Dalailama / Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 50,000 гаруй хүмүүст номын айлдвар айлдлаа

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 50,000 гаруй хүмүүст номын айлдвар айлдлаа

2017 оны 4 дүгээр сар 8

Энэтхэг, Аруначал Прадеш, Даван – Алсад цахилгаан цахихыг эс тооцвол энэ өглөө Даван хотын дээр цэнхэр огторгуйд үүлс чуулсан, тогтуун сайхан өглөө байлаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ч мөн адил 17-р зууны үед баригдсан Даван хийдийн дуганы дээд ордноос морилон буух үед ихэд баяртай байв. Тэрээр Ига Чойзин талбайн зүг машинаар явахын өмнө түүнийг угтан хүлээж байсан олон хүмүүстэй дотночилон мэндэлж байсан юм.

Ингээд Дээрхийн Гэгээнтний эхний ажил нь мужийн ерөнхий сайд Пема Хандүгийн хамт VI Далай Лам Цаянжамцын нэрэмжит Спорт ордны нээлтийн ажиллагаанд оролцох ажил байсан юм. Үүний дараа засгийн газраас бүтээн байгуулах коллежийн барилгын шав тавих ёслол үйлдлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ойролцоогоор 50,000 гаруй хүмүүс цугласан номын айлдварын талбайд хүрэлцэн ирээд дуганы өмнө зассан индэр дээр сэнтийндээ заларлаа. Тэрээр тайзны дэргэд өөртэй нь ойр сууж буй нутгийн ахмад ирэдтэй дотночилон мэндлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 50,000 гаруй хүмүүст номын айлдвар айлдлаа
Аруначал мужийн ерөнхий сайд Пема Хандү Дээрхийн Гэгээнтэн
Далай Ламын номын айлдварын өмнө үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Аруначал Прадеш, Даван. 2017.04.08.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Ерөнхий сайд юуны түрүүнд Мон нутгийн ард иргэдийн өмнөөс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг морилон ирсэнд талархал илэрхийлээд, түүнийг зөвхөн морилон ирсэнд бус замын уртыг машинаар туулж, нутгийн олон ард иргэдтэй уулзаж, тэдний гэр оронд саатан морилсонд талархал илэрхийлсэн юм. Тэрээр 1959 онд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Кензаманийн хилээр давж Энэтхэгт цагаачлан орж ирэхэд тосон авсан Энэтхэгийн анхны нутаг нь Даван байсныг тэмдэглэн хэллээ. Даван хийд ч Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгт анх номын айлдвар айлдсан хийд ажээ. Тэрээр хэлсэн үгэндээ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг 20-р зуунд Гандигийн хийж байсныг 21-р зуунд үргэлжлүүлж буй хүчирхийллийг тэвчихүйн элч гэж тодорхойлсон юм. Мөн Даван нутаг нь VI Далай Ламын төрсөн нутаг тул энд Дүйнхорын их авшиг хайрлахыг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас хүслээ. Эцэст нь тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөгөөд үгээ өндөрлөв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Монгийн ард түмний итгэл, сүсэг бишрэлийг магтан сайшааж хэлэх үгээ эхэлсэн юм. Тэрээр 1959 онд энэ нутагт түр саатаад явсан тухайгаа дурсан ярив. Мөн боловсрол олгох институтын шав тавих ёслол үйлдсэндээ баяртай байгаагаа мэдэгдлээ.

