Dalailama / Шивацал дахь номын айлдвар насны авшигаар өндөрлөв

Шивацал дахь номын айлдвар насны авшигаар өндөрлөв

2018 оны 7 дугаар сар 31

Энэтхэг, ЖК, Ладак, Лех – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шивацал дахь өөрийн өргөөнөөс гарч ирэхдээ сэтгэгдэл өндөр байлаа. Тэрээр номын айлдварын талбай хүртэлх замдаа аль болох олон хүнтэй уулзаж, тэдэнтэй ярилцаж байсан юм. Талбайд хүрэлцэн ирээд олон нийтийн зүг мэндлэв. Өнөөдөр улам олон хүн нэмэгдэж ойролцоогоор 30,000 сүсэгтнүүд цугласан байлаа.

Шивацал дахь номын айлдвар насны авшигаар өндөрлөв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын талбайн зүг явах зуураа сүсэгтэн олонтой уулзан ярилцаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Өчигдрийн номын айлдвар зогссон хэсгээс үргэлжлүүлэн номлох болно. Дараа нь номын айлдварын төгсгөлийн өлзий хутагийн ёслол үйлдэж Цагаан Дарь Эх бурханы үүднээс насны авшиг хүртээнэ. Одоо авшиг хүртээхийн өмнөх бэлтгэл зан үйлийг би хийх гэж байна.”

Бэлтгэл зан үйл хийж дууссаны дараа тэрээр номын айлдвар өчигдөр түр зогссон хэсгээс үргэлжлүүлэн тайлбарлав.

“Номын сэдвээс үл хамаарч ном номлож буй багш зөв сэдэлтэй байх ёстой ба сонсогч шавь ч мөн адил зөв сэдлээр номын айлдварыг сонсох ёстой. Багш нь өөртөө ашиг хонжоо, алдар нэр горилж ном айлдаж болохгүй, шавь хүн ч бусдыг хуурч мэхлэх, бусдад сайрхах зэрэг сөрөг буруу сэдлээр дээдийн номыг сонсох ёсгүй.”

Шивацал дахь номын айлдвар насны авшигаар өндөрлөв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам авшиг хүртээх бэлтгэл зан үйл үйлдэж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Чухаг дээд гуравт аврал одуулснаар итгэл, бишрэл, тэмүүлэл гурав бий болох ёстой. Тэмүүлэл нь ирээдүйд хэзээ нэгэн цагт хүрэх өөрийн гэгээрэлд аврал одуулахаас шалтгаална. Чин сэтгэлээсээ Чухаг дээд гуравт аврал одуулах аваас та жинхэнэ бурханы шашинтан болох ба хэрэв бодь сэтгэлтэй холбож чадвал та их хөлгөнтөн болох юм. Тиймээс одоо хамтдаа Чухаг дээд гуравт ердийн болон бодь сэтгэлтэй уялдсан аврал одуулцгаая.”

“Аврал одуулах уншлага дотор “миний өглөг өгсөн...” гэх үг гарч байна. Энэхүү “миний”, эсвэл “би” гэж унших агшинд таван бие цогцоос тусдаа “би” хэмээгч байхгүй, эдгээр тав нь ч “би” биш гэдгийг сайн бодох хэрэгтэй.”

“Бодьсадвын явдалд орохуй” номын энэ бүлэгт нэгэн үзүүрт сэтгэл төвлөрлийн бясалгалын тухай, үүнийг хэрхэн олж, хэрхэн хөгжүүлэх тухай номлож байна. Нэгэн үзүүрт сэтгэл төвлөрлийн бясалгал гэж юу вэ? Энэ нь өөрийн сонгосон зүйл дээр сэтгэл үймэхгүйгээр төвлөрөхийг хэлнэ. Зүгээр нэг төвлөрөх бус, сэтгэл хөөрөл, нозоорол хоёроос ангид байх ёстой. Олон хүн надад хэлэхдээ хэдэн хоногоор бясалгалд суусны дараа миний оюун ухаан урьдынхаас илүү сул болчихлоо гэж хэлдэг. Энэ нь сэтгэл төвлөрлийн бясалгалд суух үедээ оюун ухаан нь нозоорч суларсныг үл анзаарнаас болдог.”

