Dalailama / Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладакийн нийтийн сургуульд зочиллоо

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладакийн нийтийн сургуульд зочиллоо

2017 оны 7 дугаар сар 8

Энэтхэг, Жамму Кашмир муж, Ладак, Лех - Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Шивацел Потанаас Лехийг чиглэн явахад зам дагуу эгнэн жагссан сүсэгтнүүд гартаа цагаан хадаг барин, нүүр дүүрэн инээмсэглэлээр түүнийг үдэж байлаа. Зам засварын ажил хийж байсан хүмүүс ч түүнтэй мэндчилэхээр ажлаа түр зогсоож байв.

Лех хотын захад орших Ладакийн нийтийн сургуульд Дээрхийн Гэгээнтнийг морилон ирэхэд тус сургуулийг үүсгэн байгуулагч, сургуулийн удирдах зөвлөлийн тэргүүн Нони П. Ванчук угтан авлаа. Бага зэрэг эмээнгүй хэрнээ бахадсан харцаар харах бяцхан хүүхдүүд хурлын танхим хүртэлх зам дагуу эгнэн зогссон байх бөгөөд хурлын танхимд хүндэт зочноо хүлээн 1600 хүүхэд аль хэдийнээ цугларсан байв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладакийн нийтийн сургуульд зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын морилохыг хүлээн зогсох хүүхдүүд. Энэтхэг, Жамму Кашмир муж, Ладак, Лех, 2017.O7.08. Гэрэл зургийг Лувсан Цэрэн (ДЛО)
Сургуулийн захирал П.С. Белвал Дээрхийн Гэгээнтнийг хурсан олонд танилцуулсны дараа удирдах зөвлөлийн дарга сургуулийнхаа товч танилцуулгыг хийлээ. Анх 1991 онд цэцэрлэг хэлбэрээр эхэлж байсан энэ газар өдгөө 10 дугаар анги хүртэлх өргөн, орчин үеийн боловсролыг олгож байгаа талаар тайлбарлав. Зарим сурагчдын тооны шалгалтанд 100 оноо авсан үзүүлэлтээс сургуулийн амжилтыг харж болно. Сүүлийн үед Төвөд хэл, диалектик, мэтгэлцээн зэрэг хичээлийг сургалтын хөтөлбөрт шинээр нэвтрүүлж байгаа ажээ. Ерөнхий боловсролын төв зөвлөл 2012 онд Белвал захирлыг оны шилдэг багшаар тодруулсан байна.

Сурагчдыг мэтгэлцээний ур чадвараа харуулахын өмнө нэгэн эмэгтэй сурагч босч, мэтгэлцээн оюун ухааныг хурцалдаг, ухаалаг бөгөөд тогтуун болгодог талаар тайлбарлалаа. Сурагчид хоёр бүлэгт хуваагдан, идэвхтэй мэтгэлцэн ур чадвараа уралдуулсан байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладакийн нийтийн сургуульд зочиллоо
Сурагчид буддын гүн ухаанаар мэтгэлцэж байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмир муж, Ладак, Лех, 2017.7.8. Гэрэл зургийг Лувсан Цэрэн (ДЛО)
“Энэ сургууль болон бусад сургуулиас ирсэн багш ажилчид, сурагчдад талархлаа илэрхийлэхийг хүсч байна.” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. “Сая сургуулийн удирдах зөвлөлийн даргаас танай сургууль сайн хөтөлбөр, агуу зорилго бүхий төлөвлөгөөтэй болохыг сонслоо. Мэтгэлцээнийг идэвхтэй, урам зоригтой өрнүүлсэнд баярлалаа.”

“Хүн төрөлхтний сүүлийн 3000 жилийн түүхээс боловсрол хүний хөгжилд асар их үүрэгтэй байсан нь харагдана. Би 1960-аад оноос хойш Ладакт ирж байгаа бөгөөд энэ хугацаанд энэ орон нутаг, түүнчлэн боловсролд ямар ахиц гарч байгааг анзаарч байна.”

“Өнөөдөр 21 дүгээр зуунд бид өөрсөддөө байгаа бүх зэвсгээ хэрэглэх аваас энэ дэлхийгээ сөнөөнө. Энэ бол бодит аюул. Бид байгаль орчноо сүйтгэсэн, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Өнөөдрийн дэлхий ертөнц дааж давшгүй их хүндрэлтэй нүүр тулгарч байгаа бөгөөд тэдгээрийг шийдэх хариуцлага залуу үеийн та бүхэнд оногдож байна. Тиймээс та нар шиг залуу үеийнхэн бидний ирээдүйн итгэл найдвар болоод байна.”

