DataLife Engine > Мэдээ > “Төвөд судлалын төв институт”-ын 50 жилийн ойн баярт оролцов

“Төвөд судлалын төв институт”-ын 50 жилийн ойн баярт оролцов


3-02-2018, 06:07. Разместил: Battsengel
2018 оны 1 дүгээр сар 1

Энэтхэг, Бихар, Бодгаяа – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Төвөд судлалын төв институтэд хүрэлцэн ирж суудалдаа суусны дараа оюутнууд тус сургуулийн сүлд дууг дууллаа. Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, сургуулийн дэд захирал Агваан Самдэн, Гандан Ширээт, Тханру ринбочэ, Сижон Лувсан Сэнгэ, Цагаачлал дахь Төвөдийн парламентийн спикер Кембу Сонам Дэмпэл нар хамтдаа зул асаав. Тус сургуулийн оюутан лам нар төвөд хэлээр богино уншлага уншиж, дараа нь эмэгтэй сурагчид санскрит хэлээр уншлага уншсан юм.

“Төвөд судлалын төв институт”-ын 50 жилийн ойн баярт оролцов
Төвөд судлалын төв институтын оюутнууд санскрит хэлээр уншлага уншиж байгаа нь. Энэтхэг, Варанаси, Сарнат. 2018.01.01. Гэрэл зургийг Тэнзин Пунцог
Дэд захирал Гэвш Агваан Самдэн үг хэлэхдээ хүрэлцэн ирсэн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон бусад зочидод талархал илэрхийллээ. 1959 онд Төвөдүүд эх нутагтаа өөрийн шашин, соёлоо дагах боломжгүй болсон тул Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон түүнийг дагасан 80,000 гаруй иргэд Энэтхэгт дүрвэн ирсэн гэдгийг тэмдэглэн хэлэв. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам алсын хараатай ажилсаны нэг жишээ нь цагаач Төвөдийн суурин, мөн тэнд төвөд хүүхдүүд сурч боловсрох өөрсдийн сургуулиа байгуулсан явдал юм гэж тэрээр тэмдэглэн хэллээ. Тухайн үед Энэтхэгийн засгийн газар бүхий л бололцоогоор туслаж дэмжсэн гэдгийг мөн тэмдэглэн хэлсэн юм.

Тухайн үед ерөнхий сайдаар ажиллаж байсан ноён Жавархалал Неру Төвөд судлалын дээд сургуулийг байгуулах тал дээр бүхий л талын дэмжлэг үзүүлснээр 1968 онд уг институт Сампурнананд Санскрит их сургуультай нэгдэж байгуулагдсан байна. Зон ринбочэ эхний гурван жил захирлаар ажиллаж, түүний дараа Самдон ринбочэ 30 жил захирлаар ажиллажээ. Их эрдэмтэд болох Пт Упадяаяа болон Смт Капила Ватяаяан нар тус институтын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Уг институт нь нийгэмд энэрэнгүй бөгөөд мэдлэг боловсрол бүхий туршлагатай хүн бэлдэх үндсэн зорилготойгоор ажиллаж иржээ.

Өөр нэгэн зорилго нь төвөд хэлээр хадгалагдаж буй эртний Энэтхэгийн сонгодог ном зохиолыг санскрит хэлрүү буцаан хөрвүүлэх, мөн хинди хэлээр орчуулах ажил байжээ. Уг ажлын хүрээнд 80 гаруй сонгодог бүтээлийг орчуулж хэвлэсэн бөгөөд 100 гаруй бүтээлийг санскрит хэлнээс хинди, англи хэлрүү орчуулж дууссан байна. Мөн эртний Энэтхэгийн уламжлалт мэтгэлцээний арга барилыг ахин сэргээх тал дээр анхааран ажиллаж байгаа ажээ. Мөн судалгааны ажлын хүрээнд анагаах ухааны салбар хөгжиж, мөн түүхийн судалгаа өргөн хүрээнд хийгдэж байгаа гэдгийг тэмдэглэн хэлж байлаа. Мөн Бихар мужийн зүгээс Рахул Санкритяаяаны Төвөдөөс залж ирсэн бүх зохиолыг орчуулах ажлыг бодит болгох тал дээр анхаарлаа хандуулсан байна.

