DataLife Engine > Мэдээ > Лал Бахадур Шастри институтын 23 дахь удаагийн хуралд оролцов

Лал Бахадур Шастри институтын 23 дахь удаагийн хуралд оролцов


10-05-2018, 11:36. Разместил: Battsengel
2018 оны 4 дүгээр сар 23

Энэтхэг, Шинэ Дели – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Дварка дүүргийн захад орших Лал Бахадур Шастригийн нэрэмжит менежментийн их сургуульд зочлон очиход тус сургуулийн захирал доктор Д.К Шривастава, мөн удирдах зөвлөлийн дарга Анил Шастри нар угтан авлаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн хоёр дахь ерөнхий сайд агсантай дотно холбоотой байсны хувьд шууд сургуулийн өмнөх талбайд байрлах түүний гэрэлт хөшөөний өмнө очин хадаг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дараа нь тус сургуулийн академийн нөмрөг, малгай өмсөн хурлын танхимд оров. Шастри агсаны хүү Анил түүнтэй хамт хурлын танхимд байрлах Лал Бахадур Шастри агсаны хөрөг дүрийн өмнө цэцэг, зул өргөлөө.

Лал Бахадур Шастри институтын 23 дахь удаагийн хуралд оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лал Бахадур Шастри агсаны хөргийн өмнө хүндэтгэлийн зул өргөж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2018.04.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Анил Шастри хурлын үйл ажиллагаа нээснийг мэдэгдсэний дараа сургуулийн захирал доктор Шривастава товч үг хэлэхдээ сургуулийн амжилт бүтээлийн талаар танилцууллаа.

Дараа нь Анил Шастри Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай хэрхэн уулзаж, танилцаж байснаа дурсан ярьсан юм. Тэрээр дунд сургуулийн сурагч байхдаа анх удаа Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзаж өлмийд нь хүрсэн тухайгаа дурсаж, түүний дараа Варанасийн их хурлын гишүүний албыг хаших үед Дээрхийн Гэгээнтэн түүний нэгэн номын нээлт хийсэн ба, мөн дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лал Бахадур Шастригийн дурсгалын илтгэл тавих үед ахин уулзаж байсан тухай ярив. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдвараас эшлэл татан “Хэрэв та бусдыг аз жаргалтай болгохыг хүсвэл энэрэнгүй сэтгэлийг дадуул, хэрэв та өөрөө аз жаргалтай болохыг хүсвэл мөн л энэрэнгүй сэтгэлийг дадуул” гэсэн үгээр яриагаа өндөрлөв.

Дараа нь төгсөгч нарт диплом гардуулах ёслол болж энэ жил сургуулиа төгсөж буй оюутнууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас диплом, медал гардан авч байлаа.

Лал Бахадур Шастри институтын 23 дахь удаагийн хуралд оролцов
Сургуулиа төгсөж буй оюутнууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас дипломоо гардан авч байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2018.04.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтний үг хэлэх ээлж тохиоход тэрээр Лал Бахадур Шастри агсантай дотно холбоотой байсан учир Анил Шастри миний хувьд онцгой дүү минь мөн хэмээв. Ингээд тэрээр олон нийтэд хандан “Хүндэт ахан дүүс минь” хэмээн мэндлээд яриагаа эхэлсэн юм.

“Би олон нийттэй уулзах бүртээ ийнхүү мэндлэж яриагаа эхэлдэг. Учир нь дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүн бүгд ахан дүүс мөн гэдэгт би бүрэн итгэлтэй байдаг. Бид оюун ухаан, бие махбодь, сэтгэл хөдлөлийн хувьд адилхан. Бид бүгд аз жаргал, баяр хөөртэй байхыг хүсдэг. Шинжлэх ухааны эрдэмтэд судалгаагаар хүний үндсэн чанар энэрэнгүй болохыг баталсан байна. Хэрэв та энэрэнгүй сайхан сэтгэлтэй байж чадвал таны биеийн эрүүл мэнд ч сайжрах ба хэрэв үргэлж уур хилэн, үзэн ядалтанд автвал таны дархлааны систем доройтох болно.”

Дээрхийн Гэгээнтэн тэнд цугласан 400 гаруй оюутан залуучуудаас “Та нар инээмсэглэж буй царайд дуртай юу, ууртай догшин царайд дуртай юу?” хэмээн асуусанд бүгд нэгэн дуугаар “Инээмсэглэж буйд дуртай” гэлээ.

Лал Бахадур Шастри институтын 23 дахь удаагийн хуралд оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лал Бахадур Шастригийн нэрэмжит менежментийн их сургуульд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2018.04.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Бидний төрөлх чанар энэрэнгүй болохыг батлах нэгэн жишээ энэ байна. Мөн бидний амьдрал эхийн хайр энэрлээр эхэлсэн шүү дээ.”

