Dalailama / Нийгмийн шинжлэх ухааны Калинга институтын оюутнуудад илтгэл тавьлаа.

Нийгмийн шинжлэх ухааны Калинга институтын оюутнуудад илтгэл тавьлаа.

2017 оны 11 дүгээр сар 21

Энэтхэг, Одиса, Бхубанесвар – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бхубанесвар хотын нийгмийн шинжлэх ухааны Калинга институтыг зорих үед тэнгэр цэлмэг, тунгалаг сайхан өглөө байлаа. Түүнийг хүрэлцэн ирэхэд баясан инээх оюутнууд замын хоёр талаар жагссан байх ба зарим нь Дээрхийн Гэгээнтнийг тавтай морилохыг хүссэн плакат барьсан байв.

Калинга институтыг үндэслэгч доктор Ачяута Саманта болон албаны хүмүүс Дээрхийн Гэгээнтнийг угтлаа. Тэд хамтдаа Бурхан Багшийн сэрэг дүрийн өмнө цэцгэн эрхи өргөж, мөн дурсгалын мод суулгасан юм.

Нийгмийн шинжлэх ухааны Калинга институтын оюутнуудад илтгэл тавьлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калинга институтэд зочлон ирж байгаа нь. Энэтхэг, Одиса, Бхубанесвар. 2017.11.21. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн голфын цахилгаан машинаар тайзны зүг явсан бөгөөд энэ зуур хүүхдүүд бүжиг бүжиж, хөгжим тоглож, зарим нь йогийн үзүүлбэр үзүүлж байв. Энэ бүгдэд тэрээр сэтгэл хөдөлж байгаа нь илт байлаа. Тайзанд хүрэлцэн ирснийхээ дараа үйл ажиллагааг эхлүүлж хүндэтгэлийн зул өргөв.

Доктор Саманта орияа хэлээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг тэнд цугласан 25,000 оюутнуудад танилцуулахдаа Далай, Лам гэсэн үгийг тайлбарласан юм. Тэрээр оюутнуудад илтгэл тавихаас өмнө Калинга институтын 10 дахь удаагийн хүмүүнлэгийн шагналыг Дээрхийн Гэгээнтэнд гардуулав.

Нийгмийн шинжлэх ухааны Калинга институтын оюутнуудад илтгэл тавьлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калинга институтын хүмүүнлэгийн шагналыг гардаж байгаа нь. Энэтхэг, Одиса, Бхубанесвар. 2017.11.21. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн цугласан оюутнуудтай “Ахан дүүс минь” хэмээн мэндэлж та бүхэнтэй энд уулзаж байгаадаа туйлын баяртай байна гэдгээ мэдэгдлээ.

“Би үргэлж ирээдүй бидний гарт бий гэж боддог. Өнгөрсөн цаг үе нэгэнт өнгөрсөн ба түүнийг бид засаж залруулах боломжгүй. Харин ирээдүй хараахан ирээгүй байна. Залуучууд та нарт сайхан ертөнцийг бий болгох үүрэг хариуцлага, боломж нөхцөл бүрэн бий. Хичнээн хөгжил явагдаж байсан ч 20-р зуун хүчирхийллийн эрин үе байлаа. Энэ үед шинжлэх ухааны эрдэмтэд агуу их оюун ухааныг сөрөг зүйлд ашигласан нь үнэхээр харамсалтай.”

“21-р зууны эхэнд аллага явагдсаар байгаа тул энэ дэлхийг амар тайван болгохын тулд тууштай алхам хийх хэрэгтэй байна. Бид амар тайванг хүсэж байгаа бол хүний амгалан тайван байдлыг алдагдуулдаг уур хилэн, хардалт, өс хонзон гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлийг арилгаж дотоод сэтгэлийн амгалан байдлыг бүрдүүлэх хэрэгтэй. Амар тайван байх үед уур төрөх ямар байдаг билээ? Уур хилэн хүчирхийллийг өдөөх нь амархан байдаг. Тэгвэл хэрхэн уур хилэнг арилгах вэ гэвэл энэрэл хайрын сэтгэлийг хөгжүүлснээр үүнийг арилгах болно.”

