Dalailama / Дашлхүнбо, Намдоллин хийдээр мориллоо

Дашлхүнбо, Намдоллин хийдээр мориллоо

2017 оны 12 дугаар сар 22

Энэтхэг, Карнатака, Билакуппе – Энэ өглөө саяхан Төвөд нутгаас эргэл мөргөл хийхээр ирсэн мөргөлчид болон иргэний ёс суртахууны хичээлийн төвөд багш нар хамтдаа Сэра хийдийн цогчин дуганд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзахаар цугласан байлаа.

Дээрхийн Гэгээнтэн:

“Төвөд нутагаа буй төвөдүүд эх нутгийнхаа жинхэнэ баатрууд мөн. Олон бэрхшээл тохиолдсон ч та нар сэтгэл зүрхээ чандалж чадсан юм. 1959 онд Төвөд орон бүхэлдээ үймээн самуунд автаж билээ. Лхас хотыг бөмбөгдсөний дараа Мао Зэдун Далай Лам яасан гэж асуухад би хэдийнээ зугатаж амжсан байлаа. Тэгтэл Мао Зэдун тэгвэл бид ялагджээ гэсэн гэдэг.”

“Хятадын удирдлага Төвөдийн асуудал алгуур замхарч үгүй болно гэж бодож байсан ч 58 жил өнгөрсөн ч тэдний хүссэнээр болсонгүй. 1959 онд олон улс орон Төвөдийг мэддэггүй байсан бол өдгөө олон улс биднийг мэддэг болсон.”

Дашлхүнбо, Намдоллин хийдээр мориллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөд нутгаас ирсэн мөргөлчид болон иргэний ёс суртахууны хичээлийн багш нартай уулзаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.22. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Бид 58 жилийн турш цагаачлан амьдарч байна. Бид өөрсдийн суурин газраа байгуулж, сургалтын олон төвөө ахин сэргээж чадсан билээ. Хятадын албаны хүмүүсийн санаснаас хол давсан юм. Учир нь Төвөд нутаг дахь ард иргэдийн сэтгэлийн хүчээр цагаачлан гарсан бид соёл, уламжлалаа хадгалан үлдэж чадсан.”

“Соёлын хувьсгалын үед Хятад, Төвөд дэх шашны институт адилхан хохирол амссан билээ. Дин Сяо Пины дараа сэргээн засах ажил өргөн хүрээнд явагдсан юм. Одоогоор 400 сая бурханы шашинтан Хятадад бий, тиймээс бурханы шашин Хятадын соёлд онцгой оролцоотой хэмээн Ши Жин Пин Парис, Дели хотуудад мэдэгдсэн.”

Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа ерөнхий сайд Жавахарлал Нерүтэй дотно харилцдаг байсан тухайгаа дурдаж, тэрээр бодит, үр дүнтэй олон зөвлөгөө өгсөн гэдгийг дурсан ярьлаа.

Дээрхийн Гэгээнтэн дэлхийн II дайны дараа европ дахь олон улс орон хувийн эрх ашгаас бүх нийтийн эрх ашгийг эрхэмлэсэн хүсэл нь Европын холбоо болон өргөжсөн явдлыг магтсан ярьсан юм. Мөн тэрээр адил бус хэл, соёлтой олон муж улс нэгдсэн Энэтхэгийн холбоог магтлаа.

“Төвөдийн гурван муж нэгдмэл, нийтлэг эрх ашгийн төлөө хамтдаа зогсох нь чухал байна.”

Тэрээр багш нарт хандан үг хэлэхдээ устаж үгүй болохгүйн тулд төвөдүүд хүүхдүүдээ сайн боловсруулах хэрэгтэй гэж ноён Неру үр дүнтэй, үнэтэй зөвлөгөө өгсөн гэдгийг дурсан ярив. Өнөөгийн байдлаар шашны институтууд Наландагийн уламжлалыг хадгалан авч яваа хэдий ч сургуулын сурагч хүүхдүүдэд үүнийг шашнаас ангид, академик түвшинд заах боломжтой гэдгийг тэмдэглэн хэллээ.

