Dalailama / Арун Шоуригийн “Хоёр Гэгээнтэн” номын нээлт болов

Арун Шоуригийн “Хоёр Гэгээнтэн” номын нээлт болов

2017 оны 5 дугаар сар 25

Энэтхэг, Шинэ Дели – Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үдийн бүгчим халуунд Энэтхэгийн Олон улсын төвд хүрэлцэн ирлээ. Түүнийг хуучны анд доктор Капила Вацяаяам болон Арун Шоури нар угтан авсан юм. Үйл ажиллагааны эхэнд Энэтхэгийн Харпер Колинсийн төлөөлөгч үг хэлэхдээ Рамакришна Парамаханса хийгээд Рамана Махаршигийн талаар өгүүлсэн Арун Шоуригийн “Хоёр Гэгээнтэн” номын нээлт болж байгааг танилцуулсан юм.

Зохиолч Арун Шоури уг номынхоо өмнөх үгэнд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг магтсан байна. Зохиолч бичихдээ цагаачилж буй Төвөдүүд Дели хотын Карол Баг дүүргийн хүн амаас ч цөөхөн боловч тэд дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын үйл хэргээс хамааралтай гэжээ.

Арун Шоуригийн “Хоёр Гэгээнтэн” номын нээлт болов
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд шинэ ном өргөн барьсан тархины саажилттай Адитяад эцэг Арун Шоури баяр хүргэн үнсэж байгаа нь.
Энэтхэг, Шинэ Дели. 2017.05.25. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Шоури номын нээлтэнд өөрийн хүү Адитяаг оролцуулахыг хүсэж буйгаа олон нийтэд мэдэгдлээ. Адитяа тархины саажилт өвчнөөр энэлж буй нэгэн боловч эцэг Шоуригийн номыг хоёр гардан барьж Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд өргөхөд Дээрхийн Гэгээнтэн хүндэтгэн бөхийж номыг хүлээн авсан юм.

Шоури цааш нь номын талаар тайлбарлан ярихдаа хоёр гэгээнтний үзэл онолын талаар аль чадлаараа судалгаа хийсэн бөгөөд тэдний туршлагын ноён оргил, ялангуяа тэдний насан эцэслэх үеийн талаарх сонирхолтой үйл явдлыг орчин үеийн неврологийн онолоор тайлбарласан гэлээ. Мөн тэрээр энэхүү номыг бүтээхэд хамтран ажилсан шинжлэх ухааны эрдэмтэн доктор Амариш Сатвик, гадаад явдлын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Шяам Саран, алдартай шүүгч Фали С Нариман нарыг олон нийтэд үг хэлэхийг хүсч урьсан тухайгаа ярьлаа.

Доктор Сатвик яриагаа эхлэхдээ энэхүү ном нь түүний эргэлзээг арилгасан, неврологийн судалгааны ажил болсон гэж дүгнэв. Тэрээр эргэлзээ бүхий олон асуултууд, жишээлбэл оюун санааны дотоод туршлагын оргил, уураг тархинд юу явагддаг, учир шалтгаан гэж юу болох гэх мэт орчлонгийн мөн чанарын талаар нэлээдгүй олон зүйлийг эцэслэн шийдэж чадсан байна. Тэрээр төгсгөлд нь Гамлетийн “Чиний гүн ухааны мөрөөдлөөс илүү зүйл газар, тэнгэрт байдаг юм.” гэж хэлсэн үгийг эш татлаа.

Арун Шоуригийн “Хоёр Гэгээнтэн” номын нээлт болов
Ноён Шяам Саран Арун Шоуригийн "Хоёр Гэгээнтэн" номын нээлтэнд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели.
2017.05.25. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Шяам Саран үг хэлэхдээ доктор Арун Шоурид оюун санааг дадлагжуулснаар уураг тархийг өөрчилж болдог тухай өгүүлсэн энэхүү сайхан ном гаргасанд нь талархал илэрхийлэв. Тэрээр хоёр гэгээнтэн үнэхээр гайхалтай хүмүүс байсан тухай өгүүлээд “Бурхан Багшийн айлдсан миний сургаалыг шууд хүлээж авах бус, судалж нягтласны эцэст дагах хэрэгтэй” гэж айлдсан айлдварыг бодитоор хэрэгжүүлсэн хүмүүс гэж тодорхойлсон юм.

