолтой байгааг нь лавлав.

“Миний хувьд, аз жаргал гэдэг бол төгс дүүрэн мэдрэмжийг төрүүлдэг сэтгэл ханамжийн мэдрэмж юм. Баярлалаа."

29-06-2013, 05:19
Вернуться назад