Dalailama / Зуны их чойрын хаалтын ажиллагаа

Зуны их чойрын хаалтын ажиллагаа

2017 оны 7 дугаар сар 10

Энэтхэг, Жамму Кашмер, Нубра Валли, Дискет – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Ладакийн хойд нутаг болох Нубра Валлид нисдэг тэргээр морилон ирлээ. Түүнийг онгоцны буудал дээр Тиксей ринбочэ, Хелхан ринбочэ, доктор Сонам Дава, Ладакийн Өөртөө засах Уулын хөгжлийн консулын дэд дарга, Ладакийн асуудал эрхэлсэн сайд Церин Дорже болон бусад албаны хүмүүс түүнийг угтсан юм.

Зуны их чойрын хаалтын ажиллагаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлчлалын цуваа Нубра Валлигийн зүг явж байгаа нь. Энэтхэг, Ладак, Нубра Валли. 2017.07.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Мөн нутгийн хүмүүс, лам хуврагууд, мөн муслимын шашны төлөөлөгч нар өөр өөрсдийн үндэсний уламжлалт хувцсаа өмссөн байх бөгөөд бүгд гартаа цагаан хадаг барин түүнийг угтав. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Дискет хийдэд хүрэлцэн ирэхэд Тиксей ринбочэ болон Гандан Ширээт асан Ризон ринбочэ нар угтсан юм. Тэрээр хэсэг зуур амарсны дараа нутгийн хүндэт зочдын хамт үдийн зоог барьлаа.

Номын айлдварын талбайд шинээр барьсан дуганы өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зул өргөж өнөөдрийн үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд шинэ дуганд зориулан богино хэмжээний уншлага уншлаа. Тэрээр бусад лам нар болон цугласан хүмүүсийн зүг мэндлээд суудалдаа суув. Гэвш Тарчин үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын ач ивээлээр Зуны их чойрыг Ладакийн Чогламсар, Ликир, Спитук, Тиксей, мөн энд Нубрагийн Дискетэд амжилттай зохион байгуулж эхэлснийг дуулгасан юм. Энэхүү Зуны их чойрын үйл ажиллагаанд олон газрын дацан хийдүүдээс эрдэмтэн лам хуврагууд уригдан оролцож байгаа бөгөөд муслимын ахан дүүс ч мөн сонирхон оролцож байгаа талаар мэдэгдлээ. Эцэст нь тэрээр Зуны их чойрын хаалтын баярт оролцохоор морилон ирсэн Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлэв.

Дараа нь Тиксей ринбочэ мандал өргөж, Ламдон сургуулийн сурагч хүүхдүүд Энэтхэгийн болон Төвөдийн төрийн дууллыг дуулсан юм. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам талархал илэрхийлж анхилуун үнэрт зандан модоор урласан Майдар бурханы дүрийг Тиксей ринбочэд бэлэглэв.

Зуны их чойрын хаалтын ажиллагаа
Зуны их чойрын хаалтын баярт Ламдон сургуулийн хүүхдүүд оролцож Энэтхэг болон Төвөдийн төрийн дууллыг дуулав. Энэтхэг, Ладак, Нубра Валли. 2017.07.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дискет хийдийн хамба лам үг хэлэхдээ Хималайн бүс нутгийн ард иргэдэд бурханы шашны гүн гүнзгий мэдлэг олгох номын айлдвар, мөн ариун нандин авшиг хайрлаж байгаад чин сэтгэлээсээ талархал илэрхийлсэн юм. Үүний үр дүнд хүмүүс бурханы шашныг хоосон итгэлээр бус, учир шалтгааны зарчимд суурилан шүтэж дагах ёстойг ухаарч байна гэлээ. Тэрээр Дискет хийдийг 15-р зууны эхэн үед Богд Зонховын шавь Жансэм Шэйрав Санбу анх байгуулсныг олон нийтэд танилцуулав. Өнөөдөр тус хийд нь 180 шавьтай, тэдгээрийн 57 нь хийддээ суралцаж байгаа бол бусад лам хуврагууд Өмнөд Энэтхэгийн Дашлхүнбо болон Гоман дацан тэргүүтэй томоохон дацан хийдэд шавилан сууж буддын гүн ухаанд суралцаж байгаа ажээ. Энэ жил тус хийдэд явагдаж буй Зуны их чойрт олон дацан хийдүүдээс цугласан 180 гаруй хуврагууд уран ухаанаа уралдуулан номын хуримд оролцож байгааг мэдэгдэв. Эцэст нь тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг урт удаан наслахыг ерөөлөө.

