DataLife Engine > Мэдээ > Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр явагдсан номын айлдварын сүүлийн өдөр

Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр явагдсан номын айлдварын сүүлийн өдөр


14-10-2017, 08:19. Разместил: Battsengel
2017 оны 10 дугаар сар 6

Энэтхэг, ХП, Дарамсала – Цэвэр тунгалаг агаартай энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Зүглаг Хан дуганы зүг явган морилов. Тэрээр сэнтийндээ заларсан даруйдаа хэдэн өдөр үргэлжилсэн номын айлдварын сүүлийн энэ өдөр Цагаан Дарь Эхийн үүднээс насны авшиг хүртээнэ хэмээн айлдав. Ингээд Мангала судар болон Билгүүний Зүрхэн судруудыг унших завсарт Дээрхийн Гэгээнтэн насны авшиг хүртээх бэлтгэл зан үйл хийсэн юм.

Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр явагдсан номын айлдварын сүүлийн өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам авшиг хүртээх бэлтгэл зан үйл хийж байгаа нь. Энэтхэг, Дарамсала. 2017.10.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ удаагийн насны авшиг өгөх увидас нь V Далай Ламын ариун үзэгдлээс гарсан увидас болохыг мэдэгдлээ. Тэрээр залуудаа энэхүү увидсыг Тагдаг ринбочэгээс хүртсэн байна. Энэхүү увидас нь V Далай Ламаас хойшхи бүх Далай Лам нарын анхааран авлага болгодог тогтсон уламжлал болжээ. Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам энэхүү увидсыг анхааран авлага болгохын тулд зайлшгүй үйлдэх ёстой Хэрүгагийн бясалгал бүтээлийг гүйцэд хийсэн бөгөөд хожим V Далай Ламын гар бичмэл Энэтхэгт ирсэнээс хойш шавь нарт уг увидсыг түгээж эхэлсэн байна.

Тэрээр авшигийн өмнөх бэлтгэл номын хэсэг дээр Бурхан Багшийн сургаалыг мухар сохроор дагах бус, судалгаа шинжилгээ дээр үндэслэж дагах ёстой гэдгийг тэмдэглэн хэлэв. Мөн тэрээр буддын гүн ухааны хоёр үнэн, хутагтын дөрвөн үнэн зэрэг онолыг сайтар ойлгож, үүнийгээ гурван суртгаалтай уялдуулж, улмаар бага, дунд, их хөлгөний зам мөрөөр замнах ёстой гэдгийг тайлбарлав. Харин нууц тарнийн номлолд сэтгэлийн мөн чанар, гэгээн гэрлийн тухай тайлбарладаг ба амьтан бүхэнд бурханы чанар байдгийг тайлбарлан ярьлаа.

Дээрхийн Гэгээнтэн эхлээд увш санваар хүртэх хүсэлтэй энгийн хүмүүст уг санваарыг хүртээгээд авшиг хүртээх зан үйлээ эхэлсэн юм. Юуны түрүүнд авшиг хүртэх гэж буй бүх хүнд бодь сэтгэл үүсгэх зан үйл үйлдэж дараа нь бодьсадвын санваар хүртээлээ.

Авшиг хүртээж дууссаны дараа Тайваны сүсэгтнүүд XIV Далай Ламын хоёр багш болох ёнзин Лин ринбочэ болон Тижан ринбочэ нарын зохиосон XIV Далай Ламын өлмий бататгах залбирлыг уншлаа.

Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр явагдсан номын айлдварын сүүлийн өдөр
1300 гаруй Тайваны сүсэгтнүүд энэ удаагийн номын айлдварыг хүртлээ. Энэтхэг, Дарамсала. 2017.10.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Энэ удаагийн номын айлдварыг хятад, англи, солонгос, вьетнам, хинди, тай, франц, герман хэлээр шууд орчуулсан юм. Орчуулагч нар болон уг айлдварыг зохион байгуулагч нар нэгдэн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд хадаг барьснаар энэ удаагийн номын айлдвар өндөрлөв.

Эмэгтэй хуврагуудын хүсэлтээр Дээрхийн Гэгээнтэн 21 Дарь Эхийн залбиралыг уншиж аман эш хүртээв.

Ингээд Тайваны сүсэгтнүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хамт зургаа авхуулснаар үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

Вернуться назад