“Хүний аз жаргал хайраас бий болдог. Таныг чиглэсэн их энэрэл хайр байх аваас та илүү их сэтгэл хангалуун хийгээд аз жаргалыг мэдрэх болно. Хэн нэгэн танд болон таны эргэн тойрны хүмүүст уурлах аваас та бүгдийн амгалан тайван байдлыг алдагдуулна шүү дээ. Бид 21-р зууныг энх тайван, энэрэн нигүүлсэхүйг өргөн хүрээнд хөгжүүлсэн эрин үе болгож чадна гэдэгт итгэлтэй байна. Би энд нисдэг тэргээр ирэх байсан боловч төлөвлөгөө өөрчлөгдөж газраар явж ирсэн билээ. Энэ нь надад алс холын зон олонтой уулзах, тэдний аж амьдралтай танилцах боломж өгсөн юм. Биднийг таатай угтан авсан хүн бүхэнд талархал илэрхийлье.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 50,000 гаруй хүмүүст номын айлдвар айлдлаа
Номын айлдварт сууж буй хүмүүс. Энэтхэг, Аруначал Прадеш,
Даван. 2017.04.08. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“1959 онд Лхас хотын нөхцөл байдлыг удирдах боломжгүй болсон байлаа. Би засаж залруулах арга зам хайсан боловч амжилт олоогүй юм. Хилийн дээс алхаснаас хойш ерөнхий сайд Нерү бидэнд туслах ажлыг зохион байгуулсан билээ. Би түүнтэй 1956 онд Бээжинд анх уулзаж байсан бөгөөд 1956 онд ахин уулзахдаа Төвөдийн нөхцөл байдлыг талаар ярилцсан юм. 1959 онд би Лхас хотоос зугатан гарч Энэтхэгийг хилийн дээсийг алхасны дараа л аюул, эрсдэлээс чөлөөлөгдсөнөө мэдэрсэн юм. Эндхийн хүмүүс намайг сүсэг бишрэлтэйгээр угтсан бөгөөд миний хойноос ирсэн олон төвөд иргэдийг ч найрсагаар хүлээн авч билээ.”

“Мужийн ерөнхий сайд өөрийн нутагт Дүйнхорын их авшиг хүртээхийг хүслээ. Би одоогоор баттай хариу хэлж чадахгүй ч сэтгэл оюундаа хадгалъя. Хамгийн гол нь та бүхэн дээдийн номыг илүү ихээр ойлгож авах нь чухал юм. Одоо ингээд “Бясалгалын зэргэмж” номын тайлбартаа орно. Энэ номонд бурханы шашны үндсэн онол, гэгээрэлд хүрэх арга зам, түүний үр дүнгийн талаар дэлгэрэнгүй айлдахын зэрэгцээ зөв бясалгалыг номлодог.”

“Нянгон Сунрав нь буддын гол сургаалыг шавь нарын оюун санаатай хэрхэн уялдуулах талаар номлосон юм. Хутагтын дөрвөн үнэн хийгээд гэгээрлийн гучин долоон эрдэм гэх мэт сургаалыг пали уламжлалын ном судраас мэдэх боломжтой ба билиг барамидийн сургаалыг санскрит уламжлалын ном шастираас үзэж судалдаг.”

“Бурхан Багшийн айлдсан бурхадын хот мандлыг бясалгах, мөн өөрийгөө ядам болгон бясалгах зэрэг нууц тарнийн сургаалыг онцгой бэлтгэгдсэн шавь нарт зориулагдсан юм. Жишээлбэл сажын 18 бүтээл, нинмавын 13 сонгодог бүтээлүүд зэрэг нийтлэг сургаалууд Төвөдөд ихэд дэлгэрсэн боловч нууц тарнийн ном сургаалд илүү их сонирхолтой байсан бололтой.”

