2008 онд буюу энэ жил Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын (1948-2008) 60 жилийн ой тохиож байна. Энэхүү Тунхаглал нь хүн бүрийн гачигдал дутагдал болон айдас хүйдсээс чөлөөтэй байх эрхийг батламжилсан билээ. Хүний эдгээр эрх нь олон талыг хамарсан, харилцан хамааралтай, дэлхий нийтийн асуудал мөн.
Ядуурлаас эхтэй зовлон, эрх чөлөөний хязгаарлалт, зэвсэгт мөргөлдөөн, газар сайгүй байгальд хандах балмад хандлага энэ бүхний төлөө бид санаа зовнихдоо ганц нэгээр нь салангид авч үзэж болохгүй. Эцсийн бүлэгт энэ бүгдийн хор хохирлыг бид бүгд амсдаг. Тиймээс эдгээр асуудлыг шийдэхийн тулд өнөөдрийн дэлхий ертөнцийн гүн гүнзгий харилцан хамаарлыг хийгээд хүн төрөлхтний нэгдмэл чанарыг бүрэн ухасмсарласны үндсэн дээр олон улсын хэмжээнд бүтээлч хамтын үйл ажиллагааг өрнүүлэх шаардлагатай байна.
Хүн бүр төрсөн цагаасаа эхлэн эсэн мэнд үлдэхэд шаардлагатай зүйлс буюу хайр халамж авч, хайр халамжиндаа өсч торних нөхцөлөөр байгалаасаа хангагдсан байдаг. Гэтэл хэдийгээр энэ бүх эерэг зүйлс бидэнд байсаар байтал түүнийгээ хайхрахгүй байх хандлага байдаг. Үр дүнд нь хүн төрөлхтөн илүүц асуудлуудтай тулгарч байна. Бидний хийх ёстой зүйл бол сайн сайхан зүйлээ хамгаалах, хөгжүүлэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргах явдал юм. Тиймээс эн тэргүүний зорилт маань хүний үнэт зүйлийг хөгжүүлэх явдал болно. Бид бүгд хүн учраас баян ядуу, боловсролтой боловсролгүй хийгээд яс үндэс, шашин шүтлэг, арьс өнгөний ялгаанаас үл хамааран хүн ёсны найрсаг харилцааг төлөвшүүлэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бид хүндрэл бэрхшээл тулгарах бүрт бидэнд тусламжийн гараа шууд сунгадаг хэн нэгэнтэй, тэр нь танихгүй хүн ч байж болно, заавал тааралддаг. Хүнд бэрх нөхцөл байдлын дунд бид бүгд бие биенээсээ хамаардаг, энэ нь ч гарцаагүй зүйл. Бид хүмүүст туслахын өмнө тэдний хэн болохыг асуудаггүй. Тэд бидэнтэй л адил хүн учраас бид тусалдаг.
Баян ядуугийн ялгааг арилгах нь
Манай дэлхий ертөнцийн харилцан хамаарал улам эрчимтэй нэмэгдэж байгаагийн хирээр бидний харилцан хамаарал бүхий хамтын нийгэмлэг энэрэнгүй байх ёстой гэдгийг, зорилго маань энэрэнгүй, хамтын ажиллагааны болон зорилгоо хэрэгжүүлэх арга хэрэгсэл маань энэрэнгүй байх ёстой гэдгийг бид жинхэнэ утгаар нь ойлгож чадсан эсэхэд би эргэлздэг. Эдийн засгийн институцийн нийгэмд эдэлж байгаа хэмжээлшгүй эрх мэдэл, ядуурал газар авч байгаа сэтгэл түгшээм үр дүн биднийг эдийн засгаа нигүүлсэл дээр суурилсан эдийг засаг болгон өөрчлөхөөс аргагүй болоод байна. Нигүүлсэхүй үзлийн энэ хэлбэр нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд тусгалаа олсон бүх нийтийн нэр төр, шударга ёсны зарчмуудтай агуулга нэг билээ.
