Энэтхэг, Бихар, Бодьгаяа – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам юуны түрүүнд Махабодь сүмд мөргөл үйлдлээ. Тэрээр өөрийн байрлах Бодьгаяа дахь Намжал дацангийн салбар Гандан Пэлжэйлин хийдээс Махабодь суврага хүртэл машинаар морилон сүмийн хашааны баруун хаалгаар морилон оров. Түүнийг Махабодь сүмийн удирдлага болон 26-р сажын их ерөөлд оролцож буй Сажа Гонма Тизин ринбочэ угтан авлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Махабодь суврагын өмнө мөргөл үйлдэж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.01.02. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Махабодь суврагын үүдэнд ирээд тэрээр гурвантаа сунаж мөргөөд дотогш оров. Тэрээр хэсэг лам нарын хамт Бурхан Багшийн шүтээний өмнө суугаад Чухаг Дээд гурвын мөргөл, Шүтэн барилдахуйн магтаал, Наландагийн 17 бандидагийн магтаал зэрэг нэлээдгүй уншлага уншиж залбирал үйлдэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Махабодь суварга дахь Бурхан Багшийн шүтээний өмнө уншлага уншиж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.01.02. Гэрэл зургийг Тэнзин Чойжор