Dalailama / Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Францын шинэ ерөнхийлөгч Эммануэль Макронд баяр хүргэлээ

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Францын шинэ ерөнхийлөгч Эммануэль Макронд баяр хүргэлээ

2017 оны 5 дугаар сарын 8

Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөөдөр өглөө Францын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Эммануэль Макронд баяр хүргэж захидал илгээлээ.

Захидалдаа Дээрхийн Гэгээнтэн өнгөрсөн жил Франц Улсад хийсэн айлчлалын үеэр өөртэй нь уулзаж байснаа эргэн санан:

“Өнгөрсөн 9 дүгээр сард Парис хотод тантай уулзсан явдал нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан юм. Тэр үед таны илэрхийлсэн санаа, сэтгэл хөдлөлд маш их талархаж байна. Би олон удаа танай оронд очих үедээ нийгмийн давхрагын бүх хүрээний хүмүүсээс надад үзүүлсэн хайр, нөхөрлөлд хүндэтгэлтэй хандаж ирсэн билээ.”

“Орон нутгийн болон зөвхөн өөрийн үндэсний асуудлуудаа бус дэлхий нийтийн урт хугацааны нийтлэг ашиг сонирхолыг өмнөө тавидаг Европын Холбооны нэгдмэл санааг би биширдэг нэгэн гэдгийг та мэдэж буй. Би Европын Холбооны хүч чадал нь өсч, дэлхийн бусад тивүүдийн ирээдүйд дагах загвар нь байгаасай гэж найдаж байна.”

“Франц Улс нь Европын Холбооны тулгуур улсуудын нэг мөн бөгөөд ирээдүйд тохиох сорилтуудыг амжилттай даван туулж, идэвхтэй үүрэг гүйцэтгэх боломж бүрдэнэ гэдэгт би итгэлтэй байна.”

Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам түүнд сайн сайхныг хүсэн ерөөлөө.
12-05-2017, 02:01
Вернуться назад