“Хөгжил дэвшлийн эерэг өөрчлөлт их гарсан ч 20 дугаар зуун бол цус урсгасан зуун байсан. Хэрвээ бид тэр л замаараа явах аваас үр дагаврыг нь амсах л болно. Өнөөдөр бид энэ шинэ зуунд ирээдүйгээ хэрхэн хамгаалах, хүн төрөлхтний сайн сайхны төлөө юу хийх тухай бодох шаардлагатай байна. Хэрвээ энэ талаар өнөөдөр бид хүчин чармайлт гаргавал хүн төрөлхтнийг илүү энэрэнгүй болгож чадна. Хэрвээ бид хуучин замналаараа замнах аваас асуудал хүндрэлээсээ хагацахгүй нь мэдээжийн хэрэг юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладакийн нийтийн сургуульд зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладакийн нийтийн сургуулийн 1600 хүүхдэд яриа хийж байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмир муж, Ладак, Лех, 2017.7.8. Гэрэл зургийг Лувсан Цэрэн (ДЛО)
“Нийт хүн төрөлхтний эрх ашгийг огоорон зөвхөн өөрийн орны тухай бодох нь харалган явдал мөн. Шашны нэрийн өмнөөс хүчирхийлэл үйлдэж байгааг, баян ядуугийн зааг ялгаа өсөн нэмэгдэж байгааг бид харж байна. Дэлхийн нэг хэсэгт хүмүүс чинээлэг амьдарч байхад нөгөө хэсэгт хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэж байна. Бидний дадаж сурсан амьдралын хэв маяг энэ чигээрээ үргэлжилнэ гэж бодохын оронд түүнийг эргэн харж бодох ёстой. Илүү аз жаргалтай, илүү амар амгалан дэлхий ертөнцийг хэрхэн цогцлоох талаар бид бодох шаардлагатай байна. ”

“Асуудлыг хүч хэрэглэн шийдэх гэсэн бидний зуршлын улмаас 20 дугаар зуунд бий болсон ихэнх хүндрэл үргэлжилсэн юм. Хэтэрхий их хүчирхийлэл үйлдэгдсэн. Уур хилэн хийгээд хүчирхийлэл нь хүний мөн чанар мөн үү гэдэг асуултыг тавих ёстой. Тийм гэсэн хариулт гарч болох ч, хэрвээ бид нухацтай бодвол хүн жинхэнэ мөн чанартаа энэрэнгүй гэдэг нь тодорхой болно.”

“Би та нараас асууя—Та нар луу хүмүүс инээмсэглэн харахад дуртай юу, уурлан ширвэхэд дуртай юу?”

Сурагчид нэгэн дуугаар “Инээмсэглэхэд дуртай” хэмээн хариулав.

“Үүнд шашин ямар ч хамаагүй. Энэ бол бидний мөн чанарт буй зүйл, хайр энэрлийг хүсэх төрөлх зөн маань юм. Нийгмийн амьтан болохынхоо хувьд бид хайр энэрлийг хүсдэг. Уур хилэн хэдийгээр бидний сэтгэл хөдлөлийн нэг илрэл боловч тэр нь сүйтгэх мөн чанартай. Нөгөө талаас хайр энэрэл нь хувь хүн, гэр бүл, олон нийтийг аз жаргалтай болгодог.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладакийн нийтийн сургуульд зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа сурагчид. Энэтхэг, Жамму Кашмир муж, Ладак, Лех, 2017.7.8. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
“Хүний үндсэн мөн чанар, дотоод үнэт зүйлсийн талаарх ойлголтыг боловсролд тусгах цаг нь болсон.” хэмээн Дээрхийн Гэгээнтэн цохон тэмдэглэв. Үүний тулд бид эрүүл ухаан, хамтын туршлага, шинжлэх ухааны ололт дээр суурилах хэрэгтэй. Бидний үеийнхэн үеэ өнгөрөөж, харин 21 дүгээр зууны иргэд та бүхэн амьдралынхаа гараан дээр байна. Илүү амар амгалан дэлхий ертөнцөд илүү аз жаргалтай амьдралыг үзэх боломж та нарт байна. Ганц Ладак бус, харин Энэтхэгийн, илүү өргөн дэлхий ертөнцийн тухай бодоцгоо. Каруна буюу нигүүлсэхүйг удирдлага болгосон тайван замаар үйл хөдлөл хийхийг номлосон ахимсагийн тухай тунгаацгаа. Ахимса бол Энтэхгийн өв соёлын үнэт өвийн нэг билээ.”

“Алсдаа Энэтхэг орон ахимса, карунагийн зарчмын үндсэн дээр хүн төрөлхтний сайн сайхны төлөө үнэтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт би итгэдэг. Үүний тулд л би эртний Энэтхэгийн мэдлэгээс ундаргатай сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн мэдлэгийг сэргээхийг дэмжиж ажилладаг юм.”

Ладак бол эн тэргүүнд буддын шашинт газар ч, лалын ахан дүүс ч мөн голлох үүрэгтэй гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Олон талт, олон ургальч нийгэмд амьдрах нь нийтээрээ хүлээцтэй байх, илүү өргөнөөр сэтгэж амьдрахад тустай хэмээн тэрээр нэмж хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладакийн нийтийн сургуульд зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмир муж, Ладак, Лех, 2017.7.8. Гэрэл зургийг Лувсан Цэрэн (ДЛО)
Бие бялдрын хувьд эрүүл байхын тулд сэтгэл санаа амар амгалан байх ёстой гэдгийг Дээрхийн Гэгээнтэн санууллаа. Байнгын уур уцаар, уур хилэн эрүүл мэндийг сүйтгэдэг хэмээв.

