Dalailama / “Бясалгалын зэргэмж”, “Бодьсадвын 37 гарын авлага” номын айлдвар

“Бясалгалын зэргэмж”, “Бодьсадвын 37 гарын авлага” номын айлдвар

2017 оны 3 дугаар сар 13

Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.03.13 – Энэ өглөө Зүглаг хан дуганы эргэн тойронд асар олон хүн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварт суухаар цугласан байлаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дуганд морилон ирээд сэнтийндээ залрахын өмнө олон хүмүүсийн зүг гар даллан мэндэлж, мөн хэн хэн ирснийг ажиглан харав. Төвөдөөс ирсэн хүмүүс Дээрхийн Гэгээнтний сэнтийн өмнө сууж байсан тул тэрээр хэсэг зуур тэдэнтэй ярилцсан юм.

“Бясалгалын зэргэмж”, “Бодьсадвын 37 гарын авлага” номын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн номын айлдвар айлдахаар морилох зуур
хүмүүстэй уулзаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала.
2017.03.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Төвөдөөс ирэх хүсэлтэй олон хүн саяхан болж өнгөрсөн Дүйнхорын авшигт хүрэлцэн ирж чадсангүй. Тиймээс энэ удаагийн номын айлдварыг та бүхэнд зориулж байгаа юм шүү. Эх орондоо амьдарч байгаа та бүхний сэтгэлийн тэнхээг би ямагт биширдэг. Өнөөдөр 400 сая гаруй бурханы шашинтан нар Хятадад байна. Гэвч Төвөдийн бурханы шашин нь учир шалтгаан, логик зарчмыг голлодог онцлогтой. Бурханы шашин анх төвөдөд 7 зууны үед, Сронзонгамбу хааны үед дэлгэрсэн юм. Тэрээр Хятад, Непалаас хатад авсан бөгөөд аль аль нь төвөдөд очихдоо Бурхан Багшийн нандин шүтээнийг залан очжээ. Гэвч Сронзонгамбу хаан Энэтхэгээс бурханы шашныг дэлгэрүүлж Наландагийн их мастер Шантаракшита гэгээнийг Төвөдөд урин залсан юм.”

“Шантаракшита гэгээн тухайн үед төвөд орон даяар төдийлөн алдаршаагүй байж болох ч түүний айлдсан ном сургаалыг өдгөө бид үзээд ямар гайхамшигтай эрдэмтэн байсныг нь тодорхой мэдэж болохоор байна. Түүний зохиосон “Төв үзлийн чимэг” номонд буддын гүн ухааны дээд түвшин болох сэтгэл төдийтөн, төв үзэлтэн нарын үзэл онолыг маш нарийн бөгөөд тодорхой тайлбарласан байдаг.”

“Самъяа хийдийг Тисрон Дэзан хаан удирдан байгуулсан юм. Энэ хийдэд хурал уншлагын, орчуулгын гэх мэт олон хэсэг ажиллаж байжээ. Орчуулгын хэсэг нь Ганжуур, Данжуурын цуглуулгыг бүрэн орчуулсан юм. Сронзонгамбу хааны үед хятадын хэд хэдэн лам нар Төвөдөд байсан бөгөөд зөвхөн нэг цэг дээр төвлөрөх бясалгалыг чухалчилдаг байсан байна. Зарим нь бүр юу ч бодохгүй байх нь гэгээрэлд хүргэх гол арга зам хэмээн номлож байжээ.”

“Тиймээс Шантаракшита гэгээн өөрийн учир шалтгаан хийгээд логик зарчмыг голлодог үзэл онолтой энэ нь зөрчилдөнө гэдгийг урдчилан тооцоолсон байна. Ингээд Төвөдийн хаанд өөрийн шавь Гамалашила гэгээнийг төвөдөд урин ирүүлж энэхүү буруу үзлийг няцаахыг зөвлөсөн байна. Ловон Гамалашила учир шалтгааны ухааны томоохон эрдэмтэн байжээ. Ловон Гамалашила Төвөд дэх буруу үзлийг няцааснаар Төвөд орон Наландагийн учир шалтгаан хийгээд логик зарчмыг голлодог уламжлалыг хадгалан үлдсэн орон болж чадсан юм. Бид энэ уламжлалыг 1000 гаруй жил хадгалж байна.”

“Бясалгалын зэргэмж”, “Бодьсадвын 37 гарын авлага” номын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсала хот дахь номын
айлдварын эхний өдөр. Энэтхэг, ХП, Дарамсала.
2017.03.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эдүгээ Төвөдөд энэхүү уламжлалаа хадгалан авч үлдэхэд хүндрэлтэй болсныг дурдав. Ялангуяа төв Төвөд нутаг дахь томоохон хийдүүд номын сургалт явуулахад нэлээд хүндрэлтэй, харин Хам болон Амду мужуудад байдал арай дээр байгаа гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн номын айлдвараа эхлэхдээ эхний гурван бадаг шүлгийг уншлаа. Гамалашила гэгээн “Бясалгалын зэргэмж” номыг төвөдийн хааны хүсэлтээр Төвөдөд зохиожээ. Тийм учраас энэ ном нь Төвөдийн ард түмэнтэй нарын холбоотой гэсэн юм. Тухайн үед Тисрон Дэзан хаан нь төвөдийн эзэнт гүрнийг бүхэлд нь удирдаж байсан их хаан байжээ. Энэхүү үйл явдал нь Энэтхэгийн их багш Адиша гэгээнийг төвөдөд урин залж “Бодь мөрийн зул” номыг зохиохыг хүссэн Аари мужийн захирагчтай адил гэдгийг ярьлаа. “Бясалгалын гурван зэргэмж”-ийн 1-р зэргэмж нь төвлөрлийн бясалгалыг, 2-р зэргэмж нь сэтгэл төвлөрөл болон саруул оюуныг, 3-р зэргэмж нь саруул оюун ухааны тухай номлодог гэсэн юм.