Хаа байгаа газраа ядуурал нийгмийн тэнцвэргүй байдал, өвчин зовлон болон зэвсэгт мөргөлдөөн гарахад голлох үүргийг гүйцэтгэдэг. Хэрвээ бид өнөөгийн энэ л замаараа замнах аваас нөхцөл байдал засагдашгүй байдалд хүрч болзошгүй байна. Тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа “юмтай” болон ”юмгүйчүүдийн” хоорондох ангал бүх хүнд зовлонг дагуулна. Өөрийнхөө, гэр бүлийнхээ, орон нутаг хийгээд эх орныхоо талаар санаа зовоод зогсохгүй, хүн төрөлхтөн гэсэн нэгэн гэр бүлийг бүрдүүлж байгаа хувь хүн, хамт олон, ард түмнүүдийн төлөөх хариуцлагаа бид бас мэдрэх ёстой. Бид зовж шаналж байгаа хэн нэгнийг энэрэн нигүүлсээд зогсохгүй, мөн нийгмийн шударга ёсны төлөө үүрэг хүлээхийг хүмүүсээс шаардаж байна.
Хүний эрхийн үзэл баримтлалын гол цөм нь хэмээн миний итгэж байдаг тэгш эрхийн үндсэн зарчмуудын үзэл санаандаа хэрвээ бид тууштай юм бол өнөөдрийн эдийн засгийн тэгш бус байдлыг цаашид анзаарахгүй байхын аргагүй болно. Хүн бүр тэгш эрх, нэр хүндтэй хэмээн хэлэх хангалттай бус. Харин энэ нь ажил хэрэг болох ёстой.
Ардчилал ба энх тайван
Өнөөдөр ардчилал, нээлттэй нийгэм, хүний эрхийг дээдлэх явдал болон тэгш эрхийн үнэ цэнийг дэлхий дахинд бүх нийтийн нийтлэг үнэт зүйлс хэмээн хүлээн зөвшөөрөх болжээ. Миний бодлоор ардчиллын үнэт зүйлс болон хүний сайн үйлийн үнэ цэнийн хооронд нягт холбоо байна. Ардчилал хаана байна, тэнд үндсэн эрхээ илэрхийлэх том боломж ард иргэдэд нь байдаг, хүний үндсэн эрх нь хэрэгжиж байгаа газарт ардчиллыг бэхжүүлэх илүү том боломж байдаг. Хамгийн чухал нь дэлхийн энх тайвныг хангах хамгийн үр дүнтэй үндэс суурь бол ардчилал мөн.
Гэхдээ манай удирдагч нар төдийгүй хувь хүн бүрт энх тайвны төлөө зүтгэх үүрэг хариуцлага ноогдоно. Бидний хүн нэг бүрийн дотоод мөн чанараас энх тайван эхэлдэг. Бид дотоод сэтгэлдээ амар амгалан байвал өөрсдийн эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ энх тайвнаар зэрэгцэн оршиж чадна. Бидний нутаг орон амар амгалан байвал бид энэхүү амар амгалангаа хөршүүдтэйгээ болон бусадтай хуваалцаж чадна. Бид бусдыг хайрлаж, энэрвэл бусад хүмүүс тэрхүү хайр халамжийг мэдрээд зогсохгүй, энэ нь бидэнд ч бас дотоод сэтгэлийн аз жаргал хийгээд амар амгалангаа хөгжүүлэхэд маань тус болно. Ухасмсартай хөдөлмөрөөр хайр, сайхан сэтгэлээ хөгжүүлэх боломжтой.Ингэж сурахын тулд бидний заримын хувьд шашны зан үйлээр дамжуулах нь илүү үр дүнтэй байж болно. Харин заримынх нь хувьд шашны бус зан үйл байж болно. Хамгийн чухал нь бид амьдарч байгаа газар дэлхий болон бие биенийхээ төлөө хариуцлага хүлээх талаар чин сэтгэлээсээ хүчин чармайлт гаргах явдал юм.