Шивацал дахь номын айлдвар насны авшигаар өндөрлөв
Сүсэгтнүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Хэрэв та нэгэн үзүүрт сэтгэл төвлөрлийн бясалгал хийхийг хүсч буй бол өөрийн хий, түүний хүчин чадлыг нэмэгдүүлж, бие махбодийн болон сэтгэл оюуны уян хатан чанарыг хөгжүүлэх хэрэгтэй. Ийнхүү сэтгэл төвлөрлийн бясалгалыг сайтар эзэмшсэний дараа үүнийгээ нягталж судлах бясалгал руу шилжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал энэ хоёр бясалгал таны билиг оюуныг өндөр түвшинд хөгжүүлж чадна. Энэ арга нь дан ганц бурханы шашных бус, эртний Энэтхэгийн шашны олон уламжлалд байсан юм. Эдгээрийг эзэмшсэн хүмүүс юмс үзэгдлийн талаар өндөр мэдлэгтэй болж, дүрстэй, дүрсгүй юмс үзэгдэлд хандах хандлага нь өөрчлөгдсөнөөр эгэл ердийн хүсэл шунал байхгүй болдог. Би Хүмба Мелад оролцож эдгээр бясалгалын чадвар эзэмшсэн бясалгаач нартай уулзаж тэдний туршлагыг сонсохыг хүсч буй.”

“Буддизмын хувьд бодь сэтгэлийн дэмжлэгээр юмс үзэгдлийн туйлын мөн чанарыг таньж мэдсэн билиг оюуныг хөгжүүлдэг. Энэхүү билиг оюунаар буруу үзэл бодлыг арилгахыг зорьдог. Улмаар “би үгүй”-н онолыг хэдий чинээнд ойлгож чадна тэр хэмжээнд хүсэл шунал, уур хилэн гэх мэт сөрөг муу сэтгэл хөдлөлүүд аяндаа арилдаг.”

Номын айлдварт теравада уламжлалын хэсэг хуврагууд сууж байгааг олж харсан Дээрхийн Гэгээнтэн тэднийг индэрт суухыг хүслээ. Тэрээр номоо үргэлжлүүлэн уншиж 8-р бүлгийн 157-р шүлэг дээр түр зогсов.

Шивацал дахь номын айлдвар насны авшигаар өндөрлөв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Бодьсадвын явдалд орохуй"-г тайлбарлан айлдаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Юмс үзэгдэл гадна талаасаа үнэхээр байгаа мэт, өөрөөрөө оршиж байгаа мэт харагддаг. Жишээлбэл хэн нэгэн хүнийг харах үед тухайн хүн үнэхээр байгаа мэт харагдах боловч нарийн судлан үзэхэд түүнийг энэ байна хэмээн тодорхойлох зүйл нэгээхэн ч байхгүй.”

Дээрхийн Гэгээнтэн 8-р бүлгийг түргэн уншиж дуусаад 9-р бүлгийг эхэллээ. Билиг оюуныг хэрхэн олж авах тухай номлосон энэ бүлэгт мунхагийг арилгахын тулд юмс үзэгдлийн туйлын мөн чанарыг таних ёстой гэдгийг онцолсон юм. Билиг оюун нь юмсын үнэн мөн чанарыг таньсан саруул ухаанаас бий болдог. Хоёр үнэн гэдэг нь юмс хэрхэн үзэгддэг, гэтэл түүний үндсэн мөн чанар нь юу болох талаар нарийн тайлбарладаг гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энд хүрээд номын айлдвараа зогсоов. Тэрээр үлдсэн хэсгийг ирэх жил үргэлжлүүлнэ, одоо харин урт наслахын бэлэгдэл Цагаан Дарь Эхийн авшиг хүртээнэ гэв.

