Итали, Өмнөд Тирол, Болзано - Өмнөд Тиролын Автономит Мужийн нийслэл Болзаногийн гудамжаас цасаар хучигдсан уулсын орой сүрлэг харагдаж байлаа. Хаврын энэ сайхан нар гийсэн өдөр Тамгийн Газрын дарга ноён Клаус Клутэр Дээрхийн Гэгээнтнийг зочид буудлаас тосон авч дагалдан явав. Буудлын үүдэнд олон туг намиран байсны дотор Төвдийн туг ч байсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Болзано хотын мужийн захиргаа руу морилон
явах замдаа сургуулийн хүүхдүүдтэй тааралдан уулзан түр саатав.
Итали, Өмнөд Тирол. 2013.04.10. Зураг/Жереми Расселл/ДЛО
"Цөөнхийн Шагнал" гардуулах ёслолыг үргэлжлүүлэн Моцартын Сонатыг үлээвэр хөгжим, босоо ятгаар уянгалуулан тоглов.
Шагналыг гардуулахаар Дээрхийн Гэгээнтнийг урин залж Ерөнхийлөгч Дурнвалдер үг хэлэхдээ:
“Дээрхийн Гэгээнтэн, бид олон талаараа адил төстэй юм. Бидний түүх соёл өөр ч бид цөөнхийг төлөөлсөн ард түмний нэгэн адил бэрхшээлтэй тулгардаг. Дэлхий дээр үндэсний цөөнхүүд амьдардаг 164 орон байгаагаас зарим улс гүрнүүд тэдний эрх ашгийг хүндэтгэн үздэг ч зарим нь үл хүндэтгэдэг. Тэд цөөнхи болсон ард түмнийг дарангуйлан захирахыг хүсэхээс гадна хүч түрэмгийлэл хэрэглэх хандлага ч байсаар байна. Эцсийн үр дүнд, хүчирхийлэл түрэмгийлэлийн бус арга зам амжилтанд хүрэх ёстой. Учир нь энэхүү арга зам энх тайван, нөхөрлөл дээр тулгуурладаг юм. Дээрхийн Гэгээнтэн хүчирхийллийн эсрэг цөөнхийг дэмжих олон улсын элч төлөөлөгч болсон бөгөөд дахин хүрэлцэн ирсэнд нэн таатай байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд “Цөөнхийн Шагнал” гардуулах
ёслолын үеэр Ерөнхийлөгч Дурнвалдер үг хэлэв. Итали,
Өмнөд Тирол, Болзано, 2013.04.10. Зураг/Жереми Расселл/ДЛО
Тэрээр “Би Ерөнхийлөгчийн үлгэрлэлийг дагахыг хүсч байна. Тиймээс хэлэх үгээ төрөлх хэлээрээ ярьж эхлүүлье ” хэмээгээд :
“Энэхүү шагналыг хүлээн авч байгаа нь миний хувьд нэр төртэй хэрэг юм. Хувийнхаа зүгээс талархал илэрхийлэхийн хамт өөрсдийн эрх чөлөөний төлөө өнөөг хүртэл тэмцэн буй Төвдийн ард түмэнд өгч байгаа шагнал хэмээн бодож байна. Мөн энэ шагналыг өөрийн тууштай найз нөхөд автономит засаглалын зам харгуй болсон та бүхнээс авсандаа туйлын баяртай байна. Төвдийн ард түмэн бид БНХАУ-ын дотор жинхэнэ утгаар нь автономит болохоор зүтгэж байгаа юм. Бид өөрсдийн хэл соёл, бичиг үсэгтэй бөгөөд урт удаан хугацааны түүхтэй. Тиймээс өөрсдийн автономит засаглалыг хүсэх нь зүйн хэрэг. Бид зөвхөн Төвдийн Автономит муж гэдэг нэрийг авах төдий бус юм. Хятадын таван мужид амьдардаг бүх Төвдүүдэд анхаарлаа хандуулж байгаа.
Өмнөд Тиролын муж нь сүүлийн 30 жил автономит засаглалаа тогтоосноос хойш эдийн засгийн дорой хөгжлөөс тус улсын тэргүүлэх эдийн засгийн хөгжилтэй мужуудын нэг болтлоо дэвжин дээшилж амьдралын түвшин нь ч нэмэгдсэн. Хүмүүсийн өөрсдийн бүтээлч үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх чөлөөг олгох нь тэдний урам зоригийг бадраадаг юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Өмнөд Тиролын ерөнхийлөгч
Дурнвалдер “Цөөнхийн Шагнал” гардууллаа. Итали,
Өмнөд Тирол, Болзано. 2013.04.10. Зураг/Алесандро Молинари
Ерөнхийлөгч Луйз Дурнвалдер Дээрхийн Гэгээнтэнд “Цөөнхийн Шагнал”-ыг батламж бичгийн хамт гардуулан өгөв.
