Литви, Вилниус. 2013.09.13 – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын энэ өдрийн эхний үйл ажиллагаа Буддистууд болон Төвдийг дэмжигч нартай хийх уулзалт байлаа. Дээрхийн Гэгээнтэн танхимд морилон Бурхан багшийн хөрөгт мөргөв. Өнөө цагт Буддаг энэрэн нигүүлсэхүйн бэлэг тэмдэг болгон үздэг болжээ. Будда ч нэгэн адил хүмүүн байсан ба оюун санаагаа хурцлан мунхагийн харанхуйг аажимдаа гэтлэн цэцэн ухаанд боловсорсон юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Буддистууд болон Төвдийг
дэмжигч нартай уулзав. Литви. Вилниус. 2013.09.13.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Хэрэв бусдаас үл хамаарсан нэгэн бие оршдог бол бид түүнийг хараад олоход амар байх байсан биз. Гэвч зулайн оройноос хөлийн ул хүртэл харахад тийм биш байна. Би хэмээх энэ оршихуй сэтгэлзүйн болон бие махбодийн хүчин зүйлүүдээс бүрдэж хүмүүн болдог.”
Би хэмээгч нь огтоос үгүй бус харьцангуй үнэний хувьд байдаг зүйл мөн. Бид ууртай байх үед бидний “би” гэсэн бодол хүчтэй болж уурлахыг өдөөж байгаа тэр зүйл тэр чигээрээ сөрөг юм шиг санагддаг. Гэтэл Америкийн сэтгэл судлаач Аарон Бекийн ажиглалтаар тэрний 90 хувь нь бидний сэтгэлийн дүрслэл байдаг талаар бичсэн байдаг. Хэрэв ямар нэгэн зүйл тэр чигээрээ сөрөг бол түүнийг бүх нийтээр тэгэж харах байсан. Гэтэл бодит байдал дээр тийм биш гэдэг нь тодорхой.
“Мунхагаас яаж гэтлэх вэ? Бурхан багшид залбиран гуйгаад уу? Үгүй. Түүний замнасан замыг даган байж гэтлэх болно. Бурхан багш айлдахдаа: Хүн бүр бид өөрөө өөрсдийн багш. Түүнээс би Будда, надад залбиран мөргө гэж сургаагүй. Тэрээр “Хутагтын Дөрвөн Үнэн”-ийг номлож зовлон хийгээд түүний шалтгаан, зовлонг гэтлэх ба зовлонгоос ангижрахыг номлосон юм. Мөн урт удаан хугацааны амар амгалан нь зөвхөн дадлага болон хичээл зүтгэлээр бий болно.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Буддистууд болон Төвдийг
дэмжигч нартай уулзав. Литви. Вилниус. 2013.09.13.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Үүний дараа анхаарлыг Төвдийг дэмжигч нарын зүгт хандуулан: Төвдөд болж буй үйл явдлуудад дэлхий нийтийн Төвдийг дэмжигч нарын дэмжлэг маш тустай. Хүн их мартамхай амьтан. Төвдийн асуудлыг байнга сануулж байх нь маш том тус нэмэр. Баярлалаа та бүхэнд.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Lrytas ТВ-д хүүхдүүдэд ярилцлага
өгөв. Литви, Вилниус, 2013.09.13. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Дараа нь Розита Гаркэйт (Bernardinai) ярилцлага авч хүчирхийллийн бус аргын талаар хариулт авав.
“Өнөөгийн цаг үед бид бүхэн бие биеэсээ харилцан хамааралтай. Дэлхий дахинаа “тэд” болон “бид” хэмээн хуваах нь зүй бус хэрэг болоод байна. Бид гэсэн нэгэн ухагдахуунаар бодож хийх цаг болсон. Бид нэгдэж бидэнд тулгараад байгаа аюул заналыг хамтын хүчээр шийдэх нь зөв.”
Хүчирхийллийн бус арга амжилттай хэрэгжсэн олон жишээ бий. Үүний нэг жишээ нь Энэтхэгийн эрх чөлөөний тэмцэл, АНУ-ын иргэний эрхийн хөдөлгөөн. Сүүлийн үеийн үйл явдлуудаас хүчирхийлэл нь санаанд ч багтамгүй муу үр дагавар авчирч болохыг харж байна хэмээн хариулав.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Литвийн ерөнхийлөгч асан Витаутас
Ландбергис гэр бүлийн хамт угтан мэндчилэв. Литви, Вилниус,
2013.09.13. Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Би энэд та бүхэнтэй уулзаж байгаадаа туйлын баяртай байна. Энэ зочилсон эхний айлчлалаас эхлэн та бүхний сэтгэл зүрх, үнэний төлөөх зүтгэл гүнзгий сэтгэгдэл үлдээсэн.
“Би бие махбодь, сэтгэл зүрхээрээ та бүхэнтэй нэгэн адил хүмүүн. Залуу байх үедээ өөрийгөө Далай Лам гэж бодох үед сандарч мэгдэх үе гардаг байлаа. Харин одоо маш тайван чөлөөтэй байдаг болсон.”
“Бидэнд тулгараад байгаа олон асуудлууд хэт их өөрийгөө шүтэж “тэд”, “бид” хэмээн амин хувиа бодох болсноос үүдэлтэй. Бурханы сургаалд хүн бүр аз жаргалтай амар тайван амьдрах эрхтэй гэж номлодог. Бид хамтран үүний төлөө зүтгэснээр үүнд хүрч чадна. Учир нь бүхий л зүйлс уялдаа холбоотой байдаг. Үүнд хүрэх хамгийн зөв арга нь өөрийн ашиг сонирхолоо хойш тавьж бие биедээ санаа тавих юм.”
Бидний амьдарч буй өнөө цаг үед энх тайван амар амгалан дан залбирал мөргөлөөр бүрэлдэн тогтохгүй. Үүний төлөөх ажил үйлсэд бид нэгдэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд бид өөрсдийн сэтгэл зүрхнээ амар амгаланг бий болгох хэрэгтэй. Дотоод сэтгэлийн амар амгалан нь орчин тойрны амар амгалан уур амьсгалыг бүрдүүлж улмаар энэ нь дэлхий нийтийн амар амгаланд хувь нэмэр болно.
Аз жаргалтай амьдралын тухай Дээрхйин Гэгээнтэн:
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Siemens цэнгэлдэхэд хийсэн олон
нийтийн уулзалтанд 4500гаад хүн оролцов. Литви, Вилниус.
2013.09.13. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Асуулт, хариултын дараа зохион байгуулагчдад Дээрхийн Гэгээнтэн талархал илэрхийлээд оролцогчдод хандан:
“Дахин нэг нягтлан бодоорой. Энэ яриаг сонирхолтой боллоо гэж бодвол найз нөхөдтэйгээ харилцан ярилцаж амьдралдаа хэрэгжүүлж, хэрэв сонирхолгүй гэж бодвол зүгээр л мартаж болно. Та бүхэнд баярлалаа.”
Маргааш өдөр Дээрхийн Гэгээнтэн Чехэд морилно.