Нийгмийн шинжлэх ухааны Калинга институтын оюутнуудад илтгэл тавьлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калинга институтын 25,000 оюутнуудад илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Одиса, Бхубанесвар. 2017.11.21. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанар энэрэнгүй болохыг баталсан. Хэрэв энэрэнгүй биш бол найдлага байхгүй гэсэн үг. Ямартаа ч бид бүхэн эхээс төрж, эхийн хайранд тэтгэгдэж өсөж өндийсөн нь тодорхой. Хэдийгээр ядуу ч гэлээ хөршүүд маань бидэнд сайхан сэтгэлээр ханддаг бол бид сайн хөрш л гэж харна шүү дээ. Харин уур хилэн ихтэй, хүчирхийлэл үйлддэг хөршүүдтэй байна гэдэг хэцүү. Сөрөг сэтгэл бидний амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Хэрэв сөрөг сэтгэлтэй л бол та хаана ч байсан таны таатай сайхан уур амьсгалыг үгүй хийх болно.”

“Бид багадаа хайр энэрэлийг талархан хүлээж авдаг байсан бол өсөж том болохын хэрээр үүнийг орхиж мөнгө, эрх мэдэлд илүү дуртай болдог. Энэ нь орчин үеийн боловсролын тогтолцоо дотоод үнэ цэнийг орхигдуулж, гадаад материаллаг зорилго агуулсны нэгэн жишээ билээ.”

“Дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүн бүгд бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөлийн хувьд адилхан гэдгийг санах нь чухал юм. Гэтэл бид баян ядуу, өндөр зиндаа, эсвэл дорд ард гэж ялгадаг нь “Бид”, “Тэд” гэсэн хуваагдлыг улам л бататгах болно. Энэ нь ямар ч хэрэггүй бөгөөд үеэ өнгөрөөсөн, ардчилалын бус арга зам билээ. Бид өөрийгөө бусадтай адил, хүн төрөлхтний нэг гэж бодох нь асар их итгэлцэлийг бий болгодог.”

Нийгмийн шинжлэх ухааны Калинга институтын оюутнуудад илтгэл тавьлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калинга институтын оюутнуудтай уулзаж байгаа нь. Энэтхэг, Одиса, Бхубанесвар. 2017.11.21. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Өнөөгийн дэлхий ертөнц ёс суртахуунаар дутагдаж, сөрөг муу сэтгэлийг хэрхэн арилгах арга замыг мэдэхгүй байна. Тийм учраас өдгөө асар чухал болоод буй эртний Энэтхэгийн мэдлэг боловсролоос бид суралцах хэрэгтэй. Маш олон энэтхэгчүүд үүнийг тоохгүй байгаа ч та нар шиг залуучуудтай уулзах бүртээ би энэ бол энэрэнгүй нийгмийг бий болгох үндсэн арга зам юм шүү гэж хэлдэг.”

Дараа нь ойролцоо орших Технологи үйлдвэрлэлийн Калинга институтын зааланд хүрэлцэн ирж 1600 гаруй хүмүүстэй уулзсан юм. Энэ уулзалтанд тэрээр Бурхан Багшийг агуу сэтгэгч, шинжлэх ухаанч хүн байсан талаар ярьлаа. Тэрээр өөрийгөө ч хагас хуврага, хагас шинжлэх ухаанч гэж боддог гэв.

Нийгмийн шинжлэх ухааны Калинга институтын оюутнуудад илтгэл тавьлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калинга институтын технологийн салбарын хурлын танхимд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Одиса, Бхубанесвар. 2017.11.21. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Асуулт хариултын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүн төрөлхтөн бүгд аз жаргалтай байхыг хүсдэг бөгөөд ийм байх ч эрхтэй гэж хэлэв. Тэрээр ихэвчлэн буддын санскрит ном бүтээлээс орчуулагдсан Ганжуур, Данжуурын 300 гаруй боть номноос түүвэрлэн авч саяхан хэвлэсэн “Шинжлэх ухааны хураангуй” ба “Гүн ухааны хураангуй” гэх хоёр номыг онцлон ярьлаа. Эдгээр номонд сэтгэл судлалын шинжлэх ухаан болон үзэгдэл юмс хийгээд бодит үнэн хоорондын ялгаа зэрэг чухал хэрэгтэй олон үзэл онол багтсан байгаа гэв.

