Dalailama / Шашнаас ангид ёс суртахууны талаар АНУ, Канад, Энэтхэгийн оюутнуудтай ярилцлаа

Шашнаас ангид ёс суртахууны талаар АНУ, Канад, Энэтхэгийн оюутнуудтай ярилцлаа

2017 оны 5 дугаар сар 19

Энэтхэг, ХП, Дарамсала – Өнөөдөр гурван бүлэг оюутнууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай түүний өргөөнд уулзлаа. Оюутнуудын арав нь Америкийн Миннесотагийн их сургуулийн оюутнууд бөгөөд Дарамсала дахь Төвөдийн эм зурхайн институтэд богино хэмжээний курст суралцаж байгаа ажээ. Хорин оюутан нь Канадын Гуелфийн их сургуулиас ирсэн бөгөөд Дарамсала хот дахь Төвөдийн нийгэмд сайн дурын ажилд оролцож байгаа юм байна. Харин Хойд Энэтхэгийн Кангра Валли-д буяны үйл ажиллагаа явуулдаг Төвөдийн Тон Лен институтын ажилчид болон оюутан нийлсэн хорин таван хүн энэ уулзалтанд голлон оролцсон юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүрэлцэн ирсэн оюутнуудад талархал илэрхийлээд өөрийгөө өнгөрч буй 20 зууны хүн, харин та нар 21-р зууны иргэд тул сайхан ирээдүйг бий болгох хэрэгтэй гэж зөвлөлөө.

Шашнаас ангид ёс суртахууны талаар АНУ, Канад, Энэтхэгийн оюутнуудтай ярилцлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн өргөөндөө оюутнуудыг хүлээн авч уулзаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.05.19.
Гэрэл зургийг Тэнзин Пунцог (ДЛО)
“Миний үеийн хүмүүс энэ дэлхий дээр асар олон асуудал үүсгэсэн тул та нарын үеийн хүмүүс тэдгээр асуудлыг арилгахын төлөө хичээн ажиллах хэрэгтэй болж байна. Та нар илүү энх тайван цогцолсон дэлхийг бий болгохын төлөө хичээх хэрэгтэй. Нэгэнт хүний төрөлх чанар энэрэнгүй болох нь батлагдсан тул бидэнд итгэл найдвар төрж байна. Хэрэв хүний төрөлх чанар уур хилэн байсан бол бид найдвараа алдах байлаа.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Тон Лен институтын оюутнуудыг танилцуулсан юм. Тон Лен ТТБ нь сүүлийн 14 жилийн хугацаанд 300 гаруй ядуу буурай айлын хүүхдүүдэд тусламж үзүүлсэн бөгөөд тэдгээрийн зарим нь дээд боловсрол олоод байгаа ажээ.

Тон Лен институтын нэгэн багш үйл ажиллагаагаа танилцуулахдаа оюутнуудад шашнаас ангид ёс суртахуун болон оюунлаг хөгжилд анхаарсан боловсролын сургалт явуулж байгаа гэдгээ онцолсон юм. Тэрээр тус институтын оюутнууд шашнаас ангид ёс суртахууны сургалтын тал дээр бусад сургуулийн оюутнуудаас хавьгүй илүү байдгийг мөн тэмдэглэн хэлэв. Дараагийн төсөл нь “Маркетингийн ёс зүй” сэдэвтэй бөгөөд энэ нь ёс суртахууныг илүү өргөн хүрээнд сурталчилах зорилготой ажээ. Үүнд энэрэн нигүүлсэхүйн үнэ цэнийг ойлгуулсан зурагт хуудас, мэдээ мэдээлэл тараах зэрэг өргөн хүрээтэй ажил багтсан гэв.