Хүний эрх
Тунхаглал хуулийн дагуу эдлэх тэгш эрхийн зэрэгцээ хүн бүр аливаа гадуурхал ялгаварлалгүйгээр тэгш эрх, эрх чөлөөгөөр хангагдсан болохыг баталсан. Хүний үндсэн эрх зөрчигдөж байгаа нөхцөлд энх тайван хийгээд эрх чөлөө баталгаажиж чадахгүй. Өөрөөр хэлбэл, дарангуйлал, хэлмэгдэл байгаа нөхцөлд энх тайван, тогтвортой байдал байх боломжгүй. Бусад хүмүүсийн эрхийн үнэ цэнээр өөрийн ашиг сонирхлыг хөөх нь шударга бус явдал билээ. Хэрвээ бид үнэнийг хүлээн авахгүй, эсвэл үнэнийг хэлэх нь хууль бус гэж үзвэл тэнд үнэн гэрэлтэхгүй. Хэрвээ бид үнэн хийгээд бодит байдлыг хивсний дор нууж, хууль бус үйлдэл ялан дийлэхийг өөгшүүлэх юм бол үнэн хийгээд бодит үнэний үзэл санаа хаана орших болж байна вэ?
Төвд дэх хүний эрх
Бусад маань бидэнтэй адил амар амгалан, аз жаргалыг эдлэх эрхтэй гэдгийг хэрвээ бид хүлээн зөвшөөрч л байгаа бол зовж шаналж байгаа нэгэндээ туслах үүрэг хариуцлага хүлээхгүй гэж үү? Ардчиллыг эрмэлзэх хүсэл болон хүний суурь эрхийг хундлэх явдал Европ, Америкийн хүмүүсийн нэгэн адил Африк, Азийн ард түмэнд ч чухал ач холбогдолтой. Гэхдээ энэ нь ихэнхдээ хүний эрх нь зөрчигдсөн, өөрсдийнхөө өмнөөс үг хэлэх чадвар багатай тэр хүмүүст илүү хамаарна. Харин бидний дундаас эрх чөлөөг илүү эдэлж байгаа тэр хэсэгт илүү үүрэг хариуцлага оногдож байна.
Төвд дэх үйл явц гунигтайгаар тргэж байгаа талаар аль болох бүрэн дүүрэн ойлголт өгөх шаардлагатай байна. Хятадын Засгийн газар Төвд дэх эсэргүүцлийн хөдөлгөөнийг удирдсан хэмээн намайг буруутгасан тул энэхүү хуурамч мэдэгдлийг нягтлах үүднээс Хятадын талын төлөөлөгчдийг оролцуулан нэр хүнд бүхий байгууллагын зүгээс бүрэн дүүрэн шалгалт хийхийг уриалж байна. Энэхүү байгууллага нь Төвд, Төвдийн автономит бүсийн гаднах уламжлалт түвд бүс нутаг, мөн түүнчлэн Энэтхэг дэх Төвдийн Төв Захиргааны нутагт очих шаардлагатай. Олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид мөн ийм шалгалт судалгаа хийвэл энэ нь олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа шалгагдаагүй мэдээлэлд хүрэх боломж үгүй тэрбум гаруй хятадын иргэдэд Төвдэд чухам юу болоод байгааг ойлгоход нь асар их тус болох билээ.
Төвдэд хүний эрх зөрчигдөж байгаа олонхи тохиолдол нь хардлага сэрдлэгийн үр дагавар, Төвдийн шашин, соёлыг үнэнээр нь ойлгож итгэх явдал дутагдсанаас болж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Түвдийн Буддист соёл хийгээд соёл иргэншлийг гүнзгий ойлгож, илүү хүндэлж, хүлээн зөвшөөрөх нь Хятадын удирдлагын хувьд туйлын чухал зүйл гэдгийг би урьд нь олон удаа хэлж байсан. “Бодит нөхцөл байдлын дундаас үнэнийг хайх ёстой” гэсэн Дэн Сяопиний мэргэн үгийг би бүрэн дэмжиж байна. Тиймээс бид, түвдүүд Төвдийг захирах Хятадын бодлого Төвдийн ард түмэнд хөгжил дэвшлийг авчирч байгааг хүлээн зөвшөөрч үнэлэх ёстой. Үүнтэй адил Хятадын засаг захиргаа Түвдийн ард түмэн сүүлийн 50 жилд асар их зовлон, сүйрлийг даван туулахаас өөр аргагүй болсон гэдгийг ойлгох ёстой.
