Энэтхэг, Дарамсала-2013 оны 3 дугаар сарын 1. (Хиндустан Таймс, Нариш Такур) – Химачал Прадешийн Централ Их Сургууль (ХПЦИС) Төвдийн бурхан шашны тэргүүн, Дэлхийн энх тайвны Нобелийн шагналтан Далай Ламд хүндэт докторын зэрэг гардуулах ёслолыг өнгөрөгч пүрэв гаригт Шахпурт хийлээ.
ХПСИС-ийн захирал бөгөөд Төлөвлөлтийн Хорооны гишүүн Арун Майра докторын зэргийг гардуулсан бөгөөд уг үйл явдлыг удирдан зохион байгуулсан билээ.

Дээрхийн Гэгээнтэн хүндэт докторын цол гардуулах ёслол дээр үг
хэлэв. Энэтхэг, Химачал Прадеш, Шахпур, Централ Их Сургууль.
2013.2.28. Фото/Тэнзин Чойнжор (ДЛО)
Энэ дэлхий дээр амьдран буй хэн ч гэсэн аз жаргалтай сайхан амьдрахыг хүсдэг. Гадаад төрх байдал болон дотоод мөн чанарын хооронд ялгаа бий. Боловсрол эзэмшихийн гол зорилго нь мунхагаас гэтэлж мөн чанарыг танихад чиглэгдэнэ. “Би өдөр бүр залбиран задлан шинжлэх бясалгал хийдэг бөгөөд аливаа зүйлд нөлөөлөх нөлөөлөл нь дан ганц хүсэл зорилгоос гадна үйл ажиллагаа хэрэгтэй гэж би бодож байна” хэмээн айлдсан юм.
Эрдмийн зэрэг дэв хамгаалсан оюутнуудад хандан та нар амьдралынхаа чухал үед ирээд байгаа бөгөөд бодит амьдаралтай нүүр тулах цаг болжээ хэмээв.
“Амьдрал амаргүй бөгөөд хувь хүн өөрөө хэрхэн амьдрахыг хүсч байгаагаас шалтгаална. Урагшлах тусам төвөгтэй болох бөгөөд үүнд өөрийгээ бэлдэх хэрэгтэй. Хэрэв та нар амьдралд хөнгөн хандваас асуудал их тохиолдох болно” хэмээн шашны тэргүүн айлдав.

Эрдмийн цол зэргээ хамгаалсан зарим оюутнууд Дээрхийн Гэгээнтний
айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш, Шахпур,
Централ их сургууль. 2013.2.28. Фото /Тэнзин Чойнжор (ДЛО)
Мөн тэрээр Буддизм нь Төвдөд анх VIII-IX зуунд Энэтхэгийн Наландагийн Их Сургуулийн их бандида нараар түгэн дэлгэрсэнийг дурьдав.
Энэтхэгт газар авч байгаа хээл хахуулийн талаар: Энэтхэгчүүд тусгаар тогтнохоос өмнө эрхэм чанараа мэддэг байсан. Тусгаар тогтнолынхоо дараа үнэн, шударга байх эрхэм чанараа бага багаар алдаж байгаа нь сайны дохио биш хэмээгээд XXI зууны залуу үеийнхэн, тэдний багш нар энэ тал дээр анхаарал тавиж ажиллахыг санууллаа.
“XXI зууны та нар энэ зууныг энх амгалан, хайр, энэрэн нигүүлсэхүйн зуун болгох хэрэгтэй” хэмээн айлдав.