АНУ, Mассачусетс, Миннеаполис - Өчигдрийн бороо орсныг үл санагдуулам тэнгэр цэлмэсэн энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Старки кампус дахь Уиллиам Ф Аустин барилгыг зорилоо. Түүнийг морилон ирэхэд Билл болон Тани Аустин нар тосон авч, өнөөдрийн хуралдааныг удирдах Форест Уитакерыг Далай Ламд танилцуулав.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Форест Уитакертай мэндчилж байгаа нь. АНУ, Массачусетс, Миннеаполис, 2017.6.23.
эрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
Форест Уитакер өглөөний хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд морилон ирсэнд нь талархаад, өнөөдрийн дэлхий ертөнцийн зам заагч гэрэл гэгээ хэмээн түүнийг нэрлэсэн хамба лам Десмонд Тутугийн үгнээс эш татлаа. Дараа нь тэрээр хэлэлцүүлэг эхлэхийн өмнө урт амьсгаа авч тайвшрахыг зөвлөөд, нигүүлсэхүй гэдэг үгийг тодорхойлохыг оролцогчдоос хүсэв. Дээрхийн Гэгээнтэн асуултанд эхлээд хариуллаа.
“Нигүүлсэхүй бол бусдын төлөө санаа тавих, өөрөөр хэлбэл амьдралын туршлага, ухаарлын үндсэн дээр бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавих гэсэн үг. Бусад хүн бидэнд тусалж, энэрч хайрлахад бид аз жаргал мэдэрдэг шиг бид бусдад тусалж, хэзээд туслахад бэлэн байхад тэр нь хүмүүст баяр баяслыг төрүүлнэ. Бидний сэтгэл нигүүлсэнгүй байх тусам бид ил тод, шударга амьдарч, нуух хаах зүйл үгүй болно. Нигүүлсэхүйн хүчээр бид сэтгэлийн тэнхээтэй, айдас хүйдэсгүй, найз нөхдийн хүрээлэлд байна. Нийгмийн амьтны хувьд бидэнд анд нөхөд хэрэгтэй, анд нөхөдтэй байхад итгэлцэл чухал. Бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавьснаар итгэл бэхжинэ.”
Билл Аустин болон Форест Уитакер нар Дээрхийн Гэгээнтний айлдварын үеэр. АНУ, Массачусетс, Миннеаполис, 2017.6.23. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
“Миний найз, сэтгэл зүйч, танин мэдэхүйн шинжлэх ухааны эрдэмтэн Аарон Бек уур уцаартай байгаа хүмүүс дээр ажиглалт хийгээд уурлаж буй хүмүүс уур хүргэсэн хүнээ бүхэлд нь харлуулж хардаг гэж байсан. Гэвч түүний 90 хувь нь хувь хүний сэтгэхүйн төсөөлөл байдаг байна. Нөгөө талаас, түрүүний хэлснээ давтан хэлэхэд, нигүүлсэл бидэнд аливаад бодитоор, ухаалгаар хандах боломжийг өгдөг юм.”
Нигүүлсэл бол амьдралыг хүндэтгэх, өөрөөр хэлбэл хамгаалах, тэтгэн авч явах гэсэн үг хэмээн Билл Аустин хэллээ.
Дээр өгүүлсэн зүйлс бусдад өгөх гэсэн ухагдахуунтай холбогдож байна хэмээн Уитакер хэлэв. Зарим хүмүүс өгөхийг бодит зүйл өгөх хүрээнд явцуу ойлгодог ч, инээмсэглэлийн хүчийг дутуу үнэлж огт болохгүй гэж Тереза эх хэлдэг байжээ.
Өгөх гэсэн ухагдахууныг Дээрхийн Гэгээнтэн дөрөв ангиллаа. Хүмүүний амьдралыг хамгаалахуй буюу айдсаас ангижруулах эрх чөлөө өгөх, эд зүйлс өгөх, хайр энэрэл өгөх, заавар зөвөлгөө буюу боловсрол өгөх. Айдсаас ангижрах эрх чөлөө өгөх гэдэг нь бусдын амьдралыг хамгаалах, дэмжих гэсэн үг болохыг Далай Лам тайлбарлаад, үүний нэг жишээ нь Старки сонголын технологийн хүрээлэн хүмүүст илүү сайн сонсоход нь тусалж байгаа явдал гэлээ. Хоёр дахь нь орчин нөхцлийг бүрдүүлэх тухай болно. Харин гурав дахь нь энэрэнгүй сэдлээр, чин сэтгэлээсээ өгөх буюу хариу нэхэх сэтгэлгүйгээр өгөх юм. Дөрөв дэх нь боловсрол бөгөөд хүмүүс боловсролын хүчээр амьдрах хүчтэй болох ёстой. Бие бялдрын хийгээд сэтгэлийн эрүүл ахуйг сахихын тулд сэтгэл хөдлөлөө хэрхэн хянах тухай мэдэх шаардлагатай.
Хэлэлцүүлэг явагдаж байгаа танхим. АНУ, Массачусетс, Миннеаполис, 2017.6.23. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
“Манлайлахын тулд ард иргэдийн итгэлийг хүлээх шаардлагатай. Өөрийн зорилгоо бодитоор биелүүлэхийн тулд энэрэнгүй, мөн алсын хараатай байх хэрэгтэй” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав.
Билл Аустин хүлээн зөвшөөрөөд, гэхдээ өөрөө үлгэр дууриал болж манлайлах ёстой хэмээн нэмж хэллээ.
Дээрхийн Гэгээнтэн сэтгэлийн дотоод хүчийг онцлон тэмдэглэж хэлэхдээ, бие бялдрын хийгээд оюун санааны мэдрэхүйн ялгааг тайлбарлалаа. Боловсролыг сайжруулах нэг арга нь сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн тухай ойлголтыг боловсролын тогтолцоонд оруулах явдал юм. Сэтгэлийн тухай, юмс үзэгдлийн харагдах байдал болон бодит байдлын ялгааны талаарх эртний Энэтхэгийн мэдлэг гүн гүнзгий бөгөөд өнөөдөр бидэнд чухал хэрэгтэй байгааг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Нигүүлсэл бидэнд хэрэгтэй шиг аливаад бодитоор хандах нь ч мөн адил хэрэгтэй.
Өглөө босох бүртээ өөрчлөлт шинэчлэлийг хийж чадна гэдгээ ухамсарлахаас гадна хийх үүрэгтэй гэдгээ санаж байхыг Билл Аустин зөвлөлөө.
Хэлэлцүүлэг өрнөж байгаа танхим. АНУ, Массачусетс, Миннеаполис, 2017.6.23. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
Дэлхийн нөхцөл байддлыг хэрхэн сайжруулах вэ гэсэн асуултад шинэ залуу үеийн боловсролыг сайжруулах ёстой хэмээн Далай Лам хариулав.
Брандон Савалич өглөөний хуралдааныг хааж хэлэхдээ, хэлэлцүүлэгт үзэл бодлоо илэрхийлсэн гишүүд, ялангуяа Дээрхийн Гэгээнтэнд талархлаа илэрхийлсэн юм.
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Брянт нуурын эрэг дээрх Аустины гэрт Старки компанийн ажилчдын хамт үдийн зоог барив. Зоогийн дараа тэрээр буудал руугаа буцлаа.
Дээрхийн Гэгээнтэн маргааш Миннесотагийн төвөд иргэдтэй уулзаад, үдээс хойш Бостоныг зорих болно.