Dalailama / “Мөрийн гурван эрхэм” номын айлдвар

“Мөрийн гурван эрхэм” номын айлдвар

2017 оны 12 дугаар сар 17

Энэтхэг, Карнатака, Мундгод – Энэ өглөө ойролцоогоор 8,000 гаруй хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварыг сонсохоор хуран цугласан байлаа. Тэдний ихэнх нь Төвөд болон Хималай орчмын нутгийн ард иргэд байв. Лам хуврагууд Гандан хийдийн цогчин дуган болон Гандан Шарзэ дацангийн дуганыг дүүргэн суусан байх бөгөөд энгийн ард иргэд дуганы гадна талбайд суужээ. Гаднах талбайд томоохон телевиз олныг байрлуулж, энд тэндгүй дуу өсгөгч байрлуулсан байх тул хүн бүхэн дуганд ямар үйл явдал болж байгааг илхэн харах боломжтой байв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дуганд морилон орж ирээд шүтээнд мөргөн залбирсны дараа сэнтийндээ заларлаа.

“Мөрийн гурван эрхэм” номын айлдвар
Унзад лам Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Гандан хийдийн цогчэн дуганд морилон ирэх үед хурлыг эхлүүлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2017.12.17. Гэрэл зургийг Жерреми Рассел
“Би ханиад хүрсний улмаас бидний үндсэн төлөвлөгөө өөрчлөгдлөө. Би Брайбун хийдэд гэлэн санваар хүртээхдээ бага зэрэг ядарсан байна. Гэвч сүүлийн хэдэн өдөр амарч чадсан тул бие маань одоо дээрджээ.”

“Гандан хийд бол гэлүгбийн шашны эх хийд билээ. Богд Зонхов Цаст Төвөдийн оронд бурханы шашныг дэлгэрүүлэхэд агуу их хувь нэмэр оруулсан хүн юм. Японы нэгэн эрдэмтэн надад “Богд Зонховын зохиолыг уншиж судлахын хэрээр ямар хүн байсан нь улам тодорхой болж байна” гэж билээ.”

“Би ямар нэгэн үйл ажил хийхгүйгээр энд ирэхгүй тул энэхүү номын айлдварыг зохион байгуулж байгаа юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь айлдахдаа Төвөдийн бурханы шашны бүхий л урсгалд бурханы шашны их номлолыг учир шалтгааны зарчмаар судалдаг тогтсон уламжлал бий гэдгийг тэмдэглэн хэлсэн юм. Наландагийн уламжлал нь Хятад, Төвөдөд адилхан дэлгэрсэн боловч Ловон Дигнага болон Чандракиртигийн учир шалтгааны ухааны ихэнх номлол төвөд хэл дээр хадгалагдан үлдсэн байна. Хятад хэлээр Дармакирти гэгээний цөөхөн хэдхэн ном л орчуулагджээ.

“Мөрийн гурван эрхэм” номын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварт 8000 гаруй хүн суулаа. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2017.12.17. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Бид цагаачлан ирсэн хойноо энэхүү уламжлалаа хадгалан үлдэж чадсан бөгөөд өдгөө эмэгтэй хуврагууд үүнд идэвхтэй, чамбай сайн оролцож, буддын гүн ухаанд сайтар суралцаж эхлээд байна. Төвөдийн ард түмэн урт хугацааны туршид тууштай, зоримог байж чадсан. Бидний хадгалан авч үлдсэн соёл уламжлал нь Наландагийн цэвэр уламжлал мөн тул цаашид ч үүнийг улам сайн хадгалан авч явахыг та бүхнээс хүсч байна.”

“Цахо Агваан Дагба Зүүн Төвөд нутгаас Богд Зонховт захидал илгээж Дээдийн номыг хэрхэн дадлага болгох талаар асуужээ. Хариуд нь Богд Зонхов “Мөрийн гурван эрхэм” номыг зохион явуулж, “Хэрэв миний үгийг дагаж чадвал би чамайг төрөл тутамд чинь замчилж, гэгээрлийн хутагт хүрсэн хойноо анх чамд ном номлох болтугай” хэмээн айлдсан юм.”

“Би энэхүү номын аман дамжлага, тайлбарыг Дагдаг ринбочэ болон Лин ринбочэ, Тижан ринбочэ нараас хүртсэн юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь номлохдоо хүний төрлийг олох хэцүү бөгөөд нэгэнт олсон хүний төрлийг үр дүнтэй болгох бүрэн боломж бидэнд байгааг дурдлаа.

“Мөрийн гурван эрхэм” номын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Мөрийн гурван эрхэм" номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2017.12.17. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Тэрээр 3 жилийн өмнө Колумбын их сургуулийн хятад эрдэмтэн Хятадын түүхийн баримтууд олж нээсэн тухайгаа өөрт нь ярьсныг дурдав. Тухайн баримтанд Төвөд, Монгол, Хятадын эзэнт гүрэн хэмээн тэмдэглэсэн ба Тан гүрнээс Чин гүрэн хүртэл Манжууд удирдаж байсан талаар дэлгэрэнгүй тэмдэглэхийн зэрэгцээ түүнд Төвөдийг Хятадын нэг хэсэг гэж огт дурдаагүй болохыг онцлон хэлсэн байна.

11-р зуунд Жанчүв Од хаан Төвөдөд дэлгэрсэн бурханы шашныг ариутган шүүх хүсэлт гаргаж Адиша гэгээнийг Төвөдөд урин залснаар “Бодь мөрийн зул” ном зохиогджээ. Ингээд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Мөрийн гурван эрхэм” номыг “Бодь мөрийн зул” номтой хослуулан тайлбарлаж эхлэв.

“Хутагтын дөрвөн үнэн”-ий сургаал нь учир шалтгааны ухааны үндсэн сургаал болдог. Бурханы шашны бүх урсгал үүнд суралцдаг юм. Ямартаа ч Хутагтын дөрвөн үнэний гурав дахь үнэн буюу гэгээрлийн тухай ойлголт авах үед Бурхан Багш яг юу номлосон болохыг ухаарч эхэлдэг юм.”

“Мөрийн гурван эрхэм” номын айлдвар
Лам хуврагууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2017.12.17. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Би хэдийгээр 1 цаг 30 минут ном номлоно гэж бодсон боловч аль хэдийнээ 2 цаг 30 минут болжээ. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан бүх хүмүүст талархал илэрхийлье. Мөн миний эрүүл мэндийн төлөө залбирал үйлдсэн та бүхэнд баярлалаа.”

Энэ хүрээд энэ өдрийн үйл ажиллагаа өндөрлөсөн бөгөөд Дээрхийн Гэгээнтэн Далай лам маргааш Мундгод дахь төвөдийн сууринаас хөдөлж Билакуппе дахь төвөдийн сууринд зочилно.

2-01-2018, 16:54
Вернуться назад