Dalailama / Хүний үнэт зүйл ба шашин хоорондын эв зохицлыг дэмжихийг Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгүүлчдэд хандан уриалав

Хүний үнэт зүйл ба шашин хоорондын эв зохицлыг дэмжихийг Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгүүлчдэд хандан уриалав

2014 оны 6 дугаар сарын 14

Итали, Тоскана, Помайа, 2014.6.12- Италийн хамгийн их борлуулалттай Коррьере делла Сера сонины сурвалжлагч, нийтлэлч, тоймч ноён Беппе Севергнинид бүтэн цагийн ярилцлага өгснөөр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын энэ өдрийн ажил эхэллээ. Дараа нь зохиолч, сэтгэл зүйч, шинжлэх ухааны сурвалжлагч, доктор Дан Гольман өөрийн шинэ номонд зориулж, Дээрхийн Гэгээнтнээс ярилцлага авав. Доктор Гольман Нью Йорк Таймс сонинд 12 жил ажиллахдаа сэтгэл судлал болон тархины шинжлэх ухааны талаар дагнан мэргэшсэн байна.

Хүний үнэт зүйл ба шашин хоорондын эв зохицлыг дэмжихийг Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгүүлчдэд хандан уриалав
Лама Зонхов институтад зочлох үед нь түүнд бараалхсан Ариун
Ассиси сүмийн хоёр францискан ламтай Дээрхийн Гэгээнтэн
Далай Лам уулзаж байгаа нь. Итали, Тоскана, Помайа.2014.6.12.
Гэрэл зургийг Тэнзин Таглха /ДЛО
Дээрхийн Гэгээнтэнд бараалхахаар Ром хотоос хүрэлцэн ирсэн Итали улсад суугаа Энэтхэгийн элчин сайд ноён Басант Кумар Гуптатай үдээс хойш хийсэн уулзалтын дараа Ариун Ассиси сүмийн төлөөлөгчид мөн Далай Ламд бараалхлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Италид хийж буй айлчлал хэвлэлийнхний анхаарлыг онцгой татсан тул Помайад 80 гаруй сэтгүүлчтэй тэрээр уулзсан юм.

Хэвлэл мэдээлийнхэнд хандаж хэлсэн удиртгал үгэндээ энэ зуны халууныг шагшин дуу алдаж, 'Quite hot,' гэв. Италид ирэхийн өмнө ном айлдаж байсан Мумбай хотын чийгтэй, халуун уур амьсгалаас аврагдахын тулд сэрүүхэн, тааламжтай цаг агаарт найдан Италид ирснээ тэрээр хэллээ. Харамсалтай нь, Италийн цаг агаар Мумбайн цаг агаараас ялгарах зүйлгүй адилхан байна хэмээв.

Италид ирэх нь түүний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд туйлын баяртай байгаагаа Далай Лам илэрхийллээ. Хэдийгээр Лама Зонхов институтад анх ирж байсан үетэй нь харьцуулахад хүмүүсийн эрин үе өөрчлөгдсөн ч, үндсэн төрх өөрчлөгдөөгүй байна гэлээ. “Миний бие маш сайн байна” хэмээн тэр хэлэв. Тэрээр хэвлэлийнхэнд хандан, түүний айлчлалыг сонирхож, мөн хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв.

Дээрхийн Гэгээнтэн өөрийн амьдралын гурван үүргийн талаар тайлбарлан ярив. Тэрээр өөрийгөө 7 тэрбум хүний нэг хэмээн үргэлж үздэг гэлээ. Хүний хайрын үндсэн суурь болох хайр, энэрэл, аз жаргалд хүн бүхэн тэмүүлдэг. Тиймээс Дээрхийн Гэгээнтэн хүний үнэт зүйлсийг хамгаалахын төлөө үргэлж байдаг тухай айлдав. Түүний гол сэдэв нь хүний аз жаргалын эх сурвалж болсон хүмүүний хайр байдаг ажээ. Хүний дур хүсэл нь үндсэндээ биологийн хүчин зүйл байдаг бол бидний эсэн мэнд үлдэхийн үндэс суурь нь хүний хайр юм. Шашин шүтдэг, эс шүтдэгээс, ямар соёлтой эсэхээс маань үл хамааран, бид бүгд хайраар дутдаг.

