Dalailama / Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Маёо эмнэлэг дээр “Эрүүл мэндийн салбар дахь энэрэнгүй сэтгэл” сэдвээр яриа хийв

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Маёо эмнэлэг дээр “Эрүүл мэндийн салбар дахь энэрэнгүй сэтгэл” сэдвээр яриа хийв

2016 оны 3 дугаар сарын 1

АНУ, Миннесота, Рочестер. Маёо эмнэлэг. 2016.2.29. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үдийн хоолны дараа Маёо эмнэлэгийн дэргэдэх жижиг сүмд хүрэлцэн ирэхэд тэнгэр цэлмэг боловч хүйтэн байлаа. Энэ үйл явдалд зориулж сугалаагаар суудал хожсон 500 гаруй хүмүүс түүнийг гараа өргөн мэндчилэхэд баяр баяслаар дүүрэн угтан авсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Маёо эмнэлэг дээр “Эрүүл мэндийн салбар дахь  энэрэнгүй сэтгэл” сэдвээр яриа хийв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Рочестер дахь Маёо эмнэлгийн
сүмд хүрэлцэн ирж цугларсан олонтой мэндчилж байгаа нь.
АНУ. Миннесота. Рочестер. 2016.2.29. Фотог Жереми Рассел /ДЛО/
Маёо эмнэлгийн захирал болон ерөнхийлөгч Жон Ноусворти түүнийг гараас нь барин танилцуулаад эрүүл мэндийн салбар дахь энэрэнгүй сэтгэлийн талаар яриагаа эхлэхийг урив. Үг хэлсний дараа Дээрхийн Гэгээнтэн түүнийг заавал хажуудаа суухыг хүслээ. Энэхүү яриаг эмнэлгийн дотоод сүлжээгээр болон дэлхий даяар цахим сүлжээгээр дамжуулан цацжээ.

“Ахан дүүс нар аа, эрүүл мэндийн салбарт ийм их эерэг сайнаар хувь нэмрээ оруулж буй та бүгдтэй ярилцаж байгаа маань их завшаан юм.” гэж Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэв. “Та нар итгэл найдвар өвөртлөн ирж буй хэдэн зуун мянган хүмүүст үйлчилж тэдний хүслийг биелүүлдэг. Сэтгэл санааны болон бие махбодийн зовлонд нэрвэгдсэн хүмүүсийг асран халамжлах нь амар ажил бишээ. Би танай хуучин өвчтөн бөгөөд энэ удаа нэг сараас илүү хугацаанд эмчилгээ хийлгэлээ. Энэ хугацаанд эмч, сувилагч болон техникийн ажилтнууд бүгдээрээ надад сайхан сэтгэлээр хандаж байлаа. Та бүхэн өөрсдийн мэргэжлийн ур чадвараа үзүүлэхээс гадна халамжлан санаа тавьж нөхөрсөг байсан. Та бүхэнд гүн талархал илэрхийлэе.”

“Шашинд итгэх нь түүхийн урт хугацаанд зовлонд учирсан хүмүүсийг дэмжиж тайтгаруулах эх үндэс болж байсан” гэж яриагаа үргэлжлүүлэв. “Итгэл үнэмшил нь үхэж байгаа хүнд ч найдвар, өөдрөг сэтгэлийг авчирдаг. Тиймээс энэ цаг үе бол элдэв ёсонд баригдах цаг биш, нэгэнт бид бүгдээрээ адилхан хүн учир бид бусдыгаа яг л ах эгч шигээ бодох ёстой.”

“Бидэнд байдаг арьсны өнгө, яс үндэс, сүсэг бишрэл эсвэл баян ядуу, боловсролтой боловсролгүй эдгээр бүх ялгаа нь хүн гэдэг бидний ижил төстэй шинжтэй харьцуулбал хоёрдугаарт л орно. Ийм ялгаанд бид онцлон анхаараад байх аваас бидний дунд зөвхөн төвөгтэй асуудлууд л үүснэ. Эцсийн суурь түвшиндээ бид бүгд адил. Хэрэв бид дэлхий дээр байгаа 7 тэрбум хүмүүст бидэнтэй л адил хүн шүү дээ гэсэн сэтгэлээр хандах аваас бидний дунд байдаг олон төвөгтэй асуудлыг багасгах чадах билээ. Тийм ч учраас би хүмүүстэй мэндчилэхдээ ах эгч, дүү нар минь гэж мэндэлдэг юм.

