АНУ, МН, Миннеаполис – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг энэ өглөө Старки сонсголын технологийн хүрээлэнд зочилох үеэр бороо орж байлаа. Түүнийг хүрээлэнд хүрэлцэн ирэхэд тус хүрээлэнг үндэслэгч хатагтай Тани Аустин болон түүний хүү хамтдаа угтсан бөгөөд тоног төхөөрөмж байрлах өрөөнд ноён Билл Аустин хүрээлэнг танилцуулахаар хүлээж байв. Дээрхийн Гэгээнтний бараа бологч нэлээдгүй хүмүүс сонсголын шинжилгээ өгөх үеэр үйл явц хэрхэн явагдаж буйг дэлгэцээр харуулсан юм. Энэ үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон ноён Билл Аустин нар сонсголын хэл яриа болон хүн төрөлхтний харилцаа холбооны талаар ярилцаж байв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сонсголын шинжилгээ хэрхэн явагддаг тухай сонирхож байгаа нь. АНУ, МН, Миннеаполис. 2017.06.22. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
“7 тэрбум хүн бүхэн аз жаргалтай амьдрахыг хүсч байна. Хүүхэд байхад эцэг, эхийн хайр бидэнд нэн чухал байдаг боловч өсөж том болохын хэрээр үүнийг хайхрахаа больдог. Өнөөгийн боловсролын систем гадаад материаллаг хөгжилд төвлөрч, хүний үндсэн чанарыг хөгжүүлэх тал дээр учир дутагдалтай хандаж байна.”
Старки сонсголын технологийн хүрээлэнгийн 2000 гаруй хүмүүс Дээрхийн Гэгээнтнийг угтаж байгаа нь. АНУ, МН, Миннеаполис. 2017.06.22. Гэрэл зургийг Старки сонсголын технологийн хүрээлэн
“Шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанарыг энэрэнгүй гэж нотлоод зогсохгүй эрүүл оюун ухаан бидний бие махбодид чухал нөлөөтэй болохыг нотолж байна. Нэгэнт энэрэл хайрын сэтгэл аз жаргалтай амьдралын үндэс суурь мөн тул би нэн тэргүүнд сайхан сэтгэлийн ач холбогдлыг хүн төрөлхтөнд таниулах ажлыг чухалчилж үздэг. Хэн ч асуудал бэрхшээлийг хүсдэггүй боловч бид нэг нэгнийхээ арьс өнгө, шашин шүтлэг гэх мэт хоёрдугаар зэргийн ялгаанд хэт их анхаарал хандуулсны улмаас өөрсдийн бий болгосон нэлээдгүй бэрхшээлтэй нүүр тулсаар л байна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Старки сонсголын технологийн хүрээлэнд зочлох үеэр тус хүрээлэнгийн 2000 гаруй гишүүдэд үг хэлж байгаа нь. АНУ, МН, Миннеаполис. 2017.06.22. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа өөрийн хоёрдугаар үүрэг болох шашин хоорондын эв нэгдлийг улам батжуулах талаар тайлбарласан юм. Харамсалтай нь зарим хүмүүс шашны талбарт хүмүүсийг “бид” ба “тэд” хэмээн хувааж, улмаар шашныг мөлжлөгө, бусдыг дээрэлхэх, хүчирхийлэх хэрэгсэл болгож байна гэлээ. Тэрээр ертөнцийг бүтээгч Эзэн тэнгэр байх эсэх, мөн үйлийн үрийн онол зэрэг шашны гүн ухааны адил бус үзэл онол байх боловч угтаа бүх шашин энэрэл хайрыг хөгжүүлэх, бусдад тусласны ач тус, бусдыг хорлосны хор уршигийг таниулах зорилготой байдаг гэсэн юм.
Тус хүрээлэнгийн гишүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа нь. АНУ, МН, Миннеаполис. 2017.06.22. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
“Бидний оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаарх ойлголт, мэдлэг их чухал байдаг. Жишээлбэл уур хилэн төрдөг нэг шалтгаан нь айдас юм. Уур хилэн цаашлаад үзэн ядалт болдог. Тиймээс уур хилэнг эрт даруй дарах хэрэгтэй. Уур хилэн аяндаа бий болдог бол энэрэл хайрыг дадлага болгосны үр дүнд хөгжүүлдэг. Уур хилэн хийгээд энэрэл хайрыг харьцуулж үзвэл хэдийгээр уур хилэн энерги хүч өгдөг боловч асуудалд хандах нь сохор байдаг. Биеийн эрүүл ахуй нь эрүүл мэндэд тустай байдгийг бүгд мэддэг, үүнд анхаардаг. Үүнтэй адил сэтгэл хөдлөлийн эрүүл ахуйг ч бид анхаарах хэрэгтэй.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам асуултанд хариулж байгаа нь. АНУ, МН, Миннеаполис. 2017.06.22. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
Маргааш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэрэл хайрын тухай хэлэлцүүлэгт оролцоно.