Dalailama / “Залуу ерөнхийлөгчид”-тэй уулзав

“Залуу ерөнхийлөгчид”-тэй уулзав

2017 оны 6 дугаар сар 19

АНУ, Калифорниа, Нью Порт – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эртлэн замд гарахад төвөд иргэд болон бусад хүмүүс түүнийг үдлээ. Түүнийг Нью Портод хүрэлцэн ирэхэд 120 төвөд иргэд, Вьетнам, Хятадын сүсэгтнүүд, мөн Анахеим хотын дарга Том Тайт нар халуун дотноор угтан авсан юм.

“Залуу ерөнхийлөгчид”-тэй уулзав
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг төвөд иргэд уламжлалт ёсоор угтан авч байгаа нь. АНУ, Калифорниа, Нью Порт. 2017.06.19. Гэрэл зургийг Жереми Расселл (ДЛО)
Төвөдүүд уламжлалт ёсоор архи, арвайн гурил барин угтсан юм. Хүндэт зочин арвайн гурилаас чимхэн авч айлчлал амжилттай байхыг бэлэгдэн огторгуй өөд цацах бөгөөд архинд хуруугаа дүрэн амсдаг ёстой ажээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэхүү ёслолыг хэрхэн үйлдэх талаар Анахеим хотын дарга Тот Тайтад зааж өглөө.

Дээрхийн Гэгээнтэн орон нутгийн “Залуу ерөнхийлөгчдийн холбоо”, мөн “Дэлхийн залуу захирлуудын сүлжээ”-ний гишүүдтэй уулзсан юм. Түүнийг Анахеим хотын дарга Том Тайт танилцуулав.

Дээрхийн Гэгээнтэн уламжлал ёсоор яриагаа эхэллээ.

“Би олон нийттэй уулзах бүртээ ахан дүүс минь гэж мэндэлдэг. Учир нь дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүмүүс бүгд ахан дүүс мөн гэдэгт би итгэдэг. Бид адилхан төрж, адилхан эцэг, эхийн хайраар өсөж өндийдөг. Энэрэл хайрын сэтгэл нь зөвхөн шашнаас шалтгаалдаг зүйл биш ээ. Шинжлэх ухааны эрдэмтэд хүний төрөлх чанарыг энэрэнгүй хэмээн нотлосон юм. Хэрэв бид энэрэнгүй сэтгэлийг саруул оюун ухаантай хослуулан хөгжүүлж чадвал итгэл найдвар маань үр дүнтэй болно.”

“Залуу ерөнхийлөгчид”-тэй уулзав
Анахеим хотын дарга Том Тайт Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг "Залуу Ерөнхийлөгчдийн холбоо"-нд танилцуулж байгаа нь. АНУ, Калифорниа, Нью Порт. 2017.06.19. Гэрэл зургийг Жереми Расселл (ДЛО)
“Харамсалтай нь өнөөгийн боловсролын систем гадаад материаллаг хөгжилд төвлөрч, дотоод сэтгэлийн талаар хангалттай анхаарал хандуулж чадахгүй байна. Дотоод сэтгэлийн хөгжил урьд өмнө зөвхөн сүм хийдэд явагддаг байсан бол өдгөө орхигджээ. Тиймээс сургуулийн хүүхдүүдэд ёс суртахууны тухай хичээл оруулах хэрэгтэй.”

“Би энд та нартай уулзаж байгаадаа баяртай байна. Ялангуяа миний хуучин анд Том Тайт энд оролцож байгаад баяртай байна. Тэрээр өөрийн удирдаж буй хотыг “Энэрэнгүй хот” гэж нэрлэсэнд би маш их баяртай байдаг. Ноён Том Тайт болон түүний эхнэрт талархал илэрхийлье.”

“Та бүхэнтэй уулзах уулзалтыг би чухал гэж үзэж байна. Тиймээс юуны түрүүнд өөрийн үйл хэргийн тухай товч танилцуулъя. Би хүн төрөлхтнийг аз жаргалтай байлгах арга ухааныг дэлгэрүүлэхийг хичээдэг. Бид нийгмийн амьтад. Бид амар тайван үлдэх нь бидний нийгмээс шалтгаална. Өдгөө бид дэлхийн эдийн засгийн нэгэн хэсэг болсон. Тулгарч буй цаг уурын өөрчлөлт гэх мэт олон асуудлыг бид хамтдаа даван туулах шаардлагатай. Өнөөдөр зөрчилдөөн үүсч байгаа ч бид үүнийг арилгаж чадна.”

