Dalailama / Буддапалита номын айлдварын сүүлийн өдөр

Буддапалита номын айлдварын сүүлийн өдөр

2017 оны 9 дүгээр сар 1

Энэтхэг, ХП, Дарамсала – Өнөөдөр бодь сэтгэл төрүүлэх зан үйлийг үйлдэх учир Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын сэнтийг гоёомсог цэцэгсээр дүүрэн чимсэн байлаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг сэнтийндээ заларсны дараа энхүү дуганд анх удаа бүлэг хүмүүс Индонезийн хэлээр “Билгүүний зүрхэн” судрыг уншсан юм. Дараа нь Сингапурын эмэгтэй хувраг мөн “Билгүүний зүрхэн” судрыг ганцаараа уншив.

Буддапалита номын айлдварын сүүлийн өдөр
Зүүн Өмнөд Азийн сүсэгтнүүдэд зориулсан номын айлдварын сүүлийн өдөр Индонезийн сүсэгтнүүд "Билгүүний зүрхэн" судрыг уншиж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.09.01. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдвар эхлэх мөч болоход тэрээр “Илт онохуйн чимэг”, “Шүтэн барилдахуйн магтаал”, “Билгүүний үндэс” номуудын мөргөлийн шүлгүүдийг уншив.

“Өнөөдөр номын айлдварын сүүлийн өдөр бөгөөд бид ихэвчилэн бодь сэтгэл төрүүлэх зан үйлд илүү анхаарах болно.”

“Бурханы шашны ном сургаалын гол зорилго, үүгээр зогсохгүй бусад шашны гол сургаал нь ч аз жаргалыг олох арга замыг заадаг юм. Жаргал, зовлон аль алины үндэс нь бидний сэтгэлд байдаг. Бие эрүүл байхын тулд биеийн эрүүл мэндийг сахидагтай адил аз жаргалтай амьдрахыг хүсч буй бол оюун санаа болон сэтгэл хөдлөлийн талаар сайн ойлгож, оюун санааны эрүүл ахуйг сахих шаардлагатай.”

“Майдар бурхан бодь сэтгэл төрүүлснээр муу заяаны үүдийг хаана гэж айлдсан. Бусдыг хорлож, зовоох нь төрөх тэргүүтэй олон зовлонгийн үндэс болох бол бодь сэтгэл нь үүнийг зогсоодог юм. Хэдийгээр бага хөлгөний архадууд сөрөг сэтгэл хөдлөлийг арилгаж нирвааны амгаланд хүрч чадсан боловч бодьсадва нарын хувьд энэ нь бага үр дүн билээ. Бодьсадва нар эх болсон хамаг амьтдын төлөө гэгээрэлд тэмүүлдэг. Бодьсадва нар саруул оюун ухаанаа хөгжүүлж, юмсын мөн чанарыг таниж, улмаар бусдын сайн сайхан, амар амгаланг бүрдүүлэх үүрэг хүлээдэг.”

Буддапалита номын айлдварын сүүлийн өдөр
Номын айлдварын сүүлийн өдөр сүсэгтнүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.09.01. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Хар амиа бодох нь олон талын таагүй зүйлийг бүрдүүлж, муу заяаны зовлонг дууддаг. Тэгвэл бодь сэтгэл үүсгэснээр ахуй үеийн болон ашдын амар амгаланг авчирдаг юм. Шашин шүтсэн ч, эс шүтсэн ч сайхан сэтгэл бидэнд үр өгөөжөө өгөх нь гарцаагүй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа бусдыг дээрэлхэж, хуурч, доромжилсон хүмүүс амар тайван амьдрах боломжгүй бол бусдын төлөө гэх сайхан сэтгэлтэй хүмүүс амар тайван, эрүүл саруул амьдардаг тухай дурдлаа. Тэрээр бодьсадва нар хоосон чанарын тухай бүрэн гүйцэд ойлголттой болох ёстой нь өөрсдийн дотоод хөгжилд анхаарч буй хэрэг гэж онцолсон юм.

Тэрээр амьдралаа утга учиртай болгохын тулд сайхан сэтгэлээ хөгжүүлэх хэрэгтэй гэж зөвлөлөө. Эмч өвчтөнд амар тайван байх хэрэгтэй зөвлөдөг нь бие махбодь бус, сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй гэж зөвлөдөг болохыг ярьсан юм.

Буддапалита номын айлдварын сүүлийн өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бодьсадвын санваар хүртээв. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.09.01. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Бүх шашны уламжлал сайхан сэтгэлийг номлож, үүнийг эрхэмлэн дээдэлдэг. Адгуус амьтад өөрийг нь чин хайрлаж байгааг мэдэрч хариу үзүүлдэг. Ямар ч ажил хэрэг хийсэн бусдын төлөө гэх сайхан сэтгэлтэй байж чадвал хоёр талд ашигтай байх болно. Хамгийн гол нь өдөр тутмын амьдралдаа сайхан сэтгэлийг дадуулах явдал юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ийнхүү айлдаад энэ өдрийн бодь сэтгэл үүсгэх зан үйлээ эхэлсэн юм.

Номын айлдвар бүрэн гүйцэд өндөрлөж дууссаны дараа гаднаас хүрэлцэн ирсэн 1500 гаруй сүсэгтнүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хамт зургаа авхуулсан юм. Далай Лам төгсгөлд нь хэдийгээр долоо дугаар бүлгийг унших бодолтой байсан боловч цагтаа амжаагүй тул ирэх жил үргэлжлүүлэн тайлбарлана гэдгээ мэдэгдэв.

10-09-2017, 08:26
Вернуться назад