Шашнаас ангид ёс суртахууны талаар АНУ, Канад, Энэтхэгийн оюутнуудтай ярилцлаа
Оюутнууд шашнаас ангид ёс суртахууны талаар уулзалтын үеэр тайлбарлан ярьж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.05.19.
Гэрэл зургийг Тэнзин Дамчой (ДЛО)
Тон Лен институтын хэд хэдэн оюутнууд иргэний ёс суртахууны талаарх өөрсдийн туршлагаасаа хуваалцсан юм. Нэгэн оюутан анх Бангалор хотын Христийн их сургуульд элсэн орсон хойноо айдаст автаж, санаа зовниж эхэлснээ ярьсан юм. Хэдийгээр түүний эргэн тойрны оюутнууд чинээлэг бөгөөд бүгд англи хэлээр чөлөөтэй ярьж байсан нь түүнд бусдаас дутуу мэт сэтгэгдэл төрүүлж байсан боловч тэрээр урьд нь өөрийгөө дайчлах арга ухаанд суралцсанаа санан урам орж сэргэсэн байна. Өөр нэгэн оюутан эмч болох чин хүсэлтэй байжээ. Тэрээр аливааг нарийн нягталж бодох чадвартай болсны ачаар зөв шийдвэр гаргаж чадсан гэдгээ ярьсан юм. Бусдын сайн сайхны төлөө ажилдаг өөр нэгэн залуу ярихдаа “Бид ядуу бөгөөд зовлон гэж юу болохыг мэднэ. Бидэнд байгаа зовлон бусдад битгий ирээсэй. Бид амар тайван бөгөөд нэг нэгэндээ дэмжлэг үзүүлдэг нийгмийг бий болгох хэрэгтэй.” гэсэн юм. Өөр нэгэн залуу гуйлгачин байсан тухайгаа дурсан яриад энэрэнгүй үйлс хийдэг нь түүний уур хилэнг арилгаж байгаа талаар ярив.

“Гайхалтай” хэмээгээд Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэлсэн юм. “Та нар миний үзэл санааг улам хурцаллаа. Та нар нийтийн туршлага, хүний үнэ цэнэ дээр суурилсан ёс суртахууныг ямар нэгэн шашинд хамаатуулалгүй бүх нийтэд түгээх боломжтой гэдгийг харуулж байна. Хүн бүхэн сайхан сэтгэл, эелдэг занг талархан хүлээж авдаг боловч харамсалтай нь материаллаг хөгжилд анхаарсан өнөөгийн боловсролын системд дотоод үнэ цэнийг таниулах зай завсар бараг байхгүй болсон байна. Бид шинжлэх ухааны ололт, олон нийтийн ач холбогдол, олон нийтийн туршлага дээр суурилсан дотоод үнэ цэнийг аль болох олон хүнд ойлгуулах хэрэгтэй.”

Шашнаас ангид ёс суртахууны талаар АНУ, Канад, Энэтхэгийн оюутнуудтай ярилцлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам оюутнуудтай уулзаж үг хэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.05.19.
Гэрэл зургийг Тэнзин Пунцог (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үргэлжлүүлэн өөрийн үүрэг харицлагын талаар ярьсан юм. Юуны түрүүнд хүн төрөлхтний нэгэн гишүүний хувьд хүн төрөлхтний нэгдмэл байдлын төлөө хичээн ажилдаг гэлээ. Хоёрдугаарт, Энэтхэг оронд дэлхийн бүх шашин эв найртай зэрэгцэн оршиж, шашин хоорондын эв нэгдэл байж болох зүйл гэдгийг баталж байгаа тул тэрээр дэлхий нийтийн шашин хоорондын эв нэгдлийн төлөө анхааран ажилдаг гэлээ. Гуравдугаарт, төвөд хүнийхээ хувьд, хэдийгээр төвөдийн улс төрийн эрх мэдлээ хүлээлгэн өгсөн ч өнөөг хүртэл Төвөдийн байгаль экологийг хадгалан үлдэх тал дээр анхааран ажиллаж байна гэсэн юм. Нэгэнт Индүс болон Брахмапутра мөрөн Төвөдөөс эхтэй гэдэг нь тодорхой тул Энэтхэг улс тэргүүтэй Азийн нэлээд хэдэн улс орон өөрсдийн усны эх үүсвэр дээр анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг онцлон хэлэв.

