Швейцарь, Берн – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Швейцарийн франц хэл давамгайлдаг бүс нутагт хэд хоног айлчилсны дараа өнөөдөр герман хэлтний нийслэлд Бернийн Их Сургуулийн урилгаар хүрэлцэн ирлээ. Сургуулийн ректор проф.Мартин Таубэр хүлээн авч бусад нөхөдөө танилцууллаа. Үүний дараа “Тогвортой ирээдүйн зүг”сэдэвт илтгэл тавихаар хурлын танхим руу морилов.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бернийн Их Сургуулийн айлдвар
сонсохоор ирсэн оюутнуудтай мэндчилэв. Швейцарь, Берн.
2013.04.16. Зургийг Мануэл Бауэр
Дээрхийн Гэгээнтэн “Эрхэм ахан дүүс нараа, залуу үеийнхэн та бүхэнтэй энд уулзах завшаан олдсонд маш их баяртай байна. XX зууны биднийхэн үеэ элээжээ. Би өдгөө 78 настай ч бие лагшин маань ерөнхийдээ сайн байгаа. Гэхдээ үе үе өвдөг маань асуудалтай байдаг ч энэ миний ажил үйлсэд саад болдоггүй. Миний ажил бол “бла бла бла” ярих шүү дээ.”
Тэрээр танхимд цугларсан олныг хараад та бүхэн жинхэнэ XXI зууныхан байна хэмээлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бернийн Их Сургуульд айлдвар
айлдаж байгаа нь. Швейцарь, Берн, Бернийн Их Сургууль
2013.04.16. Зургийг Мануэл Бауэр
“Хүчирхийлэл нь Европын түүхийн нилээн хэсгийг эзлэж байсан ч одоо өөрчлөгдсөн. Урьд өмнө нь төсөөлж боломгүй байсан Франц, Герман улсууд найрамдалт хөршүүд болж тэд өөрсдийн ашиг сонирхлоо тэргүүнд тавихын өмнө Европын ашиг сонирхлыг тэргүүнд тавьж байна. Хүчирхийллийн хор уршгийг тооцож барамгүй. Энэ нь хэдийгээр хязгаар хэмжээтэй гэж хүмүүс боддог ч нэгэнт эхэлбэл хяналт хараанаас гардаг муу үр дагавартай. Тийм ч учраас XXI зууныг амар амгалан, яриа хэлэлцээрийн зуун болно гэж найдаж байгаа юм.”
“Амар амгаланг бий болгохын төлөө бид ажиллах хэрэгтэй. Энэ нь огтхон ч асуудалгүй болно гэсэн үг биш ээ. Асуудлыг хүчээр шийдэхээ болино гэсэн үг юм. Хэрэв ямар нэгэн зөрчилдөөн маргалдаан гарвал түүнийг яриа хэлэлцээрээр шийдэх хэрэгтэй. Залуу үеийнхэн та нарт энэ амар амгалан цаг үеийг бүтээх үүрэг хариуцлага ноогдож байгаа юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас уулзалтын үеэр оюутан
асуулт тавьж байгаа нь. Швейцарь, Берн, 2013.04.16.
Зургийг Мануэл Бауэр
“Цаг уурын өөрчлөлт улам ярвигтай болж байна. Тиймээс XXI зуунд амар хялбар байхгүй болов уу. Гэвч хүнд хэцүү тулгамдаад буй асуудлуудад яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэхэд бэлтгэгдсэн байх ёстой юм. Зөвхөн орон нутгийн хэмжээнд сэтгэх бус дэлхий ертөнцийн, хүн төрөлхтөний хэмжээнд харах нь чухал. Бид бүгд аз жаргалыг хүсч зовлонг үл хүсдэг ч бидний ирээдүй бидний эргэн тойрны хүмүүсээс хамааралтай. Эргэн тойрны хүмүүсийн аз жаргал улс үндэстнээс, улс үндэстний аз жаргал, амар тайван байдал нь нийт хүн төрөлхтнөөс хамааралтай. Даяарчлалтай холбоотой бодит байдал өөрчлөгдөж байна. Бид үүнд зохицон өөрчлөгдөх хэрэгтэй. Аливаа зүйлийг дан ганцаар нь авч үзэх бус цогцоор нь авч үзэх хэрэгцээ шаардлага урган гарч ирж байна.”
Дээрхийн Гэгээнтэн өөрийнх нь хэлсэнчлэн “бла бла бла”-гаа дуусгахад танхим дүүрэн нижигнэсэн алга ташив. “Та мах бага хэрэглэхийг зөвлөх үү” хэмээн асуухад тэрээр “Тиймээ гайхалтай хэрэг. Би Төвд хүмүүсийг цагаан хоолтон болохыг дэмждэг, би ч бас цагаан хоолтон болохоор зэхэж байгаа” хэмээв. Мөн өөр бусад асуултанд хариулсан ба тэрээр шашнаас ангид ёс суртахууныг түгээн дэлгэрүүлэхийн чухалыг онцлон хэлж байлаа. Энэ нь дотоод сэтгэлийн үнэ цэнэ болон эрүүл сэтгэлгээ, шинжлэх ухааны ололтууд дээр тулгуурласан байх хэрэгтэй” гэв.
