Энэтхэг, Баруун Бенгал – Шөнөжин орсон борооны дараа Дээрхийн Гэгээнтэн Гантокаас Салугара руу нисдэг тэргээр бус машинаар явахаар шийдэв. Замдаа гарахын өмнө өөрийн залран буй Сиркуйт байранд Гантокийн Төвдийн хорооны жаран таван гишүүдтэй уулзлаа. Гантокийн замын турш гацаа тосгодоор Дээрхийн Гэгээнтнийг морилон өнгөрөхийг харахаар ирсэн хөгшин залуу, сургуулийн насныхан, бүхий л насны хүмүүсээр дүүрэн байлаа. Дээрхийн Гэгээнтэн Салугара хотын ойролцоо Сэй Жүд дацангийн өмнө ирэхэд маш олон Төвд хүмүүс хуран цугласан байлаа.

Дээрхийн Гэгээнтнийг Салугарад морилон ирэхийг хүлээж буй
Төвд эмэгтэйчүүд. Баруун Бенгал, 2013.03.27
Зураг/Тэнзин Чойжор/ДЛО
“Өчигдрийн цаг агаарын байдлаас үүдэн нисдэг тэргээр бус машинаар ирэхээр шийдсэн нь байгалийн сайхныг бахдах боломж олдож олон хүмүүс намайг харсандаа баяртай байлаа. Тэдний төлөө залбиран цагийг сайхан өнгөрөөлөө” хэмээв.
Үдийн хоолны дараа 1996 онд Дүйнхор бурханы авшиг хүртээж байсан газарт морилов. Тэрээр хуран цуглагсадаас хэд нь төвдөөр ойлгож, хэд нь балбаар ойлгож, хэд нь англиар сонсохыг хүсч байгааг асуулаа. Мөн түүнчлэн Даржээлинг, Калимпонг, Бутаны аль газраас ирснийг ч асуув. Дээрхийн Гэгээнтэн Лончин Равжамбын “Оюуныг Язгуур Мөн Чанарт нь Амарлиулахуй” болон Богд Зонховын “Бодь Мөрийн Зэргийн Хураангуй” ном айлдах тухайгаа ярив.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Салугарад морилон ирэхэд
хүндэтгэл үзүүлсэн сурагчидтай мэндчилэв. Баруун Бенгал,
2013.03.27Зураг/Тэнзин Чойжор/ДЛО
Дээрхийн Гэгээнтэн туршлагын эх үүсвэр болсон уураг тархи хүнд байдаг учраас бид зовлон болон жаргалыг мэдэрч байдаг хэмээн тайлбарлав. Дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүн бүгдээрээ аз жаргалыг эрэлхийлж зовлонгоос ангижрахыг хүсдэг билээ. Гэсэн хэдий ч төдийлэн хүссэнээр болдоггүй. Хуучин цагт хүмүүс итгэл найдвараа бүтээгч бурханд даатгадаг байлаа. Үүний дараа Самхаяас, Жэйн, Буддизм зэрэг шашин учир шалтгааны хуулинд илүү анхаарах болсон. Хэдийгээр философийн талааасаа өөр боловч ихэнхи шашин амьдралд тулгардаг бэрхшээлийг даван туулахад нь тусалдаг. Тэдгээр нь ерөнхийдөө хайр, энэрэн нигүүлсэх, тэвчээрийг номлодог. Тиймээс ч Дээрхийн Гэгээнтэн бусдын итгэл бишрэлийг хүндэтгэхийн сацуу өөрийн сүсэг бишрэлээ хадгалан үлдэхийг зөвлөдөг тухайгаа айлдав.
Энэтхэг улс хэд хэдэн шашныг бий болгосон бөгөөд мөн түүнчлэн бусад томоохон шашнууд ч энд ирж суурьшсан учраас Энэтхэг орны хувьд энэ нь шинэ үзэгдэл биш хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Салугара дахь айлдварын үеэр.
Баруун Бенгал, 2013.03.27 Зураг/Тэнзин Чойжор/ДЛО
Дээрхийн Гэгээнтэн хөгшин залуу хэн ч байсан хамаагүй хүн бүр найрсаг харилцаа, хайр энхрийлэлд тааламжтай ханддаг нь бидний харилцааны суурь үндэс болдог талаар тайлбарлав. Үүнийг шашны ёс суртахуунаар хязгаарлаж болохгүй юм.
Буддизмын ялгааны талаар айлдахдаа урьдын цагт Пали уламжлалыг дагагч нь Махаяанистаас ялгаатай байдаг байсныг эргэн дурсаад эдгээр сургааль номлол нь бурхан багшийн сургааль эсэхийг магадлууштай хэмээв. Одоо цагт бид ялгааг нь төвөггүй харж чадах бөгөөд Буддист уламжлал Винаяа болон хийд дуганын дэг жаягийг дагадаг.
Тийнхүү Дээрхийн Гэгээнтэн Төвдийн буддизм нь бүхлээрээ Наландагийн уламжлалыг дагадаг хэмээн давтан айлдав. Өөр өөр орны бүхий л Буддист уламжлалуудаас гагцхүү Төвдийн буддизм нь Энэтхэгийн учир шалтгааны ухааныг сургааль номноо тусгасан байдаг. Үүнээс улбаатайгаар төгс төгөлдөр цэцэн ухаан, тарнийн ёсыг суурь үндэсээ болгодогоороо Төвдийн буддизм нь бурхан багшийн сургаалиудаас хамгийн цогц иж бүрэн сургааль билээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай багшийн Салугара дахь айлдварыг
сонсохоор хуран цуглагсад. Энэтхэг, Баруун Бенгал
2013.03.27. Зураг/Тэнзин Чойжор/ДЛО
“Оюуныг Язгуур Мөн Чанарт нь Амарлиулахуй” номыг айлдахдаа энэхүү ном нь гурван хэсэгт хуваадаг. Нэгдүгээр хэсэгт оршихуйн үеэс сэтгэлийг эргүүлэх, хоёрдугаар хэсэгт Сутраяанагийн сургааль, гуравдугаар хэсэгт тарнийн ёсны сургаалийг тус тус номлодог болохыг айлдлаа.
Богд Зонховын “Бодь Мөрийн Зэргийн Хураангуй” ном нь Бурхан багшийг бишрэн түүний 12 зохионгуйн гүнзгий утга, өргөн санааг бахдан биширч эхэлдэг тухай дурьдлаа. Дээрхийн Гэгээнтэн эдгээр хоёр номыг маргаашийн сургааль номлолоор айлдана хэмээв.