Хэрэв би өөрийгөө та нараас онцгой хэмээн сэтгэж “Би Азиас ирсэн, Би буддын шашны лам, Төвөд хүн, эсвэл бүр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам” гэж бодвол бидний хооронд хана босч би ганцааардах болно. Харин өөрийгөө энэ танхимд байгаа хүмүүстэй адил хүн гэж бодвоос бидний дунд ямар ч саад тотгор байхгүй болно. Бүх 7 тэрбум хүн бүгдээрээ нэг том гэр бүлд багтаж байгаа гэдгийг санах нь өнөөгийн энэ дэлхий дахинд их чухал байна. Ингэж байж л бид хүн төрөлхтний дунд эв зохицлыг бий болгоно. Гэхдээ бид үүнийг бодит болгож, хүмүүст ойлгуулахын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй.”

“Энэ эмнэлэгт ажиллаж бусдыг халамжлан анхаарч байгаа та бүхэн тусламж хэрэгтэй байгаа өвчтнүүдтэй уулзахдаа эхлээд хаанаас ирсэнийг нь, юунд итгэдэгийг нь бүү асуу, тэдний зовлон юундаа байна, та нар яаж туслан эмчилж чадахаа л авч үзэх ёстой. Хэрэв бид бүх харилцаандаа ийм нээлттэй хандаж чадвал хүн бүрт ач тустай байхсан. Энэрэнгүй сэтгэл нь бусдын төлөө санаа тавьж улмаар тэднийг асран хамгаалах явдал билээ. Энэ нь өвчтөний гэр бүл болон найз нөхдөд ч бас тус болж байгаа хэрэг юм.”

“Одоо би та нартай харьцаж зарим асуултанд хариулахыг хүсч байна. Та бүхний санал бодол, тэр байтугай шүүмжийг ч би хүлээн авах болно.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Маёо эмнэлэг дээр “Эрүүл мэндийн салбар дахь  энэрэнгүй сэтгэл” сэдвээр яриа хийв
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Маёо эмнэлгийн сүмд хийсэн
ярианы үеэр Кэти Вурцер танхимд байгаа хүмүүсийн өмнөөс
асуулт асууж байгаа нь. АНУ. Миннесота. Рочестер. 2016.2.29.
Зургийн Жереми Рассел /ДЛО/
Орон нутгийн “Ихэр хотууд” телевизийн хөтлөгч Кэти Вурцер танхимаас ирэх асуултуудыг уламжлахаар Дээрхийн Гэгээнтний ойр суудлаа эзлэв. Асуулт бусдыг хэрхэн хүндлэх талаар эхэллээ. Дээрхийн Гэгээнтэн харгиулахдаа, “Бид эхийн хэвлийд нэг л замаар бий болдог. Дөнгөж төрсөн хүүхэд, эх хоёр өөрийн эрхгүй бие бие рүүгээ татагддаг. Энэ нь бүх хүнд адилхан байдаг. Нөгөөтэйгүүр бид бүгд аз жаргалтай амьдралыг хүсдэг. Энэ үндсэн дээр бид бусадтай хүндэтгэлтэй харьцах хэрэгтэй.” гэлээ.

Тэрээр цааш нь “Зарим үед хэн нэгэнд уурлах явдал гарч та зөвхөн дайсагнасан мэдрэмжийг мэдэрдэг. Гэхдээ уурлахад олон учир шалтгаан байна. Тэдгээр олон шалтгааныг бид өөрсдөө л бий болгодог.” гэсэн юм. Мөн сэтгэцийн эмч Аарон Бекийн зөвлөсөн, “Хэрэв таны уурыг хүргэсэн хүн зуун хувь сөрөг мэт санагдаж байвал энэ мэдрэмжийн ерин хувь нь ердөө таны төсөөлөл гэдгийг санах хэрэгтэй” гэснийг дурьдлаа. Уурлахад байнгын болон хамааралгүй эх үүсвэр гэж байдаггүй. Энэ өөрчлөгддөг. Бидний олон сөрөг сэтгэл хөдлөлүүд тухайн нөхцөл байдлыг хэтрүүлж үзсэнтэй холбоотой байдаг. Хүн гэдгээрээ бид аливааг олон өнцгөөс харах боломжийг олгосон гайхамшигтай тархитай бөгөөд энэ нь уур гэх мэтийн сэтгэл хөдлөлийг шийдэх арга зам байж болох юм.”