Тэрээр талархалын үгээр яриагаа төгсгөхөд Ректор бяцхан бэлэг гардуулахыг хүсч байгаагаа хэллээ.
Швейцарь улс цаг, шоколадаараа алдартай. Их сургуулийн нэгэн барилгад ч хуучин цагт үйлдвэрлэл явуулж байсан тухай дурьдаад Дээрхийн Гэгээнтэнд Toblerone шоколад бэлэглэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үндэсний Зөвлөлийн
Ерөнхийлөгч HE Маяа Графийн хамт. Швейцарь, Берн.
2013.04.16. Зургийг Мануэл Бауэр
Швейцарь-Төвдийн Парламентийн группт хандан Дээрхийн Гэгээнтэн “Ард олны төлөөлөл болон сонгогдсон та бүхэнтэй уулзаж буй маань нэр төрийн хэрэг мөн. Төвдөд ардчилалыг дэлгэрүүлэхийн төлөө 1952 оноос хойш хичээсэн бөгөөд үүний үрээр 2011 онд сонгуулиар сонгогдсон удирдагч залууд улс төрийн үүрэг хариуцлагаа шилжүүлсэн.
Тэрээр “Төвдийг дэмжигч нар Төвдийн төлөө гэхээсээ илүү үнэнийг дэмжиж байгаа юм. Бидний энэ тэмцэл нь хүчирхийллийн замаар явагдаж ирээгүй. 1960 онд НҮБ-т асуудлыг тавьснаас хойш 1974 онд эрт орой хэзээ нэгэн цагт Хятадуудад шууд хандсан нь дээр гэж үзсэн. Тэр үед Хятад улсад соёлын хувьсгал болж байлаа. 1979 онд албан ёсны холбоо тогтоож 1980 онд Ху Яао Бан Лхаст айлчлан болсон явдалд уучлал гуйж байсан юм. Гэвч үүний дараа бодлого нь өөрчлөгдөн Тиан Мины талбайд болсон бослогын дараа илүү чангарсан юм. Дээрхийн Гэгээнтэн 2010 онд Хятад улстай холбоогоо тасалсан ч “Дундаж Хандлага”-ын арга зам Хятадын үндэсний сэхээтнүүд, зохиолч нарын дунд хэвээр байгаа” гэдгийг дурьдав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Швейцарийн Парламентэд
айлчлах үеэрээ Швейцарь-Төвдийн Парламентийн группт
хандав. Швейцарь, Берн, 2013.04.16. Зургийг Мануэл Бауэр
Тэдэнд дуу хоолой болохоор Швейцарийн долоон намын төлөөлөн оролцсон хэвлэл мэдээллийн хүмүүстэй Төвдөд болж буй өнөөгийн нөхцөл байдлын талаар уулзалт хийв. Тэд өөрсдийн зүгээс Төвдийн ард түмнийг дэмжихээ илэрхийлээд Швейцарийн Засгийн Газар хүний эрх, ардчилалыг дээдлэн Хятад улстай байгуулах гэж буй чөлөөт худалдааны гэрээнд ч энэ талаар заах болно гэдгээ дурьдлаа.
Дээрхийн Гэгээнтэн “1973 оноос хойш хэд хэдэн удаа айлчлан ирсэн. Би энд ирсэндээ маш их баяртай байна. Төвдийн ард түмний дэмжлэг та бүхний ачаар нэмэгдэж байна.”
Тэрээр улс төрийн үүрэг хариуцлагаа дуусгавар болгон өөрийн гурван гол зорилгоо товчхон дурьдав. Хүмүүний үнэ цэнэтэй зүйлийн талаар ярьж аз жаргал, амар тайвныг түгээх, шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх, Төвд хүний хувьд Төвдүүдийн итгэл найдварыг хүлээж тэдний төлөөний хүн байна. Төгсгөлд нь Хятад оюутан, идэвхитэн дэмжигч нартай уулзсан бөгөөд тэд ч “Дундаж Хандлага”-ийг дэмжихээ илэрхийлснээс гадна хүмүүс нийтээрээ энэ талаар мэдээлэлтэй байгаа төдийгүй дэмжинэ хэмээн хэлж байсан тухай өгүүлэв.
Дээрхийн Гэгээнтнийг морилон гарч ирэхэд олон Төвд хүмүүс, тэдний найз нөхөд түүнийг харахаар цугласан байсан бөгөөд машиндаа суухад “Далай багш урт наслах болтугай” хэмээн ерөөсөөр хоцров.