Хүний үнэт зүйл ба шашин хоорондын эв зохицлыг дэмжихийг Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгүүлчдэд хандан уриалав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лама Зонхов институтад хэвлэлийн
төлөөлөлтэй уулзаж байгаа нь. Итали, Тоскана, Помайа. 2014.6.12.
Гэрэл зургийг Оливер Адам
Хоёр дахь үүргийнхээ тухай ярихдаа тэрээр шашны эв зохицол чухал ач холбогдолтой тухай тэмдэглэн хэлэв. Хайр, нигүүлсэхүй, хүлээцтэй байдал, өршөөлийн тухай мөн л номлодог шашны бусад уламжлалын хүмүүстэй үргэлж холбоотой байдаг тухайгаа тэрээр дурдлаа.

Амьдралынхаа 50 гаруй жилийг холбосон Энэтхэг орон бол 2000, түүнээс илүү жил өөр өөр шашны урсгалууд энх тайвнаар зэрэгцэн оршсоор ирсэн, ингэж болдгийн амьд жишээ гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцлон тэмдэглэв. Тиймээс шашин хоорондын эв зохицол бол боломжтой зүйл гэдгийг тэр хэллээ.

Төвд хүний хувьд Дээрхийн Гэгээнтэн Төвдийн баялаг соёл, түүний буддист мэдлэг, уламжлалыг хамгаалах талаар үргэлж зүтгэж ирсэн билээ. 2011 онд шууд сонгуулиар сонгогдсон улс төрийн удирдлагад улс төрийн бүхий л үүрэг хариуцлагаа шилжүүлснээс хойш Дээрхийн Гэгээнтэн зөвхөн шашны тэргүүн гэсэн өнөөгийн үүргийг гүйцэтгэх болсон гэдгээ тэрээр онцлон тэмдэглэв. Энэ үүргээ Далай Лам сайн дураар, аз жаргалтай, нэр төртэйгээр гүйцэтгэдэг гэв.

Хүнийн үнэт зүйлс, шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн гүйцэтгэх үүргийн чухлыг тэрээр онцлон тэмдэглэв. Түүний хэлснээр улс төрчид хийгээд бусад хүмүүсийн урд ба хойдохыг шиншлэхийн тулд хэвлэл мэдээлэлд ажиллагсад заан лугаа урт хамартай байх ёстой ажээ. Ардчилсан нийгэмд хүмүүс үнэнийг мэдэх эрхтэй, сэтгүүлчид бодит байдлыг мэдээлэх үүрэгтэй. Гэхдээ шударгаар, бодитоор, алагчлалгүй мэдээлэх ёстой хэмээн тэр хэлэв.

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн болон түүнд дуртай баг бий эсэх тухай асуултад тэрээр хөлбөмбөг сонирхдоггүй хэмээн хариулав. Түүний үндсэн сонирхол бол өдөр тутмын амьдралдаа сэтгэлийн сөрөг хандлагаа дарж, эерэг хандлагыг хэвшүүлэх явдал гэлээ. Хөнгөхөн зүйрлэхэд энэ бол миний хувьд нэг төрлийн хөлбөмбөг хэмээн түүнийг хэлэхэд бүгд алга ташлаа.

Хүний үнэт зүйл ба шашин хоорондын эв зохицлыг дэмжихийг Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгүүлчдэд хандан уриалав
Лама Зонхов институтад болсон хэвлэлийн бага хуралд оролцож
буй хэвлэл мэдээллийн төлөөлөл. Итали, Тоскана, Помайа.
2014.6.12. Гэрэл зургийг Тэнзин Таглха /ДЛО
Хятадад буддизм өргөн олныг хамардаг эсэх тухай асуултад, Хятад улс 400 сая гаруй сүсэгтэн бүхий дэлхийн хамгийн их буддистуудтай орон хэмээн тэр хариулав. Энэтхэгт түүний айлдварыг сонсохоор Хятадын эх газраас ирж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж буйгаар буддизмыг сонирхох жинхэнэ сонирхол байгааг тэр тэмдэглэн хэллээ. Хятадуудтай хамтдаа аж төрөхийн хамт жинхэнэ автономит эрхийн төлөө байнга тэмцэж ирсэн гэдгээ тэрээр онцлон тэмдэглэв. “Бид тусгаар тогтнолыг эрэлхийлээгүй” хэмээн тэр хэлэв.

