Dalailama / Дэлхийн олон улсын жуулчидтай уулзлаа

Дэлхийн олон улсын жуулчидтай уулзлаа

2018 оны 4 дүгээр сар 16

Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө өөрийн өргөөнөөс гарч ирэхдээ баяр баясалтай байлаа. Тэрээр замдаа дэлхийн 68 орноос ирсэн 1500 гаруй иргэдийн заримтай нь уулзан ярилцаж, заримтай нь хошигнон тоглож, мөн заримтай нь гар барин явж байв. Цугласан хүмүүсийг Дээрхийн Гэгээнтэнтэй хамт зургаа татуулахын тулд хэсэг бүлгээр нь зогсоосон байх тул тэрээр түр зогсож гадны олон зочидтой зургаа татуулсны дараа дуганы өмнөх талбайн тавцан дээрх суудалдаа суугаад яриагаа эхлэв.

Дэлхийн олон улсын жуулчидтай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзахаар олон орны 1500 гаруй жуулчид Зүглаг Хан дуганы өмнөх талбайд цуглав. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.04.16. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Би заримдаа энд хүрэлцэн ирсэн гадаадын хүмүүст дан ганц миний царайг харах нь хангалттай бус, тэдэнтэй ярилцах нь илүү чухал гэж боддог.”

“Бурханы шашинтан бид нар хамаг амьтан амар амгалантай сайхан байгаасай гэж хүсэн залбирдаг, гэвч энэ яг ямар утгатай болохыг сайтар ойлгосон байх шаардлагатай. Бид араатан амьтан, хорхой шавьж, загас жараахай гэх мэт хамаг амьтдын төлөө залбирдаг хэдий ч тэдэнд залбирахаас өөр бодитой тус хийхэд үнэндээ хэцүү билээ. Харин эх дэлхий дээр бидэнтэй адилхан 7 тэрбум хүмүүс амьдарч байна. Тэдэнд минийхтэй адил уураг тархи, оюун ухаан бий. Тиймээс тэдэнд тус болж чадах нь бодит үнэн юм.”

“Шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанарыг энэрэнгүй гэж нотлосон. Энэ нь тун сайн хэрэг. Хэрэв бидний үндсэн чанар уур хилэн байсан бол итгэл найдвар байхгүй болно гэсэн үг. Үүний дээр шинжлэх ухааны эрдэмтэд байнгын уур хилэн, үзэн ядалт нь бидний дархлааны системийг дарангуйлдаг ба энэрэнгүй сайхан сэтгэл эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг болохыг мөн батласан билээ. Тиймээс сайхан сэтгэлийг хөгжүүлэхийн тулд уураг тархиа бид бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй байна.”

Дэлхийн олон улсын жуулчидтай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзахаар олон орны 1500 гаруй жуулчид Зүглаг Хан дуганы өмнөх талбайд цуглав. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.04.16. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Бага хүүхдүүд улс үндэс, арьс өнгө, шашин шүтлэгийн ялгааг тоодоггүй. Хэрэв цаад хүүхэд нь инээж байвал тэд шууд л тоглож эхэлдэг. Гэтэл орчин үеийн боловсролын ба нийгмийн систем үүнийг үгүй хийж, тэд өсөж өндийх тусам шашин шүтлэг, үндэс угсааны ялгааг харж эхэлдэг.”

“Дэлхий нийтээрээ сэтгэл хөдлөлийн хямралд өртөж буй өнөө цаг үед эртний Энэтхэгийн сэтгэл оюун хэрхэн ажилдаг талаарх гүн мэдлэг боловсрол энэ хямралыг арилгахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт би итгэлтэй байна. Би анх энэ сургалтанд хамрагдан, сонгодог ном зохиолыг цээжилж эхлэх үедээ учрыг нь сайн мэдэхгүй тул дурамжхан, залхуу ханддаг байлаа. Гэвч хожим сэтгэлийн амар амгаланд хүрэхэд энэ мэдлэг боловсрол ямар чухалыг таньж мэдсэн юм.”