Өөрийн өвчнөө хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгаа хүмүүстэй хэрхэн харьцах талаар асуусанд Дээрхийн Гэгээнтэн, “Тэднийг тайвшруулж, тэдэнд санаа тавьж буйгаа илэрхийлэн, инээмсэглэн хандаж тэдний төлөө чадах бүхнээ хийх болно гэдгээ итгүүлэх хэрэгтэй” гэж зөвөллөө. Бодит нөхцөл байдал буюу өвчин нь хүнд хэцүү болохыг тэдэнд ойлгуулах нь зөв гэж зөвлөв.

Хадагтай Вурцер зарим хүмүүс өөрийн үхлийн ирмэгт тулсан өвчин юм уу хорт хавдрыг адислал маягаар хүлээн авдаг тухай ярьлаа. Дээрхийн Гэгээнтэн өөрийн таньдаг нэгэн төвөд хүн эмчээсээ биеийн байдлын талаар үнэнийг хэлэхийг хүсээд хэрэв шаардлагатай бол өөрийн үхэлдээ бэлдэх хэрэгтэй гэж хэлснийг дурсан ярив.

Асрагч хүмүүс өвчтөнүүддээ зориулж юу ч хийж чадахгүй байх тохиолдолд яах ёстойг асуухад,

“Аль чадлаараа эелдэг бай. Тэдэнд сайхан сэтгэлээр хандах нь үхэлтэй нүүр тулах гэж буй хүнийг ч тайван байлгахад их чухал алхам болно. Бидний олонхи нь үхэх цаг мөчид өөдрөг байж, ухаан санаагаа эерэг байлгах нь бидний дараагийн амьдралд чухал нөлөө үзүүлдэг гэж итгэдэг. Христийн шашин шүтэгчид “Эзэн”-ийг санаж диваажинд очно гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Санаагаар унах болон сэтгэл гутралд орох нь огтхонч тус болохгүй.” гэж хариулав.

Бидний сөрөг сэтгэл хөдлөлүүд ихэвчлэн бодит байдлыг ойлгоогүйтэй холбоотой байдаг талаар тэрээр үргэлжлүүлэн ярив. Тиймээс бидний ухаан болон сэтгэл хөдлөл хэрхэн яаж ажилладаг гэдгийг мэдэж, улмаар өөрт тулгарсан хүнд бэрх нөхцөл байдлыг шийдвэрлэх юм бол бидэнд илүү хөнгөн байх ажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Маёо эмнэлэг дээр “Эрүүл мэндийн салбар дахь  энэрэнгүй сэтгэл” сэдвээр яриа хийв
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Маёо эмнэлгийн сүмд яриа хийх
үед танхимд буй хүмүүс түүний үгийг сонсож байгаа нь. АНУ.
Миннесота. Рочестер. 2016.2.29. Зургийн Жереми Рассел /ДЛО/
Энэрэн хайрлах сэтгэлтэй байхын тулд “Эзэн”-д заавал итгэх ёстой юу гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, “Сүсэг бишрэлтэй хүмүүсийн хувьд тэдний амьдрал “Эзэн”-ээс үүссэн, “Эзэн” бол хязгааргүй нигүүсэл бөгөөд өөрсдийгөө “Эзэн”-ий хүүхэд гэдэгт итгэдэг хүн бүхэн дотроо энэрэл нигүүлслийн гэрэлтэй байдаг гэж ойлгодог тухайгаа ярьсан юм. “Итгэл бишрэлгүй хүмүүсийн хувьд хайр болон энэрэн нигүүлсэх сэтгэлийг шашны асуудал хэмээн үзэж үл ойшоодог байж магадгүй, гэтэл үнэн хэрэгтээ эдгээр нь хүний үндсэн шинж чанар билээ.”

