Dalailama / Зуны хөтөлбөрт хамрагдаж буй Америкийн Емори их сургуулийн оюутнуудтай уулзлаа

Зуны хөтөлбөрт хамрагдаж буй Америкийн Емори их сургуулийн оюутнуудтай уулзлаа

2017 оны 5 дугаар сар 29

Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдөр Америкийн Емори их сургуулийн зуны хөтөлбөрт хамрагдаж буй Төвөд судлалын оюутнуудыг өөрийн өргөөндөө хүлээн авч уулзлаа. Тэрээр оюутнуудыг ихэд дотноор угтан авсан юм.

“Бие махбодийн хувьд сүүлийн 58 жилийн турш амьдарсан учир Энэтхэг орон миний хоёр дахь гэр минь болжээ. Харин оюун санааны хувьд аль зургаан настайгаасаа эхлэн эртний Энэтхэгийн мэдлэг боловсролд оюун санаа минь дэвтэгдэж эхэлсэн юм. Бид цагаачид боловч Энэтхэг орон бидний гэр орон мөн гэдгийг сайн мэдэж байна. Энэтхэгийн эрх чөлөө бидэнд шашны олон удирдагчид, шинжлэх ухааны эрдэмтэд гэх зэрэг маш олон янзын хүмүүстэй уулзах боломж олгосон юм.”

Зуны хөтөлбөрт хамрагдаж буй Америкийн Емори их сургуулийн оюутнуудтай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Америкийн Емори их сургуулийн оюутнуудыг хүлээн авч уулзаж байгаа нь.
Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.05.29. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Бурханы шашин, ялангуяа Наландагийн уламжлал нь бидэнд учир шалтгааныг судлах, турших, нягтлах, өөрийн саруул оюун ухаанаа бүрэн дүүрэн ашиглах боломжийг олгодог. Бидний дагаж мөрддөг уламжлалын гол зорилго нь хамаг амьтдыг зовлонгоос салгаж, тэднийг амар амгалантай болгох явдал билээ. Гэсэн ч бид дэлхий дээр буй араатан амьтан, жигүүртэн шувуу гэх мэтэд шууд тус хүргэж чадах нь өчүүхэн юм. Харин бид хамтарч, нэгдэн амьдарч буй эргэн тойрны хүмүүстээ илүү их тус болох боломжтой. Хүн төрөлхтөнд саруул оюун ухаан байдаг боловч түүнийгээ сөрөг буруу зүйлд ашиглаж байгаа нь юутай харамсалтай вэ?”

“21-р зууны залуучууд та нар энэ дэлхийд илүү сайхан цаг үеийг авчирна гэдэгт би бүрэн итгэлтэй байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа Емори их сургуул болон Төвөдийн ард түмний онцгой барилдлага улам нэмэгдэж байгааг онцоллоо. Үүний нэг жишээ нь Өмнөд Энэтхэг дэх төвөдийн томоохон хийдүүдийн 1000 гаруй лам хуврагууд Емори их сургуулийн дэмжлэгээр орчин үеийн шинжлэх ухаан болон англи хэлэнд гарамгай сайн суралцаж байгаа явдал юм гэв.

Мөн тэрээр төвөдүүд бид оюун санаа, сэтгэл хөдлөл хэрхэн ажилдаг, логик зарчмыг хэрхэн хөгжүүлэх арга уламжлалыг сүүлийн 1000 гаруй жилийн турш хадгалсаар ирсэн гэдгийг тэмдэглэн хэллээ. Энэ мэдлэг боловсрол өнөөгийн нийгэмд аз жаргалтай амьдрахад чухал ач холбогдолтой, тустай байх болно гэв. Энэхүү мэдлэг боловсрол анх Энэтхэгт үүссэн боловч өнөөгийн олон энэтхэгчүүд орчин үеийн хөгжилд хэт их анхаарсны улмаас үүнд ач холбогдол өгөхгүй болсныг дурдлаа. Тийм учраас эртний Энэтхэгийн соёл, мэдлэг боловсролыг өнөөгийн Энэтхэгт дэлгэрүүлэх ажил маш чухал гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм.