“Төвөд судлалын төв институт”-ын 50 жилийн ойн баярт оролцов
Дэд захирал гэвш Агваан Самдэн үг хэлж байгаа нь. Энэтхэг, Варанаси, Сарнат. 2018.01.01. Гэрэл зургийг Тэнзин Пунцог
Зуны сургалт нь оюутан сурагч нарыг мэдлэг туршлагаа дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг аж. Цаашид уг институт Энэтхэгийн олон газарт салбар сургуулиа байгуулах зорилго тавин ажиллаж буй болохыг мэдэгдэв. Энэхүү төсөл нь багш нарыг тусгайлан бэлдэх ажилтай шууд хамааралтай болохыг танилцуулав.

Дэд захирал цааш нь хэлэхдээ олон хүнд итгэл найдвар бэлэглэсэн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд гүнээ талархал илэрхийлсэн юм. Тэрээр Энэтхэгийн засгийн газар сүүлийн 50 жилийн турш уг институтэд асар их дэмжлэг үзүүлсэн гэдгийг онцлон тэмдэглэв. Төгсгөлд нь Соёлын яамны сайд болон төрийн нарийн бичгийн дарга нар нислэг хойшилсны улмаас уг ойн баярт хүрэлцэн ирж чадаагүй болохыг тайлбарлав.

Институтийн зүгээс дурсгал бүхий зүйлийг Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, Энэтхэгийн засгийн газар, Соёлын яам, төвөдийн засаг, мөн Самдон ринбочэ болон доктор Капила Ватяаяан нарт гардууллаа. Мөн сургуулийн ахмад төгсөгчид, өндөр настан багш нарт гардуулсан юм.

“Төвөд судлалын төв институт”-ын 50 жилийн ойн баярт оролцов
Дурсгал бүхий зүйлсийг тус сургуулиас тэтгэвэрт гарсан ахмад багш нар болон бусад зочидод өргөн барив. Энэтхэг, Варанаси, Сарнат. 2018.01.01. Гэрэл зургийг Тэнзин Пунцог
Соёлын яамны сайдын мэндчилгээг профессор Део Раж Сингх уншиж танилцуулсны дараа Төвөдийн парламентийн дарга Кембу Сонам Дэмпэл төвөд хэлээр үг хэллээ.

Сижон Лувсан Сэнгэ Төвөдийн төв захиргааг төлөөлж “Төвөд судлалын төв институт”-д 50 жилийн ойн баярын мэнд хүргэв. Тэрээр тус институтын түүхэн замналд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад багш нарыг магтан, талархал илэрхийллээ. Мөн 30 жилийн турш өөрийн амьдралаа энэ институтийн төлөө зориулсан Самдон ринбочэг магтан биширч буйгаа мэдэгдэв. Тэрээр багш, оюутан нарт хандан ирээдүйд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын адил хүний үнэ цэнэ, шашин хоорондын эв нэгдлийг хөгжүүлэх, төвөд хэл соёл, шашин, төвөдийн унаган байгалыг хамгаалах, мөн эртний Энэтхэгийн мэдлэг боловсролыг Энэтхэгт эргэн хөгжүүлэх тал дээр анхааран ажиллахыг уриалсан юм.

Хэдийгээр Төвөд эх нутагт шашин соёлоо хөгжүүлэхэд хүндрэлтэй байгаа ч Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Наландагийн уламжлалыг Хималайн бүс нутаг, мөн хятадын сүсэгтнүүдэд дэлгэрүүлэх тал дээр анхааран ажиллаж байгаа гэдгийг тэмдэглэн хэллээ. Эцэст нь тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд урт наслахыг хүсэн ерөөгөөд төвөдийн ард түмний томоохон хүсэл болох Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөд нутагтаа эргэн буцах өдөр удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.

“Төвөд судлалын төв институт”-ын 50 жилийн ойн баярт оролцов
Сижон Лувсан Сэнгэ тус сургуулийн 50 жилийн ойн баярт оролцон үг хэлж байгаа нь. Энэтхэг, Варанаси, Сарнат. 2018.01.01. Гэрэл зургийг Тэнзин Пунцог
Энэтхэгийн Сикким мужийн захирагч асан доктор БП Синх үг хэлэхдээ 1990 оноос эхлэн уг институттэй холбогдсон тухайгаа дурсан яриад оюутнуудад хандан энгийн амьдрал, өндөр түвшний сэтгэлгээ хэмээх хоёр зүйлийг зөвлөсөн юм.

Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг үг хэлэх ээлж тохиоход тэрээр англи хэл сайн биш тул орчуулагч хэрэгтэй хэмээгээд доктор Түвдэн Жинбаг урив.