Шивацал дахь номын айлдвар насны авшигаар өндөрлөв
Энэ өдрийн номын айлдварт нийтдээ 30,000 гаруй сүсэгтнүүд цуглалаа. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
"Бидэнд суралцах ёстой Ганжуур, Данжуурын 300 гаруй боть ном байна. Бурханы шашин нь юмс үзэгдлийн туйлын мөн чанарыг таних, сэтгэл оюунаа засаж залруулах, ингэхдээ сүсэг бишрэл, ерөөлөөр бус, учир шалтгаанч арга ухааныг ашиглах ёстой гэж үздэг. Бид боломжтой энэ л цаг үед суралцаж, бясалгах хэрэгтэй. Энэ нь биднийг аз жаргалтайгаар урт удаан наслахад чухал нөлөө үзүүлэх болно.”

“Авшиг хүртээхийн өмнө саад тотгор үйлдэгч нарыг үлдэн хөөх ёстой гэдэг боловч зарим амьтдыг чөтгөр шулам мэтээр төсөөлж хөөж туух нь зохимжтой гэж би боддоггүй. Өглөө бүр энэрэнгүй сэтгэлийг бясалгадаг хэрнээ орой нь “чөтгөр шулам эндээс яв” гэж хэлэхэд хүрч байна. Энэ нь хоорондоо зөрчилдөж буй тул би үүнтэй төдийлөн санал нийлдэггүй. Би бодь сэтгэлийн өндөр түвшинд хүрээгүй ч бодь сэтгэлийн хүч, чадалд бүрэн итгэлтэй байдаг.”

Авшиг хүртээх үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цугласан олныг удирдан бодь сэтгэл бясалгаж, тэдэнд бодьсадвын санваар хүртээлээ. Авшиг хүртээж дууссаны дараа тэрээр бүх нийтэд Бурхан Багш, Жанрайсиг, Манзушри, Дарь Эх болон Хаянхирва бурхадуудын зүрхэн тарнийн аман эшийг хүртээв.

Шивацал дахь номын айлдвар насны авшигаар өндөрлөв
Сүсэгтнүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас бодьсадвын санваар хүртэж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Энэ жил бид номын айлдвар явуулж, мөн олон нийтэд авшиг хүртээлээ. Ирэх жил бид эргэн уулзах болно. Ирэх жилийг хүртэл та нар халуун сайхан сэтгэл, хоосон чанарын тухай ойлголтоо улам их хөгжүүлээрэй.”

Ладакын буддын холбооны ерөнхийлөгч Цэван Тинлей талархалын үг хэллээ.

“Бид бүгдийг энэрэл хайраар бүрэн тэтгэсэн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Лех, Нүбра, Занскар, Каргил дахь айлчлалууд амжилттай болж өндөрлөж байна. Ладакчууд бид цөөхүүлээ ч бидэнд буй шашин хоорондын эв нэгдлийн арвин уламжлалаараа дэлхийн энх тайван, амар амгаланд хувь нэмэр оруулж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Ладакын Буддын Холбоо болон Ладакын Бүх Сүм Хийдүүдийн Холбоо бүх талаараа хамтран ажиллаж, шашин хоорондын эв нэгдлийг хөгжүүлэх тал дээр гэрээ байгуулсан, тэрхүү гэрээг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд танилцуулсан билээ. Мөн бид бурханы шашин шүтэж буй ахан дүүс нараа 21-р зууны буддист болгохоор ажиллаж байна. Бид таны ирэх жилийн айлчлалыг тэсэн ядан хүлээж байна. Тэр үед энэ жилийн олон олон амлалтын үр дүнг таньд танилцуулах болно.”

Цэван Тинлей төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд цагаан хадаг барьсан юм.

Дээрхийн Гэгээнтэн сэнтийнээс бууж тайзны өмнө очоод цугласан олны зүг гар даллан “Баяртай” хэмээв. Нэгэн дор цугласан хэдэн мянган хүмүүс бүгд хариу гар даллаж байлаа.

Тэрээр ордны зүг машинаар явав. Маргааш Ладакт суурин амьдардаг төвөд иргэд болон сургуулийн сурагч хүүхдүүдтэй уулзана.
4-09-2018, 07:51
Вернуться назад