Ноён Фали Нариман үг хэлэхдээ ухаалаг зөвлөгөө өгсөн юм. Тэрээр нэг шашны хүн нөгөө шашныг шүүх нь тэнэг явдал, хамгийн чухал нь өөрийн шашныг чин үнэнээр нь дагаж мөрдөх явдал юм гэж хэлсэн үгийг онцлон хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын үг хэлэх ээлж болоход тэрээр уламжлал ёсоор олон нийтэд хандан албан бус уулзалтыг илүүд үздэг ба цугласан хүмүүстэй ахан дүүс минь гэж мэндлэх боломж тохиож байдагт баяртай байдгаа ярьлаа. Сүүлийн 58 жилийн турш Энэтхэгт амьдрахдаа олон найз нөхөдтэй болсон, тэдний нэлээд хэсэг энд байгаад маш их баяртай байна гэсэн юм.

Арун Шоуригийн “Хоёр Гэгээнтэн” номын нээлт болов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Арун Шоуригийн "Хоёр Гэгээнтэн" номын нээлтэнд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели.
2017.05.25. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Өнөөдөр Энэтхэгийн олон найз нөхөдтэйгөө уулзаад хэдийгээр миний бие маань Төвөд боловч мэдлэг боловсролын хувьд би та нараас илүү Энэтхэг хүн гэж бодлоо. Учир нь би сөрөг сэтгэл хөдлөлийг арилгаж, дотоод сэтгэлийг хүчирхэгжүүлдэг эртний Энэтхэгийн Наландагийн уламжлалд суралцсаных юм. Төвөдүүд бид Энэтхэгийн их багш нарын шавь мөн. Эртний Энэтхэгийн цэвэр ариун мэдлэг боловсролыг бид та нараас өвлөн авсан. Тийм учраас энэ мэдлэг боловсролыг уугуул нутаг оронд нь түгээн дэлгэрүүлэхийн төлөө би хичээж байгаа.”

“Та нарын материаллаг хөгжилд ахиц гарсан ч үүнийгээ дотоод сэтгэлийн хүчин чадалтай уялдуулах хэрэгтэй. Энэтхэг орон нь орчин үеийн боловсролыг дотоод сэтгэлийн амар амгаланг бүрдүүлэгч эртний мэдлэг боловсролтой илүү уялдуулж чадах цорын ганц орон гэж би боддог. Үүнд сөрөг сэтгэл хөдлөлөө арилгаж түүний эерэг талыг дэмжих арга ухаан багтдаг юм. Бид дэлхийн энх тайвны тухай ярьдаг, гэвч юуны түрүүнд бидэнд өөрсдийн дотоод сэтгэлийн амар тайван байдал хэрэгтэй.”

“60 гаруй жил би эртний Энэтхэгийн саруул оюун ухааны номлолд суралцсаны үр дүнд эдүгээ уурласны ашиг тус байна уу гэх зэргээр өөрөөсөө асуух болгонд сөрөг сэтгэл хөдлөл бараг үгүй болж байна. Бурханы шашин дэлгэрэхээс өмнө төвөдүүд бид дайн тулаан хийдэг хүмүүс байлаа. Гэвч Энэтхэгээс гэрэл гийж эхэлснээр бид хүчирхийллээ хазаарлаж, илүү амар тайван, соёл иргэншилт нийгмийг эхлүүлсэн юм.”

“Тийм учраас би олон зууны турш уламжлагдсаар буй аливааг хүлээн авахдаа юуны түрүүнд нягталж судлах зарчмыг баримталдаг эртний уламжлалдаа анхаарал хандуулахыг өнөөгийн энэтхэгчүүдээс хүсдэг. 20 зууны эхээр орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд зөвхөн уураг тархийг судалдаг байсан бол өдгөө тэд оюун санааны үйл ажиллагааны талаар илүү их сонирхох болсон байна.”

Арун Шоуригийн “Хоёр Гэгээнтэн” номын нээлт болов
Хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.05.25.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүмүүсийг асуулт асуухыг хүслээ.

Оюун санааны олон түвшин байдаг талаар асуусанд тэрээр оюун санааг бүдүүн бөгөөд нарийн гэж ангилдаг талаар тайлбарлан ярив. Унтах үед ухамсар нарийн түвшинд очих бөгөөд гүн нойронд автсан үед илүү нарийн түвшинд шилждэг байна. Хамгийн нарийн хэлбэр нь үхэх үеийн сэтгэл юм гэв. Эдгээр нь түвшин бүртээ адил бус үйл хэрэг явуулах чадвартай ажээ.

Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа сүүлийн 50 жилийн хугацаанд 30 гаруй хүн оюун ухамсарын машид нарийн хэлбэрт оршиж байсан тухай ярьсан юм. Тэдгээр хүмүүс хэдий амьсгал хураасан ч нарийн ухамсар бие махбодиос гарахыг хүртэл 1-3 долоо хоногийн турш бие нь муудахгүй байсаар байжээ. Тэрээр энэ нь хойд нас бий гэдгийг нотлох учир шалтгаан болно гэсэн юм.

“Ирээдүй бидний үйл хэргээс хамаарна. Хэрэв эерэг үйл хэрэг хийж байвал үр дүн нь эерэг байх бөгөөд хортой үйл хэрэг хийвэл таагүй, үл хүссэн үр дагавар ирэх болно. Тиймээс ирээдүйн амьдрал өнөөгийн ямар үйл хэрэг хийж байгаагаас шалтгаалах юм.”

Тэвчээрийн тухай асуусанд тэрээр эртний Энэтхэгийн Шантидева гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” номын тэвчээрийн тухай номлосон 6 бүлэг, мөн бясалгалын талаар гардаг 8 бүлгийг үзэж судлахыг санал болголоо.

Арун Шоуригийн “Хоёр Гэгээнтэн” номын нээлт болов
Асуулт хариултын үеэр. Энэтхэг, Шинэ Дели. 2017.05.25. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Энэ амьдралаа аз жаргалтай болгох арга зөвлөөч гэсэнд “Дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүмүүс бүгд бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөлөөр адилхан, бүгд аз жаргалтай амьдрахыг хүсч, таагүй зүйлээс татгалзаж байдаг. Гэтэл бид өөрсдийн бий болгосон маш олон асуудалтай тулгарсаар байна. Тэдгээр олон асуудлууд гагцхүү бидний ахархан бодол, өөрийгөө дөвийлгөх хандлагаас үүдсэн юм. Бид өөрсдийгөө нийгмийн амьтад бөгөөд энэрэн нигүүлсэхүйн чанартай гэдэгт анхаарал хандуулахгүй байна.” гэж хариулав.

Тэрээр өнөөгийн боловсролын системийг эргэн харах хэрэгтэй гэлээ. Түүнийхээр орчин үеийн боловсролын систем нь гадаад материаллаг хөгжилд хэт их анхаарч, дотоод сэтгэлийн үнэ цэнийг орхигдуулж байгаа ажээ. Тийм учраас энэрэн нигүүлсэхүйн үнэ цэнэ, сайхан сэтгэлийн мөн чанарыг таниулсан хичээлийн хөтөлбөр зайлшгүй хэрэгтэй байна гэсэн юм. Дээрхийн Гэгээнтэн өөрийн оролцож байгаа ёс суртахууны боловсрол олгох хичээлийн хөтөлбөр удахгүй бүрэн гүйцэд боловрсуулж дуусах гэж буйг мэдэгдлээ.

Дараа нь нэгэн хүн Дээрхийн Гэгээнтний бодит байдлыг хэрхэн хүлээж авдаг болохыг сонирхон асуулаа. Дээрхийн Гэгээнтэн: “Бид юмсыг хүлээж авахдаа бодит байдлаас өөрөөр, бие даасан, тусдаа нэгэн зүйл байна гэж хардаг боловч нарийн судлахад огт тийм биш, бүгд бусадтай хамааран оршдог болохыг мэднэ. Мөн чанарыг таньж чадахгүй мунхаг ухаан нь юмс үзэгдлийг хэтрүүлэн үнэлдэг бол саруул оюун ухаан бодит үнэнийг л хардаг.” гэж хариулсан юм.
Шашинлаг хийгээд оюунлаг байхын ялгаа нь юу вэ гэсэн асуултанд иргэний ёс суртахуунтай байна гэдэг нь оюунлаг байхын хэлбэр юм гэлээ.

Эцэст нь хойд дүрийн талаарх асуултанд тэрээр 1960 онд Далай Ламын хойд дүр байх эсэх шийдвэрийг төвөдийн ард түмэн гаргана гэж мэдэгдсэн тухайгаа ярьсан юм.

Гэвч тэрээр орчлон хорвоо хэдийг хүртэл оршино тэр хүртэл амьтад орших бөгөөд үүнтэй сацуу би ч мөн адил тэнд оршиж амьтанд туслах болно гэж “Бодьсадвын явдалд орохуй” номонд айлдсаныг эш татан “Миний хойд дүр амьтдын тусыг хийхээр тэнд байсаар байх болно.” гэж айлдахад танхим алга ташилтаар дүүрсэн бөгөөд үүгээр энэ өдрийн уулзалт өндөрлөсөн юм.
4-06-2017, 08:02
Вернуться назад