Номын айлдварын хоёр дугаар хэсэг нь “Бодьсадвын 37 гарын авлага” ном байлаа. Энэ номын зохиогч нь Жалсрай Тогмэ Санбу бөгөөд тэрээр Бүдон гэгээний багш, бодьсадвын агуу их явдлаар явагч нэгэн байжээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тус номын эхэн хэсгээс уншсаны дараа номлож буй багш, ном сонсож буй шавь хоёул номын айлдварын үед дотоо сэтгэлийн хандлагыг зөв байлгах хэрэгтэй гэж ярив. Зарим үед бид бодь сэтгэл үүсгэх, өөрийн хүчин чадлаа нэмэгдүүлэх тухай ярьж байхад хүмүүс Бурханыг Ертөнцийн Эзэн мэтээр харж, хамаг бүхнээ түүнд найдах тал байдаг гэсэн юм.

“Өчигдөрийн номын айлдварт гарсанчлан бид өөрсдийн оюун санаагаа хөгжүүлж, сөрөг сэтгэл хөдлөл болон түүний үр нөлөөг бүрэн гүйцэд арилгах ёстой. Хутагт Нагаржуна үйлийн үр болон сөрөг сэтгэл хөдлөлөө засаж залруулж чадах аваас эрх чөлөөнд хүрч чадна гэж айлдсан билээ. Бид Бурхан Багшийн сургаалыг ухаарсны үндсэн дээр юмс үзэгдэлд хандаж буй өөрсдийн буруу хандлагыг өөрчилж чадна. Ингэх боломж бидэнд бүрэн бий. Учир нь манай Төвөдөд бурханы шашны ном сургаал бүгд дэлгэрсэн юм.”

“Бясалгалын зэргэмж”, “Бодьсадвын 37 гарын авлага” номын айлдвар
Номын айлдварт сууж буй хүмүүс. Энэтхэг, ХП, Дарамсала.
2017.03.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Бясалгалын зэргэмж” номын айлдварт эргэн орох үеэр сөрөг сэтгэл хөдлөлөө засах нь хичнээн чухал болох талаар дахин тайлбарлалаа.

“Нэгэнт сөрөг сэтгэл хөдлөл төрсөн бол бидний амгалан тайван байдлыг бусниулах нь тодорхой билээ. Үүнийг бид амьдралын туршлагаараа маш сайн мэдэж байгаа. Орчин үеийн эрдэмтэд оюун санааны амгалан тайван байдал нь бидний биеийн эрүүл мэндэд тустай гэдгийг баталсан байна.”

“Бурхан Багшийн айлдсан сургаалын гол онол нь хоосон чанарын сургаал юм. Энэхүү онолыг бид зайлшгүй ойлгож авах шаардлагатай. Учир нь юмс үзэгдэл бүхэн үзэгдэж байгаагийн адил оршдоггүй билээ. Үүнтэй жишээд “би” хэмээгч нь хүртэл хоосон чанартай гэдгийг ойлгох хэрэгтэй.”

Тэрээр энэ удаад “Бясалгалын зэргэмж” номыг бүрэн тайлбарлах боломжгүй тул хүн бүхэнд тараасан хувийг өөртөө хадгалж уншиж судлахыг зөвлөв. “Бодьсадвын 37 гарын авлага” номын тайлбарт эргэн ороод өмнөхтэй адил бид юмсын мөн чанарыг буруугаар дүгнэдэг болохыг ахин дурдав. Зарим зүйлийг бид үнэхээр сайн, муу гэж үзсэний улмаас бидэнд тохиогоод буй олон асуудал үүсдэг ажээ.

Номын айлдварын төгсгөлд тэрээр “Бясалгалын зэргэмж” номын уламжлалыг сажын хамба Санжай Тэнзингээс хүртсэн бөгөөд Самъяа хийдэд Зогчэн Лама мөн айлддаг байсныг олж мэдсэн тухайгаа ярив. Харин “37 гарын авлага” номыг Хүннү Лама Тэнзин Жалцангаас хүртжээ.

Төгсгөлд нь маргааш Жанрайсиг бурханы авшиг хүртээхээ зарлалаа. Авшиг хүртээхийн өмнө Богд Зонховын “Мөрийн гурван эрхэм” номыг тайлбарлан айлдана гэсэн юм.
17-03-2017, 20:38
Вернуться назад