Дашлхүнбо, Намдоллин хийдээр мориллоо
Иргэний ёс суртахууны хичээлийн багш нар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзлаа. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.22. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Мэдээгээр харж буй дэлхийн олон асуудал нь хүмүүс сөрөг сэтгэл хөдлөлд автсаны үр дагаварт бий болж байна. Бид хүүхдүүдэд энэрэнгүй гэх мэт ёс суртахууны ерөнхий ойлголт авах тал дээр туслах хэрэгтэй. Энэ нь ямар нэгэн урд, хойд насны асуудал бус сэтгэл санааны амгалан тайван байдлыг хадгалах арга юм. Мөн бидний оюун санаа амгалан тайван байхын хэрээр оюун ухаанаа бүрэн дүүрэн ашиглах боломжтой болдог гэдгийг ойлгуулах хэрэгтэй.”

“Орчин үеийн боловсролын систем нь гол төлөв материаллаг хөгжилд чиглэж байна. Харин эртний Энэтхэгийн боловсрол сэтгэл хөдлөл хийгээд сэтгэл оюун хэрхэн ажилдаг талаар гүн гүнзгий ойлголтыг өгдөг. Энэ нь миний бодлоор орчин үеийн дэлхий нийтэд маш их хэрэгтэй болоод байна. Энэ бүгдийг бүрэн дүүрэн үзүүлсэн ном зохиолыг төвөд хэлэнд орчуулсан тул Төвөдийн хүүхдүүдэд энэ бүгдийг өөрсдийн хэлээр сурч мэдэх давуу тал бий. Мэдээжийн хэрэг энэ бүгд багш нар сурагч хүүхдүүдэд эдгээрийг ойлгуулахын төлөө хэрхэн ажиллахаас үр дүн шалтгаална шүү дээ.”

Сэра хийдээс хөдлөн Дашлхүнбо хийдэд морилон ирэхэд хамба лам Гачэн Лувсан Цэдан угтаж дотогш урин залав. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дуганд морилон ороод шүтээнд мөргөж, Дарь Эх, Лхам сахиусын шүтээнд тусгайлан мөргөөд суудалдаа суув. Дараа нь унзад лам хурлыг эхлүүлж уг хийдийг үүсгэн байгуулсан анхдугаар Далай Лам Гэндүвдүв гэгээний магтаалыг уншлаа.

Цай, хүндэтгэлийн брээс тарааж дууссаны дараа лам нар буддын гүн ухааны номын мэтгэлцээн өрнүүлэв.

Дашлхүнбо, Намдоллин хийдээр мориллоо
Дашлхүнбо хийдийн лам нар номын мэтгэлцээн өрнүүлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.22. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнгөрсөн жил Гэндэндүв гэгээний учир шалтгааны ухааны номын аман эшийг хүртээх ажлыг эхлүүлснээ дурдаад цаашид дуусгах хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Тэрээр өмнөх Далай Ламууд дотор онцгой зөн билигтэй нь олон байсан хэмээгээд харин надад онцгой зөн билиг байхгүй ч тэдний дундаас хамгийн алдартай нь болсон хэмээн хошигносон юм.

Дараа нь ойролцоо орших Намдоллин хийдийн VII их хуралд оролцохоор хүрэлцэн ирэхэд тус хийдийн хамба лам Гянкан ринбочэ түүнийг угтан авч дуганд урин заллаа.

Хурлын эхэнд тус хийдийн ловон лам Тэнзин Гүнчав үг хэлэхдээ энэ удаа сургалтаа дүүргэж буй 300 гаруй лам нар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас эрдмийн цол хамгаалсан сертификатаа гардан авах боломж бүрдэж байна хэмээн мэдэгдэв. Эрдмийн цол хамгаалж буй эрэгтэй, эмэгтэй хуврагууд 6 жил сонгодог зохиолд, 3 жил нууц дандрын ёсонд буюу нийт 13 жилийн турш суралцсан байна.