“Саяхан би Маяо эмнэлэгт очих үед эмч нар өвчтөний мэдлэг боловсрол, улс үндэс, итгэл үнэмшлийг асуулгүй гагцхүү түүнд ямар эмчилгээ тусламж хэрэгтэй байгаад анхаарал хандуулж байсныг би анзаарсан юм. Ихэнх асуудлууд маань бидний хоорондын хоёрдугаар зэргийн ялгаанд хэт их анхаарал хандуулснаас үүдэж байна. Үүнийг арилгах хамгийн гол арга нь хүн төрөлхтөн бид угтаа адилхан, ердийн нэгэн хүн гэдгээ санах явдал юм.”

“Залуу ерөнхийлөгчид”-тэй уулзав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Залуу Ерөнхийлөгчдийн холбоо"-нд үг хэлж байгаа нь. АНУ, Калифорниа, Нью Порт. 2017.06.19. Гэрэл зургийг Жереми Расселл (ДЛО)
“Дэлхийн голлох томоохон шашнууд бүгд энэрэл хайр, уучлал, тэвчээрийг номлодогоороо адилхан. Тэд гүн ухааны адил бус олон үзэл онолтой боловч уг зорилго нь адилхан байдаг. Мөн өөр өөр цаг үе, нөхцөл байдал, газар нутгийн онцлогоос шалтгаалсан олон янзын зан заншил бий болсон юм. Жишээлбэл еврей шашны “нүд нүдээрээ” гэх хэлц үг, муслимын шариа урсгалын эрэгтэй хүний давуу эрх мэдлийн хууль, мөн анги давхаргаар ялгаварлан үзэх Энэтхэгийн кастын систем гэх мэтчлэн бий.”

“Эдгээр зан заншил нь шашны сургаал номлол дээр үндэслээгүй, тухайн цаг үеийн нөлөөгөөр бий болсон тул халж, сольж, зогсоож болох юм. Мөн Далай Ламын институт ч ялгаагүй билээ. Тиймээс би маш тодорхой шийдвэр гаргаж улс төрийн эрх мэдлээсээ бүрэн татгалзсан бөгөөд цаашид ч Далай Ламын институт зөвхөн шашны үйл хэрэгт л анхаарлаа хандуулах болно.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа буддын болон муслимын террорист гэх нэр томьёо буруу болохыг мэдэгдсэн юм. Террористууд зөвхөн террорист бөгөөд тэд үнэхээр энэ замыг сонгож байгаа бол нэр төртэйгээр шашнаас татгалзах хэрэгтэй гэв. Тэрээр “Time” сэтгүүлд Бирмын асуудлын тухай “Буддын террорист” гэсэн гарчигтай нийтлэл гарсныг дурдаад хэрэв буддын лам нар муслимын эсрэг хүчирхийллийн арга замыг сонгосон бол буддын лам хувраг биш болж байгаа нь тодорхой гэсэн юм.

“Үүнтэй адил муслим нөхдүүд маань надад хэлэхдээ хэрэв цуст халдлага хийж л байгаа бол тэр хүн жинхэнэ муслимын шашинтан биш болох нь тодорхой. Учир нь муслимын шашинтай хүн Аллах тэнгэрийн бүтээсэн бүгдийг хайрлах ёстой байдаг гэж тайлбарласан юм.”

“Залуу ерөнхийлөгчид”-тэй уулзав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Залуу Ерөнхийлөгчдийн холбоо"-нд үг хэлж байгаа нь. АНУ, Калифорниа, Нью Порт. 2017.06.19. Гэрэл зургийг Жереми Расселл (ДЛО)
Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төвөд хүнийхээ хувьд Төвөдийн өндөрлөгийн байгал орчныг хамгаалахаар ажиллаж байгаа талаар ярьлаа. Азийн томоохон гол мөрөн Төвөдийн өндөрлөгөөс эхтэй бөгөөд 1 тэрбум гаруй хүмүүс тэрхүү уснаас ундаалж байна. Мөн тэрээр Төвөдийн соёлыг хадгалахын төлөө хичээж байгаагаа мэдэгдлээ. Үүнийг зөвхөн бурханы шашныг дэлгэрүүлэх зорилгоор бус, сэтгэл хөдлөл хийгээд оюун ухааны талаарх гүн нарийн мэдлэгийг түгээх зорилготой байгаагаа тайлбарласан юм. Уур хилэн гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн арилгах тухай академик түвшний судалгаа хадгалагдаж байгааг мэдэгдэв.

