Алтан Хааны зээ хүү IV Далай Лам Ёндонжамц 1601 онд Төвдөд залагдан сууж байгаад 1616 онд тодорхой бус шалтгаанаар гэнэт таалал барсан юм. Түүнийг таалал барсны дараа Далай Лам болон Шарын шашныг эсэргүүцэгч, Төвдийн Зан аймгийн захирагч Дэсрид Пунцогнамжал (1613-1642 оны хооронд Төвдөд эрх мэдлээ тогтоож байсан) “IV Далай Ламын хойд дүрийг тодруулж болохгүй” хэмээн хориг тавьж байлаа. Үүнийг мэдсэн Алтан Хааны удмын Гүр Хунтайж болон Лувсанданзан нар 2000 цэрэг захиран 1621 онд Төвдийн Үй-Занд ирж Сономравданг (хожим V Далай Ламын туслах болсон) дэмжиж, Шарын шашныг устгах бодолтой байсан Дэсрид Пунцогнамжалд дарамт шахалт үзүүлэн, түүний гарт орсон шарын шашны хийдүүдийг чөлөөлсөн гэдэг. Тэд IV Ванчин Богд Лувсанчойжижанцантай (1567-1662) IV Далай Ламын хойд дүрийг тодруулахаар зөвшилцсөнөөс хойш нэг жилийн дараа V Далай Лам Лувсанжамцыг тодруулж сэнтийд залсан билээ.
IV Далай Ламын хойд дүрийг хайх явцад дөрвөн хүүгийн нэр сүүлийн шалгуурт үлдсэн нь Нянбуу нутгийн Дүвчин Нахавын хувилгаан, Чонжай нутгийн хүү (V Далай Лам Лувсанжамц), Гадхаса хошууны Дагважанцан, Сономравдангийн зээ хүү Нансо-Норвуу нар байв. Ванчин Богд болон Ядам Бурхадын таалал нэг зүгт буун Чонжай нутгийн хүүг V дүрийн Далай Ламаар тодруулжээ.
Энд өгүүлж буй Гадхаса хошууны Дагважанцан нь тангаргийн буг Должал буюу Шүгдэнгийн өмнөх төрөл юм. Тэрээр 1619 онд Төвдийн Зан аймгийн Гадхаса хошуунд төржээ. Эцэг Намсрай нь нутаг усандаа эрх мэдэлтэй хошууны ноён хүн байв. Түүний эх Ла-Ажал башир арга хэрэглэн Дэсрид Пунцогнамжалын дэмжлэгтэйгээр өөрийн хүү Дагважанцангийн нэрийг Далай Ламын дүрийг тодруулах явцад шигшигдэж үлдсэн хүүхдүүдийн нэрэнд хавчуулж чадсан ч энэ зорилго нь бүтээгүйн дээр түүний гэр бүл Дэсрид Пунцогнамжалын талынх тул Монголчуудад түйвээгдсэн гэдэг.
Ийнхүү Далай лам болж чадаагүй хүүгээ ээж нь Брайбүн хийдэд авчран Банчэн Сономгэлэгбалсангийн (1594-1615) хойд дүр хэмээн олонд ярьж, башир арга хэрэглэн нэлээдгүй хүмүүсээр хүлээн зөвшөөрүүлж, Брайбүн хийдийн дээд өргөөнд (Хувилгаан Сономгэлэгбалсангийн өргөө) залуулж чаджээ. IV Ванчин богд Лувсанчойжижанцан Дагважанцанг өөрийн багш Банчин Сономдагвын (Банчин Сономгэлэгбалсангийн өмнөх төрөл) хойд дүр хэмээн зуун хувь хүлээн зөвшөөрдөггүй байсан гэдэг.
Дагважанцан өөрийгөө эртний Төвдийн дээд төрөлхтөн Бүдон ринбүүчи болон Шалү лозова нарын хойд дүр хэмээн үзэж өөртөө Ванчин Богд болон V Далай Лам нараар өндөр дээд төрөлхтөн нарт зориулж тусгайлан зохиодог төрөл дарааллын залбирлыг зохиолгох хүсэлтэй байсан ч энэ хүсэл нь биелээгүй юм. Мөн тэрээр Шарын шашны эсэргүүцэгч Дэсрид Пунцогнамжалыг ил далдгүй дэмждэг байсан бөгөөд үүний нэг илрэл нь Дэсрид Пунцогнамжалын хүсэлтээр 1638 онд Гадхаса хошуунд очиж Төвдөд буй Монголчуудыг дарахын тулд нууцаар хатуу үйл үлдэж байв. Энэ нууц хэрэг задарснаас болж Монголчууд Гадхаса хошууг дахин түйвээсэн гэдэг.
Дагважанцангийн хийж буй энэ мэт үйлдлүүд IV Ванчин богд тэргүүтэй шарын шашны ихэс дээдэс нарын таалалд нийцдэггүй байв. IV Ванчин Богд 1642 оны Лхасын “Их Ерөөл” хурлын үеэр түүнийг хувилгааны сэнтийнээс буулган энгийн ламын суудалд суулгах шийдвэр гаргав. Түүнийг хувилгааны сэнтийнээс буулгах шийдвэр гарсан тэр жил Монголын Гүүш Хаан Дэсрид Пунцогнамжалын төрийг унаган, V Далай Лам Лувсанжамцад Төвдийн гурван чуулгыг (Үй-зан, Амду, Хам) өргөн барьж, түүнийг бүх Төвдийн шашин төрийг хослон баригч эзэн хаанд өргөмжлөн, Далай Ламын өргөө Гандан-Потаныг Төвдийн засгийн газрын ордон болгосон түүхтэй.