Дараа нь хэвлэл мэдээллийнхэнтэй уулзан Дээрхийн Гэгээнтнээс өөрийн биеийг золиослох үзэгдэл Төвдөд газар их авч байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ хэмээн асуухад: “Олон жилийн турш би өөрийгөө Төвдийн ард түмний төлөөлөгч гэж үздэг байлаа. Тэдгээр хүмүүс миний удирдагчид юм даа. Эдгээр ажиллаагааг хийж байгаа хүмүүс согтуу ч юм уу эсвэл гэр бүлийн асуудлаас болж ийм үйл хэрэг хийж байгаа биш юм. Нөхцөл байдал нь тэсэхийн аргагүй байгаагын улмаас л ийм байдалд хүрч байна. Тэд удирдагчид учраас би заах боломжгүй. Хэрэв надад өөр нэгэн хувилбар байсан бол би тэднийг болиулахыг оролдохсон. Гэвч тийм боломж байхгүй учраас бидний хийж чадах зүйл тэдний төлөө залбирах л байна даа.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэл мэдээллийнхэнтэй
уулзлаа. Итали, Өмнөд Тирол, Болзона, 2013.04.10.
Зураг/Жереми Расселл/ДЛО
Хэвлэл мэдээллийнхэн Төвдийн Автономит Засаглалын төлөө тэмцлийн талаар асуухад “Үүнд Өмнөд Тирол үлгэр жишээ болж байна. Төвдийн Автономит Засаглалыг 1951 онд хэлэлцсэн. Дараа нь 1956 онд дахин хэлэлцэн Мао Зэдунгийн үед хүлээн зөвшөөрч Хятад улсын үндсэн хуулинд тусгасан байдаг. Төвдийн ард түмэн үүнд хүрэхийн төлөө зүтгэж байсан юм” гэж хариулав.
Амар амгалан дэлхий ертөнцийг хэрхэн цогцлоохыг зөвлөнө үү хэмээхэд “Амар амгалан дэлхий хувь хүн тус бүрээс шалтгаалах нь маргаангүй зүйл. Хувь хүн бүр дотроо амар амгаланг олох хэрэгтэй. Зөвхөн залбиран мөргөснөөр дэлхий амар тайван болохгүй. Бид уур хилэн, өшөө хорсол, үзэн ядалт зэрэг муу муухай сэтгэлийг дарснаар амар амгалан сэтгэлийг олох болно” хэмээв.
Трэнто ТВ-д өгсөн ярилцлагад хүмүүс хятадаас айдаг гэх юм. Энэ үнэн үү? гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн “Хятад улс дэлхийн хамгийн их хүн амтай орон. Энэ ард түмэн хөгжин дэвжих эрхтэй. Хятадыг дарах гэж оролдох нь буруу зүйл. Өөрчлөлт нэн түргэн болохгүй ч өөрчлөгдөнө. Шинэ удирдагч нар өөрчлөлт хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа болов ч хэрхэн яаж хийхээ хараахан мэдээгүй байгаа юм болов уу.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг айлдварын өмнө Европын
Академийн гишүүдэд танилцуулав. Итали, Өмнөд Тирол,
Болзона. 2013.04.10. Зураг/Жереми Расселл/ДЛО
Бид өөрсдийн сэтгэл хөдлөлөө зохицуулах нь шашнаас ангид ёс зүйн нэгэн үр нөлөө болно. Хэн нэгэн ууртай байх үедээ залбирах нь үр дүнгүй юм. Өөрсдийн сэтгэл хөдлөлөө эхлээд сайн ойлгох хэрэгтэй. Бидний оюун санаа хэрхэн ажилладагийг мэдэж авах нь чухал.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг Европын
Академийн гишүүд сонслоо. Итали, Өмнөд Тирол, Болзона.
2013.04.10. Зураг/Жереми Расселл/
Эцэст нь өмнөд Тиролд эргэн ирэх үү хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн үдийн зоогний үеэр дахин айлчлахыг урьсан тухай дурьдаад өглөө цонхоо онгойлгоход шувууд жиргэхийг сонсч цэвэр агаар дүүрэн сайхан мэдрэмж төрөн дахин ирж хэд хоногийг өнгөрөөхийг хүссэн тухайгаа айлдлаа.
Маргааш, Трентогийн Автономит мужид айлчлах юм.