2012 онд Энэтхэгийн Бодгаяад Дээрхийн Гэгээнтнийг Цогт Цагийн Хүрдэн-ий авшиг /Дүйнхорын ван/ айлдсаны дараа нутагтаа буцсан төвд болон хятад хүмүүст Хятадын засаг захиргаа янз бүрийн байдлаар хандаж байсан тухай тэрээр ярив. Хятад хүмүүс ямар ч асуудалгүйгээр гэр орондоо харьсан бол төвд хүмүүсийг бүхий л төрлөөр байцааж, гэрийн хорионд хүртэл байлгасан ажээ. Дараа сард Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгийн Ладакт Цогт Цагийн Хүрдэн-ий авшиг айлдах үеэр Хятадын засаг захиргаа төвд хүмүүст, ялангуяа Төвдийн автономит бүсийн иргэдэд хатуу хязгаар тавихаар болсон байна.

Шашин солих тухай асуултад, өөрийн уламжлалт шашны үнэт зүйлсийг дээдэлж байх нь илүү зөв бөгөөд аюулгүй хэмээн тэр хариулав. Шашнаа солих нь тийм ч амаргүйн дээр, зарим үед хүндрэлтэй асуудлуудыг бий болгодог. Мэдээж өөр шашныг жинхнээсээ сонирхох хүмүүс байдаг бөгөөд шашнаа солих эсэхээ шийдэх эрх тэдэнд буй билээ.

Буддизмыг сонирхож байгаа хүмүүст хандан, багшийг харанхуйгаар дагахын оронд буддын гүн ухааныг судлах, шинжлэн нягтлах, амьдралд хэрэглэж үзэхийг тэрээр зөвлөлөө. Хэрвээ шашнаа өөрчлөхөөр шийдсэн бол бусад шашныг хүндэтгэх ёстойг тэрээр анхааруулан хэллээ.

Хүний үнэт зүйл ба шашин хоорондын эв зохицлыг дэмжихийг Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгүүлчдэд хандан уриалав
Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлч Дээрхийн Гэгээнтэн
Далай Ламаас асуулт асууж байгаа нь. Итали, Тоскана, Помайа.
2014.6.12. Гэрэл зургийг Оливер Адам
Италид улам бүр нэмэгдэж байгаа дүрвэгсдийн асуудлыг шийдэх аргын тухай асуултад, дүрвэгсдийн урсгал, ялангуяа Өмнөд Африк, Сири улсаас ирэгсдийн тоо нэмэгдэж байгааг Дээрхийн Гэгээнтэн хүлээн зөвшөөрөв. Дүрвэгсэд аль нэг оронд ирэхдээ амрахаар бус, харин эх орондоо асуудалтай учраас дүрвэн ирдэг хэмээн тэр хэлэв. Дүрвэгсдэд нүүрлэж байгаа хүндрэлтэй нөхцөл байдлыг ойлгож буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлээд, тэдэнд бид чадах чинээгээрээ туслах ёстой гэв. Хэрвээ чадахгүй бол үүнийгээ илэрхийлэх ёстой гэлээ.

Эдийн засгийн байдлаас эхлээд өөрийн төрөлх нутаг дахь асуудлууд, дэлхийн нийтийн баян ядуугийн ялгаа зэрэгт бид илүү их анхаарал хандуулах ёстой хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлээд, энэ ялгааг арилгах тал дээр хамтран ажиллахыг улс үндэстнүүдэд уриалав. Тэрээр боловсрол, эдийн засаг, техник технологийн салбарт дэмжлэг үзүүлэх замаар баян орнууд ядуу буурай орнуудад туслахыг санал болголоо. Дүрвэгсдийн асуудал бол хүмүүсийн өөрсдийн бий болгосон хүндрэл учраас үүний төлөө хүн бүр ёс суртахууны хариуцлага хүлээх ёстойг тэрээр тэмдэглэн хэлэв. Дараа нь тэрээр 'бид'-ийн эсрэг 'тэд' гэх нь цаг үеэ өнгөрөөсөн боловч бүх асуудлын үндэс болсон энэхүү ойлголтыг хөндөж ярьсан юм.