Пунцогнамжалын нөмөр нөөлгөөс хагацсан хуурамч хувилгаан Дагважанцан шинээр байгуулагдсан Төвдийн засгийн газар Гандан-Потаны доор энгийн байдлаар амьдарч байгаад 1656 онд халдварт өвчнөөр өөд болов. Дагважанцанг хүндээр өвдөхөд V Далай Лам өөрийн шавь тул хөл хорьсон бясалгалаа орхин түүний өргөөнд морилж Гомбын жанан (даган соёрхол) хайрласан боловч засал авалгүй нас баржээ. Түүний биеийг чандарлан, чандрыг суваргад байрлуулсан шөнө суваргаас дүрсгүй ярих чимээ гарах зэргээр ад зэтгэр болсны шинж өлзий бусын олон муу ёр гарсан тул Найчүн сахиусын зарлиг дагуу Дагважанцангийн өргөөг нураалган, суурин дээр нь зуун гэлэнгээр ном уншуулж, суварган дахь чандрыг гарган голд хаяжээ.
Дол нутгийн гол дагуу урсаж байсан түүний чандрыг үйл нь таарсан нэгэн бээр эрэгт гаргаснаас уршигдан Дол нутгийн Цагаан булагт хүн малын хижиг өвчин гарсныг V Далай Лам болгоон ад зэтгэр болсон түүнийг Цагаан булгийн савдаг болгон тахисан ч хорлол улам ихээр гарах болсон тул 1674 онд буруу ерөөлт тангаргийн буг түүнийг хатуу үйлээр дарахаар болж, Дорж Ловон Дондүвжамц, тарнийг баригч Лувсанчэнзэ зэрэг бүтээлчин нар Ямандаг болон Пүрэвийн үүднээс долоо хоног бүтээл үйлдэн ерөөл буруудсан тангаргийн буг Шүгдэнг нөхөд сэлттэй нь хамт жинсрэгийн галд шатаасанд хүүр шатсан үнэр бүгдэд үнэртсэн тухай V Далай Лам Лувсанжамцын намтар “Дүгүлийн Гой-сан”-д тодорхой гардаг.
Шүгдэн жинсрэгийн галд шатсанаасаа хойш 47 жилийн дараа буюу 1721 онд урьдын үйл, буруу ерөөлийн эрхээр дахин гарч ирэн өөрийн багшийн хийд болох Дашлхүнбэд ирсэнд Намсрай сахиус хийддээ оруулаагүй тул цааш сажавын хийдийг зүглэн сажавын дамжлагын эзэн Дагти Сономринчингийн өмнө ирсэнд Дагти Ринбүүчий: “Чи хэн юм?” хэмээн асуусанд дүрсээ үзүүлэн “Би Шарын шашинтай тангараг буруудсан буг байна” хэмээн хариулсан гэдэг. Тухайн цаг үеэс эхлэн буг чөтгөр түүнтэй үйлийн барилдлагатай сажавын зарим нэгэн лам нар анхлан түүнийг шүтэж эхэлжээ. Улмаар тэдгээр лам нартай номын барилдлагатай шарын шашны лам нар шүтэх болсон гэдэг.
V Далай Лам Лувсанжамц, VI Ванчин Богд Балдан-Иш, VII Далай Лам Галсанжамц, Дэчин Агваанчогдон, Жанжаа Ролбийдорж, Туган Чойжыням, Ёнзон Ишжанцан, VIII Ванчин Богд Данбийванчүг, Пүржог Агваанжамба, XIII Далай Лам Түвдэнжамц зэрэг шарын шашныг номлол бүтээлийн үүднээс баригч дээдэс нар 200 гаруй жилийн турш буруу ерөөлт тангаргийн буг Шүгдэнг шүтэхийг хориглосоор ирсэн билээ.
Хожим Павонха ринбучи-д Шүгдэнгийн ёр гарсны улмаас тангаргийн буг түүнийг сахиусаа болгон шүтэх болсон гэдэг. XIII Далай Лам Түвдэнжамц Павонха ринбүчийн энэ үйлдлийг хориглож “Шүгдэнг шүтэхгүй” гэсэн ам тангаргийг нь авсан ч Павонха ринбүүчи XIII Далай Ламыг таалал барснаас хойш шарын шашинтан нарын дунд Шүгдэнг шүтэхийг ихээр дэлгэрүүлсэн юм.
1960 онд Найчүн сахиус Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламд “Шүгдэнг шүтэхийг хориглох хэрэгтэй” хэмээн айлтгаж байсан ч Дээрхийн Гэгээнтэн шарын шашинтан нарын дунд хагарал гарахаас эмээж Шүгдэнг шүтэхийг хориглоогүй гэдэг. Үүнээс хойш 10 жилийн дараа Шүгдэнг шүтэгч нар Бурханы шашинтан нарын дунд хагарал гаргах болсон тул Дээрхийн Гэгээнтэнд Ядам Бурхад, Балдан Лхам болон Найчүн сахиус нар “Шүгдэнг шүтэхийг хориглохыг” сануулан эш үзүүлсэн дагуу Дээрхийн Гэгээнтэн 1970 оноос хойш Шүгдэнг шүтэхийг хориглох болсон билээ.