DataLife Engine > Мэдээ > 2 дахь удаагийн Винайн хэлэлцүүлэгт оролцов

2 дахь удаагийн Винайн хэлэлцүүлэгт оролцов


5-07-2018, 04:14. Разместил: Battsengel
2018 оны 7 дугаар сар 1

Энэтхэг, Шинэ Дели – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө 2 дахь удаагаа зохион байгуулж буй Винайн хэлэлцүүлэгт оролцож буй гишүүдтэй уулзлаа. Энэ удаагийн хуралд Шриланк, Бирм, Тайланд, Тайван, Энэтхэг, Төвөдийн бурханы шашны уламжлалын төлөөлөгч нар оролцож байгаа ажээ.

Хурлын нээлт хийж Тайландын ахмад хуврага үг хэллээ. Тэрээр уг хуралд оролцож буйдаа туйлын баяртай байгаа хэдий ч аглагт даянчилдаг түүнд зочид буудалд суух нь төдийлөн тухтай биш байгаагаа уламжлав. Тэрээр Бурхан Багш Анандад хандан “Надаас хойш миний винайн сургаал шавь нарын замыг заах болно” гэж айлдсаныг дурдлаа. Эцэст нь тэрээр винайн сургаал хэдийг хүртэл оршино тэр хүртэл Бурханы шашин орших болно хэмээн тэмдэглэн хэлэв.

2 дахь удаагийн Винайн хэлэлцүүлэгт оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бирм, Шриланкийн ахмад хуврагуудтай уулзаж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2018.07.01. Гэрэл зургийг Жереми Рассел
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үг хэллээ.

“Би 1954 онд гэлэн санваар хүртсэн ба 8-р зуунд Энэтхэгийн их мастер Шантаракшита гэгээн Төвөдөд дэлгэрүүлсэн Наландагийн уламжлалд суралцсан билээ. Шантаракшита гэгээн Наландагийн оройн дээд мэргэн, гүн ухаантан, учир шалтгааны ухааны их мастер, гэлэн санваартан байсан юм. Наланда уламжлал нь дан ганц сүсэг бишрэлийг чухалчилдаг бус, учир шалтгааны арга ухааныг илүү чухалчилдаг.”

“Өөр нэгэн онцлох зүйл нь 2600 жилийн өмнө дэлгэрсэн Бурхан Багшийн сургаал эдүгээ ч чухалд тооцогдсоор байна.”

2 дахь удаагийн Винайн хэлэлцүүлэгт оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хоёр дахь удаагийн Винайн хуралд оролцон үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2018.07.01. Гэрэл зургийг Жереми Рассел
“Хуучин сэтгэлгээ, асуудлыг хүчээр шийдэхийг урьтал болгосны үр дагаварт өнгөрсөн зуун дайн, хүчирхийлэлийн эрин болсон билээ. Өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа үүний нэгэн үр дагавар нь яг энэ мөчид бид амар тайван энд сууж байхад дэлхийн өөр нэгэн газарт хүмүүс бусдын гарт алтан амиа алдаж, зарим газар өлсгөлөнгөөр насан эцэслэж, мөн зарим газарт өрсөлдөөн, арьс өнгөөр нэг нэгнээ гадуурхаж байна. Үүнтэй зэрэгцэн дэлхийн томоохон бүх шашин энэрэл хайр, уучлалыг номлодог. Тэд бүгд сэтгэл санааны амар амгаланг чухалчилдаг учир би тэдгээр шашнуудад хүндэтгэлтэй хандаж, шашин хоорондын эв нэгдлийг чухалчилдаг юм.”

“Эртний Энэтхэгийн оюун санаа, сэтгэлгээний уламжлал нь баттай төвлөрөл, саруул билиг оюуныг хөгжүүлэх урт хугацааны арга замаар явсан тул үүний үр дүнд сэтгэл оюуны талаарх гүн, нарийн ойлголтыг олж авсан байна. Буддизм нь энэ талаар асар өргөн мэдлэгийг хадгалан үлдсэн нь өдгөө орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтдийн анхаарлыг нэн ихээр татаж байна.”

“Өмнө өгүүлсэнчлэн Винайн сургаал нь Бурхан Багшийн бүх сургаалын үндсэн суурь болдог.”

2 дахь удаагийн Винайн хэлэлцүүлэгт оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хоёр дахь удаагийн Винайн хурлын төлөөлөгч нарын хамт. Энэтхэг, Шинэ Дели. 2018.07.01. Гэрэл зургийг Жереми Рассел
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа пали уламжлал дахь Хутагтын Дөрвөн үнэн, гэгээрлийн гучин долоон эрдэм гэх зэрэг сургаалууд чухал болохыг дурдлаа. Мөн Бурхан Багш хоёр дугаар номын хүрдийн сургаалыг голлон судласан Нагаржуна, Арьяадэва тэргүүтэй эрдэмтдийн ном зохиолууд хичнээн чухал болохыг тайлбарлав. Эдгээр эрдэмтдийн зохиол бүтээл нь бидний оюун ухааныг хөгжүүлэхэд нэн чухал үүрэгтэй гэлээ.

Уг хуралд оролцож буй Бирм, Тайван, Энэтхэгийн төлөөлөгчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд дурсгалын зүйл гардууллаа. Мөн Дээрхийн Гэгээнтэн өөрийн дэргэд сууж буй Тайландын ахмад хуврагт Бурхан Багшийн дүрийг дурсгав.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн өөрийн хотыг “Энэрэнгүй хот” хэмээн зарласан АНУ-ын Калифорниа мужийн Анахеим хотын дарга Том Тайттай уулзлаа. Тэрээр амар тайван, аз жаргалтай хотын төлөө хүчин зүтгэж буй Тайт даргын урам зоригийг магтав.

2 дахь удаагийн Винайн хэлэлцүүлэгт оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Анахеим хотын дарга Том Тайттай уулзаж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2018.07.01. Гэрэл зургийг Жереми Рассел
Тэрээр олон хүн гадаад материаллаг хөгжлөөс амар амгаланг олж авна гэж боддог тухай дурдаад үнэндээ дотоод сэтгэлийн амар амгалан нь илүү чухал болохыг мэдэгдлээ. Бидний сэтгэлийн амар амгаланг уур хилэн, үзэн ядах, хардалт, айдас үгүй хийдэг тул эдгээр сөрөг сэтгэл хөдлөлийг арилгах арга ухаанд суралцах хэрэгтэй гэв.

Маргааш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дунд сургуулийн захирал нарын “Аз жаргалын хөтөлбөр” сэдэвт хичээлийн хөтөлбөрийн нээлтэнд оролцоно.


Вернуться назад