“Нийгмийн амьтад болсон бидэнд нөхөрлөл маш чухал ач холбогдолтой. Нөхөрлөл итгэл дээр бэхждэг, бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавьснаар итгэл бий болно. Тиймээс хүний үнэт зүйлс, сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн талаарх мэдлэгийг бүх нийтийн боловсролын тогтолцоонд тусгах хэрэгтэй.”

Бидэнд бие махбодиос гадна сэтгэл, оюун гэж бий, түүнийгээ боловсруулж хөгжүүлж байх нь олон зүйлийг таньж мэдэхэд тустай гэдгийг Далай Лам тайлбарлалаа. Төвөд хэл сурснаар дээрх мэдлэгийн тухай өгүүлсэн Наландагийн их бандида нарын бүтээлээс унших боломж бүрдэнэ хэмээн тэр хэлэв. Өнөөдөр шинжлэх ухааны эрдэмтэд ч тэдгээр агуу сэтгэгчдийн бүтээл туурвилыг сонирхон судалж байгаа хэмээн давтан хэллээ.

Хүн төрөлхтний нэгдмэл чанарыг ухамсарлаж, илүү аз жаргалтай, илүү амар амгалан нийгэм байгуулах боломж хийгээд үүрэг хариуцлага оногдож байгааг Дээрхийн Гэгээнтэн сурагчдад дахин санууллаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладакийн нийтийн сургуульд зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа багш, сурагчид. Энэтхэг, Жамму Кашмир муж, Ладак, Лех, 2017.7.8. Гэрэл зургийг Лувсан Цэрэн (ДЛО)
Саруул ухаантай болгох Манзушри бурханы тарнийн дамжлага өгөхдөө Дээрхийн Гэгээнтэн сурагчдад хандан, та нарын насан дээр байхдаа би энэхүү тарнийг өдөрт 20 удаа уншдаг байсан нь үнэхээр оюун ухааныг хурцалж өгсөн хэмээв. Манзушир бурханы тарни “Ум ара база на дхи” –ийг уншсанаар хурдан, гүн, логик, өргөн болоод саруул ухаан хөгжинө хэмээн айлдлаа.

Сэтгэлийн сөрөг хандлагаа хэрхэн дарах тухай асуусан сурагчийн асуултад тэрээр хариулахдаа, бидэнд уур уцаар төрөх үед тэрхүү уурын 90% нь бидний төсөөллийн үр дүн байдаг хэмээн Америкийн сэтгэл судлаач Аарон Бекийн хэлж байсныг эш татлаа. Өөр нэгэн сурагч хойт насны тухай асуухад, ухамсрын тасралтгүй чанар хийгээд нарийн ухаан эх үгүй, төгсгөл үгүй тухай тэрээр тайлбарлав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладакийн нийтийн сургуульд зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа сурагч. Энэтхэг, Жамму Кашмир муж, Ладак, Лех, 2017.7.8.
Гэрэл зургийг Лувсан Цэрэн (ДЛО)
Тэвчээртэй, хүлээцтэй байхын ач холбогдлыг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлахдаа, уур хэдийгээр эрч хүч өгч байгаа мэт байдаг ч, тэр нь сохор хүч байдаг гэв. Уур уцаар хүчирхийлэл болж хувирахад амархан бөгөөд эцэс төгсгөлгүй үргэлжлэх нь буй. Уур бол бидний сэтгэлийн амар амгаланг бусниулдаг учраас бидний дотоод дахь дайсан мөн гэдгийг Дээрхийн Гэгээнтэн цохон тэмдэглэлээ. Энэ утгаар дэлхий дахины энх тайван бол хүн бүрийн сэтгэлийн амар амгалан дээр суурилах ёстой нь тодорхой.

Эцэст нь кастын тогтолцооны тухай асуултад, Бурхан Багш кастаар ялгаварлан үзэхийг дэмжээгүй, эсэргүүцэж байсан хэмээн хариуллаа.

“Надад боломж гарах бүрт кастын тогтолцоо бол үеэ өнгөрөөсөн заншил гэдгийг олон түмэнд ойлгуулах талаар ажиллахыг янз бүрийн шашны төлөөллүүдэд уриалдаг. Бид бүгд бие биенээсээ ялгарах зүйлгүй адилхан хүний төрөлтөн гэдгийг ч боломж олдох бүрт би давтдаг. Бидний амьдарч буй ардчиллын энэ эрин үед кастаар ялгаварлан гадуурхах нь үл зохицно.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладакийн нийтийн сургуульд зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай гар барихаар тэмүүлж байгаа сурагчид. Энэтхэг, Жамму Кашмир муж, Ладак, Лех, 2017.7.8. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн индрээс буугаад түүнийг тойрон бүчсэн сурагчидтай хамт зургаа авахуулсан юм. Дараа нь тэрээр сургуулийн эргэн тойрноор алхаж, түүнийг харахаар цонхоор шагайсан бяцхан хүүхдүүдэй гар барьсаны дараа бусад хүүхдүүдийн зүг гар далласаар машиндаа суув.
4-08-2017, 04:53
Вернуться назад