Dalailama / Вьетнамын урлаг, бизнес, эрдэмтдийн төлөөлөлтэй уулзлаа

Вьетнамын урлаг, бизнес, эрдэмтдийн төлөөлөлтэй уулзлаа

2018 оны 5 дугаар сар 21

Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө өөрийн өргөөндөө Вьетнамын урлаг, бизнес, эрдэмтдийн 80 гаруй төлөөлөлтэй уулзлаа. Харин Ханной, Хо Чи Мин, Хай Пон хотуудаас 500 гаруй хүмүүс цахим сүлжээгээр уг уулзалтанд оролцов.

Вьетнамын урлаг, бизнес, эрдэмтдийн төлөөлөлтэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вьетнам улсаас цахим хуудсаар холбогдож буй хүмүүстэй мэндэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.21. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэхдээ юуны түрүүнд бид хүн төрөлхтний нэг гэдэгтээ талархах хэрэгтэй гэлээ. Тэрээр хүчирхийлэл үргэлжилсээр байгаад, мөн удирдаж тэтгэх хүнгүй хүүхэд багачууд өлсгөлөнд нэрвэгдэн насан эцэслэж байгаад тун харамсаж явдгаа дурдав.

"Шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанарыг энэрэнгүй гэж нотлосон бөгөөд энэ нь бидэнд итгэл найдвар төрүүлж байна. Бидний ихэнх маань амьдралын анхны мөчөөс л эхийн хайрыг мэдэрч эхэлсэн билээ. Мөн хэн нэгэн хүн насан эцэслэх сүүлийн мөчид түүний дотны хүмүүс дэргэд нь байж чадвал тэрээр сэтгэл амар насан эцэслэх болно. Тиймээс бидний амьдралын анхны мөчөөс насан эцэслэх сүүлийн мөчийг дуустал бидэнд энэрэл хайр хамгаас чухал юм.”

Вьетнамын урлаг, бизнес, эрдэмтдийн төлөөлөлтэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вьетнамын сүсэгтнүүдийг хүлээн авч уулзаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.21. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
"Бидэнд тохиож буй олон асуудлын ихэнх нь нэг нэгнийхээ хоёр дахь түвшний ялгаанд хэт их анхаарал хандуулсны улмаас үүдэж байна. Энэ буруу хандлагыг арилгах гол ерөндөг нь хүн төрөлхтний нэгмдэл байдлыг ойлгох, энэ ойлголтыг хөгжүүлэх явдал юм.”

"Хүн төрөлхтний түүхэнд үүссэн хагарал бутрал нь өөрсдийгөө “бид”, “тэд” гэж хуваах, арьс өнгө, шашин шүтлэг, улс үндсээр нь ялгаж салгасны үр дагаварт бий болсон байна. Энэ нь зөвхөн зовлон шаналалыг л авчирсан юм.”

Вьетнамын урлаг, бизнес, эрдэмтдийн төлөөлөлтэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вьетнамын сүсэгтнүүдтэй уулзах үеэр. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.21. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Шашин хоорондын эв нэгдлийн талаар ярихдаа тэрээр адил бус шашнууд адил бус гүн ухааны үзэл онолтой хэдий ч хувийн ёс суртахуун, энэрэн нигүүлсэхүйн сургаалаараа адил тул энэ нь харилцан бие биенээ хүндэтгэх суурь болдог гэлээ.

Наландагийн уламжлалд оюун ухамсарын талаар гүн мэдлэгийг агуулдаг ба эргэлзээ буюу “яаж, хэрхэн” гэсэн зарчмаар энэхүү мэдлэгийг олж авдаг талаар тайлбарлав.

Дээрхийн Гэгээнтэн хэд хэдэн асуултанд хариуллаа. Уур уцааргүйгээр амьдралаа хэрхэн утга учиртай авч явах вэ гэсэн асуултанд тэрээр, хэдий уур хилэн нь өөрийгөө хамгаалах арга зам мэт харагдавч угтаа байнгын уур хилэн, үзэн ядалт бидний дархлааны системийг доройтуулдаг гэдгийг шинжлэх ухааны эрдэмтэд нотлосон юм. Бид нэг нэгэнтэйгээ маш нарийн холбоотой болсон тул харилцан ашигтай байх зарчмаар асуудлыг шийдэх хэрэгтэй гэж хариуллаа.

Вьетнамын урлаг, бизнес, эрдэмтдийн төлөөлөлтэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вьетнамын сүсэгтнүүдтэй уулзаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.21. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Асуудалд бид бодитоор хандах хэрэгтэй. Бид өргөн хүрээнд сэтгэж, асуудлыг олон өнцгөөс харах чадвартай болох хэрэгтэй.”
Түүний амьдрал бүхэлдээ хүнд хэцүү байдал дунд өнгөрсөн боловч тэрээр үргэлж дотоод сэтгэлийн амар амгалан, нүүрэнд тодрох инээмсэглэлээ алдахгүйг хичээж ирсэн гэдгээ ярьсан юм.
24-05-2018, 02:59
Вернуться назад