Dalailama / Эмэгтэйчүүдийн Жанчүв Чойлин хийдийн чойрын шинэ талбайн нээлт ба Гандан хийдэд морилов

Эмэгтэйчүүдийн Жанчүв Чойлин хийдийн чойрын шинэ талбайн нээлт ба Гандан хийдэд морилов

2017 оны 12 дугаар сар 15

Энэтхэг, Карнатака, Мундгод – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Брайбун хийдээс хөдлөхийн өмнө Төвөд нутгаас ирсэн мөргөлчдийг хүлээн авч уулзлаа. Тэрээр дуганы өмнөх талбайд тухтай сууж тэдэнтэй уулзсан юм.

“Би Төвөдийн ард түмний зориг, сэтгэлийн тэнхээ, зорилгыг биширдэг. Та бүхэнтэй уулзаж байгаадаа би баяртай байна. Зөвхөн сүүлийн 60 жил бус, Ти Ралбажаны үеэс эхэлсэн олон бэрхшээл, Ландарма хааны үеийн задрал зэрэг олон бэрхшээлийг Төвөдүүд бид тууштай бөгөөд мятрашгүй байж даван туулсан билээ. Улс төрийн өөрчлөлт, өөр бусад олон дарамт шахалт байсан ч Төвөдийн ард түмний сэтгэл зүрхийг мохоож чадаагүй юм. Үүнийг би үнэхээр хүлээн зөвшөөрдөг юм.”

“Та нарын олонх нь намайг урт насалж, эх орондоо эргэн ирээсэй гэж залбирч байгаа. Мэдээжийн хэрэг би Төвөд нутагтаа эргэн очмоор байна. Сэтгэл зүрхээ хатуу чанд байлгаж буй ахан дүүстэйгээ биечлэн уулзахыг хүсч байна. Би дүрвэн гарахаас өөр аргагүйд хүрсэн юм. Бид нөхцөл байдлыг бодитоор дүгнэж, түүнд таарсан алхам хийх хэрэгтэй. Дан ганц залбирч суух нь хүссэн үр дүнг бүрэн өгөх боломжгүй гэдэг нь тодорхой.”

“Ши Жинпины удирдлага дор Хятад өөрчлөгдөх аястай байна. Хятадын улс төрийн хатуу бодлого урт хугацааны туршид үр өгөөжөө өгөхгүй гэдэг нь тодорхой. Өөрчлөлт ирнэ гэдэгт би итгэлтэй байна.”

Эмэгтэйчүүдийн Жанчүв Чойлин хийдийн чойрын шинэ талбайн нээлт ба Гандан хийдэд морилов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эмэгтэйчүүдийн хийдийн чойрын шинэ талбайд хүрэлцэн ирсэн өндөр настнуудтай уулзаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2017.12.15. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мундгод дахь Төвөдийн суурин дундуур машинаар явахад замын хоёр талаар алд цагаан хадаг, алаг цэцэгс, анхилуун үнэрт хүж барьсан олон хүмүүс эгнэн зогсож баяр баясгалантайгаар түүнийг өнгөрүүлж байлаа. Түүнийг эмэгтэйчүүдийн Жанчүв Чойлин хийдэд морилон ирэхэд тус хийдийн хамба лам гэвш Лувсан Цүлтим угтан авсан юм. Дээрхийн Гэгээнтэн чойрын шинэ талбайн нээлтийг хийж тууз хайчиллаа. Тайзан дээр гарсан хойноо тэрээр ойрхон байрлах ахмадын асрамжийн газраас ирсэн хөгшчүүлтэй мэндэлсэн ба мөн хийдийн эмэгтэй хуврагууд, тэдний багш нарт хүндэтгэл үзүүлэв.

Тэрээр үг хэлэхдээ тус хийд нь цагаачилж ирсний дараа байгуулсан анхны эмэгтэйчүүдийн хийд бөгөөд өндөр боловсрол олгодгоороо алдаршсан газар гэдгийг тэмдэглэн хэллээ.

“Энд та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Та нартай, мөн ахмадын асрамжийн газрын хөгшчүүлтэй уулзаж байгаадаа мөн баяртай байна. Төвөд орон нь өөрсдийн газар нутаг, баялаг түүх, баялаг соёлтой улс билээ. Бид өөрсдийн хэлтэй, бидний хэлээр Ганжуур, Данжуурын 300 гаруй боть номыг хадгалагдаж байна. Өөрт тохиолдсон олон хүндрэлийг эс тооцон бид бурханы шашныг оюун ухаандаа бүрэн шингээж чадсан билээ.”

Эмэгтэйчүүдийн Жанчүв Чойлин хийдийн чойрын шинэ талбайн нээлт ба Гандан хийдэд морилов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанчүв Чойлин хийдийн чойрын шинэ талбайд айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2017.12.15. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Энэ Карнатака мужид бид сургалтын олон төвөө нээсэн юм. Бурханы шашин нь дан ганц сүсэг бишрэл бус учир шалтгааны зарчим дээр үндэслэдэг. Бурхан Багш хоёр үнэний сургаалаа айлдсан нь бурханы хутаг төгс гэгээрэлд хүрэх арга зам байсан юм. Хоёр үнэний сургаал нь юмсын үзэгдэж буй байдал хийгээд тэдгээрийн мөн чанарын ялгаа юм.”