Зарим хөгжил, эдийн засгийн дэвшлээс үл хамааран Төвдийн соёл оршин тогтнож үлдэхийн тулд маш их хүндрэлтэй асуудлуудтай тулгарсаар байна. Нийт Төвд орон даяар хүний эрх ноцтой зөрчигдсөөр байна. Энэ бүхэн бол асуудал улам бүр гүнзгийрсний шинж тэмдэг бөгөөд үр дагавар мөн. Хятадын засаг захиргаа одоогийн байдлаар Төвдийн өвөрмөц шашин соёлыг хүлээцтэйгээр, олон ургальч үзлийн үүднээс авч үзэх чадваргүй байгаа бөгөөд оронд нь тэднийг хардаж сэрдэн, хянан цагдахыг оролдож байна. Төвд дэх Хятадын “хөгжлийн” хөтөлбөрийн дийлэнхи нь Төвдийг тэр чигээр нь Хятадын нийгэм, соёлтой ижилсүүлэх, хятад хүмүүсийг үй олноор нь оруулах замаар төвд үндэстнийг хүн ам зүйн хувьд уусгахаар боловсруулагдаж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бусад хэсэгт Хятадын нам, засаг гүн гүнзгий өөрчлөлтийг хийж байгаа хирнээ Төвдэд тэд хатуу чанга бодлогоо харамсалтай нь үргэлжлүүлэн явуулсаар байгаа нь харагдаж байна. Ийнхүү санаатай явуулсан бодлогын үр дагаварт нь өөрийн өвөрмөц байдал, давтагдашгүй соёл бүхий бүхэл бүтэн ард түмэн тэр чигээрээ дарагдах аюултай тулгараад байна.
Төвдийн Буддист соёлыг тээхийн зэрэгцээ сургалтын үндсэн газар болж байдаг Төвдийн сүм хийдүүд тооны хувьд ч, дотор нь байх хүний хувьд ч асар их хэмжээгээр цөөрч байгааг нийтээрээ мэдэж байгаа. Одоохондоо оршин тогтнож байгаа сүм хийдүүдэд Төвдийн буддизмын нухацтай сургалтыг зөвшөөрдөггүй, сургалтын эдгээр төвүүдэд элсэн орох явдлыг хүртэл хатуу чанга зохицуулж байна. Бодит байдал дээр шашны эрх чөлөө Төвдэд алга байна. Илүү жаахан эрх чөлөөг уриалан дуудсан хэн боловч салан тусгаарлагч хэмээн нэр зүүх эрсдэлтэй. Хятадын Үндсэн хуулиар эдгээр үндсэн эрх, эрх чөлөөг хэдийгээр баталгаажуулсан боловч Төвдэд үнэндээ автономит эрх бодитоор алга байна.
Төвдөд өрнөж байгаа эсэргүүцлийн жагсаал цуглаан бол хэлмэгдүүлэлт, хавчлаганд үзүүлж байгаа хариу үйлдэл гэдэгт би итгэлтэй байна. Цаашдын дарангуйлах аливаа арга хэмжээ нь эв нэгдэл хийгээд тогтвортой байдалд хүргэхгүй.