“Хүмүүс оюун ухаан хийгээд сэтгэл хөдлөлийн түвшинд адилхан. Бидэнд уур хилэн, үзэн ядах талаар нэлээдгүй туршлага бий. Гэвч нөгөөтэйгүүр энэрэн нигүүлсэх, уучлах, тэсвэр тэвчээрийг хөгжүүлэх бүхий л боломж бас байдаг. Сөрөг сэтгэл хөдлөл нь “үл мэдэх” дээр үндэслэдэг. Үүнийг миний сайн найз, сэтгэл судлаач Аарон Бек улам баталж өгсөн билээ. Тэрээр хүмүүс уурлан хилэгнэж, бусдыг буруутгаж байхдаа гагцхүү өөрсдийн төсөөлөлд автсан байдаг гэж үзсэн юм. Энэрэл хайр, нигүүлсэнгүй сэтгэл нь “учир шалтгаан” дээр үндэслэдэг тул бид уураг тархиа хөгжүүлснээр эерэг сэтгэл хөдлөлүүдийг улам хүчтэй болгох боломжтой.”

Дэлхийн олон улсын жуулчидтай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож буй гадаадын жуулчид. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.04.16. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Тэрээр Түшита төвийн буддизмын суралгалтанд хамрагдаж буй хүмүүсийг хараад тэдэнд хандан Энэтхэгийн их мастер Шантидева гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” номыг үзэж судлахыг зөвлөлөө. Тэрхүү номын 6, 8 дугаар бүлгийг онцлон дурдаж энэ хэсэгт уур хилэн, амин хувиа хичээхийг хэрхэн арилгах тухай маш тохиромжтой арга замыг заасан талаар тайлбарласан юм. Энэ нь бурханы шашин шүтдэггүй хүмүүст ч үр өгөөжөө өгөх болно гэсэн юм. Дээрхийн Гэгээнтэн 1967 онд энэхүү номыг анх үзэж судалсан цагаас эхлэн байнга уншдаг болсон ба үүний улмаас түүний сэтгэлд маш их өөрчлөлт гарсан гэдгийг тэмдэглэн хэллээ.

Тэрээр цааш нь ярихдаа орчин үеийн боловсрол нь дотоод сэтгэлийн үнэ цэнэ гэхээсээ илүү гадаад материаллаг хөгжилд голлон анхаарсан болохыг дурдаад энэ нь бүхий л үеийнхэнд нөлөөлж байна гэлээ. Харин эртний Энэтхэгт, бүр Бурхан Багшаас ч өмнө сэтгэл төвлөрөл болон саруул оюуныг хөгжүүлснээр оюун ухаан, сэтгэл хөдлөл ямар хэмжээнд хүртлээ хөгждөг талаар гүн гүнзгий, баялаг ойлголттой байсан тухай дурдав. Дээрхийн Гэгээнтэн тэнд цугласан хүмүүст хандан хэрэв та бүхэн ч оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаар баттай сайн ойлголт авч чадвал өөрсдийн оюун санааны чадварыг сайжруулах бүрэн боломжтой болохыг санууллаа. Сэтгэл хөдлөлийн талаар баттай сайн ойлголт авч чадвал бид өөрсдийн дотоод сэтгэлийн хүч, сэтгэлийн амар тайван байдлаа хадгалж чадна гэв.

“Ахан дүүс нар минь, та нар дотоод ертөнцдөө анхаарал хандуулж, сөрөг сэтгэл хөдлөлийг арилгаж, оюун ухаанаа өөрчлөх хэрэгтэй байна. Хэрэв хувь хүн оюун санааны амгалан тайван байдлыг олж чадвал үүнийгээ бусадтай хуваалцах хэрэгтэй. Ингэх нь маш үр дүнтэй байх болно. Дэлхийн олон олон асуудлыг хараад та нарын зарим нь үүнд нөлөөлөх боломжгүй хэмээн сэтгэж магадгүй. Гэвч хувь хүн өөрчлөлтийг авчирна гэдгийг өөртөө байнга сануулах хэрэгтэй. Өдөр өдрөөр чанар нь сайжирсаар хүн төрөлхтөн амар тайван амьдрах боломжтой болно. Энэ бол бодит хандлага юм.”

Дэлхийн олон улсын жуулчидтай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гадаадын иргэдийн асуултанд хариулж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.04.16. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

“Өнөөдөр бид хүмүүсийн хоёрдугаар зэргийн ялгааг илүү их тодотгож, “бид” ба “тэд” гэж хуваагдсаар байгаа ийм үед бид нэгэн хүн төрөлхтөн гэдгийг байнга санах хэрэгтэй болж байна. Бидний сууж буй энэ газрыг би дотоод сэтгэлийн үнэ цэнийг орчин үеийн боловсролд нэвтрүүлэх үүрэг хүлээсэн олон газрын нэг гэж боддог. Хэрэв бид өнөөгийн 21-р зууныг хүчирхийллийн улмаас 200 гаруй сая хүн амь насаа алдсан 20-р зуунаас арай өөр болгохыг хүсч байвал одооноос эхлэн дорвитой алхам хийх хэрэгтэй. Хэрэв ойрын 30 жилийн хугацаанд хүчин зүтгэл гаргаж чадвал дэлхийн нөхцөл байдалд эерэг өөрчлөлт гарахыг та харах болно.”