“Бидний дунд хайр байхгүй бол яаж гэр бүл, хамт олон аз жаргалтай байх билээ? Бид нийгмийн амьтад бөгөөд биднийг нэгтгэж буй зүйл бол хайр юм. Хэн ч орь ганцаараа амьдарч чадахгүй, бүгд л бие биенээсээ хамааралтай байдаг. Та шашин шүтдэг ч бай үгүй ч бай хүн гэдэг утгаараа аз жаргал таны харж, сонсч, амсаж, хүрч байгаа янз бүрийн мэдрэмжээс бус, таны оюун ухааны төлөв байдлаас хамаардаг.”

Хүний хүсч болох бүх л тав тухыг хангасан орчинд ч аз жаргалгүй байхад олон ядуу хүмүүс юу ч үгүй боловч аз жаргалтай байж болохыг тэрээр тэмдэглэн хэлэв. Мөн тэрээр Барселонд дайралдсан ламын түүхийг ярьлаа. Тэр лам ууланд даянчлан 5 жил болсон бөгөөд зөвхөн цай, талх хоёроор л амиа зогоож байжээ. Дээрхийн Гэгээнтэн түүнээс даяанчлах үедээ ямар үйл хийж байсан талаар асуухад тэр лам хайр дээр төвлөрөн бясалгадаг байсан гэжээ. Ингэж хэлэхдээ түүний нүднээс жинхэнэ аз жаргал, сэтгэл дүүрэн байгаагийн оч гэрэлтэж байсан байна.

Дээрхийн Гэгээнтэн бидний зайлшгүй хийх зүйл бол өөрийн дотоод амар амгалангаа хөгжүүлэхийн тулд оюун ухаанаа ашиглах явдал хэмээв.

Технологи болон үүнтэй холбоотой харилцааны талаар тэрээр хэлэхдээ “Технологи бол гайхалтай, гэхдээ энэ нь түүнийг хэрхэн хэрэглэхээс л шалтгаална” гэж хэллээ. Эртний Энэтхэгийн сэтгэлгээнээс олдсон шинжлэх ухааны болон гүн ухаанаас суралцах боломжтойг тэрээр дурдав.

Өвчин зовлонтой тулгарсан үедээ сэтгэл санаагаа хэрхэн өөдрөг байлгах вэ гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн “Дотоод амар амгалан руу хөтөлдөг сэтгэл хөдлөл бол эерэг байдаг. Хоёр төрлийн энэрэнгүй сэтгэл бий. Нэг нь өөрийн дотно хүмүүсийн төлөө санаа тавихад чиглэсэн байдаг бол нөгөө нь бид бүгдээрээ адилхан хүн гэдгийг ухаарч ойлгосны улмаас бүх хүн төрөлхтөн аз жаргалтай байх ёстой гэсэн өргөн хүрээг хамарсан энэрэнгүй сэтгэл байдаг. Ийм л халуун дулаан, сайхан сэтгэлийн үндсэн дээр бид бусдын сайн сайханд хувь нэмрээ оруулж чадна. Энэ дэлхийг илүү энэрэнгүй болгохын тулд юуны түрүүнд бид сэтгэл зүрхээ өөрчлөх хэрэгтэй” гэв.

Тэрээр нялх хүүхдүүд бүр хэлд орохоосоо өмнө бусдад тусалж байгаа байдалд илүү таатай хандаж, харин хор хөнөөлтэй зүйл харахаараа буруу харж байгаа тухай шинжлэх ухаанаар батлагдсан талаар эш татан ярьлаа.

“Эцсийн дүгнэлт нь хүний сэтгэлийн төрөлхи чанар нь эерэг бөгөөд сайхан сэтгэл юм. Үүнээс үүдэн халуун дулаан сэтгэл болон энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх нь бид бүгдийн хийж чадах зүйл мөн.”

Танхимд байгаа хүмүүс босч алга ташихад Дээрхийн Гэгээнтэн талархалаа илэрхийлээд тайзнаас буулаа.
19-03-2016, 23:40
Вернуться назад