Ингээд лам нар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өмнө номын мэтгэлцээнээ эхэллээ. Лам хуврагууд их эрдэмтэн Тонмэ Санбугийн зохиол “Бодьсадвын 37 гарын авлага” номоос эш татан хэлэлцэв.

Ладакийн Өөртөө засах Уулын хөгжлийн консулын дэд дарга ноён Сонам Дава үг хэлэхдээ Ладакийн ард түмэнд онцгой хувь тавилан бий гэдгийг дурдсан юм. Учир нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бусад улс оронд түр зуур морилон өнгөрдөгтэй адилгүй Ладакт удаан саатдаг гэлээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтэнд зүгээр нэг сүжиглэх бус түүний айлдсан сургаал номлолыг бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй гэв. Үүний тулд хүн бүхэн түүний айлдвар сургаалыг анхааран сонсох хэрэгтэй гэж зөвлөв.

Зуны их чойрын хаалтын ажиллагаа
Орон нутгийн иргэдийн хурлын дарга Сонам Дава Зуны их чойрын хаалтын ажиллгаанд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Ладак, Нубра Валли. 2017.07.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Үүний дараа Дискет хийдийн лам нар номын мэтгэлцээн өрнүүлж өөрсдийн мэдлэгээ шалгууллаа.

Ладакийн бурханы шашны холбооны тэргүүн Цэвэн Тинлей үг хэлэхдээ Нубра нутгийн ард олонд Зуны их чойрыг зохион байгуулахад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэллээ. Мөн тэрээр Дээрхийн Гэгээнтэн бидэнд ихээхэн итгэл найдвар хүлээлгэж энд саатан ирдэг хэмээн мэдэгдэв. Номын их мэтгэлцээнд оролцохын тулд зайлшгүй хийдийн хүн байх шаардлаггүй гэдгийг тэмдэглэн хэллээ.

Дараа нь Ламдон сургуулийн хүүхдүүд буддын гүн ухааны анхны сэдэв болох өнгийн талаар мэтгэлцээн өрнүүлсэн юм.

Ладак болон Нубра дахь муслимын шашинтныг төлөөлж Гулам Мухаммед үг хэлэхдээ саяхан болж өнгөрсөн Дээрхийн Гэгээнтний төрсөн өдрийн мэнд хүргэлээ.

“Та зөвхөн бурханы шашинтан бус бүхий л шашинтнуудад хандан хэлдэг сайхан сургаал бүгдэд тань талархал илэрхийлье. Шашин хоорондын эв нэгдэл бид бүгдэд хэрэгтэй тул энэ тал дээр анхааран ажилдаг таньд чин сэтгэлээсээ талархаж байна. Зуны их чойрын мэтгэлцээнд оролцож буй хүн бүхэнд амжилт хүсье. Мөн дараагийн үйл ажилд бид хэрхэн оролцож, аль талаар дэмжин ажиллах талаар бодож байна.”

Түвдэн Цэван үг хэлэхдээ “Өөрийн шашныг сайтар ойлгохын зэрэгцээ бусад шашинд хүндэтгэлтэй ханддаг байх хэрэгтэй” гэсэн Дээрхийн Гэгээнтний айлдварыг цугласан олонд сануулсан юм. Мөн тэрээр “Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бидэнд үнэхээр нигүүлсэнгүй сэтгэлээр хандаж байна. Биднийг өөрсдийн үнэт шашин, соёлоо хадгалан үлдэх талаар байнга зөвлөж байна. Бид Төвөдийн ард түмний хүнд нөхцөл байдлыг хэзээ ч мартаж болохгүй.” гэсэн юм. Эцэст нь тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладак нутагт ахин дахин морилон ирэхийн ерөөл тавьлаа.

Гандан Ширээт асан Ризон ринбочэ үг хэлэхдээ бурханы шашин түүхэндээ өгсөж, уруудахын олон давааг давсан бөгөөд өдгөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын ач ивээлээр дэлхийн олон улс оронд бурханы шашин дэлгэрч байгааг дурдлаа.

Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам нэгэнтээ 113 насыг хүрнэ гэж зүүдлэснээ мэдэгдснийг дурдаад энэхүү зөн билиг биелэх эсэх нь түүний айлдвар сургаалыг хэрхэн дагах биднээс шалтгаална гэсэн юм.