“Миний хэлэх зүйл энэ хүрээд өндөрлөж байна. Өдгөө би 82 насанд хүрлээ. Би 16 насандаа эрх чөлөөгөө алдаж, 24 насандаа эх орноо алдсан. Би амьдралдаа олон бэрхшээлтэй нүүр тулж байсан хэдий ч бидэнд суралцах боломж үргэлж байдгийг би ухаарсан билээ. Бид хувь хүнийхээ хувьд юуны түрүүнд өөрийн оюун санаагаа өөрчилж, сэтгэлийн амар амгаланг олох хэрэгтэй. Харин нийгмийг өөрчлөхийн тулд мэдлэг боловсролыг хөгжүүлэх нь чухал юм.”

Асуулт, хариултын үеэр Потала ордонд эргэн очих боломжтой эсэхийг асуусанд тэрээр үүнээс илүүтэй Наландагийн уламжлалаар дамжсан эртний Энэтхэгийн мэдлэгийн өвийг хадгалж буй төвөд хэл, соёлыг хадгалан авч үлдэх нь чухал байна гэв. Тэрээр Энэтхэгийн зохиол бүтээлийн 300 гаруй ботийг Ганжуур, Данжуур болгон төвөд хэлээр орчуулсан бөгөөд үүнд гүн ухаан, шинжлэх ухаан, сэтгэл судлалын арвин их бүтээлүүд хадгалагдаж байгаа, энэ нь өнөө цаг үед нэн чухал болоод байгааг тайлбарлан ярьлаа.

Дэлхийн олон улсын жуулчидтай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.04.16. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн цагаан хоолыг магтаад Энэтхэг дэх Төвөдийн томоохон сүм хийдүүд, мөн бусад институтын нийтийн хоолны газрын ихэнх нь зөвхөн цагаан хоол хийдгийг дурдлаа. Тэрээр буддын лам нарын уламжлал нь өглөгийн идээг эрхэмлэн, өглөгийн эздийн юу өгснийг авдаг тул аль ч хоолыг идэж болох тухай тайлбарлав.

Эцэст нь нигүүлсэнгүй сэтгэлийн тухай асуултанд тэрээр энэрэн нигүүлсэхүйн сэтгэл гэдэг нь хээнцэр чамин зүйл бус, биднийг амьд үлдэхэд зайлшгүй чухал зүйл юм гэлээ.

“Зарим тохиолдолд шинжлэх ухаан, техник технологи нь хүмүүст алж устгах, эвдэн сүйтгэх асар их хүчийг өгч байна. Гэтэл цаг хугацаа, нөхцөл байдал улам өөрчлөгдсөөр байна. Хүмүүс нэг нэгнээсээ улам их хамааралтай болсон. Жишээлбэл дэлхийн цаг уурын өөрчлөлтөнд хэн хүнгүй анхаарч, нэгдэн хөдлөхийг шаардаж байна. Тиймээс бодит байдлыг үнэн зөвөөр нь харж, асуудлыг хүчээр бус, маш нухацтай харилцан ярилцах замаар шийдэх ёстойг ухаарах цаг нэгэнт болжээ.”

“Ахан дүүс минь, бид хүн төрөлхтний нэг хэсэг гэдгээ бүү мартаарай. Хэрэв хүн төрөлхтөн амар тайван байвал бид ч амар тайван байх болно. Мэдээжийн хэрэг бидэнд хувийн ашиг сонирхол байх боловч үүнийгээ мугуйд, ухвар мөчдөөр хангах бус, бусдад анхаарал хандуулах замаар өөрийн ашиг сонирхолыг хангах нь чухал юм. Та бүхэнд баярлалаа.”

Дээрхийн Гэгээнтэн яриагаа өндөрлөн суудлаасаа босч, хөнгөн явсаар машиндаа суулаа. Тэрээр замдаа өөртэй нь мэндлэхийг, үг яриа ярихыг хүссэн хүмүүстэй уулзан ярилцаж байв.
20-04-2018, 05:48
Вернуться назад