Тэрээр Төвөдийн буддизм нь гүн ухаан болон сэтгэл судлалын талаарх өргөн бөгөөд асар гүнзгий ойлголтыг учир шалтгаан, логик зарчимд үндэслэн гаргадаг талаар ярьлаа. Энэ нь шинжлэх ухааны эрдэмтдийн сонирхолыг ихэд татдаг байна. Бурхан Багш өөрийн шавь нартаа миний сургаалыг сохроор дагаж болохгүй, байнга нягталж, судалж байх хэрэгтэй гэж зөвлөсөн гэдгийг дурдав.

Нийгмийн шинжлэх ухааны Калинга институтын оюутнуудад илтгэл тавьлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калинга институтын технологийн салбарын хурлын танхимд 1600 төвөд иргэдтэй уулзав. Энэтхэг, Одиса, Бхубанесвар. 2017.11.21. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Үдийн зоог барьсаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн цагаачдын Пунцоглин тосгоноос ирсэн 1600 гаруй төвөд иргэдтэй уулзсан юм. Уулзалтын эхэнд уг тосгоны дарга товч танилцуулга хэлэхдээ энэ тосгон анх 1963 онд 849 акр газартайгаар эхэлсэн ба 300 гаруй эрэгтэй, эмэгтэй хуврагууд шавьлан суудаг сүм хийдтэй, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн дотуур байр, Швейцар дахь төвөдүүдийн дэмжлэгээр ахмадын асрамжийн газар барьсан зэрэг нэлээдгүй хэдэн ажил танилцуулсан юм. Мөн Калинга институтэй хамтран ажилдаг талаар дурдав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тэдэнд хандан бурханы шашныг хадгалан авч үлдэх, ингэхдээ сэтгэл хангалуун үүнд суралцах хэрэгтэй гэж зөвлөв. Тэрээр 40 жилийн өмнөөс зөвхөн уншлагын зан үйл хийдэг эрэгтэй, эмэгтэй хуврагын бүх хийдүүд буддын гүн ухаанд суралцах хэрэгтэй гэж шаардсан байна.

Үүний нэг үр дүн нь өнгөрсөн жил 20 эмэгтэй хувраг буддын гүн ухаанд бүрэн суралцаж гэвшма цол хамгаалсан явдал юм. Мөн үүнтэй адил нинмавын Пенор ринбочэ Өмнөд Энэтхэг дэх өөрийн Намдоллин хийдийн лам хуврагуудыг ч буддын гүх ухаанд суралцаж, номын мэтгэлцээн өрнүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд өдгөө тус хийдийн лам хуврагууд нинмавын хамба болох хангалттай боловсон хүчин болоод байгаа талаар дурдав.

Тэрээр төгсгөлд нь, “Бид цагаачлан амьдарч байгаа ч өөрсдийн соёл уламжлалаа хадгалсаар байгаа билээ. Бидний зүрх сэтгэл мятрашгүй хүчтэй хэвээр байна. Нэгэн цагт эх нутагтаа амьдарч буй хийгээд цагаачлан гарсан бид бүгд нэгдэн цуглах болно.” гэв.

Нийгмийн шинжлэх ухааны Калинга институтын оюутнуудад илтгэл тавьлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калинга институтын технологийн салбарын хурлын танхимд 1600 төвөд иргэдтэй уулзав. Энэтхэг, Одиса, Бхубанесвар. 2017.11.21. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дараа нь тэрээр энд байнга хүрэлцэн ирж чадахгүй тул энэ удаа номын барилдлага тогтоохоор шийдэж цугласан хүмүүсийг удирдан бодь сэтгэл үүсгэх зан үйл хийсэн юм. Бурхан, Ном, Хувраг, мөн Энэтхэг болон Төвөдийн их багш нарыг өөрийн өмнөх огторгуйд бодитоор байна хэмээн бодоод хамаг амьтан аз жаргалтай байхыг хүсэн залбирахыг удирдсан юм. Дараа нь Жанрайсиг, Манзушри, Дарь Эх бурхадын зүрхэн тарнийн лүн айлдав.

Олон төвөд иргэд машид баяртайгаар Дээрхийн Гэгээнтнийг үдлээ. Маргааш тэрээр Баруун Бенгалын Колката хотыг зорино.
24-11-2017, 03:22
Вернуться назад