“Өнгөрсөн үед олон төвөд хүн сүсэг бишрэлтэй боловч бурханы шашин яг юу номлодгийг төдийлөн мэддэггүй байлаа. Ингээд цагаачлан ирснийхээ дараа буддын гүн ухаанд суралцах уламжлалгүй, зөвхөн шашны зан үйл хийдэг Намжал дацан, Жүд Мад хийгээд Жүд Дод дацангуудыг буддын гүн ухаан, учир шалтгааны ухаанд суралцахыг би уриалсан юм.”

“Бурхан Багш эрэгтэй, эмэгтэй хүмүүст адилхан гэлэн санваар хүртээсэн боловч олон шалтгааны улмаас Төвөдөд эмэгтэй гэлэн санваарын уламжлал тасарсан билээ. Энэ уламжлалыг сэргээх тал дээр дан ганц би шийдвэр гаргах боломжгүй. Үүнийг хуврагийн их аймаг хуралдаж шийдэх ёстой. Ямартаа ч би олон хүнийг буддын гүн ухаанд суралцахыг хүсэж, хүчилж байна. Үүний үр дүнд өнгөрсөн жил эндхийн хэдэн эмэгтэй хувраг нийлсэн хорин эмэгтэй гэвшмаа нар эрдмийн дээд цол хамгаалсан юм. Та бүхэн шаргуу хөдөлмөрлөж, сайн суралцсанд талархаж байна.”

“Сэтгэл оюунаа засаж залруулахын төлөө зогсолтгүй сурч судлах хэрэгтэй. Хэдийгээр би 83 насанд хүрч байгаа ч боломж олдох бүрт би ном уншиж судлахыг хичээдэг. Энд суралцаж буй эмэгтэй хуврагууд суралцаж буй эрдэм ухааныг бусдад бүрэн гүйцэд зааж чадахуйц хэмжээнд эзэмших хэрэгтэй. Амар тайван, аз жаргалтай байх нь та нарын эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх болно. Хэрэв сөрөг сэтгэл хөдлөлтэй байх аваас энэ нь та нарыг зовоогоод зогсохгүй, эргэн тойрны хүмүүсийг ч ая тухгүй байдалд хүргэх юм.”

Эмэгтэйчүүдийн Жанчүв Чойлин хийдийн чойрын шинэ талбайн нээлт ба Гандан хийдэд морилов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанчүв Чойлин хийдийн чойрын шинэ талбайд айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2017.12.15. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа тус хийдэд Хятадын болон Солонгосын эмэгтэй хуврагууд эрдэм номд суралцаж байгаа талаар мэдэгдсэн юм. Тэдний нутагт “Билгүүний зүрхэн” судрыг уншдаг боловч утгыг нь нарийн судалдаг уламжлал тасарсан ажээ. Тэрээр “Билгүүний зүрхэн” сударт гардаг “Дүрс хоосон, хоосон нь ч дүрс мөн” гэх үгийг эш татан ярьлаа.

Үүний дараа эмэгтэй хуврагууд шинэ чойрын талбайдаа номын мэтгэлцээн өрнүүлсэн юм.

Эмэгтэйчүүдийн Жанчүв Чойлин хийдийн чойрын шинэ талбайн нээлт ба Гандан хийдэд морилов
Эмэгтэй хуврагууд номын мэтгэлцээн явуулж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2017.12.15. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Эмэгтэйчүүдийн Жанчүв Чойлин хийдээс Далай Лам машинаар яван Гандан хийдэд морилон ирлээ. Түүнийг Гандан Ширээт хүлээн авч цогчин дуганд урин залав. Тэрээр Гандан Намжал хийдийн гол дуганы шүтээнд мөргөн залбираад суудалдаа суув. Дараа нь одоогийн Гандан Ширээт лагшин, зарлиг, тааллын шүтээнийг мандлын хамт өргөлөө. Дараа нь унзад Богд Зонховын зохиосон Мөрийн гурван эрхэм номыг уншлаа.

“Гандан Намбар Жалвий Лин хийд, Гандан Жанзэ болон Гандан Шарзэ дацангийн хамба лам нар буддын гүн ухаанд суралцах их үйлсийн төлөө үнэхээр хүчин зүтгэж байгаад таатай байна. Энэ нь дан ганц энд суралцах бус буддын гүн ухааныг түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой юм.”

Эмэгтэйчүүдийн Жанчүв Чойлин хийдийн чойрын шинэ талбайн нээлт ба Гандан хийдэд морилов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан хийдэд морилон айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2017.12.15. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Би энд гэлэн санваар хүртээнэ гэж төлөвлөсөн боловч хүнд ханиад хүрсний улмаас бага зэрэг ядарсан байна. Гэлэн санваар хүртээх зан үйлийг ямар нэгэн байдлаар товчлох боломжгүй тул үүний оронд “Мөрийн гурван эрхэм” номыг номлох бодолтой байна. Гэхдээ маргааш нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг харцгаая.”

Энэ хүрээд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам амрахаар өргөөндөө морилсон юм.
30-12-2017, 04:04
Вернуться назад