Хүний эрх ба Хятад улс
Хятадад хүний эрх, ардчилал ба хууль ёс хэрэгтэй, учир нь эдгээр үнэт зүйлс урагшилж байгаа чөлөөт нийгмийн үндэс билээ. Түүнчлэн эдгээр нь жинхэнэ энх тайван хийгээд тогтвортой байдлын эх үүсвэр билээ. Илүү нээлттэй, чөлөөт, ардчилсан Хятад Төвдийн ард түмэнд ч ач тусаа өгнө гэдэгт би эргэлзэхгүй байна. Төвд болон Хятадын бодит байдлыг шударгаар, нарийн тодорхой харах хүсэл болон харилцан яриа л бидний энэхүү асуудлын тухайд амьдралд хэрэгжихүйц шийдэл рүү хөтөлж чадна гэдэгт би хатуу итгэдэг. Хятад улсыг дэлхийн эдийн засагт нэгтгэх талаар маш их дэвшил гарч байгаагийн адил түүнийг дэлхий дахины ардчиллын гольдролд оруулах нь дээрхээс дутуугүй ач холбогдолтой зүйл гэдэгт би итгэлтэй байна.
Хүний эрхийг хангах явдлыг сайжруулах нь
Улс үндэстнүүдийн шашин, соёлын баялаг онцлогийн тусламжтайгаар олон улсын түвшинд бүхий л бүс нутагт хүний үндсэн эрхийг бэхжүүлэх ёстой. Эдгээр онцлогийн үндэс нь биднийг хүн төрөлхтөн гэсэн нэгэн гэр бүл болгон нэгтгэж байгаа хүний үндсэн зарчмууд билээ. Хүний эрхийн асуудал нь туйлын чухал асуудал бөгөөд энэ талаар үзэл бодлын зөрүү гэж байх ёсгүй. Бид бүгд нийтлэг хэрэгцээтэй, санаа зовоох асуудал маань ч ижил. Бид бүгд арьс өнгө, шашин шүтлэг, нас хүйс болон нийгэмд эзлэх байр сууриасаа үл хамааран аз жаргалыг эрэлхийлж, зовлонгоос зайлсхийхийг хичээдэг. Гэхдээ зан заншлын онцлогийг хамгаалснаар хүний эрхийг зөрчиж байгааг хэзээ ч зөвтгөх ёсгүй. Ийнхүү өөр арьс өнгөний хүмүүсийг, эмэгтэйчүүдийг, нийгмийн эмзэг хэсгийг ялгаварлан гадуурхах нь зарим бүс нутагт уламжлал байж болох ч , гэхдээ тэдгээр нь дэлхий дахинаараа хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн асуудалтай зөрчилдөж байвал зан үйлийн энэ байдлаа өөрчлөх ёстой. Хүн бүхэн тэгш эрхтэй гэсэн дэлхий нийтийн зарчим бүхнээс дээгүүр тавигдах ёстой.
Өөрчлөлт шинэчлэлт хийх гэсэн агуу их хүсэл дэлхийн хүмүүст байгаа бөгөөд тэр нь улам өсөн нэмэгдэж байна. Энэ бол ёс суртахуун хийгээд оюун санааны өмнө хүлээх үүргийг шинэчлэх өөрчлөлт, аливаа зөрчилтэй асуудлыг энх тайвнаар, яриа хэлцлийн замаар буюу хүчирхийллээс ангид замаар шийдвэрлэх өөрчлөлт, хүний эрх, нэр хүнд болон хүний хариуцлагыг баталгаажуулах өөрчлөлт билээ. Бидэнд гариг дэлхийгээ , түүний байгаль экологийн тогтолцоог хамгаалах эн тэргүүний шаардлага байгааг сургаж ойлгуулах өөрчлөлт, цөмийн болоод үй олноор хөнөөх зэвсгийг бүх нийтээр устгах талаар ажиллахыг бүх улс үндэстэнд уриалж, энх тайван, энэрэнгүй үзэл, хүндлэл болон өгөөмөр сэтгэлийг хөхүүлэн дэмжих өөрчлөлт хэрэгтэй байна. Бүх нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлсний үндсэн дээр энэхүү зорилгод хүрэх боломжтой гэдэгт би итгэж байна. Эрх чөлөө, хөгжил цэцэглэлтийн тухай өөрсдийн мөрөөдлийн дагуу дэлхий дахин болон ирээдүй хойч үеэ сайн сайхан байлгах боломжийг өргөнөөр ашиглацгаая.