“Бясалгалд хичнээн суусан ч, мөн хичнээн олон удаа тарни уншсан ч өөрийн сэтгэл өөрчлөгдөөгүй бол энэ бүгд үр дүнгүй болно гэсэн үг. Хэрэв та энэрэл хайрын тухай бодож, хоосон чанарыг ойлгохын төлөө нэлээдгүй хэдэн жилийг зарцуулж чадвал сэтгэлд өөрчлөлт гарч байгааг аяндаа мэдэх болно. Би хэд хэдэн ядамын бясалгал хийдэг боловч хоосон чанар, шүтэн барилдлага, энэрэн нигүүлсэхүй зэргийг бясалгах нь сэтгэлд үнэнхүү өөрчлөлт өгдөг юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Бясалгалын зэргэмж” номыг төвөдийн хаан Тисрон Дэзан хааны хүсэлтээр зохиосон бөгөөд “Бодьсадвын 37 гарын авлага” номыг төвөдийн эрдэмтэн Тогмэд Самбу зохиосон гэдгийг тайлбарлан ярьлаа. “Бодьсадвын 37 гарын авлага” номонд бодь сэтгэлийг хэрхэн үүсгэх талаар номлодог ажээ. Тэрээр номын айлдвар эхлэхийн өмнө багш, шавь хоёул өөрсдийн дотоод сэтгэлийн чиг хандлагыг зөв байлгах талаар дэлгэрэнгүй ярьсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 50,000 гаруй хүмүүст номын айлдвар айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдвараа айлдаж байгаа нь.
Энэтхэг, Аруначал Прадеш, Даван. 2017.04.08.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Цэлэй Рандол ламын адуу мал уналагат хэрэглэхгүй, мах идэхгүй, номын айлдварын өргөл барьц авахгүй гэж ам тангараг тавьсныг бишрэн ярив. Гоцанба даянч лам өглөг барьцын төлөө ном номлохгүй байх ёстой гэж айлдсаныг мөн эш татлаа. Номын айлдвар сонсож буй шавь нар ч зөв санаа сэдлээр ном сонсох ёстой гэдгийг хэлсэн юм. Тэрээр сөрөг сэтгэл хөдлөлийн хор уршигийг таньж, үүнээс салахын тулд гэгээрэлд хүрэхийг хүссэн тууштай итгэл хүслээр ном сонсох хэрэгтэй гэж зөвлөсөн юм.

Мөн шашин хоорондын эв найрамдлын талаар ярив. Ганц эмийг бүх өвчин эмгэгт сайн гэвэл инээдтэй хэрэг болохтой адил хүн бүхний шүтэх нэг шашин байх ёстой гэх нь буруу гэлээ.

Гамалашила гэгээний “Бясалгалын зэргэмж” номыг тайлбарлаж дуусаад энэхүү номын айлдварыг тэрээр сажын хамба Санжай Тэнзингээс хүртсэнээ хэлэв. Санжай Тэнзин багш энэ номын дамжлагыг Самъяа хийдэд Хамба Ламаас хүртсэн байна.

Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгүүлч нартай уулзсан юм. Тэрээр энэрэн нигүүлсэхүйгээр дамжуулж хүний үнэ цэнийг хөгжүүлэх эхний үүргийнхээ талаар ярьлаа. Шинжлэх ухааны эрдэмтэд хүний мөн чанарыг энэрэнгүй хэмээн баталсан тул итгэл найдвар төрж байгаагаа дурдаад хэрэв хүний мөн чанар уур хилэн байсан бол итгэл алдрах нь гарцаагүй гэсэн юм. Орчин үеийн боловсролын тогтолцоо нь материаллаг тал дээр дэндүү их төвлөрч, дотоод үнэ цэнийн хөгжлийг орхигдуулж байгаад харамсаж байгаагаа хэллээ. Энэ сарын сүүлээр ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулийн хөтөлбөрт шашнаас ангид ёс суртахууны хичээлийн хөтөлбөр боловсруулж буй эрдэмтэдтэй уулзах гэж буйгаа мэдэгдлээ.

