Dalailama / “Бурханы шашин ба утга зохиол” сэдэвт олон улсын анхдугаар бага хурал дээр айлдсан Дээрхийн гэгээнтэн Далай ламын айлдвар

“Бурханы шашин ба утга зохиол” сэдэвт олон улсын анхдугаар бага хурал дээр айлдсан Дээрхийн гэгээнтэн Далай ламын айлдвар

2001оны 2-р сарын 15

Шагжамуни бурхан 2500 гаруй жилийн тэртээ гэгээрлийн хутагт хүрч, Энэтхэг оронд өөрийн сургааль номоо айлдсан нь өнөө цагт ч хэрэг тус, ач холбогдолтой хэвээр байна. Бид хэн ч байсан, хаа ч амьдардаг байсан ялгаагүй бүгдээрээ жаргалыг хүсэж, зовлонг үл хүсдэг. Бурхан багш бусдыг зовлонгоос гэтлэхэд нь чадахын хэрээр туслах хэрэгтэй хэмэээн айлдсан билээ. Мөн тэрбээр бусдад тус хүргэж чадахгүй бол хор хүргэхгүй байхад сайтар анхаарах хэрэгтэйг зарлигласан юм.

Бурханы шашны номын үйлийн нэгээхэн хэсэг нь бясалгалаар сэтгэл оюуныг боловсруулах байдаг. Сэтгэлээ амарлиулах болон асрал хайр, энэрэл нигүүлсэл, өглөг болон тэвчээрийн сэтгэлийг арвидуулах үйлийг илүү ач тустай байлгахын тулд бид өдөр тутмын амьдралдаа тэр адилыг үйлдэх ёстой юм. Өөрийнхөөсөө илүү өрөөл бусдын зовлонд санаа тавьснаар Бурханы шашныг оролцуулаад дэлхийн бүхий л том шашнуудын сургаалийг жинхэнээр дагаж буй хэрэг болно.

Бурханы шашны гол зорилго бол хүн төрөлхтөн, цаашлаад төрөлхтөн бүхний тусыг бүтээх явдал байдаг. Тиймээс бурханы шашинтан бид бусдыг шашиндаа оруулахыг чармайхын оронд үзэл баримтлалынхаа дагуу хүний нийгэмд ямар хувь нэмэр оруулж болох талаар бодож үзэх нь илүү чухал билээ. Бурхан багш бээр өөрийг умартан бусдын тусыг үйлдэн, хэрхэн сэтгэл хангалуун, хүлцэнгүй байхын үлгэр дууриалыг үзүүлсэн юм.

Надаас Бурханы шашны сургааль ном болоод арга техник нь өнөөгийн энэ цаг үед хэрэг тустай хэвээр байж чадах уу хэмээн олонтаа асууцгаадаг. Бусад бүх шашны адилаар Бурханы шашин хүний амьдралын үндсэн бэрхшээл зовлонг авч үздэг. Мөнх бус, шунал хүсэл, буруу үзлээс үүдэлтэй хүний бэрхшээл зовлон байсан цагт ач холбогдолтой гэдгийн талаар эргэлзэх хэрэггүй юм. Гарц бол дотоод амгалан. Дотоод амгалан буй бол зовлон бэрхшээл тохиолдоход тайван, ухаалгаар, сэтгэлийн амгалан жаргалангаа алдалгүйгээр тулж чадна. Асрал хайр, сайхан сэтгэл, тэсвэр тэвчээр, хүч үл хэрэглэх, ялангуяа хамаг юмс харьцангуй оршдог гэдэг онол бол дотоод амгаланг бүтээх эх үүсвэр болдог.

“Бурханы шашин, утга зохиолын олон улсын анхдугаар бага хурал” Банарас дахь Хинду-гийн их сургууль дээр зохиогдож байгаа явдалд би баяртай байна. Ийнхүү дэлхийн бүх ариун ёс уламжлалуудын онцгойлон тэмдэглэдэг асрал хайр, энэрэл нигүүлсэл, хотол нийтийн өмнө хүлээх үүрэг зэрэг сэдвүүдийн тухай их сургаалиудыг агуулсан судар номонд нийтийн анхаарлыг хандуулах боломжийг олгож байгаад баяртай байна. Хуралд оролцогсод энд болох олон төрлийн арга хэмжээ, хөтөлбөрөөс энх амгаланг олох болтугай хэмээн ерөөе.
17-11-2012, 17:59
Вернуться назад