“Өдгөө бид өөрсдийн бий болгосон олон асуудалтай нүүр тулгарч байна. Яагаад вэ? Яагаад гэвэл бидэнд маш их уур хилэн, өрсөлдөөн, айдас хийгээд түгшүүр байна. Ийм учраас бид хүн төрөлхтний үндсэн чанар болох энэрэнгүй сайхан сэтгэл дээр илүү их анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мөн бидний хоёрдугаар түвшний ялгаа болох арьс өнгө, улс үндэс, шашин шүтлэг, баян хоосны ялгаа, Энэтхэг орны хувьд кастаар ялгах тал дээр хэт их анхаарал хандуулсны улмаас нэлээдгүй олон асуудал бидэнд үүссээр байна. Үүний үр дагаварт “бид” ба “тэд” гэсэн ялгаа зааг бий болж, улмаар дайн тулаан хийхэд хүрч байна. Иймийн тул бид боловсролын системд хүн төрөлхтний нэгмдэл байдлын тухай ойлголтыг оруулах хэрэгтэй.”

“Орчин үеийн боловсрол өргөн хүрээнд материаллаг хөгжилд төвлөрч байна. Үүнтэй уялдан бидний ихэнхи маань гагцхүү мэдрэхүйн таашаалд хөтлөгдөж буй бөгөөд энэ нь үнэн хэрэгтээ сэтгэл, оюун санааны түвшний амар амгалантай харьцуулбал өчүүхэн зүйл билээ. Эртний Энэтхэгийн уламжлал нь оюун ухаан хийгээд сэтгэл хөдлөл, түүнийг хэрхэн удирдах талаар гүн, дэлгэр мэдлэгийг агуулж байна. Үүний үр дагаварт Энэтхэгт хүчирхийллийн бус арга зам, энэрэнгүй үзэл санаа уламжлал болон тогтсон юм.”

Лал Бахадур Шастри институтын 23 дахь удаагийн хуралд оролцов
Сургуулиа төгсөж буй оюутнууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2018.04.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Эртний Энэтхэгийн уламжлал нь сөрөг болон эерэг сэтгэл хөдлөлийн талаар номлохдоо сөрөг сэтгэл хөдлөл нь зовлонг үүсгэдэг гэж үзсэн юм. Нэгэнт энэхүү сөрөг сэтгэл хөдлөл бидний оюун санаанд явагддаг тул үүнийг арилгахын төлөө бид өөртөө үүрэг хариуцлага хүлээх ёстой. Сөрөг сэтгэл хөдлөлийг арилгахыг хүсч Эзэн тэнгэр, эсвэл Бурхан Багшид мөргөж залбираад нэмэр олохгүй. Бид биеийн эрүүл мэндийг сахидагтай адил оюун санаа, сэтгэл хөдлөлийн эрүүл мэндийг сахих хэрэгтэй.”

“Жишээлбэл уурлах үед бидний оюун санааны амар тайван байдал хэрхэн алдагддаг болохыг бид мэднэ. Хоол, ундаа ч амтархан идэж чаддаггүй. Бүр цаашлаад өөрийгөө өвтгөж ч болох юм. Иймийн тул бид уурыг хэрхэн дарах арга замд суралцаж, урьдчилан сэргийлэх хэрэгтэй.”

Лал Бахадур Шастри институтын 23 дахь удаагийн хуралд оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лал Бахадур Шастригийн нэрэмжит сургуульд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2018.04.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа урьд өмнө шинжлэх ухааны эрдэмтэд зөвхөн уураг тархины үйл ажиллагааг л ярьдаг байсан, эдүгээ тэд оюун санаа хүний уураг тархинд хэрхэн нөлөөлж болох талаар судалгаа хийж буйг дурдлаа. Оюун санааг дадлагжуулж чадвал бидний уураг тархинд мэдэгдэхүйц өөрчлөлт гардаг болохыг тэд судалсаар байна гэв.

“Энэ бүгдийг та бүгдтэй хуваалцахыг хүслээ.” хэмээгээд Дээрхийн Гэгээнтэн яриагаа өндөрлөв.

“Та бүхэн шаргуу хөдөлмөрлөж суралцсаны үр дүнд өнөөдөр дипломоо гардан авч байна. Та бүхэнд баяр хүргэе! Гэвч энэ нь дангаараа та нарт дотоод сэтгэлийн амар амгаланг авчирч чадахгүй. Тиймээс та бүхэн миний сая ярьсан эртний Энэтхэгийн сэтгэл судлалын ухаанд анхаарал хандуулаарай. Энэтхэг орон даян дэлхийн энх тайванд үнэтэй хувь оруулж чадах улс мөн.”

Танхимд цугласан хүмүүс халуун алга ташилтаар түүнд талархал илэрхийллээ. Тус сургуулийн захирал ноён Шривастава Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд айлчлалын дурсгалын зүйл гардуулав.

Лал Бахадур Шастри институтын 23 дахь удаагийн хуралд оролцов
Лал Бахадур Шастригийн нэрэмжит сургуулийн удирдах зөвлөлийн дарга Анил Шастри, захирал Шривастава нар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд дурсгалын зүйл гардуулж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2018.04.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дараа нь сургууль төгссөн оюутнууд болон тус сургуулийн багш, ажилчид, мөн удирдах албаны хүмүүстэй Дээрхийн Гэгээнтэн хамтдаа зургаа татууллаа. Дараа нь хамтдаа үдийн зоог барьснаар энэ өдрийн үйл ажиллагаа өндөрлөж Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зочид буудлын зүг буцав.

Вернуться назад