Мөн шашин хоорондын эв нэгдлийг бий болгохын төлөө хичээдэг тухай ярихдаа олон шашин эв найртайгаар зэрэгцэн оршиж буй энэ Энэтхэг оронд бишрэлтэй ханддагаа хэлсэн юм. Эцэст нь улс төрийн үйл хэргээс бүрэн чөлөөлөгдсөн ч Төвөд орны байгал экологи болон төвөдийн хэл, соёлыг өвлүүлэн үлдээхийн төлөө ажиллаж байгаагаа ярьсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 50,000 гаруй хүмүүст номын айлдвар айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгүүлчидтэй уулзаж байгаа нь.
Энэтхэг, Аруначал Прадеш, Даван. 2017.04.08.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
XV Далай Ламын тухай асуусан асуултанд “Үүнийг хэн ч хэлж чадахгүй. Би үргэлжлүүлэн бусдын төлөө үйлчлэхийн хүсэн залбирч байна. Гэвч заримдаа би XIII Далай Ламын хойд дүр гэдэгтээ эргэлздэг.” гэж хариулав. Өөр нэгэн сэтгүүлч таны хойд дүрийг Хятадын засгийн газар батлах нь тэдний эрх мөн үү гэсэн асуултанд энэ бол утгагүй зүйл гэж хариулав. Тэрээр урьд өмнө Хятадын эзэн хаан Далай Ламын хойд дүрийг тодруулах тал дээр анхаарал хандуулдаг байсан нь тэд өөрсдийгөө шашны шавь гэж үзэж байсантай холбоотой гэж тайлбарлав.

“Хэрэв Хятадын засаг энэ хэрэгт оролцохыг хүсэж байгаа бол эхлээд хойд дүр тодруулах гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дараа нь өөрсдийн удирдагч Мао Зэдун, Дин Сиао Пин нарын хойд дүрийг хууль ёсны дагуу тодруулах хэрэгтэй.”

Даваны ард түмэн өөрийн нутагт ахин Далай Ламын дүр төрөхийг хүсч байгаатай адил Ладакт, бүр Европын оронд ч үүнийг хүсч байгаа гэдгийг мэдэгдэв. Тэрээр 1969 оны 3 сарын 10-ны өдрийн мэдэгдэлдээ Далай Ламын хойд дүр ахин төрөх эсэх нь төвөдийн ард түмнээс шалтгаална гэжээ. Хэрэв төвөдийн ард түмэн Далай Ламын институт цаашид хэрэггүй гэж үзвэл тэрээр хүлээн зөвшөөрч энэ тогтолцоо хаагдана. Гэхдээ энэхүү шийдвэрийг гаргах, эс гаргах эрх нь Төвөдийн цагаачид, монголчууд, Ладакаас Даван хүртэлх Гималайн бүс нутгийн иргэдэд буй хэмээн тэр үзэж байна.

Тэрээр энэ жилийн сүүлээр төвөдийн шашны удирдагч нартай энэ тухай зөвлөлдөж магадгүй гэдгээ мэдэгдлээ. Далай Ламын хойд дүр эмэгтэй хүн байж болох эсэхийг асуусанд "Яагаад болохгүй гэж? Эмэгтэй хүн хувилгаанаар тодорсон жишээ нэлээдгүй байгаа." гэж хариулав.

Дээрхийн Гэгээнтэн хэдэн жилийн өмнө Ньюаркт анх удаа өгсөн мэдэгдэлдээ нүдний шилээ аваад “Миний нүүрийг сайн хар! Миний хойд дүрийн тухай ярих нь тийм их яаралтай хэрэг гэж бодож байна уу? гэж хариулсан тухайгаа ярьлаа.

Эцэст нь хэрхэн залуу харагддаг талаар асуусанд:

“Заримдаа би энэ асуултанд миний нууц гэж хариулдаг. Гэвч үнэндээ энэ бол сэтгэлийн амар амгалангаас шалтгаалж буй юм. Мөн би өдөрт 9 цаг унтдаг. Би орой 6:30 унтаад өглөө 3:30 сэрдэг. Сэрээд 4-5 цаг бясалгал хийдэг. Ингэхдээ байнга нүдээ аниад суугаад байдаггүй, шүтэн барилдлагын онол зэргийг бясалгадаг.” гэж хариуллаа.

Маргааш Дээрхийн Гэгээнтэн мянган мутагт Жанрайсиг бурханы авшиг хайрлах ба VI Далай Лам Цаянжамцын төрсөн Үржин Лин газарт морилоно.
19-04-2017, 01:50
Вернуться назад