Зуны хөтөлбөрт хамрагдаж буй Америкийн Емори их сургуулийн оюутнуудтай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Америкийн Емори их сургуулийн оюутнуудыг хүлээн авч уулзаж байгаа нь.
Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.05.29. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Профессор Лувсан Тэнзин Неги энд хүрэлцэн ирсэн оюутнуудыг танилцуулав. Тэдний 25 нь Емори их сургууль, 2 нь коллеж, 4 нь факультетийн гишүүд ажээ. Тэрээр энэхүү зуны хөтөлбөр 2009 оноос эхэлсэн гэдгийг мэдэгдэв. Энэхүү зуны хөтөлбөр нь 6 долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Цагаач Төвөдийн нийгэмлэгийн удирдлага, мөн Емори их сургуулийн хүндэт профессор Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзаж орчин үеийн шинжлэх ухаан болон төвөдийн бурханы шашны уламжлалын талаарх хэлэлцүүлэгт оролцох хөтөлбөрийн дагуу явагддаг ажээ.

Мөн Дарамсалад байх хугацаандаа оюутнууд бясалгал, буддын гүн ухаан, төвөдийн уламжлалт анагаах ухааны хичээлд хамрагдаж, Төвөдийн буддын соёлын төв Норбүлинка, Төвөдийн төв номын сан, архив, Эм Зурхайн институт, Жүд Дод дацангуудаар аялаж танилцдаг байна.

2014 оноос эхлэн Өмнөд Энэтхэгийн Брайбун Лосалин дацан Емори их сургуулийн хөтөлбөрт албан ёсоор хамрагдаж, тус дацангийн зүгээс оюутан лам нарыг сургадаг болсон ба дацангийн лам нарт неврологи, биологи, физикийн хичээл зааж эхэлжээ.

Асуулт хариулт явагдахын өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бидний ярилцаж буй сэдэв болох оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаарх мэдлэг эртний Энэтхэгээс үүсэлтэй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй гэсэн юм. Мөн тэрээр Наландагийн уламжлал нь харилцан мэтгэлцэх арга замаар нэг нэгнээсээ мэдлэг олдог байсныг онцлон хэллээ. Ер нь Энэтхэгийн бүх уламжлал сэтгэл төвлөрөл, саруул билиг оюун, сэтгэл судлалын гүн мэдлэгт суралцахыг голлодог байна.

Зуны хөтөлбөрт хамрагдаж буй Америкийн Емори их сургуулийн оюутнуудтай уулзлаа
Емори их сургуулийн оюутнууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала.
2017.05.29. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Эхний асуулт нь энх тайвныг цогцлоох гэж буй газарт тулгарах олон саад бэрхшээлтэй хэрхэн нүүр тулах вэ? гэсэн асуулт байлаа. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа өнгөрсөн хугацаанд бие биенээ дайсан гэж үзэж байсан улс орон өнөөдөр нэгдэж, харилцан ашигтай ажиллаж байгаа Европын холбооны үзэл санааг ихэд биширдэг болохоо ярьсан юм. Мөн урд өмнө улс орнууд зөвхөн өөрийн эрх ашгийг боддог байсан нь өнөөгийн нөхцөл байдалтай огт нийцэхээргүй байгааг дурдсан юм. Дэлхийн улс орнууд улам их харилцан хамааралтай болсон учир хүн төрөлхтний нэгдмэл байдлын чухлыг улам бүр ойлгох хэрэгтэй болж байна гэлээ.

“Хамгийн гол нь 21-р зууныг энх тайвны эрин зуун болгох боломж бүрэн байна. Хүчирхийллийн үр дагаварт бий болсон олон асуудлыг арилгахад хэцүү байгааг өргөн нийтээрээ ойлгож байна. Хүч хэрэглэх нь хүний зөвхөн бие махбодийг хорьж чадахаас сэтгэл зүрхийг хорьж дийлэхгүй билээ. Энх тайван, амар амгаланг гагцхүү итгэл, нөхөрлөл дээр үндэслэн бий болгож чадна.”

