Dalailama / Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын найм дахь удаагийн айлчлал

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын найм дахь удаагийн айлчлал

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын найм дахь удаагийн айлчлал 2011 оны 11-р сарын 07-нд Чингис хаан олон улсын нисэх буудалд 20:50 минутад заларснаар эхэлсэн юм. Дээрхийн Гэгээнтэнийг МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Их хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй Монголын сүм хийдүүдийн тэргүүнүүд болон албаны бусад төлөөлөгчид, сүсэгтэн олон тосон авав.

Дөрвөн хоногийн турш үргэлжилсэн энэ удаагийн айлчлалаар Дээрхийн гэгээнтэн Гандантэгчэнлин хийдэд морилж лам хуврагуудад сургаал айлдсан ба их, дээд сургуулийн оюутнуудад “Шинэ мянганы ёс зүй” сэдэвт лекц айлдав. Мөн нийт сүсэгтэн олонд хоёр хоногийн турш “Шүтэн Барилдлагын Магтаал” болон “Мөрийн Гурван Эрхэм” номын тайлбарыг айлдлаа. Үүний дараа Жанрайсиг бурханы авшиг, мөн Цагаан Дарь Эх бурханы насны авшиг айлдсан бөгөөд нийт сүсэгтэн олонд гэнэн сахил хүртээв.

Үүгээр энэ удаагийн айлчлалын үйл ажиллагаа өндөрлөсөн юм. Айлчлал өндөрлөж байгаатай холбогдуулан Их Тэнгэр цогцолборт хэвлэлийн бага хурал зарласан бөгөөд Далай багш “Би Монголд айлчилж байгаадаа маш их талархалтай байна. Ирэх бүртээ надад сайхан сэтгэгдэл үлдээдэг. Дэлхий нийтэд техник эрчимтэй хөгжиж байна. Үүний үр дүн нь ч танай улсад харагдлаа. Хэдийгээр техник технологи хөгжиж байгаа ч оюун санааны хямрал дэлхий даяар анзаарагдаж байгаа. Тиймээс дотоод сэтгэлгээний хөгжлийг, ялангуяа энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх тал дээр анхаарч байгаарай гэж захья” хэмээн айлдсан юм.

Далай лам анх Монгол оронд 1979 онд “Азийн буддистуудын энх тайвны V бага хуралд” оролцохоор морилж байсан бөгөөд энэ удаагийн айлчлал нь наймдахь удаагийн айлчлал байлаа.
10-05-2010, 23:50
Вернуться назад