Үүнтэй уялдуулан иргэний ёс суртахууны мэдлэг боловсрол чухал байгааг онцоллоо. Иргэний ёс суртахуун гэдгийг Энэтхэгт бүх шашинтан, үүгээр зогсохгүй шашин шүтлэггүй хүмүүст ч хүндэтгэлтэй хандах гэж ойлгодог болохыг тайлбарлав.

“Шашныг хүлээн зөвшөөрдөггүй байж болох ч шашны үндсэн номлол болох энэрэл хайрыг хэн бээр эсэргүүцэх билээ?”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам мөн Төвөдийн бурханы шашны тухай тайлбарлахдаа Энэтхэгийн Наландагаас дэлгэрсэн бөгөөд эртний Энэтхэгийн сэтгэл судлалын маш нарийн мэдлэг нь учир шалтгаан хийгээд логик зарчим дээр суурилан дэлгэрсэн хэмээв. Тэрээр өөртэй нь уулзсан шинжлэх ухааны олон эрдэмтэн үүнд суралцах хүсэл нэн ихтэй болж байгааг дурдлаа. Бурханы шашны үндсэн сургаал номлолыг академик түвшинд судлах боломжтой ба өдөр тутмын ердийн амьдралдаа ашиглах хэрэгтэй гэж зөвлөв.

Дээрхийн Гэгээнтэн нэлээдгүй хэдэн асуултанд хариуллаа. Тэд Европ дахь цагаачдын талаар ярилцав. Дээрхийн Гэгээнтэн тэдгээр цагаачдыг хүлээн авч хорогдох байр, хоол ундаар тэтгэхийн зэрэгцээ янз бүрийн сургалтанд хамруулах хэрэгтэй гэсэн юм. Энэ нь ойрын ажил боловч алс хойчдоо тэдний дүрвэн зугатсан төрөлх эх нутагт нь энх тайвныг цогцлоох нь хамгийн чухал болохыг онцлов.

Энэрэнгүй сэтгэлтэй болоход хамгийн их саад болдог зүйл юу вэ гэсэн асуултанд амин хувиа хичээх, “бид” ба “тэд” гэж хуваагдах нь гол бэрхшээл болдог талаар ярив. 21-р зууны ардчилал хийгээд харилцан уялдаа нь нээлттэй бөгөөд өргөн хүрээнд сэтгэхээс нэлээдгүй шалтгаална гэлээ.

“Залуу ерөнхийлөгчид”-тэй уулзав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Залуу Ерөнхийлөгчдийн холбоо"-ны гишүүдтэй хамт. АНУ, Калифорниа, Нью Порт. 2017.06.19. Гэрэл зургийг Жереми Расселл (ДЛО)
Түүний улс төрийн үйл хэргээс хэрхэн татгалзсан талаарх асуултанд аль багаасаа л ардчилалын замаар явахыг хүсдэг байсан томоохон хүсэл мөрөөдөл биелэсэн тухай ярьсан юм. Мөн түүний хойд дүрийн талаар асуусанд тэрээр XV Далай Ламын институт ажиллах эсэх нь Төвөдийн ард түмний хүсэл зорилгоос шалтгаална гэж 1969 онд мэдэгдэж байснаа ярьлаа. Тэрээр хошигнон хэлэхдээ Хятадын засгийн газар үргэлж намайг буруутгадаг боловч миний хойд дүрд их анхаарал хандуулдаг гэв.

“Хэрэв миний хойд дүрийг сонирхож байгаа бол эхлээд өөрсдийн Мао Зэдун болон Ден Сяопин нарын хойд дүрийг тодруулах тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй.”

Эцэст нь ямар хоол идэх дуртай вэ гэсэн асуултанд тэрээр Шриланкын нэгэн лам түүнд ярихдаа лам хүн бадар барьж хооллодог тул бор хоол, цагаан хоол гэж ялгах боломжгүй гэжээ. Тэрээр Энэтхэг дэх төвөдийн томоохон хийдүүд, мөн сургуулийн нийтийн гал тогоонд махтай хоол бэлдэхийг хорьж аль болох цагаан хоол идэхийг уриалж байгаа ажээ.
28-06-2017, 15:14
Вернуться назад