Дашлхүнбо, Намдоллин хийдээр мориллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Намдоллин хийдэд морилон ирж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.22. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Хуралд оролцож буй Майсур хотын цагдаагийн газрын дарга Випул Кумар үг хэлэхдээ, “Дэлхийн олон газарт хүчирхийлэл, үймээн самуун гарсаар байна. Гагцхүү энэрэл хайрыг түгээснээр амар тайван байдал бий болно” гэв. Тэрээр Бихар мужид төрсөн тул хар багаасаа л Бурхан Багшийн тухай сонсож өсчээ. Тэрээр кастын системийг буруушаагаад дэлхийн хүн төрөлхтөн гэдгээрээ бүгд адил гэсэн хандлагатай болохыг уриаллаа.

Цагаачлал дахь Төвөдийн парламентийн дарга Соном Дэмпэл үг хэлэхдээ сургуулиа төгсөж буй хуврагууд өөрсдийн сурч мэдсэн зүйлээ дадлага болгож улам бататгах нь чухал болохыг онцолсон юм.

Цагаачлал дахь Төвөдийн улс төрийн тэргүүн, сижон Лувсан Сэнгэ үг хэлэхдээ Пенор ринбочэ анх 1963 онд энэхүү хийдийг байгуулсан гэдгийг дурдлаа. Өдгөө Алтан Сүм хэмээн алдаршиж, хол ойрын олон гийчдийн сэтгэлийг булаасан газар болсон гэв. Тэрээр Энэтхэгийн засгийн газар, ялангуяа Карнатака мужийн засгийн газарт талархал илэрхийлэв. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд урт наслахыг бэлэгдэн ерөөгөөд эрх чөлөө Төвөдийн нутаг орон даяар наран адил гийх болтугай хэмээгээд үгээ өндөрлөв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:

“Пенор ринбочэ үнэхээр ажилсаг хүн байлаа. Тэрээр нэг эхэлсэн ажлаа заавал дуусгадаг хүн байсан. Нинмавын сургалтын төвийн нэг болсон энэхүү хийд нь түүний томоохон зорилго байсан юм. Дээдийн номыг дэлгэрүүлнэ гэдэг нь дуган сүм барих, шүтээн босгохоос шалтгаалах бус, хүмүүс үүнд хэр суралцаж, түүнийгээ дадлага болгохоос шалтгаалдаг. Бодьгаяа хотод, мөн ЦоПемад том, үнэхээр сайхан Бурхан Багшийн дүрийг бүтээсэн боловч аль алин нь үг ч дугарахгүй байна шүү дээ. Нөгөөтэйгүүр өдгөө Бурхан Багш сэрүүн заларч байсан бол ном л айлдах байсан.”

Дашлхүнбо, Намдоллин хийдээр мориллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эрдмийн цол хамгаалсан лам нарт сертификат гардуулж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.22. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Пенор ринбочэ сэрүүн залрах үедээ нинмавын томоохон сургалтын төв болсон энэ хийдэд чойрын сургалт дэлгэрүүлэхийн төлөө ихэд хичээсэн юм. Энэ тал дээр нинмавын бүх багш нар санал нэгдэхгүй гэдгийг надад хэлж билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам урсгал, уламжлал бүрийн ном судрыг үзэж судлах нь давуу талтай хэмээгээд бусад уламжлалын ном сургаалд гарамгай суралцсан эрдэмтэд болох Дүлшиг ринбочэ, Дилго Чэнзэ ринбочэ нарыг дурдлаа.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лончэнбагийн “Чойен Зод” номын эхний бүлгийг уншиж аман эш хүртээлээ.

Үдийн зоогийн дараа Пенор ринбочийн дурсгалд зориулан бүтээсэн Зандог Балри сүмд мориллоо. Тэндээсээ Дээрхийн Гэгээнтэн эмэгтэйчүүдийн Цожал Шэдүвлин хийдэд богино айлчлал хийв. Тус хийдийн 700 гаруй эмэгтэй хуврагууд түүнийг угтлаа.

Тэндээсээ Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сэра хийдэд морилон ирж амрав.

6-01-2018, 05:32
Вернуться назад