Зуны их чойрын хаалтын ажиллагаа
Зуны их чойрын хаалтын ажиллагааны үеэр нутгийн нийт ард иргэдийг төлөөлж Тиксей ринбочэ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд талархалын бичиг гардуулж байгаа нь. Энэтхэг, Ладак, Нубра Валли. 2017.07.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам нэгэн дор цугласан 7000 гаруй хүмүүст үг хэлэхийн өмнө тэрээр олон удаа номын айлдвар хүртсэн Гандан Ширээт асан Ризон ринбочэ болон Тиксей ринбочэ тэргүүтэй хүмүүст хүндэтгэл үзүүлээд үгээ эхэллээ. Тав дахь удаагийн Зуны их чойрыг зохион байгуулсан бүх хүмүүст талархал илэрхийлэв. Тэрээр шашны гэхээсээ илүү мэдлэг боловсрол олгох үйл явдлууд илүү чухал гэж үздэгээ мэдэгдсэн юм.

“Бурханы шашны хэл шинжлэл, агахаан ухаан, сэтгэл судлалын шинжлэх ухаан гэх зэрэг их таван ухаан, бага таван ухаан бүгд дотоод сэтгэлийн амар амгалантай шууд холбоотой байдаг. Мөн академик түвшний хувьд ч дотоод сэтгэл судлалын шинжлэх ухаан нь оюун санааны амгалан тайван байдлыг бий болгодог гэж үздэг. Шашнаас ангид ёс суртахуун нь дотоод сэтгэл судлалын шинжлэх ухаантай шууд холбоотой. Би муслимын зарим төлөөлөгч ахан дүүс нар манай номын мэтгэлцээний хуримд оролцох сонирхолтой байгаад баяртай байна.”

Зуны их чойрын хаалтын ажиллагаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цугласан 7000 гаруй хүмүүст үг хэлж байгаа нь. Энэтхэг, Ладак, Нубра Валли. 2017.07.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Бид цагаачилж ирсний дараа номын мэтгэлцээнийг эхэндээ зөвхөн дацан хийдүүдэд явуулж байсан бол алгуур энгийн хүмүүс болон ерөнхий боловсролын сурагч, оюутан залууст үүнд суралцах боломж нөхцлийг бүрдүүлж чадсан юм. Учир шалтгаан, логик зарчмыг голлодог нь манай уламжлалын үнэт өв билээ. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд шинжлэх ухааны олон эрдэмтэдтэй эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсны үр дүнд тэдний үзэл онолд өөрчлөлт гарч эхэлсэн юм. Өмнөд Энэтхэгт зохион байгуулсан “Оюун ухаан ба амьдрал” хурлын үеэр шинжлэх ухааны эрдэмтэд лам нарын мэтгэлцээнийг үзэж сонирхоод бахдан биширч өөр сэдвээр ингэж мэтгэлцэж болох эсэхийг надаас асууж билээ. Би боломжтой гэж тэдэнд хэлсэн. Номын мэтгэлцээн нь оюун ухааныг хөгжүүлэх үнэхээр бодитой алхам юм.”

“Бурхан Багш өөрийн сургаалыг шавь шууд хүлээн авалгүй юуны түрүүнд нягталж судалж, үр дүнтэй эсэхийг мэдсэний дараа дагах хэрэгтэй гэж айлдсан юм. Тиймээс Наландагийн эрдэмтэд нарийн дүн шинжилгээ хийсний эцэст Бурхан Багшийн зарим айлдварыг үгчлэн хүлээж, зарим айлдварыг үгчлэн бус, тайлбарлан ойлгох хэрэгтэй гэдгийг тодорхойлсон билээ.”

“Одоогоор миний хэлэх зүйл ийм байна. Маргаашаас эхлэн хэд хоногийн турш номын айлдвар явагдана. Тухайн үед улам дэлгэрэнгүй ярих болно.”

Түүнийг үг хэлж дууссаны дараа хүмүүс сэтгэл хангалуун алга ташсан бөгөөд дараа нь Бикшү Лувсан Тэнзин үг хэлж Зуны их чойрт оролцсон эрдэмтэн багш нар, лам хуврагууд бүгдэд нь талархал илэрхийлэхийн зэрэгцээ ерөнхий боловсролын сургуульд Дөрвөн үнэний тухай хичээл зааж буй багш нарт тусгайлан баяр хүргэсэн юм.
7-08-2017, 13:27
Вернуться назад