"Өнөөдөр 2018 оны эхний өдөр тохиож байна. Зөвхөн хүмүүс бид цаг хугацааг тодорхойлон хэмжиж, цаг хугацааг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлсэн эсэхээ дүгнэх боломжтой. Бид шинэ жилийг өөдрөгөөр угтах хэрэгтэй. Улирч өнгөрсөн асуудлыг бид орхин шинэ ондоо шинэ сэтгэлгээрээр орох хэрэгтэй. Бид өөрчилж чадна. Шинэ жил шинэ боломж авчирч байна. Энэ бол зөвхөн хүн төрөлхтөнд буй боломж. Учир нь бидэнд саруул оюун ухаан заяасан юм.”

"Өөр нэг чухал зүйл бол энэхүү сургалтын төв нь бидэнд уураг тархи, оюун ухаанаа бүрэн дүүрэн ажилуулах, хөгжүүлэх бүхий л боломжийг бүрдүүлсэн байна. Бид аливаад олон талын ургалч үзлээр хандах хэрэгтэй. Бид өөрсдийн сурч боловсорсон саруул оюун ухааныг энэрэнгүй сайхан сэтгэлтэй холбон ашиглах хэрэгтэй.”

“Төвөд судлалын төв институт”-ын 50 жилийн ойн баярт оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Төвөд судлалын төв институт"-ын 50 жилийн ойн баярт оролцон үг хэлж байгаа нь. Энэтхэг, Варанаси, Сарнат. 2018.01.01. Гэрэл зургийг Тэнзин Пунцог
"Өмнө үг хэлсэн хүмүүс бүгд яруу сайхнаар үг хэлсэн тул надад нэмж хэлэх зүйл бараг үлдсэнгүй. Миний бие махбодь энд байгаа боловч сэтгэл санаа минь Бодьгаяад хэдийнээ очсон байна. Тиймээс өнөө өглөө санаанд орсон нэгэн түүхийг товчхон яриад үгээ дуусгая.”

"1956 онд Хятадын коммунист нам бэлтгэл хороог байгуулж тус хорооны гишүүд олон тосгоны хүмүүстэй уулзсан байна. Эцэст нь тэдгээр гишүүд нутаг орны хүмүүст ямар агшинд алга таших ёстойг заах хэрэгтэй байна гэсэн гэдэг. Бид өнөөдөр бишгүй их алга ташлаа. Хуучин цагт Төвөдөд далдын хар хүчийг үлдэн хөөхийн тулд алга ташдаг уламжлалтай байв. Намайг жоохон байхад Германы хэсэг жуулчид Лхас хотод ирсэн бөгөөд тухайн үеийн төвөд хүмүүс гадны тэдгээр хачин жигтэй хүмүүсийг хараад айж сандарсандаа алгаа ташиж байжээ. Гэтэл Германы жуулчид өөрсдөд нь баяр хүргэж байна гэж ойлгосон гэдэг.”

"Надад ярих зүйл төдийлөн алга. Бид жил, сар, өдрөөр цаг хугацааг туулсаар байна. 2019 оны эхэнд өнгөрсөн жилийг үр дүнтэй өнгөрүүлсэн эсэхээ дүгнэхдээ харамсаж бус, сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Сайхан амьдралын төлөө хичээл зүтгэл гаргасны үр дүнд танай гэр бүл, нийгэм, улс оронд эерэг өөрчлөлт гарсан байх ёстой. Өөрсдөөс эхэлсэн өөрчлөлтийг бид ийнхүү эхлүүлж чадах бөгөөд энэ нь жинхэнэ өөрчлөлт болж чадах юм. Та бүхэнд баярлалаа.”

“Төвөд судлалын төв институт”-ын 50 жилийн ойн баярт оролцов
Ойн баярт оролцогсод Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, Варанаси, Сарнат. 2018.01.01. Гэрэл зургийг Тэнзин Пунцог
Доктор РК Упадяаяа хаалтын үг хэлж, хуралд оролцсон Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, мөн бусад хүндэт зочид нарт талархал илэрхийлэв. Тэрээр тус институтын сүүлийн 50 жилийн үйл ажиллагаа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын үндсэн санааг хэрэгжүүлсэн жилүүд байсан гэдгийг тэмдэглэн хэллээ. Тэрээр дэлхий дахинд итгэл найдвар байгаа тул цаашид ч Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын энх тайван, энэрэн нигүүлсэхүйн сургаалыг олон нийтэд түгээхийн төлөө хичээх хэрэгтэй гэдгийг дурьдлаа.



Вернуться назад