Өөр нэгэн оюутан Дээрхийн Гэгээнтнээс “Та амьдралдаа олон шийдвэр гаргасан байх. Буруу шийдвэр гаргаж харамссан тохиолдол бий юу?” хэмээн асуулаа. Дээрхийн Гэгээнтэн үүнд хариулах хэцүү байна гээд “Гэвч зайлшгүй чухал шийдвэр гаргахын өмнө хүмүүс миний шийдвэрийг хэрхэн хүлээж авах бол хэмээн боддог.” гэж хариулсан юм.

Капиталист нийгмийн талаарх асуултанд “Хөрөнгө мөнгө, зах зээлийн хүчтэй эдийн засгийг бүрдүүлэхэд ямар нэгэн буруу зүйл байхгүй. Хамгийн гол нь өөрийн бий болгосон хөрөнгийг бусадтай хуваалцах, үр ашигтай зүйлд зарцуулах нь чухал байна. Бомбей хотын нэгэн чинээлэг гэр бүл биднийг адислаач гэж надаас хүссэн юм. Тэр үед би та нар Бомбей хотын ядуу хүүхдүүдийн боловсролд хөрөнгө мөнгө зарцуулж чадвал тэр чинь жинхэнэ адислал болно гэж хэлж билээ.” хэмээн хариуллаа.

Зуны хөтөлбөрт хамрагдаж буй Америкийн Емори их сургуулийн оюутнуудтай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Емори их сургуулийн оюутнуудтай уулзсаны дараа. Энэтхэг, ХП, Дарамсала.
2017.05.29. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Зовлонгоос хэрхэн ангижрах тухай асуусанд “Энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэхийн хэрээр оюун ухаан тэлэхэд чухал нөлөөтэй. Хэрэв амгалан тайван, энэрэнгүй байж чадвал бидэнд саруул оюун ухаанаа ашиглах боломж илүү их бий болно. Өргөн хүрээтэй бодож чадахгүй бол бодит үнэнийг олж харахгүй, улмаар ямар нэгэн үйл хэрэг хийсэн ч тэр нь бодит байдлаас хол, амжилтгүй байх болно” гэж хариуллаа.

Хамгийн сүүлийн асуулт нь хүчирхийллийн бус арга замын тухай байв.

“Бурханы шашин дэлгэрэхээс өмнө Төвөдүүд бид дайн тулаан хийхийг илүүд үздэг байлаа. Бидэнд асуудал тохиолдвол хүчээр шийддэг байв. Харин Энэтхэгийн их багш Шантаракшита Төвөдөд бурханы шашныг дэлгэрүүлснээр бидний амьдралын хэв маяг өөрчлөгдөж илүү энэрэнгүй бөгөөд хүчирхийллийн бус нийгмийг бий болгосон юм.”

Тэрээр Хятадын түрэмгийллийн дараа Энэтхэгт дүрвэн очиход бандит Неру түүнд Америкчууд Төвөдийг хамгаалж Хятадтай дайн хийхгүй гэдгийг анхааруулж байжээ. 1974 онд Төвөдүүд Дундаж Хандлага буюу Хятадаас бүрэн гүйцэд салан тусгаарлах бус, харилцан ашигтай хувилбарыг сонгосон байна.

Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүрэлцэн ирсэн оюутнуудад талархал илэрхийлээд хүн төрөлхтөн гэх том гэр бүлийн гишүүд гэдгээ байнга санаж явах, мөн 6 долоо хоногийн хугацаанд сурч мэдсэн зүйлээ өөрийн найз нөхөд, гэр бүлийн гишүүдтэйгээ хуваалцаарай гэж хүслээ.
6-06-2017, 18:29
Вернуться назад