Түүний бодлоор дэлхий дахинд энх тайвныг тогтоох итгэл найдварыг хэрэгжүүлэгч нь залуу үе ажээ. Тиймээс илүү амар амгалан, илүү энэрэнгүй ертөнцийг бий болгох арга замыг эрж хайхыг тэр залуучуудад хандан уриалсан билээ.

Хүний дотоод үнэт зүйлсийн талаар сүүлийн арваад жилийн хугацаанд Америкийн эрдэмтдийн хэрэгжүүлж байгаа судалгааны ажлын талаар Дээрхийн Гэгээнтэн ярив. Түүний хэлж буйгаар гурван долоо хоногийн туршилтын хөтөлбөрөө эхлүүлэхэд эрдэмтэд бэлэн болсон бөгөөд туршилт сайн дурын үндсэн дээр хамрагдах оюутнуудын оролцоотойгоор тун удахгүй эхлэх гэж буй ажээ. Гурван долоо хоногийн хөтөлбөрийн дараа гарах өөрчлөлтийг судлахын тулд хөтөлбөр эхлэхийн өмнө оролцогсдын цусны даралт, бухимдлын түвшин зэргийг хэмжих юм байна.

Хүний үнэт зүйл ба шашин хоорондын эв зохицлыг дэмжихийг Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгүүлчдэд хандан уриалав
Дээрхийн Гэгээнтэн Далай лам хэвлэлийн бага хурлын үеэр
олныг хөгжөөв. Итали, Тоскана, Помайа.2014.6.12.
Гэрэл зургийг Фильм Про
Дээрхийн Гэгээнтэн дараа нь иргэний ёс зүйн сэдвийг хөндөж ярилаа. Шашны бүх уламжлалыг хүндэтгэхийн зэрэгцээ шашингүйн үзэлтнийг хүндэтгэх тухай иргэний үзэл баримтлал дээр суурилсан Үндсэн хууль бүхий Энэтхэгийн агуу ард түмний жишээнд тэрээ анхаарлаа хандуулав. Үүнтэй холбогдуулан сургуулиудын ерөнхий сургалтад түүний нэрлэснээр "сэтгэлийн эрүүл ахуй" хэмээх хичээлийг оруулах талаар оролдож байгаа судалгааны ажлын талаар тэр ярьсан юм.

Дараагийн хоёр, гурван жилд иргэний ёс зүйн талаархи сургалтын загвар материал бэлэн болж, сургуулиуд туршиж үзэх боломжтой болно гэдэгт найдаж буйгаа тэрээр илэрхийлэв. Хэрвээ тус нэмэртэй гэж үзвэл өөр олон сургууль сургалтандаа иргэний ёс зүйн хичээлийг тусгах боломжтой болно.

Хятадын удирдагчдын тухай асуусан асуултад, Хятадын ард түмний хатуу чанга хөдөлмөрлөх соёлд дуртай боловч, Хятадын удирдагчдын дундах хатуу чиг шугам баригчдын тархинд эрүүл ухаан харамсалтай нь дутагдаж байгааг Дээрхийн Гэгээнтэн хошигнон хэллээ.

Далай Ламын дараагийн дүрийн тухай асуултад тэрээр хариулахдаа, Далай Ламын институцыг үргэлжлүүлэх эсэх асуудлыг гагцхүү Төвдийн ард түмэн шийднэ гэдгийг 1969 онд тодорхой хэлсэн гэлээ. Хятадын засгийн газар одоогийн Далай Лам бус, харин 15 дахь дүрийн талаар илүү санаа таьж байгаа хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Италид хийж буй айлчлалынхаа 4 дэх өдөр буюу маргааш 5 метр өндөр, 4 мутарт Жанрайсиг бурханыг равнайлах бөгөөд хайр, нигүүлсэхүйг хөгжүүлэх тухайд товч ном айлдана. Маргааш үдээс хойш Ливорно хотыг зорино.

14-06-2014, 13:50
Вернуться назад