Төвөдийн соёл, мэдлэг боловсролын талаар тэрээр:

“Энэтхэг орон бидний багш, бид шавь нь мөн. Гэвч эрт дээр үеэс бидний өвлөж авсан мэдлэг боловсрол өнөөгийн Энэтхэгт мартагдаж үгүй болсон байна. Тиймээс эртний Энэтхэгийн мэдлэг боловсролыг аль болох олон нийтэд хүргэхийн төлөө ажиллах хэрэгтэй гэж би боддог. Энэ соёл боловсрол нь сэтгэл санаа болон сэтгэл хөдлөлийн талаарх гүн гүнзгий ойлголтыг өгдөг бөгөөд сөрөг сэтгэлээ хэрхэн дарах арга замыг заадаг юм.”

“Хэрэв бид хүмүүсийг ёс суртахуунтай болгож чадвал авилга, баян ядуугийн ялгаа, нийгмийн тэгш бус байдлыг арилгаж чадна. Бид эрүүл, тэгш нийгмийг бий болгож чадна.”

Шашнаас ангид ёс суртахууны талаар АНУ, Канад, Энэтхэгийн оюутнуудтай ярилцлаа
Уулзалтын үеэр Дээрхийн Гэгээнтнээс асуулт асууж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.05.19.
Гэрэл зургийг Тэнзин Пунцог (ДЛО)
Асуулт хариултын үед Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уур гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлд ашиг бий юу гэдгийг судалж үзэх хэрэгтэй гэж зөвлөв. Тэрээр эмч нар өвчтөнд хэзээ ч ууртай байхыг зөвлөдөггүй бөгөөд аль болох амар тайван байхыг зөвлөдөг гэдгийг хэлэв. Үүнийг бодож чадвал уур хилэн нь бидний оюун санааны амгалан тайван байдлыг алдагдуулдаг болохыг амархан ойлгож чадна гэлээ.

Сөрөг нөхцөл байдлыг хэрхэн давж гарах тухай асуултанд тэрээр Шантидева гэгээний зөвлөмжийг эш татсан юм. Нөхцөл байдлыг бодитоор дүгнэх хэрэгтэй. Хэрэв асуудлыг шийдэх боломж байвал хий дэмий санаа зовж суух нь тусгүй, мөн асуудлыг шийдэх ямар ч аргагүй тохиолдолд мөн л санаа зовох шаардлаггүй гэдгийг тайлбарлалаа.

Дэлхийд эерэг өөрчлөлтийг хэрхэн авчрах вэ гэсэн асуултанд “Илүү их энэрэнгүй мэдлэг боловсрол хэрэгтэй” гэлээ. Хятадын тухай асуултанд тэрээр “Хятад ахиад нэг соёлын хувьсгал гарах хэрэгтэй. Эхний соёлын хувьсгал нь уур хилэн, үзэн ядалтаар явагдсан бол өнөөдөр энэрэнгүй сэтгэл дээр суурилсан соёлын хувьсгал хийх хэрэгтэй байна.” гэсэн юм. Тэрээр нэмж хэлэхдээ хэдий чинээнд шудрага бөгөөд энэрэнгүй байхын хэрээр зовлон нимгэрэх ба эелдэг бөгөөд энэрэнгүй байхын хэрээр уур хилэн байхгүй болдог гэв.

Төгсгөлд нь тэрээр оюутан сурагч нарт талархал илэрхийлээд тэдний хийж буй үйл хэрэг үнэхээр урам зориг өгч байна гэдгийг ахин мэдэгдсэн юм.
23-05-2017, 17:42
Вернуться назад