Dalailama / Ладакт хүрэлцэн ирлээ

Ладакт хүрэлцэн ирлээ

2018 оны 7 дугаар сар 3

Энэтхэг, ЖК, Ладак, Лех – Энэ өглөө эрт Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дели хотоос Ладакийн зүг нисэв. Дээрхийн Гэгээнтнийг газардахад шүхэр, силнэн гэх мэт хүндэтгэлийн хөгжим сэлтээр ёслол төгөлдөр угтлаа. Гандан Ширээт асан Ризон ринбочэ, Бригүн Чэзан ринбочэ, Тиксей ринбочэ болон бусад ахмад лам хуврагууд түүнийг угтав. Албаны хүмүүс, үүн дотор парламентийн гишүүн Түвдэн Цэван, Лехийн дарга Ригзин Жора нарт багтсан байлаа.

Ладакт хүрэлцэн ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цугласан олны зүг гар даллан мэндэлж байгаа нь. 2018.07.03. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтний цуваа онгоцны буудлаас алгуур хөдлөхөд замын хоёр талаар хөгшин залуу, лам хуврагууд, залуучууд, сургуулийн сурагч хүүхдүүд гэх мэт олон мянган хүмүүс гартаа хадаг, хүж, цэцэг барин түүнийг баяр хөөртэйгээр угтан байв. Энэ нутгийн бүх хүн цугласан гэлтэй байлаа.

Ладакт хүрэлцэн ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг сүсэгтэн олон угтаж байгаа нь. 2018.07.03. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Шивацал ордонд хүрэлцэн ирэхэд Гандан Ширээт асан Ризон ринбочэ, Бригүн Чэзан ринбочэ, Тиксей ринбочэ, Таклүн Маттүл зэрэг ахмад лам хуврагууд ахин угтаж, хамтдаа хүндэтгэлийн цай, брээс зооглов.

“Би энд эргэн ирж байгаадаа машид баяртай байна. Одоогоор миний бие энд таатай байна. Цаашид ч энэ хэвээрээ байвал хэсэг хугацаанд энд байх болно. Ладакийн ард түмэн чин сүсэг бишрэлтэй, энэрэл хайраар дүүрэн ард түмэн билээ. Энэ бүхэнд би машид талархаж байна.”

Ладакт хүрэлцэн ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам угтах ёслолын үеэр үг хэлж байгаа нь. 2018.07.03. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Би сүүлийн 50 гаруй жил энд ирж байна. Ладакт гадаад юмс үзэгдэл ихэд өөрчлөгдөж, материаллаг хөгжил эрчимтэй явж байгааг бид харж байна. Сүм хийдүүдийн хувьд ч 50 жилийн өмнөхтэй харьцуулбал сургалт судалгаа хангалттай явуулдаг болжээ. Саяхан би “Мон Даван сан”-ын гишүүдтэй уулзсан. Тэд өөрсдийн бүх хийдийг сургалт судалгааны төв болгох зорилготой гэдгээ надад танилцуулсан юм.”

“Мөн хоёр хоногийн өмнө Делид Винайн эрдэмтэдтэй уулзах үеэр энэ цаг үед Бурхан Багшийн сургаал чухал ач холбогдолтой байгаа талаар ярилцсан билээ. Бусад шашны уламжлалуудын адил бурханы шашин ч энэрэн нигүүлсэх, уучлан өршөөх зэргийг номлодог. Би бурханы шашныг хамгийн сайн шашин гэж хэлдэггүй. Энэ нь бүх өвчинд сайн гэгдэх ганц эм байж болохгүйтэй адил юм. Бурхан Багш адил бус сэтгэлгээтэй олон шавь нарт адил бус сургаал айлдсаныг өдгөө бид номын гурван хүрд гэж ангилж буй билээ.”

Ладакт хүрэлцэн ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам амралтын өргөөндөө морилож байгаа нь. 2018.07.03. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зарим хуучин анд нөхөдтэйгээ уулзан ярилцаж, хэсэг хором болсны дараа амрахаар морилов. Маргааш тэрээр Лехийн Зуу бурханд мөргөнө.

5-07-2018, 16:11
Вернуться назад